• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

САР ШИНИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!
Нийтэлсэн: 2023-02-21 11:05:00
Үзсэн: 83

САР ШИНИЙН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!
Нийтэлсэн: 2023-02-21 11:05:00 Үзсэн: 83



       Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буй энхийг сахиулагч, эх орноо батлан хамгаалах үйлсэд хөдөлмөр зүтгэл, залуу насаа зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэндээ айлчлан ирж буй билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэнт болгогч” хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн, сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!

     Улиран одож буй усан бар жилд Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг нь дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, Хуурай замын цэргийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилтийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн анхаарч, амжилтын буухиагаа зузаатгаж чадлаа.

    Амжилт, бүтээл бүрийн ард үүрэг, зорилгоо ухамсарласан эгэл жирийн байлдагчаас эхлээд шат, шатны захирагч, дарга нар, Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүний сэтгэл, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн байдаг нь бахархалтай.

    Өнөөдөр хүн төрөлхтний дунд бидний туулж ирсэн гашуун сургамж, зөрчил, мөргөлдөөн, цэрэг-улс төрийн хурцадмал байдал байсаар л байна. Олон улс болон бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдалд дүгнэлт хийж, бидний нандигнан хайрлах ёстой эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол ямар их үнэ цэнээр олдож, ямар хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр өвлөгдөн ирснийг санаж, албандаа итгэл үнэмшил дүүрнээр баатарлаг түүхт Зэвсэгт хүчний залгамж халааг нэр төртэй үргэлжлүүлэн, өргөжүүлж хөгжүүлэх өндөр хариуцлага мөрдэстөн бүхний өмнө хүлээж байдгийг үүрэг гүйцэтгэлтээрээ тольдож, манлайлахыг хүсье!

     Урин цагтай ирж буй харагчин туулай жилдээ Та бид үндсэн үүргийнхээ зэрэгцээ цэргийн сургалт бэлтгэлийн тогтолцоог шинэчлэх, бэлэн байдлаа дээшлүүлэх, алба хаагчдын ажиллаж амьдрах ая тухтай орчныг сайжруулах, харилцаа хандлага, ёс зүй, манлайллаа нэмэгдүүлэх гээд олон чиглэлд анхаарч ажиллах бөгөөд энэхүү зорилго, зорилтуудыг ажил хэрэг болгоход Зэвсэгт хүчний алба хаагч бүрийн идэвхтэй оролцоо, дэмжлэг, бүтээлч сэтгэлгээ, ажил хэрэгч чанар, хариуцлага эрхэм чухал гэдгийг онцлон тэмдэглэе.

     Монгол түмний уламжлалт их баяр болсон сар шинийн баяраар Та бид буян заяа нь тэгш дэлгэрсэн ахмад буурлуудаа хүндэтгэн дээдэлж, аав, ээж, ахан дүүсийнхээ амар мэндийг асуун мэндчилж, амны бэлгэ-ашдын ерөөлийг нь бахдан сонсож, бахархан биширдэг эрхэм заншилтай.

     Угтан золгож буй “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилд улс орны маань батлан хамгаалах чадавх улам нэмэгдэж, өргөсөн тангарагтаа үнэнч Та бүхний минь санасан бүхэн сэтгэлчлэн биелж, эрхэлсэн ажил үйлс тань амжилтаар дүүрэн, амьдрал тань аз жаргал, инээд баяслаар бялхаж, айл хотлоороо амар түвшин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ БРИГАДЫН ГЕНЕРАЛ Ч.ЦОГТЖАРГАЛ

Холбоотой мэдээ
ШИНЭ ОНЫ БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!
Нийтэлсэн: 2025-12-31 11:40:00 Үзсэн: 52