СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭ ИХ БАЙНА

2018 оны 10 сарын 24

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлагч нартай “Ахлагчийн удирдлагын анхан шатны дамжаа”-г удирдаж байгаа ҮБХИС-ийн Ахлагчийн сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний албаны дарга, тэргүүн ахлагч Ц.ОЮУНЧИМЭГТЭЙ ярилцлаа.
Ахлагч нарын сургалтын тогтолцооны талаар ярилцлагаа эхлэе?
-Зэвсэгт хүчний удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагч нарыг бэлтгэх тогтолцоо бүрэн төлөвшөөд багагүй хугацаа өнгөрчээ. Одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн хүрээнд ахлагч нарын сургалтын тогтолцоо нь 8,5 сарын хугацаатай үргэлжлэх цэргийн мэргэжил олгох сургалт болон мэргэшүүлэх сургалтаас бүрдэнэ. Мэргэшүүлэх сургалт нь бүлэг, тоот, түүнтэй адилтгах албан тушаалтнуудтай явуулах удирдлагын анхан шатны дамжаа, тасгийн захирагч, түүнтэй адилтгах албан тушаалтнуудтай явуулах ахлагчийн үндсэн дамжаа, салаа, ротын ахлагчийн гүнзгийрүүлсэн дамжаа, ахлагчийн дээд дамжаанаас бүрдэнэ. Эдгээр сургалт, дамжаа нь ямар нэгэн төлбөргүй гэдгээрээ онцлогтой.
Тэгвэл сургалт, дамжаанд хамрагдах зайлшгүй шаардлагатай болох нь ээ?
-Тийм ээ. Гурван жилийн өмнө ЗХЖШ-аас Ахлагч нарын аттестатчлалыг зохион байгуулсан. Энэхүү аттестатчлалаар албан тушаал, цолны шаардлагыг ахлагчийн ажлын байрны тодорхойлолтод албан ёсоор тусгасан нь өндөр ач холбогдолтой болсон. Ер нь мэргэжлийн ахлагч нар албан тушаалын дамжааг төгссөний дараа албан тушаал, цэргийн цол ахих боломж бүрэн нээгдэнэ гэсэн үг. Нөгөө талаар ахлагч нарын хувьд бие бялдар, эрүүл мэндийн шаардлага нэн тэргүүнд тавигдана. Тэр бүх шаардлагыг хангаснаар ахлагч нар албан тушаал дэвших, цэргийн цол, цаашлаад цалин нэмэгдэх давуу талтай. Тодруулбал өнөөгийн мэргэжлийн Зэвсэгт хүчнийг бүрдүүлэгч гол цөм болсон ахлагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлд тавигдах шаардлага маш өндөр болсон гэсэн үг.
Бид өнгөрсөн хугацаанд цэргийн мэргэжил олгох сургалтаар 6000 гаруй гүйцэтгэх албан тушаалтныг бэлтгэсэн. 2003-2010 оны хичээлийн жилд ҮБХИС-ийн Ахлагчийн сургууль нь АНУ-ын Үндэсний гвард, Тэнгисийн явган цэрэг, Ахлагчийн академийн сургагч багш нартай хамтарч удирдах албан тушаалын ахлагч нартай сургалтуудыг амжилттай зохион байгуулсан. Харин 2009-2010 оны хичээлийн жилээс даргалах албан тушаалтны дамжааг тус сургууль бие даан зохион байгуулж эхэлсэн ба өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 600 гаруй ахлагчийг хамруулсан тоон үзүүлэлт бий.
Энэ удаагийн сургалтын онцлог юунд оршиж байна вэ?
-Бид ЗХЖШ-ын даргын 2018 оны А/453 дугаар тушаалын дагуу Зэвсэгт хүчний ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Ахлагчийн удирдлагын анхан шатны “Golden Step” сургалт”-ыг 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн Зэвсэгт хүчний 336 дугаар ангийг түшиглэн 21 хоногийн хугацаатай зохион байгуулж байна. Сургалтад 40 гаруй хүн хамрагдаж байгаагийн дийлэнх бүрэлдэхүүн нь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн мэргэжлийн ахлагч нар бөгөөд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 086 дугаар тусгай рот, 281 дүгээр тусгай байгууламжаас цөөн тооны ахлагч хамрагдаж байна. Сургалтыг миний бие ахалсан хөдөлгөөнт бүлгийн бүрэлдэхүүн зохион байгуулж байгаа ба гол зорилго нь ахлагч нарт бүлэг, тоотыг удирдах чадварыг бүрэн эзэмшүүлэх, тэднийг ангийн байрлалд нь бүсчлэн бэлтгэхэд чиглэгдсэн. Бид Зэвсэгт хүчний Хуурай замын болон Агаарын цэргийн командлалын бодлого, шийдвэрээр хамрагдах бүрэлдэхүүнээ сонгосон.
Сургалтын үр дүнг хэрхэн тооцох вэ?
-Бид өнгөрсөн жил Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн баруун бүсийн 5 анги, 3 тусгай салбараас 45 ахлагчийг хамруулж, сургалтыг явуулсан туршлагад тулгуурлан энэ удаагийн сургалтыг өндөр ачаалалтай зохион байгуулж байна. Үр дүн ч тодорхой харагдаж байгаа. Энэ хэлбэрийн сургалтыг түлхүү зохион байгуулснаар даргалах албан тушаалын ахлагчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг дээшлүүлэх замаар ажлын байрны шаардлага, шалгуурыг бүрэн хангах ач холбогдолтой юм. Сургалтаар хүнтэй ажиллах арга барилыг эзэмшүүлэх, сургалтыг зохион байгуулж үнэлж дүгнэх, бүлэг, тоотыг ямар ч нөхцөлд удирдах тактикийн арга, ажиллагаанд сургах талд түлхүү анхаарч байгаа.
Сургалтыг зохион байгуулахын өмнө урьдчилсан байдлаар бэлтгэлийг сайн хангуулсан бөгөөд онол, ур чадварын орцын шалгалтыг явуулж, түвшинг тогтоосон. Энэхүү түвшин тогтоох шалгалтаар ахлагч нарын дийлэнх нь онол, ур чадварын хувьд хангалтгүй байснаас дүгнэлт хийж, ахлагч бүр өөрийгөө бэлтгэх, хөгжүүлэхэд ихээхэн анхаарах шаардлагатайг мэдрүүлж чадсан. Тэрчлэн сургалтын явц болон төгсгөлд хүрсэн түвшинг хянаж, үнэлэлт өгөх ба дамжааг төгссөн гэрчилгээг албан ёсоор гардуулна. Ер нь элссэн л бол төгсдөг гэсэн зарчмыг үгүй болгож, өдөр бүр даалгавар өгч, тогтмол шалгаж, явцын үр дүнг нарийн тооцож, тэмдэглэл хөтөлж байгаа.
Чадамжид суурилсан сургалтын талаар сүүлийн үед их ярих болжээ. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэхүү сургалтын үнэлгээний гол зарчим нь заавал тэнцэж, даалгаврын гүйцэтгэлтийн хуудас, ярилцлагын хуудсан дээр заагдсан жагсаалтыг бүрэн хангасны эцэст төгсөлтийн шалгалтад орно. Сургалтын явцад идэвх султай ахлагчид мэргэжлийн зөвлөгөө өгч, шаардлага хангахгүй тохиолдолд сургалтаас чөлөөлөх бүрэн эрхтэйг тэдэнд ойлгуулсан. Чадамжийн сургалтын үнэлгээ нь маш ойлгомжтой учраас суралцагсад бүгд идэвхтэй оролцож, хүссэн, эс хүссэн ч сургалтад өндөр идэвх гаргахаас өөр аргагүйд хүрнэ. Стандарт ийм болсныг ахлагч бүрт бүрэн ойлгуулсан нь өндөр ач холбогдолтой. Бид ээлжийн журмаар томилгооны дагуу албан тушаалын үүрэг гүйцэтгэнэ. Бүх үйл ажиллагааг өөрсдөөр нь удирдуулна. Даалгаврын жагсаалт гаргана. Ингэснээр ахлагч бүхэн тасаг, бүлэг, тоотыг удирдах арга барилыг эзэмшинэ. Жишээлбэл, дэд ахлагч Б.Жамъяндорж биеийн тамирын болон жагсаалын бэлтгэл хичээлийг удирдах төлөвлөгөөг боловсруулж, хянуулж, батлуулснаар сургалтыг удирдаж, үнэлгээ авна. Баримт бичиг боловсруулах, илтгэх ур чадвар эзэмших, энэ чадвараа нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчийн гүйцэтгэх нормативуудыг биеэр гүйцэтгэх, мөн удирдах ажиллагаанд суралцах жишээтэй.
Сургалтын онцлогийн талаар...?
-Бид 2 салаа, 6 тасгийн зохион байгуулалтаар өдөр бүр 06.00-19.30 цагийн хооронд өндөр ачаалалтайгаар сургалтыг зохион байгуулж байна. Багшлах бүрэлдэхүүний хувьд хүлээн зөвшөөрөгдсөн, заах арга зүйг сайн эзэмшсэн, мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай ахлагч нар бие даан удирдаж байгаа. Тухайлбал, Ахлагчийн сургуулийн сургагч багш, сургагч ахлагч Л.Удвал, М.Одбаяр, ахлах ахлагч Т.Батболд, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн ахлах ахлагч Х.Ганбаяр, З.Энхбат, дэд ахлагч О.Санчирдорж нар удирдлагын болон багшлах бүрэлдэхүүнд томилогдсон. Суралцагсдын илтгэх ур чадварыг нэмэгдүүлэх, хамт олны нөхөрсөг, гар нийлэмжтэй ажиллагаа, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор илтгэх ур чадвар, сагсан бөмбөг, нормативын болон буухиа тэмцээн, шилдэг нийтлэлийн уралдааны удирдамжийг урьдчилан гаргаж, төлөвлөгдсөн өдөр нь зохион байгуулж байна. Мөн хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ер нь удирдах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагч нар сайн үйлсийн аянд манлайлагч байх зарчмыг мөрдлөг болгон тэдний санаачилгаар байгаль орчныг цэвэрлэх, хамт суралцаж байгаа ахлагч нарын ахуй байдлыг судлан тусламж үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлэх ажил хийгдэнэ. Мөн сургалтын төгсгөлд шилдэг суралцагч, шилдэг илтгэгч, манлайлагчдыг тодруулж, шагнал хүртээнэ. Сургалтыг өдөөх, суралцагсдыг идэвхжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа зэрэг олон давуу тал, онцлогтой.
Сургалтын ач холбогдлын тухайд...?
-Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, удирдлага энэхүү сургалтад өндөр ач холбогдол өгч, байнга дэмжлэг үзүүлж байна. Суралцагсдыг үндсэн ажил, сургалт, харуул манаанаас бүрэн чөлөөлсөн, цэргийн байр, хичээлийн танхим, материаллаг бааз сайн зэрэг давуу тал ихтэй. Бид ажлын байрны гадуурх сургалтыг үндсэн ангийг нь түшиглэн явуулснаар цаг хожих, даалгавар хийх нөхцөл бүрэн хангагдаж, байр, хоол, замын зардлыг хэмнэснээрээ өндөр ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа энэ хэлбэрийн сургалтад анги бүрээс 1-2 ахлагч хамрагддаг бол тус ангийн тухайд олон тооны ахлагчийг нэг дор бэлтгэж байгаа нь үүрэг гүйцэтгэх чадварт эерэг үр дүнтэй. Тиймээс урьдчилсан бэлтгэлийг сайтар хангуулж, ийм сургалтыг Зэвсэгт хүчний ангиудад зохион байгуулах эрэлт хэрэгцээ их байгаа нь мэдрэгдлээ.


Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017