Х.БАТТУЛГА: ЭНХИЙН ЦАГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ГОЛ ҮҮРЭГ НЬ ЦЭРГИЙН СУРГАЛТ БЭЛТГЭЛ ЮМ

2018 оны 11 сарын 02

          Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг үзэж сонирхлоо. Түүнийг дагалдан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Агаарын цэргийн командлагч, бригадын генерал Д.Энхбаяр, ХЗЦК-ын штабын дарга, хурандаа С.Дашзэвэг болон БХЯ, ЗХЖШ-ын зарим удирдлага ажилласан юм.
Тэд хурандаа Т.Лодойдамба захирагчтай Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын үйл ажиллагаатай танилцан, зарим зэвсэглэл, техникийг үзэж сонирхсоны дараа тус бригадын хээрийн сургалтын төвийг зорьсон юм. Байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль төлөвлөгөөний дагуу, товлосон цагт явагдаж дууссаны дараа хурандаа Б.Хаш-Эрдэнэ захирагчтай Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн тусгай томилгоот бүлэг шүхрийн буулт, буудлагын төрлүүдийг багтаасан үзүүлэх сургуулийг сонирхууллаа. Цэргийн мэргэжлийн өндөр түвшинд явагдсан энэхүү байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь зэвсэг, техниктэй цэргийн ёслолын жагсаалаар өндөрлөв.

          Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд амжилттай оролцсон бүрэлдэхүүнд хандаж хэлсэн үгэндээ: “Энэхүү сургуулийг зохион байгуулсан Зэвсэгт хүчний ХЗЦК, Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын бие бүрэлдэхүүн Та бүхэнд Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд баяр хүргэж, амжилт хүсье. Энхийн цагт Зэвсэгт хүчний гол үүрэг нь цэргийн сургалт бэлтгэл юм. Тэр дундаа байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль нь цэргийн сургалтын хамгийн үр дүнтэй, дээд хэлбэрт тооцогддог. Энэ удаагийн сургуулиар манай цэргийн алба хаагчид цэргийн хэргийн мэдлэг, дадлага, мэргэжлийн ур чадвараа ахиулсан нь өндөр ач холбогдолтой боллоо. Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин нь шинэчлэлийн бодлогыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж байгаагаараа үлгэр жишээ болж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн олон улсын энхийг дэмжих ажиллагаанд бие даан үүрэг гүйцэтгэж, олон улсын болон 2 талын хамтарсан сургуулиудад амжилттай оролцож, мэргэжлийн ур чадвараа гадаад, дотоодод илтгэн харуулсаар байгаа нь бахдал төрүүлсэн амжилт юм.

          Эртнээс цуутай монгол цэргийн алдар, дайчин уламжлалыг нэр төртэйгөөр залгамжлан, эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ чадварлагаар биелүүлж байгаа Та бүхний эр зориг, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг энэхүү хээрийн сургууль дахин нотлон харууллаа. Хээрийн сургуулиар тавигдсан үүргийг нэр төртэй биелүүлсэн нийт цэргийн алба хаагчдад дахин баяр хүргэе” гэлээ. Мөн тэрбээр сургуульд амжилттай оролцсон зарим цэргийн алба хаагчдад гарын бэлэг гардуулсан юм.

Ахмад Д.МЭНДБАЯР


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017