Т.Дуламдорж: ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН ИДЭВХ САНААЧИЛГА, УРАМ ЗОРИГ НЭМЭГДЭЖ БАЙНА

2018 оны 12 сарын 07

              Батлан хамгаалахын дэд сайд, ШУТЗ-ийн дарга Т.ДУЛАМДОРЖ:
Юуны өмнө Танд “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэнд дэвшүүлье. 
-Баярлалаа. Монгол Улсад Шинжлэх ухаан, технологийн байгууллага үүсэн байгуулагдсаны 97, БХЭШХ-ийн 40, ШУТЗ-ийн 30 жилийн тэгш ой тохиож байна. Тиймээс бид “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т нэлээд ач холбогдол өгч байгаа юм. Энэ дашрамд Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ нийт бие бүрэлдэхүүн, эрдэмтэн судлаачдад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын мэндчилгээ дэвшүүлье. 
БХЯ-ны ШУТЗ-ийн даргын хувьд Та энэ салбарыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар тодруулна уу? 
-Миний хувьд ажлаа аваад ШУТЗ-ийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ, шинжлэх ухааны ажилтнууд, эрдэмтэн судлаачдын үйл ажиллагаагаа явуулах боломж нөхцөлийг нь хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг дээр хамгийн түрүүнд анхаарлаа хандуулсан. Энэ асуудлын хүрээнд Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, санхүүгийн асуудлыг нь нэлээд сайн шийдлээ. Тодруулбал, “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гаас жил бүр 100 сая төгрөг зарцуулж байхаар шийдсэн юм. Мөн ШУТЗ, БХЭШХ, ҮБХИС-ийн багш, эрдэмтэн судлаачдыг улсын захиалгат бүтээгдэхүүн буюу БСШУСЯ-наас санхүүждэг төслүүдэд оруулахад нэлээд анхаарч байна. Үүний үр дүнд 2017, 2018 онд улсын захиалгат бүтээгдэхүүн тус бүр хоёрыг авсан бол 2019 онд гурвыг авахаар болж, шинжлэх ухаан, технологийн 400 гаруй сая төгрөгийн өртөг бүхий төслүүдийг хэрэгжүүлж байна. 
                    Судалгааны бүтээлүүдийг эргэлтэд оруулах нь хамгийн чухал гэж ойлгож байна. Тэгэхээр ойрын жилүүдэд бодит ажил болсон бүтээлүүдийн тухайд тодотговол... 
         -Бид 2016 онд улсын захиалгат бүтээгдэхүүнээр хийгдсэн Батлан хамгаалах стратеги, Зэвсэгт хүчний стратеги гэсэн нэг сэдэвт томоохон бүтээлийг салбарын хэмжээнд судалгааны эргэлтэд орууллаа. Мөн 2017 онд БХЯ-ны ШУТЗ-өөс гаргасан судалгааны үр дүнд өнөө жил “Хүч тэнцвэргүй дайн, байлдаан” сэдэвт судалгааны бас нэгэн том бүтээлийг гаргасан. ЗХЖШ-ын Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлтэй хамтарч “Операцийн урлаг” сэдвээр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулан түүнд тавигдсан илтгэлүүдийг эмхэтгэн зөвхөн албан хэрэгцээнд зориулсан нууцын зэрэглэлтэй гарын авлагаа гаргасан. Түүнчлэн ШУТЗ, БХЭШХ, ҮБХИС-иас олон улсын чанартай болон улсын хэмжээний хэд хэдэн хурал зохион байгууллаа. Их, дээд сургуулийн хэмжээнд ч бас эрдэм шинжилгээний хурлыг олон удаа зохион байгуулсан. Эдгээр хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгээд судалгааны эргэлтэд оруулсан гээд яривал ололт, амжилт багагүй бий. Тиймээс БХЯ-ны ШУТЗ үр дүнтэй, бүтээлчээр ажиллаж байна гэдгийг даргын хувьд дүгнэж хэлэхэд урамтай байна.
Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр салбарын эрдэмтэн судлаачдад давуу талууд бий болох байх гэж харж байна... 
                    -ШУТЗ маань өмнөх жилүүдэд тодорхой төсөв хөрөнгийн бололцоогүйгээс болоод аливаа асуудлыг шийдэхэд багагүй хүндрэлтэй тулгардаг байсан. Бид эхний ээлжинд санхүүгийн асуудлаа шийдсэн нь том давуу тал. Мөн цэргийн шинжлэх ухаан, аюулгүй байдлын чиглэлээр ажиллаж байгаа манай эрдэмтэн судлаачид ШУА-ийн шинжлэх ухааны төлөөллийн байгууллагад ордоггүй байсан. Тиймээс салбарын хэмжээнд эрдэмтэн судлаачидтай зөвлөлдөж, даргын хувьд ач холбогдол өгч, ШУА-тай хамтарч ажиллах санамж бичиг байгууллаа. Цаашлаад цэргийн шинжлэх ухааны төлөөллийг ШУА-ийн их чуулганы гишүүн болгоход бид анхаарч ажиллаж байна. Ер нь энэ салбарын эрдэмтэн мэргэдийг ШУА-ийн академич, эрдэмтэн судлаачидтай бүхий л чиглэлээр хамтарч ажиллах боломжийг гаргая гэж хоёр жил ярилцаж төлөвлөсний үр дүнд энэхүү санамж бичгийг байгуулж байна. 
                БХЯ-ны ШУТЗ-ийн даргын хувьд Та цаашид ямар боломжийг эрэлхийлж байна вэ? 
-Мэдээж үйл ажиллагааны далайц, зорилго, зорилт, тэдгээрийн үр дүнг өнөөгийн байгаа түвшнээс илүү төгөлдөржүүлэх талаар бодох учиртай. Тиймээс ШУТЗ-ийн даргын хувьд зөвхөн салбарын хэмжээнд зарладаг байсан инновацын шилдэг бүтээлүүдийн уралдааныг энэ жилээс улс орны хэмжээнд зарладаг болохоор шийдвэрлэсэн нь нэг том алхам. 
Урьд жилүүдэд салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн, ялангуяа аюулгүй байдал, батлан хамгаалах чиглэлээр ном, сурах бичгүүд түлхүү ирүүлдэг байсан бол энэ жилийн уралдаанд ирүүлж байгаа бүтээлүүдийг харахад зэвсэг, техникийн чиглэлээрх асуудлуудыг шийдсэн бүтээлүүд олноор ирж байна. Тэр тусмаа холбоо, кибер аюулгүй байдал, программ хангамжийн чиглэлээр бүтээлүүд нэлээд ирж байна. Мөн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн офицерууд 1200 метрийн өндөрт хөөрөх боломжтой нисгэгчгүй нисэх аппарат, ҮБХИС-ийн хувьд цахилгаанаар ажилладаг жижиг хэмжээний машин хийсэн байх жишээтэй. Энэ мэтээр зэвсэг, техникт чиглэсэн бүтээлүүд их ирж байна. Тэгэхээр зэвсэг, техникийн чиглэлээр ирж байгаа эдгээр бүтээлийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд нэвтрүүлэх, нийтийн хүртээл болгох талаар анхаарч ажиллана. Мөн БХЭШХ, ҮБХИС, Барилга, аж үйлдвэрийн нэгдлийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцээд бид хар дарь, сургуулийн сум, үхэлд үл хүргэх резинэн гранат гэсэн төслийн цех, үйлдвэрийг байгуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх зорилтыг тавьж байна. Түүнчлэн 2019 онд батлан хамгаалах, аюулгүй байдлын чиглэлийн бүтээлүүдээс гадна зэвсэг, техникийг боломжийн хэмжээнд үйлдвэрлэж, тодорхой ангиудын сургалт, дадлагуудад ашиглаж, эргэлтэд оруулах төлөвлөгөө ч бий. Үр дүн нь ч гарах байх. Шаардлагатай төсөв мөнгийг нь шийдээд өгөхөөр манай эрдэмтэн судлаачдын идэвх санаачилга, урам зориг нэмэгдэж байгаад миний хувьд ч баяртай байгаа. Батлан хамгаалах багц хууль батлагдаад эрх зүйн шинэчлэл хийгдэж байна. Ялангуяа “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” батлагдаж, бүх нийтийн оролцоонд тулгуурлан улс орныхоо аюулгүй байдлыг хамгаална гэсэн энэ том эрх зүйн шинэчлэлийн үед бид Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийхээ нийт эрдэмтэн, судлаачдыг энэ чиглэл рүү бүтээл туурвил хийж, тулгамдаж байгаа аливаа асуудлыг шийдэх боломжийг бүрдүүлж ажиллах учиртай. Үүний тулд бүхий л талаар гүүр болж ажиллах хүсэл сэтгэл, зорилго, тэмүүлэлтэй байна. 
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ахмад Д.МЭНДБАЯР


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017