МАНАЙ ХАМТ ОЛОН УЛС, АЙМАГТ МАНЛАЙЛСААР БАЙНА

2018 оны 12 сарын 07

          “Соёмбо” сонины сурвалжлах хэсэг Өмнөговь аймагт ажиллах үеэр тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Жигмэдцэрэнгийн АМАРЖАРГАЛТАЙ уулзаж ярилцсанаа уншигч танаа толилуулж байна.

Сонины уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
            -Би 1967 онд төрсөн, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат. 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн улс төрийн ангийг улс төрийн ажилтан-офицер мэргэжлээр, 2008 онд ТЗУА-ийг Төрийн захиргааны удирдлагын мэргэжлээр төгссөн. 2001 онд БХУА-ийн Стратегийн дээд дамжааг төгссөн. 1989-1992 онд Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 113 дугаар тусгай салбарын орлогч, 1992-2007 онд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид салбарын улс төрийн орлогч, МББ-ны захирагчийн соёл хүмүүжлийн ажил эрхэлсэн орлогч, хорооны төлөвлөлтийн офицер, ССХА-ны дарга, хорооны захирагчийн орлогчоор ажиллаж байсан. 2007 оноос уг албан тушаалд томилогдон ажиллаж байна.
Гаргасан амжилт маш олон санагдах юм...
            -Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд 30 гаруй жил ажиллахдаа олон арван амжилтын эзэн болж, төр, засгийн болон Батлан хамгаалах салбарын шагнал, сайшаалыг мөн ч их хүртлээ. Зэвсэгт хүчний анги, салбарт гаргасан амжилтууд их байдаг ч тэр бүхнийг нуршилгүйгээр одоогийн албан тушаалын үүрэг гүйцэтгэх хугацаанд гаргасан амжилтаасаа товч дурдъя. Тухайлбал, БХЯ-наас аймаг, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын ажлыг жил бүр дүгнэж хэвшсэн бөгөөд энэхүү уралдаанд 2001 оноос хойш тогтмол эхний гурван байрт шалгарч ирлээ. 
                Түүний дотор БХЯ-ны хэмжээнд 2014, 2015, 2017 онд тэргүүний цэргийн штабаар шалгарсан нь манай хамт олны бахархал. Аймгийн Засаг даргын Тамгын газар нь 6 үндсэн хэлтэстэй, мөн манай цэргийн штаб нэмэгдээд 7 үндсэн нэгжийг жил бүр хооронд нь өрсөлдүүлж, тэргүүний хамт олныг шалгаруулдаг уламжлалтай бөгөөд бид тогтмол эхний байрт шалгарч байлаа. Өмнөговь аймаг нь 2012, 2015, 2017 онд улсын тэргүүний аймгаар шалгарсан бөгөөд тэр жилүүдэд манай цэргийн штаб бусад хэлтсийг тэргүүлснээс дүгнэхэд үйл ажиллагаа жилээс жилд сайжирсны тод илрэл гэж үзэж болно.
             1986 оноос хойш улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын “Дөл” тоглолтыг явуулдаг уламжлал 20 гаруй жил тасарсан. Энэхүү уламжлалыг сэргээж, өнгөрсөн жил Батлан хамгаалахын сайдын нэрэмжит цэрэг-спортын “Дөл” тоглолтыг улсын хэмжээнд зохион байгуулахад Өмнөговь аймгийн баг, тамирчид тэргүүн байрт шалгарч, цом, өргөмжлөл, алтан медалийн эзэд болсон юм. 
             Энэ онд дэвшүүлсэн зорилго, зорилтууд, тэдгээрийн хэрэгжилтийн талаар ярилцлагаа үргэлжүүлье...
-Тус цэргийн штаб нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Батлан хамгаалахын сайдын Өмнөговь аймгийн Засаг даргатай 2018 онд байгуулсан хамтран ажиллах гэрээ, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ЗДТГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан Батлан хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх тухай заалтууд, бусад удирдлагын баримт бичгийг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргатай үр дүнгийн гэрээ байгуулан ажилласан. Мөн 2018 онд “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, зохион байгуулалтыг хангах, цэргийн бэлтгэл албаны сургалтын чанарыг дээшлүүлэх” зорилт тавин хэрэгжүүллээ. Энэхүү зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн дараах ажлуудыг онцолж болно. Үүнд: Батлан хамгаалахын сайдын Өмнөговь аймгийн Засаг даргатай 2018 онд хамтран ажиллах гэрээнд тусгагдсан 5 бүлэг, 28 нэр төрлийн ажил, үйлчилгээг орон нутагт хэрэгжүүлэхээр 84 ажил, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлснээр гэрээ 94,5 хувьтай хэрэгжсэн. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд 35,6 сая төгрөгийн төсөв бүхий 3 үндсэн багц арга хэмжээ тусгагдаж, бүрэн хэрэгжлээ. Хүн ам олноор суурьшсан Даланзадгад сумын 8 багт тусгай хуваарь гарган шалган туслах ажлыг явуулснаар бүртгэлийн баримт бичгийн хөтлөлт, мэдээ, судалгааны маягтын бүрдлийг хангуулан, бүртгэл, судалгаа бодитой, үнэн зөв хийгдэх болж, албан тушаалтнуудад тодорхой ойлголт, мэдлэг, туршлага олгосон үр дүнтэй арга хэмжээ болсон. Орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд аймаг, сумдын нийгэм, эдийн засгийн холбогдох судалгаануудыг гарган, орон нутгийн цэргийн тодотгосон. Батлан хамгаалахын багц хуулийг иргэдэд сурталчлах зорилгоор хуулийн танилцуулга, тараах материалыг бэлтгэн сумдад сургалт зохион байгуулсан. Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2018 оны үндсэн чиглэлд тодорхой төсвийг суулган сургалтын материаллаг баазыг дээшлүүлэхэд анхаарч ажилласан. Цэргийн насны болон цэргийн өмнөх насны хүүхэд, залууст эх оронч үзэл, төлөвшил олгох зорилгоор 4 төрлийн арга хэмжээнд давхардсан тоогоор 3260 гаруй хүүхэд, залуусыг хамруулан зохион байгуулсан зэргийг онцолж болно.
Цэрэг татлагын ажлын талаар...
           -Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон бүрэлдэхүүн 2018 оны I, II ээлжийн цэрэг татлагын ажлыг зохион байгуулж явууллаа. Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгийг Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ын дагуу Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дотор, халдварт, гэмтэл-мэс засал, нүд, чих-хамар хоолой, мэдрэл, арьс харшлын нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулж, цэргийн албанд татагдсан иргэний цусны дэлгэрэнгүй, шээсний ерөнхий, биохими, БЗДХ, элэгний В,С вирус илрүүлэх, цээжний рентген, ЭХО шинжилгээнүүдийг нарийвчлан авч, хариуны хамт цэрэг татлагын төв дамжингийн байранд хүргүүлсэн. Цэрэг татлагад оролцсон иргэдийн 45,7 хувь нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй байгаа нь өмнөх онтой харьцуулахад 11,1 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнээс цэргийн албанд эрүүл мэндийн улмаас тэнцээгүй иргэдийг бүртгэлжүүлж, эрүүл мэндийн шат шатны байгууллагатай хамтран оношлох, эмчлэх ажлыг хэрэгжүүлсний үр дүн харагдаж байна.
                 Мөн тус аймгийн тухайд цэргийн насны залуучуудын шилжилт, хөдөлгөөн их байна. Өөрөөр хэлбэл, стратегийн орд газрууд, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын үндсэн ажлыг 20-30 насны залуус “хөдөлгөж” байна. Тиймээс тэднийг зүгээр орхигдуулахгүйгээр Батлан хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийг судлуулах, сурталчлах, хэрэгжилтэд нь хяналт тавих, иргэний хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх боломжийг хангах, сургалт, мэдээллээр хангах, энэ ажилд төрийн албан хаагчдын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа.
           Түүнчлэн 2018 онд цэргийн алба хаах хугацаа дуусаж халагдсан цэргүүдийг угтах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх, ажлын байрны талаарх мэдээлэл хүргэх ажлыг аймгийн удирдлага, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, эцэг, эхчүүдийг оролцуулан зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд цэргийн албаа үлгэр жишээчээр хаасан дайчдыг аймгийн Засаг даргын дурсгалын зүйлээр шагнан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас ажлын байрны талаарх мэдээллийг өгч, Хөдөлмөрийн биржид бүртгүүлэх, ажилд зуучлах, Политехник коллежийн богино, дунд хугацааны мэргэжил олгох сургалтад үнэ төлбөргүй хамруулах зэрэг ажлыг явуулж байна.
Бусад онцлох ажлын талаар дурдвал...
           -Цэргийн штабын үндсэн үүргийн нэг нь Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчин, цэргийн штабын үйл ажиллагааны талаар иргэдэд сурталчлах, хууль, эрх зүйн мэдээллийг түгээх ажил юу юунаас илүү чухал. Энэ ажлын хүрээнд хийгдсэн олон бүтээлч ажлыг онцолж болно. Цэргийн штабаас зохион байгуулсан ажил, арга хэмжээний талаар “Соёмбо” сонинд 5 удаа, орон нутгийн “Алтан говь” телевизээр 6 удаа, Өмнөговь аймгийн цахим хуудсаар 18 удаагийн мэдээллийг бэлтгэн сурталчилсан. БХЯ-ны “Дуулга” телестудийн “Эх орны төлөө” цуврал нэвтрүүлгийг файл хэлбэрээр авч, орон нутагт сурталчилж, иргэдэд үзүүлэх ажлыг зохион байгуулсан. ЗДТГ-ын ажилтнууд “Соёмбо” сонинг захиалж, сонины нүүр хуудас (фэйсбүүк)-аар дамжуулан иргэдэд салбарын мэдээллийг хүргэх ажилд дэмжлэг үзүүлж байна. Сумдад цэрэг татлага зохион байгуулах, дадлага, сургууль хийх, сум, багийн хурал, өдөрлөгийн арга хэмжээтэй уялдуулан 4500 гаруй иргэнд Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн. Тэрчлэн сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран цэргийн насны залуучуудын дунд төрөл бүрийн тэмцээн, уралдаан явуулж, хууль тогтоомжийн болон эх орны сэдэвт асуулт хариултын тэмцээнийг зохион байгуулж, явагдаж байгаа арга хэмжээнүүдийн талаар тухай бүрд нь орон нутгийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчилсан зэрэг олон ажлыг нэрлэж болно. Түүнчлэн тус аймгийн хэмжээнд түүхт ой, баяр, тэмдэглэлт өдрүүдээр зохион байгуулах иргэн-цэргийн харилцааны нээлттэй өдөрлөгүүдийг тогтмолжуулсан. Тухайлбал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд жилд нэг удаа бүтээлч ажлыг аймгийн төв, “Ажнай” талбайд зохион байгуулж хэвшсэнд талархалтай ханддаг юм.

Ярилцсан: Сонины эрхлэгч, хурандаа Б.ОТГОНБАЯР


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017