ӨМНИЙН ЦЭНХЭР ГОВЬД ӨНЖСӨН ТЭМДЭГЛЭЛ

2018 оны 12 сарын 07

      “Соёмбо” сонины сурвалжлах хэсэг өнгөрөгч долоо хоногийн Пүрэв гарагт өмнийн цэнхэр говийг зорьсон юм. Өнө эртний баялаг түүхтэй Монгол эх орон минь говь, тал, хангай хосолсон өргөн уудам нутаг дэвсгэртэй билээ. Монголын баатарлаг эрсийн олон зуун жилийн мятаршгүй тэмцэл, ялалтын үр дүнд өдгөө бидэндээ үлдээсэн тэр л эх болсон байгалийн онгон дүр төрх, уул, ус, ургамал, амьтдын зохицол юутай сайхан. Тиймээс манай орны үзэсгэлэн гоог илтгэн харуулсан, дархан цаазат олон газартай, аялал, жуулчлалын төв болсон Өмнөговь аймаг нь Ёлын ам, Говь гурван сайхан, Хүрмэн цав, Цагаан суварга, Хонгорын элс, Баян заг, Толь хад зэрэг байгалийн давтагдашгүй онгон дүр төрхөөрөө бидний сэтгэлд бахархлыг төрүүлдэг. Үзэсгэлэнт байгалийн тогтоц, газрын хэвлий дэх баялаг, стратегийн өндөр ач холбогдол бүхий ашигт малтмалын орд нь хэн бүхний харааг өөрийн эрхгүй булааж, гадаад, дотоодын зочид гийчдийг урин дууддаг энэхүү ер бусын нутгийг зорьсон бид шөнө хугаслан аймгийн төвд буудаллав. Цэргийн бид хаана ч, хэзээ ч тавьсан үүргийг ягштал биелүүлдгийн нэгэн адил манай сурвалжлагчдыг автобуснаас буух агшинд Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн шийдвэрээр штабын даргын орлогч, оператив тасгийн дарга, хошууч С.Ариунболд тосч, зочид буудалд байрлуулсан юм.
       Биднийг өглөө эртлэн тус ангийг зориход захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа Х.Энхболд, ангийн жижүүр, ахлах дэслэгч Б.Даваадорж нар угтаж, хамтдаа соёлын төвд орсон юм. Энэ үеэр уншигч-редакцын уулзалтыг зохион байгуулсан бөгөөд “Соёмбо” сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр тус ангийн бие бүрэлдэхүүнд дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ. “Ардын цэрэг” нэртэйгээр анхныхаа дугаараар уншигчдынхаа оюуныг мялаасан тус сонины хамт олон ирэх жилийн 2 дугаар сарын 5-ны өдөр түүхт 95 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд түүхт ойг угтаж, сонины шинэчлэлийн бодлогыг сайжруулах, уншигч төвтэй мэдээ, нийтлэлийн тоог нэмэгдүүлэх замаар уншигч, захиалагчдынхаа эрэлт, сонирхолд нийцсэн үйл ажиллагааг явуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр ихээхэн анхаарал хандуулж байгаагаа тэрээр онцолсон юм. Тус ангийн бие бүрэлдэхүүнээс “Соёмбо” сониныг захиалж байгаа хүмүүс гараа өргөөч гэсэн эрхлэгчийн хүсэлтэд мөрдэстэй бүхэн гараа өргөж харагдсан. Мөн сониноо тогтмол уншиж, мэдээлэл авдаг бүрэлдэхүүн гараа өргөөч гэсэн хүсэлт тавихад бүгд л гараа өргөж харагдсан. 
           Уншигч-редакцын уулзалтын явцад олон ч асуулт хариулт өрнөж, ангийн захирагчийн орлогч, дэд хурандаа Л.Амарсанаа, ар талын даргын орлогч, хошууч Э.Түвшинжаргал, СБМББ-ны соёл хүмүүжлийн дарга, ахлах дэслэгч У.Батцэнгэл, ротын захирагч, ахлах дэслэгч Б.Даваадорж, салааны захирагч, дэслэгч Б.Галбадрах, байлдагч Ц.Болдбаяр нарын олон албан тушаалтан үнэтэй санал, зөвлөмжийг өгснийг сонины редакц цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх болно. Тэдний дийлэнх нь хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бидэнд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд өрнөж байгаа бодит мэдээллийг цаг алдалгүй, тогтмол хүргэж байдагт талархал илэрхийлж байсныг онцлох учиртай.
Энэхүү уулзалт, ярилцлагын дараа тус сонины эрхлэгч, хурандаа Б.Отгонбаяр нийт бие бүрэлдэхүүнд “Цэрэг-эх оронч үзэл, хүмүүжлийн зарим асуудлууд” сэдвээр лекц уншсан юм. Монголын нэрт яруу найрагчдын болон өөрийн уран бүтээлээс завсар хооронд нь уншиж, Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, эх орон, тусгаар тогтнолын төлөөх тэмцэл, ялалтын түүхэн сургамж, хүн байхын учир, биеэ авч явах соёл, ажил, албандаа үнэнч шударга хөдөлмөрлөхийн ач холбогдлын талаар уг лекц 2 цаг орчим хугацаанд үргэлжилсэн ч байнгын алга ташилтаар өрнөж, тэдний сэтгэлийн утсыг хөндөж байсан нь мэдрэгдэж байв.
            Тус сонины хамт олныг соёлын төвөөс гарах агшинд ангийн захирагч, хурандаа Н.Сүхбаатар ангийн штаб, жагсаалын талбай, цэргийн байр, хичээлийн танхим, тавиулан, цэргийн гал тогоо зэрэг олон объектоор оруулж, дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Ангийн гадна, дотно орчны тохижилт стандартын дагуу хийгдэж, олон төрлийн мод тарьж, зүлэгжүүлж, эргэн тойрон хамгаалалт хийж хашсан нь байнгын тордлоготой байдгийг гэрчилнэ. 
           НМАУ-ын баатар, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн хийсэн дэлгэрэнгүй танилцуулгаас харахад тус анги БХЯ-ны сайдын 1973 оны тушаалаар Өмнөговь аймгийн Даланзадгад хотод шаваа тавьснаас хойш эдүгээ 45 дахь өвөлтэйгөө золгож байгаа аж. Өнгөрсөн хугацаанд тус ангийг хурандаа Н.Загдаа, Ж.Бат-Очир, Л.Түмэнжаргал, Т.Батсүрэн, Я.Санжаа, Ш.Эрдэнэбаяр, Б.Ёндонжамц, Н.Наран-Очир, Н.Бумцэнд, Г.Сүхбаатар, Д.Жигжидсүрэн, Ө.Эрдэнэ-Очир нарын арвин их туршлагатай, Зэвсэгт хүчний шилдэг захирагч, дарга нар удирдаж явсныг түүх гэрчлэх бөгөөд өдгөө тус ангийн захирагчаар хурандаа Н.Сүхбаатар томилогдон амжилт дүүрэн хөдөлмөрлөж явна.
              Бид тус ангийн нийт бие бүрэлдэхүүний гар, сэтгэл нийлсэн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд ихээхэн амжилтад хүрснийг цөөн баримтаар тодруулахыг зорилоо. Тухайлбал, Зэвсэгт хүчний хэмжээнд “Цэргийн сургалт бэлтгэлээр тэргүүний анги”-ийн болзлыг 7 удаа, “Сургалт бэлтгэлээр хошуучлагч анги”-ийн болзлыг 9 удаа ханган, Зэвсэгт хүчний марш тактикийн аварга салаа, тасаг шалгаруулах тэмцээн болон Өмнөговь аймаг дахь үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг спортын наадамд удаа дараа тэргүүн байр эзэлсэн түүхэн амжилтыг гаргасан юм.
             Мөн команд штабын болон команд штабын хээрийн сургуульд тогтмол оролцож ирсний дотор 1977 онд Дундговь аймгийн Өндөр шил сумын нутагт болсон Монгол-Зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдийн хамтарсан “Найрамдал-77” хээрийн сургуульд 500 гаруй км-ийн марш үйлдэж, амжилттай сайн оролцсон. 1987, 2006 онд ЗХЖШ-аас удирдсан КШХС болон “Говийн чоно-2017” олон улсын дадлага, 2018 онд Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалаас удирдсан КШС болон КШХС-д оролцож “Үүрэг гүйцэтгэх боломжтой” үнэлгээтэй шалгагдсан нь энэ хамт олны бахархал. Тэрчлэн 1976, 1981, 1987, 1988, 2001, 2002, 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009 онд Зэвсэгт хүчний марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээнээс цом, алт, мөнгө, хүрэл медаль, оны мэргэжлийн аварга салаа, салбар, батальоны захирагч шалгаруулах тэмцээнээс 1990 онд багаараа алтан медаль, 1991, 1992, 1995, 2002, 2004, 2005, 2008 онд төрөл тус бүрт алт, мөнгө, хүрэл медаль олныг хүртсэн нь тус ангийн бахдам гавьяаны нэгээхэн хэсэг юм.
               Түүний зэрэгцээ өнгөрсөн жил Монгол Улсын Зэвсэгт хүчинд анх удаа зохиогдсон “Танкийн биатлон-2017” тэмцээнээс багаараа алтан медаль хүртэж, Зэвсэгт хүчний цэрэгжлийн буудлагын тэмцээнүүд, өвлийн спартакиад, цэрэгжлийн гимнастик, цэргийн 3 төрөлт, сагс, гар бөмбөг, шатар, даам зэрэг спортын уралдаан тэмцээнээс удаа дараа тэргүүн байр, цом, мөнгө, хүрэл медалиудаар энгэрээ мялаасан аж.
Тус ангийн бие бүрэлдэхүүн үндсэн үүргээс гадна ЗХЖШ-ын даргын тушаалаар олон удаа тусгай үүрэг гүйцэтгэн малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоох, Дорноговь аймагт төмөр замын бүтээн байгуулалтад оролцох үүргийг гүйцэтгэж, 2009-2018 онд Политехник коллежийн багш нартай хамтран 400 гаруй хугацаат цэргийн алба хаагчдад “Барилгын өргөн мэргэжил”, “Хүнд машин механизмын оператор”, “Гагнуурчин” зэрэг мэргэжлийг эзэмшүүлэх сургалт, дамжааг зохион байгуулж, мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээтэй болгожээ. Тэрчлэн тус ангиас давхардсан тоогоор 260 гаруй офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэснийг тодотгохыг зорьсон юм.
                 Тус ангийн захирагч, штабаас сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт бие бүрэлдэхүүний санаачилга, идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд ангийн номын сан, нууцын уншлагын танхим, офицер, ахлагч нарын хичээлийн, хөдөлмөрийн аюулгүй байдлын танхимуудыг шинээр байгуулж, сургалт явуулах орчин, нөхцөлийг сайжруулсан, тавиулангийн жижүүрийн байр, харуулын цэгүүдийг шинээр барьж, тохижуулсан, цэргийн байр, гал тогоонд иж бүрэн засвар, тохижилтын ажлыг хийсэн зэрэг олон арван бүтээлч ажлыг өрнүүлснийг тэр бүр тооцох аваас сонины нүүр үнэхээр багадам ажээ.
           Тус сонины сурвалжлах хэсэг өнгөрөгч Баасан гарагт тус ангид өнжихдөө зарим албан тушаалтнуудтай уулзаж, ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.

АЛИВАА ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОНЦГОЙ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛТЭЙ ОРОЛЦДОГ
Өмнөговь аймгийн ЗДТГ-ын дарга Ө.БАЯНМӨНХ:
            -Өмнөговь аймгийн төр, захиргааны байгууллагаас Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнтэй нягт уялдаа холбоотой ажиллаж байна. Аливаа баяр наадам, тэмдэглэлт өдрүүд, төрийн болон цэргийн ёслолын ажиллагаа зэрэг иргэд, олон нийтийг хамарсан арга хэмжээ бүрт эл ангиас хамгийн түрүүнд дэмжлэг авдаг. Мөн орон нутгийн зүгээс ч тус ангийн бүтээн байгуулалт, тохижилтод тодорхой дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тухайлбал, энэ онд гэрээт цэргийн байрыг шинэчлэн завсарлахад 60 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Өнгөрөгч онд Өмнөговь аймагт гамшгийн эсрэг “Говийн чоно” олон улсын сургалт, сурталчилгааны арга хэмжээнд тус ангийн албан тушаалтнууд болон холбогдох байгууллагууд хамтарч оролцсон. Энэхүү сургалтын үр дүнгээр байгалийн гамшиг нүүрлэсэн үед иргэдийг нүүлгэн шилжүүлэх, газар хөдлөлт болон малын гоц халдварт өвчний үед үүрэг хүлээх байгууллагуудын харилцан ажиллагааг нягт уялдуулах, цаашид хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр санал, зөвлөмжүүдийг боловсруулах, иргэд, олон нийтэд хүргэх, сурталчлах ажилд тус ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн манлайлах үүрэгтэй оролцож, идэвх зүтгэл гаргасныг онцлох учиртай. Энэ жил миний хувьд БХЯ-наас Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулсан цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад хамрагдаж, сургалтын төгсгөлд ЗХЖШ-ын даргын тушаалаар бэлтгэл хошууч цол хүртсэнээрээ бахархаж байгаа. Мөн энэ жил аймгийн төсвийн санхүүжилтээр цэргийн бэлтгэл үүрэгтний болон дүйцүүлэх албаны сургалтыг зохион байгуулах хээрийн сургуулийн төвийг шинээр байгууллаа. Энэхүү төв нь нэг ээлжинд 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, зориулалтын техник хэрэгслийг багтаасан жишиг хотхон, түшиц газар болоод байна.
                 Манай аймаг өмнөд хэсгээрээ БНХАУ-тай хиллэдэг, стратегийн онцгой бүс нутаг учраас Зэвсэгт хүчин, Хилийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бусад байгууллагууд хоорондоо харилцан холбоотой ажилладгийн дотор тус ангийн гүйцэтгэж байгаа үүрэг их гэдгийг аймгийн удирдлага өндрөөр үнэлж байдаг юм. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины уншигчдаар дамжуулан аймаг, орон нутгийн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж яваа Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд ажлын арвин их амжилтыг хүсэн ерөөе.

ЦААШИД Ч ТӨЛӨВЛӨСӨН БҮТЭЭЛЧ АЖЛУУД ОЛОН БИЙ
Хорооны ахлагч, 
тэргүүн ахлагч Б.ТЭНҮҮНБАЯР: 
               -Миний бие Төв аймгийн Гал түймэртэй тэмцэх албанд гал сөнөөгчөөр ажиллаж байгаад 1997 онд одоогийн “Элитийн батальон”-ыг байгуулах үеийн сонгон шалгаруулалтад тэнцэж, буудагчаас салааны захирагчийн орлогч хүртэлх албан тушаалд дэвшин ажилласан. Улмаар 2008 оноос Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид засварын тасгийн даргаар томилогдон ажиллаж байлаа. 2010-2011 онд БХУА-ийн ахлагчийн дээд дамжаанд суралцаж, төгссөнөөр Зэвсэгт хүчний 011 дүгээр ангид хорооны ахлагчаар дэвшин ажилласан ба 2016 оноос тус ангид одоогийн албан тушаалд ажиллаж байна. Миний хувьд ангийн ахлагч нарын үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, албан тушаалын үүрэгт нь сурган дадлагажуулах, тэднийг төлөвшүүлэх, хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарал хандуулсан. Зарим үр дүн нь тодорхой гарч байгаа. Энэ сургуулийн жилийн тухайд ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг ахиулах, тэдний сурах нөхцөлийг нь сайжруулах зорилгоор хичээлийн байр, ахлагч нарын танхимыг иж бүрэн засварласан, сургалтын материаллаг бааз, тоног төхөөрөмж, гарын авлага, үзүүлэн тараах материалыг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн тухайд бага дарга нарын сургалтыг 3 дахь өдрөө зохион байгуулж, шалгалт явуулж байгаа.
Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалаас өгсөн албан даалгаврын дагуу Ахлагчийн зөвлөлийг шинээр байгуулж, зөвлөлийн үйл ажиллагааг улам бүр идэвхжүүлэхийн зэрэгцээ тэдний ажил, үүргийн хуваарь, үр дүнг тодорхой болгож, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сахилга, хариуцлагыг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулсан. Аймгийн Цагдаагийн газартай хамтран сар бүрийн 12-ны өдөр нийт ахлагч нар олон нийтийн эргүүлийн үүргийг гүйцэтгэж байгаа нь иргэдэд хандсан бүтээлч ажил болсон. Манай ахлагч нараас ахлагчийн дээд дамжаа, ротын ахлагчийн дамжаа, мөн ахлагчийн үндсэн дамжаа болон төрөл мэргэжлийн албан тушаалтны дамжаанд 20 гаруй албан тушаалтнууд хамрагдаад байна. Ангийн хэмжээнд ахлагч нар удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны үндсэн хоёр бүлгээр хичээллэж байгаа. Ангийн захирагч, удирдлага, төрөл мэргэжлийн офицерууд маш сайн дэмжлэг үзүүлж, сургалтыг тасалдалгүй, эрчимтэй явуулж, үе шат бүрийн төгсгөлд хүрэх түвшинг шалгаж, үр дүнг тооцож байх шийдвэр гарснаар амжилттай хэрэгжиж байна. Мөн “Өмнөговь” политехник коллежтэй хамтран ахлагч нарыг чадамж эзэмшүүлэх сургалтад хамруулан барилгын өргөн мэргэжил, тогооч, гагнуурчин, оёдолчин, үсчин, гоо сайханч зэрэг давхар мэргэжил эзэмшүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн, цаашид ч энэ ажлыг өргөжүүлнэ. Тус ангийн захирагч, удирдлагаас офицер, ахлагч нарынхаа нийгмийн асуудалд анхаарал хандуулж, нийтийн 3 байрны засварыг гүйцэтгэж, амьдрах орчинг сайжруулсанд ихэд талархаж байгаа. Манай ахлагч нар ч өөрсдийн боломжид түшиглэн тавиулангийн жижүүрийн байрыг шинээр барьж, ахуйн үйлчилгээний өрөөг тохижуулаад байна. Цаашид төлөвлөсөн бүтээлч ажлууд их бий. 


АХМАДЫН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛ АЙМАГТАА ТЭРГҮҮЛДЭГ
               Тус ангийн Ахмадын зөвлөл нь 1990 онд байгуулагдсан бөгөөд энэ зөвлөлийг өнгөрсөн хугацаанд Ө.Агваансамбуу, С.Ооёо, Б.Гаваа, З.Пүрэв нарын идэвх зүтгэл, санаачилгатай ахмад дайчид удирджээ. Харин бэлтгэл хошууч И.Баттулга 2005 оноос тус зөвлөлийн даргын сонгуульт үүргийг хүлээж амжилт дүүрэн удирдаж явна.
            И.Баттулга 1975 онд цэргийн албанд татагдаж, Ардын Армийн 150 дугаар ангид бага даргын сургуулийг төгссөнөөр 136 дугаар ангид салааны захирагчийн орлогч, ротын жагсаалын дарга, 1972 оноос 132 дугаар ангид ахлагч цолтой, нууцын даргаар ажиллаж байгаад 1979 оноос хойш өнөөгийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангитай ажил, амьдралаа холбосон 40 шахам жилийн түүхийг өгүүлэх нэгэн аж. Тэрбээр цэргийн алба хаасны тэтгэвэрт гарсан ч нэгдсэн агуулахын даргын хариуцлагатай албыг хашиж, өдгөө гэрээт харуулын даргаар ажиллахын хамт Ахмадын зөвлөлийг удирдаж яваа юм. Түүний үндсэн үүрэгт ажил нь гэрээт харуулчидтай сурган зааварлах хичээлийг сургуулийн жил бүрийн эхэнд зохион байгуулж, хууль, дүрэм, аюулгүйн зааварчилгааг тогтмол судлуулж, өдөр тутмын үүрэг гүйцэтгэлтэд өдөр, шөнийн цагаар тогтмол хяналт тавьж, ангийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх явдал. Тэр энэхүү үүргээ олон жил ямар нэгэн зөрчилгүй зохион байгуулж ирсэн ахмад дайчин бөгөөд сүүлийн үед төсөл хэрэгжүүлэх замаар гэрээт харуулчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг улам бүр дээшлүүлж, ердөө хоёрхон жилийн дотор ангийн захирагч, штабын дэмжлэгтэйгээр дотоод нөөц бололцоогоо ашиглан гэрээт харуулын 3 том байрыг барьжээ. Том байр гэдгийн цаана энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн офицер, ахлагч нараас туршлага судлан нэг давхраас доош хонгилоор явж, нуувчид хүрэх, нэг давхартаа үндсэн үүрэг гүйцэтгэх, харин хоёр давхартаа ил болон далд байдлаас эргэн тойрон хяналт үйлдэх боломжийг бүрдүүлсэн харуулын объект болсныг харсан хэн бүхэн бахадмаар аж. Түүний хэлснээр ангийн захирагч нар гэрээт харуулчдын үүрэг гүйцэтгэх нөхцөлийг сайн бүрдүүлж, хэд хэдэн төслийг хэрэгжүүлж ажилласанд машид талархдаг нь мэдрэгдэж байв.
                Харин И.Баттулгын хариуцсан Ахмадын зөвлөлийн үйл ажиллагаатай танилцахаар хичээлийн байран дахь “Ахмадын өргөө”-гөөр ороход бусад ангиудад дэлгэрүүштэй олон шинэ ажил байсныг хараад ихэд биширсэн юм. Энэхүү өргөөнд ширээ, сандал, зурагт, шатар, даам, хөлөгт тоглоомууд дүүрэн өрөөстэй байгаа нь байнгын ажиллагаатайг нь илтгэх аж. Тус ахмадын зөвлөлд 80 гаруй ахмад дайчин бүртгэлтэй бөгөөд цэргийн худалдаа, Барилгын цэргийн 223 дугаар ангид ажиллаж байсан, мөн Зэвсэгт хүчний бусад ангид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч, орон нутагтаа ирсэн ахмадууд ч харьяалагддаг байна. Зөвлөлийн үндсэн ажил нь ахмадуудын тэргүүн туршлага, ажлын арга барилыг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх, хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэх, тэдний чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төрийн болон салбарын шагналд тодорхойлох, залуу офицеруудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, уулзалт, үдэшлэг зохион байгуулах, ахмадуудаа жилд хоёроос доошгүй удаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх гээд өрнөл дүүрэн аж. Сүүлийн тодхон жишээг дурдахад л 20 гаруй ахмад дайчин төрийн дээд одон, медаль хүртэж, 10 гаруй хүний хөдөлмөрийн алдрыг тэмдэглэснийг И.Баттулга онцолсон. Түүний удирдсан Ахмадын зөвлөл нь Өмнөговь аймгийн хэмжээнд “Ахмадад ээлтэй байгууллага”-аар гурван удаа, Даланзадгад сумын тэргүүний Ахмадын зөвлөлөөр олон удаа шалгарсныг энэхүү өргөөний хананд өлгөсөн 10 гаруй өргөмжлөл, батламж гэрчилж байна.
              Бэлтгэл хошууч И.Баттулга “Зэвсэгт хүчний нэр хүндтэй олон ч захирагч, дарга нарын удирдлагад хамт ажиллаж, ангийн нийт бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар дээшилж, тэдний ажиллаж, амьдрах орчин, нөхцөл жил бүр эрс өөрчлөгдөн, тохижилт болон гадна, дотно орчны өнгө үзэмж дээшилж байгаад их баяртай байдаг. Удахгүй тэмдэглэх ангийнхаа түүхт 50 жилийн ойн баяраар эх орны өнцөг бүрээс үе үеийн захирагч, дарга нар, ажилтан албан хаагчид, хугацаат цэргийн алба хаасан дайчид маань олноор ирж оролцоосой” хэмээн сэтгэлээ илэрхийлж билээ.


НАТО-ИЙН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХИЙГ 
ЗОРЬЖ БАЙНА 
Цэргийн далдуур удирдлагын офицер, ахмад Д.ДАГВАДОРЖ: 
               -Би эл ангид 2016 онд томилогдон ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд БНӨСУ-д ротын захирагчийн холбоочин, Афганистан улсад НАТО-ийн тэргүүлсэн ажиллагаанд холбооны бүлгийн даргаар үүрэг гүйцэтгэсэн. Монголын төр, Зэвсэгт хүчин миний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж “Энхийн төлөө”, “Дайчин алдар-III”, “Афганистанд энхийн төлөө”, “Африкт энхийн төлөө” зэрэг медалиар шагнасан нь их урам өгч, итгэл хүлээлгэсэн. Ер нь тус ангид ажиллаж байгаа нь өөрийгөө шинээр нээх боломжийг олгосон бөгөөд энэхүү ажил нь өндөр үүрэг, хариуцлагыг дааж явдаг. Тиймээс ангийн нууц хадгалалт, хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангаж, мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулах үүргийг ангийн захирагч, штабын даргын өмнө хариуцдаг. Мөн жагсаал ангийн даргын хариуцлагатай албыг орлон ажиллаж, бие бүрэлдэхүүний бүх төрлийн судалгааг гаргах зэрэг хүний нөөцийн холбогдолтой өдөр тутмын ажилд гаршлаа. Тухайлбал, ангийн бүх албан хаагчдын овог, нэр, төгссөн сургууль, дамжаа, энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн тоо, гэр бүлийн байдал, ар гэрийн нөхцөл гэх мэт олон талын мэдээллийг цээжээр мэддэг боллоо. Түүнчлэн ангийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг биелүүлэн Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн газартай хамтран ажилласнаар 30 гаруй залуусыг, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэнийг өөрсдийн ангид тохирох ажилд томилсон. Ер нь тус байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай байдаг бөгөөд шинээр томилогдсон офицер, ахлагч нарын ар гэрийг дэмжих чиглэлээр ч багагүй ажлыг өрнүүлсэн. Ингэснээр тус анги 2016, 2017 онд “Аймгийн шилдэг ажил олгогч байгууллага”-аар шалгарсан юм.
                Энд бас нэг зүйлийг онцлоход Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байхдаа НАТО-ийн буюу олон улсын шалган нэвтрүүлэхийн стандарт ямар байдгийг анзаарсан бөгөөд энэхүү стандартыг өөрийн ангидаа бий болгохыг зорьж байна. Энэ ажил 100 хувийн биелэлттэй болж чадахгүй ч, аль болох түүнд дөхөм байдлаар хийж хэрэгжүүлэхээр судалгааны ажилдаа ороод байна.


ШААРДЛАГАТАЙ ХҮНИЙ НӨӨЦИЙГ АНГИ, САЛБАРТАА БЭЛТГЭЖ БАЙНА 
Хуягт танкын албаны дарга, 
ахмад Д.Энхболд:
                -2010 онд тус ангид ротын техникийн орлогчоор томилогдон 2016 оноос СБМББ-ны захирагчаар ажиллаж байгаад 2017 оноос одоогийн албан тушаалд дэвшин ажиллаж байна. Миний хариуцсан алба энэ жил СБМББ-ны болон сургалтын процесс хангах ротын тус бүр нэг нэгж танкыг бүрэн засварлан хөдөлгүүрийг сольж, үүрэг гүйцэтгэх бэлэн байдлыг хангасан ба тайлан мэдээгээ ЗХЖШ, Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалд хүргээд байна. Мөн техникийн засвар, үйлчилгээ хийхэд шаардлагатай, мэргэшсэн хүний нөөцийг анги, салбарын хэмжээнд өөрсдөө бэлтгэж, дотоод нөөц бололцоогоо ч чамгүй ашиглаж байна. 
               Түүнчлэн ангийн бүтээн байгуулалтын ажлуудад идэвх санаачилгатай ажиллаж, ангийн 45 жилийн ойг угтан тавиулангийн жижүүрийн байрыг бүрэн шинэчилж, техник үйлчилгээний засварын байрыг тохижуулсны зэрэгцээ техникийн хадгалах байрын ашиглалтын нөхцөлийг сайжруулж, сүүлийн үеийн стандартад нийцсэн битүүмжлэл сайтай, хөнгөн зэрэг давуу талтай дөрвөн ширхэг төмөр хаалга хийлээ. Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлалаас хэрэгжүүлж буй “Нэг сар-нэг техник” аяны хүрээнд тус анги, салбарт техникийн бүрэн байдлыг сайжруулах чиглэлээр сар бүр тогтмол засвар, үйлчилгээний ажлууд хийгдэж, тайлан мэдээг харьяа хэлтэст цаг тухайд нь хүргэсээр ирсэн. Энэхүү аян хэрэгжсэнээр техникийн засвар, үйлчилгээний чанар сайжирч, бидэнд үр өгөөж, ач холбогдолтой ажил болсон гэж боддог.


АЖИЛ, АМЬДРАЛ НЬ ТЭГШРЭХЭД ХӨӨРЧ, БАЯРЛАДАГ ЮМ БИЛЭЭ
СБМБР-ын салааны захирагч, ахлах дэслэгч Т.Лхагвабаатар: 
                 -Өнгөрсөн таван жилийн хугацаанд манай салаанд 400 гаруй цэрэг алба хаасан. Багш хүн “А” үсгийн ацгийг тавьдаг бол насанд хүрээд албанд татагдаж байгаа залууст цэргийн эрдмийн “А” үсгийг бид бүхэн заадаг. Алхаж гишгэхээс эхлээд өдөр тутмын цагийн хуваарьт ажиллагаанд бүрэн хамруулж, сургалт бэлтгэлийг өндөр үр дүнтэй зохион байгуулахын хамт ёс суртахуунтай, зөв төлөвшилтэй иргэн болгох гэж хичээдэг. Тэрчлэн ангийн сургалтын болон соёл хүмүүжлийн албанаас зохион байгуулсан урлаг, спортын бүхий л уралдаан, тэмцээнд өндөр амжилттай оролцдог. Ер нь миний “гараар орж”, надаас номын дуу сонссон хугацаат цэргийн алба хаагчид маань бэлтгэлээр халагдсаныхаа дараа эргээд холбогддог, баярласан талархсанаа илэрхийлдэг. Тэр бүхэн нь надад хийж байгаа ажилдаа улам бүр урамших, олон аавын хүүхдийг сайн цэрэг, сайн иргэн байлгах гэсэн зорилго минь талаар болоогүйг илтгэх шиг болдог юм. Саяхан миний удирдлагад алба хааж байсан нэг залуу шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр тус ангид ирсэн юм. Тэрбээр надад “Энд сурсан зүйл, танаас сонссон бүхэн миний амьдралд их нөлөө үзүүлсэн, таны захиасыг мартаагүй л явна. Саяхан компанийнхаа төв салбарт шилжин Өмнөд Солонгос улсад томилогдоод байна. Танд талархсанаа илэрхийлэхээр Улаанбаатар хотоос зорьж ирлээ. Энэ амжилт маань цэргийн алба хаасны л ач гавьяа” гэхэд нь ихэд баярлан урамшиж билээ. Шавь нар нь сайн явахыг үзээд баярладаг багш шиг, байлдагчдын маань ажил, амьдрал тэгшрэхэд ихэд хөөрч, баярладаг юм билээ. 


ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛ ЭЗЭМШИХЭЭР СУРАЛЦАНА
Түрүүч Ш.ГЭНДЭНГОНЧИГ:
               -Цэргийн амьдралын тухай кино л үзэж байснаас цэргийн албаны талаар тоймтой ойлголт байгаагүй. Гэхдээ цэргийн албанд мордох хүсэл сонирхол их байлаа. Тиймээс ч иргэн бүрийн журамт үүрэг гэж ойлгосоор ирсэн. Миний хувьд цэргийн албанд ирээд тодорхой хугацаа өнгөрсөн, үзэл бодол ч ихээхэн өөрчлөгдсөн. Өөрийгөө таних, биеэ зөв авч явах, хүнтэй зөв боловсон харилцах, цагийг чанд хатуу баримтлах зэрэг олон зүйлийг сурлаа. 
                   Эх орноо хайрлах, цаашдын ажил, амьдралдаа эзэн байх, ач буянтай хүмүүсийнхээ хайр хүндлэлийг даах, хүсэл мөрөөдлийг биелүүлэх гээд тавьсан зорилго их болсон. Цэргийн албаа хаагаад дараа нь сургуульдаа үргэлжлүүлэн сурна гэж боддог байсан. Харин одоо би өөр бодолтой болсон. Цэргийн сургуульд суралцаж, офицер, эсвэл ахлагчийн албанд томилогдоно. Амьдралдаа хийж байгаа хамгийн зөв агаад чухал сонголт минь цэргийн мэргэжилтэй болох. Нэг жилийн алба хаахад л дөрвөн жилийн хугацаанд их сургуульд сурснаас илүүтэйгээр боловсорч байна. Мэндлэх, хүндлэх ёсыг дээд зэргээр сахиж чадах зөв иргэнийг гагцхүү цэргийн алба л төлөвшүүлдэг юм шиг санагддаг.
Сурагч байхад хичээлээс өөр зүйл бодогддоггүй байж. Өөрөөр хэлбэл, амьдралын алсын зорилгоо тодорхойлдоггүй байсан. Харин энд ирснээр ирээдүйнхээ тухай их тунгааж, боддог болсон шүү. Бүрэг ичимхий цэргүүд нүүрэмгий болж, өөрийгөө бусдад илэрхийлж, бичиг, үсэг үл мэдэгчид уншиж, бичдэг болсон зэргээр хугацаат цэргийн алба хаагчдын хувьд энэ л ангид хөгжиж, төлөвшиж, өөрчлөгдөж байна. Яагаад ч юм, Цэргийн тангараг өргөх ёслол санаанаас огт гардаггүй юм. “Монгол Улсын төлөө зүтгэе” гэж хэлэхэд сэтгэл их догдолсон бөгөөд тэр л догдлолтойгоор албаа нэр төртэй хаана. Дурсамж, дурдатгалаар дүүрэн байж, ирээдүйн зорилго минь биелнэ гэдэгт итгэл төгс байна. 


АЛСЫН ХАРААГҮЙ ЯВСНАА МЭДЭРСЭН
Түрүүч Б.НЯМДАВАА:
                -Би цэргийн албаны талаар тодорхой ойлголттой байсан. Учир нь манай гэр бүлийнхэн Зэвсэгт хүчний ангид ажилладаг юм. Энд ирснээр улам их зүйлийг мэдэрлээ. Кинонд гоёор дүрслэгддэг ч гэлээ өөрөө харж, мэдрэх нь юутай сайхан гэж санана. Би бээр өмнө нь зөвхөн өнөө маргаашаа л бодож, алсын хараагүй явснаа энэ ангид ирээд л мэдэрсэн. Одоо ухамсар сууж, цагийн юмыг цагт нь амжуулах, маргаашийн ажлыг өмнөх өдөр нь эхлүүлэх зэрэг үүрэг, хариуцлагатай болсон. Түүнчлэн ирээдүйгээ бага багаар төлөвлөдөг, илүү ажил хэрэгч болсон юм шиг санагддаг. Үе тэнгийн залуустаа гэрээт болон хугацаат цэргийн албыг нэр төртэй хаагаарай гэж уриалмаар байна. Намайг цэрэг татлагын комиссоор орох үед цэргийн албанд тэнцсэнээсээ болж, сэтгэл дундуурхан байгаа хэсэг залуус харагдсан. Би жилийн өмнө цэрэг татлагын комиссоор ороод тэнцээгүй, учир нь би хоёрхон хоногийн дараа 18 нас хүрэх байсан юм. Комиссын даргаас нь гуйсан ч намайг насанд хүрээгүй гээд тэнцүүлээгүй бөгөөд харин тэнцсэн тэдгээр залууст атаархаж, би хэн нэгнийх нь оронд байсан ч болоосой гэж бодсон. Тэгээд дараа жилийн цэрэг татлагыг хүлээхдээ өдөр хоногийг алгасчихмаар санагддаг үе ч байж билээ. Харин энэ оны 5 дугаар сарын цэрэг татлагаар тэнцсэн, одоо албаа нэр төртэй хааж байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017