ЧАНАР ХАРДАГ ЧАНТУУ ЭРХЛЭГЧ

2018 оны 12 сарын 07

         1989 оны зун би бээр “Улаан од” сонинд оюутны ээлжит, гэхдээ сүүлчийн хариуцлагатай дадлага хийхээр ирлээ. Сонины эрхлэгч, дэд хурандаа Б.Чантуугийн өрөөнд халиран байж ороход:
           -Чи шүлэг бичдэг гэл үү, үүний учрыг олоорой гээд надад хүрэн өнгийн “дело” хавтас дүүрэн шүлэг өгсөн юм. Энэ нь туршилт гэдгийг би сайн мэдэж байсан л даа. Офицер, ахлагч, цэрэг, түрүүч, идэвхтэн бичигч, оюутан, сурагчдын илгээсэн шүлгүүд зонхилж байх юм.           Өнөө шүлгүүдийг нэг бүрчлэн уншиж, уран зохиолыг улаан тугаар хэмждэггүй гэсэн утгатай тойм бичиж хэвлүүлэв. Тэгтэл эрхлэгч дуудлаа шүү. Өнөө бичсэн маань хэл ам татлах нь энэ үү гэж эмээнгүй очиход:
        -Чинийхээр бол хэвлэгдэх шүлэг байхгүй юм шив дээ. Тэгвэл өөрийнхөө шүлгийг хэвлэ гэдэг юм. Анх уулзсан хүнд хэг ёг гэсэн харьцаатай, харц нь ширүүн, сүрдмээр ч юм шиг санагдах энэ хүн надад итгэл үзүүлэв шүү. Миний шүлгүүд зураг, танилцуулгатай хэвлэгдэж билээ. Уг нь би шүлэг хэвлүүлэх гэж биш сонины редакцад дадлага хийж, оюутны ширээний ард нойрмоглон суусан уу, ном ёсоор нь суралцсан уу гэдгээ илэрхийлэх гэж ирсэн хүн л дээ. Миний шүлгийг хэвлэгдсэний дараа Б.Чантуу эрхлэгч:
         -Би ямар шүлэг мэдэх биш, харин бичсэн мэдээ, сурвалжилгыг чинь сараачих минь гэлээ шүү. Миний боловсруулсан хэд хэдэн мэдээ, бичсэн бага сага материал маань ер засварлагдахгүй тэр чигээрээ л хэвлэгдээд байв. Нэг өдөр эрхлэгч дуудлаа. Энэ бол сайны дохио яавч биш, одоо л улаан эрээн болгох нь дээ гэсэн айдастай бодол дагуулсаар өрөөнд нь орлоо.


           -Чи ер нь бичээд сурчихсан эр бололтой, чамайг төгсөөд ирэхээр чинь утга зохиолын ажилтнаар томилно оо, хө. Намайг бусдын бичсэнд яаж ханддагийг цаад Д.Бямбаагаасаа асуугаарай гэлээ шүү. Би хэлсэн үгэнд нь баярлалгүй яах вэ, ажилтай болох нь байна шүү дээ. Харин тэр асуугаарай гэсэн нь үнэхээр хатуу санагдсан даа. Миний өмнө манай сургуулийг төгссөн цэргийн сэтгүүлч Д.Бямбаа ярьж байна.
             -Мэдээ бичээд эрхлэгчийн өрөөнд орлоо. Миний бичсэнийг аваад унших нь байтугай гүйлгэж харсан ч үгүй “Чиний бичдэг гэж юу байсан юм” гээд базаж атгаад хогийн сав руу хийчихлээ. Би сэжиглэлээ, согтуу юм болов уу гэж, тэгтэл үгүй бололтой. Хогийн савнаас нооргоо аваад өрөөндөө орж лав л хоёр удаа хууллаа. Хуулах бүртээ энд тэнд нь засварлаж, боломжийн болгоод дахиад очлоо. Нүдний шилэн дээгүүрээ өлийн хараад “Алив” гэлээ дээ. Миний бичсэнийг улаан балаар танигдахын аргагүй эрээчээд “Ийм л байна даа, нөхөр минь” гээд надад өгөв. Дахиад л хууллаа. Эцэст нь эрхлэгч “Авсан л болохоос” гэдэг юм. Ингэж л бидний шүүсийг шахаж, манийгаа шар махтай нь хатааж байгаа нөхөр дөө гээд Д.Бямбаа маань мар мар хөхөрч билээ. Эрхлэгч өглөө ууртай ирээд “Цэдэн байрандаа” гэхэд сурвалжлагч, дэслэгч Б.Цэдэн хогийн савны дэргэд зогсож байдаг, өрөөндөө ороод бичсэнийг нь атгаж базаад хогийн сав руу хийчихдэг, эрхлэгчийг эргэхэд Б.Цэдэн бичсэн мэдээгээ хогийн савнаас авч өрөөндөө ороод хэд хэд хуулдаг гэх яриаг ч Д.Бямбаа маань надад ярьсан даа. Эдгээр яриа хатуу, наргиантай, даажинтай сонсогдовч Б.Чантуу эрхлэгчийн арга барил юм. Сурвалжлагч нарыгаа өөрөө өөртэйгөө ажиллахад ингэж сургадаг байж. Энэ нь сэтгүүлчдийн дунд ихэд алдаршсан “Улаан одын школ”-ын нэг л хэлбэр.
         Цэргийн сонины нэг онцлог нь сэтгүүлч, сурвалжлагч, идэвхтэн бичигчийн бичсэн бүхэнд үнэлгээ өгдөг явдал байв. Б.Чантуу эрхлэгч цаг бүртгэхгүй, чанар харна гэсэн яриа бий. Шилжих сонинд орох гэрэл зураг дутвал чангарна. Фото лабораторийн хаалга балбаж:
          -Батаа, чи унтаад байна уу, угааж байна уу, ууж байна уу гэх. Гэрэл зурагчин Батаа огтхон ч хариу барихгүй тас гүрийнэ. Ийм хоржоонтойгоор ажлаа амжуулна. “Б.Чантуу эрхлэгчээс чанар үнэлгээ авах гэж зүдэрч байснаас сансарт нисэх нь амар юм, бэлэн унаанд суугаад л хөөрчихнө” гэж сурвалжлагч Ц.Жамсран ах эрхлэгчийнхээ шарыг малтана. Бичсэн материал нь эрхлэгчээс чанар үнэлгээ авсан сурвалжлагч цалингийн хувиар шагнуулна, гадаад томилолт гардана. Энэ чанар үнэлгээ гэдэг нь хэдэн сурвалжлагч нарын бичих хүслийг өдөөнө дөө. Чи чанар үнэлгээ авч байхад би яагаад авч болдоггүй юм гээд л бичсэнийгээ өдөржин нухна шүү дээ. Б.Чантуу эрхлэгч өөрийнхөө бичсэн материалд “хангалтгүй” гэсэн үнэлгээ өгсөн тухай ч яриа бий. Мэргэжилдээ ингэж л ханддаг сэтгүүлч.
        Б.Чантуу эрхлэгч хэнээр юун тухай бичүүлэхээ сайн мэднэ. Өөрөөр хэлбэл сурвалжлагч нарынхаа мэдлэг, сонирхол, бичлэгийн хэлбэрийг сайн мэдэж байна гэсэн үг. Өглөө эрт эрхлэгчийн томилолт эхэлнэ. Тэнд нэг өвгөн бий, уулзаад ир гэнэ. Энд нэг эмгэн байгаа ярилцаад ир гэнэ. Тэр хаягаар нь явж, заасан хүнтэй нь уулзаад бидний бичсэнийг уншаад эрхлэгч голно. Сайн лавлаж шалгаахгүй яасан юм, ийм зүйл дутуу байна гэнэ. Өөрөө маш сайн мэдээлэлтэй, бидний бичсэн үнэхээр дутуу. Сонинд бичих сонирхолтой материалуудыг тэр бараг бүгдийг нь сонссон, мэдсэн байдаг. Б.Чантууг эрхлэгч байх үед цэргийн сонины олны анхаарлыг ихэд татсан сэдэв нь хэлмэгдлийн тухай байлаа. Магадгүй, энэ сэдвээр чөлөөтэй бичдэг байсан учраас цэргийн сонинд ардчиллын штаб ажиллаж байна гэсэн яриа цэргийн дээд удирдлагад хүрч эрхлэгчид маань олгох цэргийн цолыг ч олголгүй, тэтгэврийн наснааас нь арваад жилийн өмнө тэтгэвэрт гаргасан байдаг. Б.Чантуу үнэнийг хаа ч хэлдэг, шударга, эрхэлсэн ажилдаа гуйвалтгүй үнэнч, мэргэжилдээ гаргуун хүн байсан юм. 1990 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр цэргийн сонины редакцад БХЯ-ны сайд, ЗХЖШ-ын дарга, МАА-ийн Улс төрийн газрын дарга нар ирж шуурхай зөвлөгөөн хийжээ. Энэ редакцад хэн ажиллах, хэн явахаа олон хүн ил тод ярьсан байдаг. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, олон ургалч үзэл уралдуулж байсан цаг. Хойчийн үр дагаврыг ухаарах хүн байсан л биз. Тэр зөвлөгөөн дээр эрхлэгч Б.Чантуу:
            -Та бүхний таалалд нийцүүлэн би ерөнхий эрхлэгчийн ажлаа өгч чөлөөндөө гаръя. Харин би ажил унагаж, сониноо хохироогоогүй. Манай сонин, манай хамт олон үргэлжилдгээрээ үргэлжлэх болно гээд гурван санал хэлжээ. Монголын Сэтгүүлчдийн холбоонд харьяалагддаг мэргэжлийн редакцын хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлаж, цэргийн дээд удирдлагаас хянахгүй байх /Энэ үед “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” сураггүй байв/, редакцын бодлогоор залуу үеийн сэтгүүлчдийг сургаж бэлтгэх, хэнийг сургаж бэлтгэхээ редакцын сонголтоор шийдвэрлэх гэсэн Б.Чантуу эрхлэгчийн энэ гурван саналын алийг нь ч өнөө хүртэл хэрэгжүүлээгүй бөгөөд аливаа сонины уналт, мэргэжлийн боловсон хүчний хомсдол энэ гурваас л шалтгаалдаг ажээ. 
            Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Б.Чантуу нийгмийн харилцааны тун эгзэгтэй, ээдрээтэй, үзэл бодлын зөрөлдөөнтэй, олон ургалч үзэл монгол хөрсөнд ургасан он жилүүд буюу 1986-1990 онд цэргийн сонины эрхлэгчээр ажилласан байдаг юм. Б.Чантуу “Улаан од” сониныг БХЯ, НАХЯ-ны сонин гэж байсныг “Бүх цэргийн төв хэвлэл” хэмээн нэрлэж хэвлүүлчихээд сонины нэрийг дураараа өөрчилсөн гэх үзэл суртлын том хэрэгт унаж, дээшээ дуудагдан дарга нарт толгой дараалан зэмлүүлсэн ч уг сонин Бүх цэргийн төв хэвлэлээрээ л үлдсэн. Энэ дөрвөн үгийг сонины толгойд бичнэ гэдэг тэр цагт том зориг, том өөрчлөлт байсан юм шүү. 
          Б.Чантуу эрхлэгч өөрөө төдийлөн бичээд байхгүй ч сурвалжлагч нараараа нийгмийг хамарсан далайцтай нийтлэл бичүүлж чаддаг, сонины эрхлэгч ямар ажил хийх ёстойг сайн мэддэг, хийж чаддаг нэгэн байлаа. 1980-аад оны шилдэг сэхээтэн, чадварлаг сэтгүүлчдийг тэрбээр цуглуулж чадсан, тэдний авьяас, бичлэгийг үнэлж чадсан, тэднийгээ өмөөрч чадсан, бусад сонины эрхлэгч нараас ялгарч чадсан эрхлэгч байв. Ардчиллын алтан хараацай гэгдэх С.Зориг, Э.Бат-Үүл, Б.Батбаяр /Баабар/, Ц.Элбэгдорж нарын нийтлэлийг хэвлэснийхээ төлөө, Т.Ганди, Л.Зоригт, Д.Мархаахүү, Ц.Баяраа, Л.Төрбаяр, Ш.Чойжил, Л.Туяагэрэл зэрэг “эсэргүү” сурвалжлагч нараасаа болж, “Эсэргүү нарын эцэг” лугаа мөрдөгдөж үзсэн ч ирэх цагийн гэгээг харсан, мэдэрсэн, зөн совинлог сэтгүүлч байв. Б.Чантуу эрхлэгчийн үед цэргийн сонин захиалагчийн тоогоороо нам, засгийн “Үнэн” сониныг давж гишгэсэн, редакц 29 хүний бүрэлдэхүүнтэй, улсын төсвөөс мөнгө авдаггүй, сэтгүүлчдийн гадаад, дотоод томилолтын зардлыг гаргадаг, жилд зургаагаас доошгүй удаа социалист орнуудын сэтгүүлчдийг хүлээн авдаг, сэтгүүлчдээ илгээдэг, 49 оронд захиалгаар түгдэг сонин байсан нь эрхлэгчийн мэргэжлийн нударга, хамт олны зангидсан гар шиг эв эе, хүч нэгдлийг илтгэнэ. Ийм хамт олныг бүрдүүлж, ажиллуулж, цэргийн сонины школыг бусад мэргэжлийн редакцад мэдрүүлж, атаархуулж чадсан Б.Чантуу эрхлэгчийг цэргийн дээд удирдлага ил, далд “эсэргүү” хэмээн ад үзэж байсан нь үнэнд гүйцэгдсэн билээ.
              Б.Чантуу тэтгэвэрт гарсан сургаар Монголын Сэтгүүлчдийн холбооныхон эрж сурж байгаад л элсүүлээд авчихсан. Тэрбээр уг байгууллагыг санхүүгийн хувьд бэхжихэд ухаанаа уралдуулж, олон улсын сэтгүүлчдийн хэд хэдэн байгууллагатай холбоо тогтоож, манай хэвлэл мэдээллийн зах зээлд олон улсын сэтгүүлчийг анхлан бэлтгэсэн гавьяатай. Түүнийг ажиллаж байхад цэргийн сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл дэд хурандаа Ц.Бат-Орших МСХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж тэр хоёр гар нийлсэн юм даг. Б.Чантуу чадварлаг гэрэл зурагчин байлаа. Тэрбээр Монгол Улсын түүхэн гэрэл зургуудыг тодотгож, тайлбарлан хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж “Фотомон” агентлагт насан эцэстлээ ажилласан юм. Түүний үлдээсэн гэрэл зургийн фондод фото зураг манай улсад анх үүссэнээс хойших Монгол Улсын амьдрал, хөгжил дэвшил дүр төрхөөрөө буй.
Насаараа цэргийн сонинд ажиллаж, сэтгүүлчийн хөдөлмөрөөр хоолоо олж идсэн тэрбээр тухайн үеийн нам, засаг, цэргийн дээд командлалын томилолтоор гадаад, дотоодод бишгүй явж, чамгүй ихийг бичсэн л дээ. 1981 онд монгол хүн сансарт нисэхэд Намын Төв хорооны хурлаар орж, НАХЯ-аар шалгагдаж байж Байконуурыг зорьсон байдаг. Б.Чантуу тун овтой сэргэлэн эр. Сансарт нисэх хүний нэр товлогдоогүй, манай төвийн бүх сонин тэр шөнө мэдээ хүлээгээд хэвлэгдэхгүй байхад гэнэт цэргийн сонин хэвлэгдээд эхэлж. Дээрээс шийдвэр ирээгүй байхад сонин хэвлэлээ гэсэн яриа ч гарч. “ТАСС” нэрийг нь мэдээгүй байхад Б.Чантуу мэдчихээд сонин руугаа тусгай шугамаар дамжуулчихаж. Хожим түүнээс “Та яаж урьдчилж мэдсэн юм бэ?” гэж асуухад “Тэнд оччихоод тэр нэрийг мэдэхгүй юм бол ямар юмных нь цэргийн сэтгүүлч байдаг юм” гэж билээ. Яаж ийгээд л тэр нэрийг урьдчилж мэдсэн л байгаа юм даа. Би түүнтэй зиндаархах гээгүй. 1937 онд анх хэлмэгдэж буудуулсан 14 хүний шарилын орчимд 1990 онд хүндэтгэлийн хөшөө босгосон юм. “Тэнд 14 биш, 15 хүний шарил байгаа, ухаж үзвэл батлагдана” гэж намайг ярихад Б.Чантуу эрхлэгч “Чи муу яаж мэддэг юм. 14 хүний хүүр булж байхад тэр хавьд явж байсан хүүхдийг гэрч гээд буудаад хамт булчихсан юм. Энэ мэтийг мэдээд байхыг бодоход чи миний насан дээр над шиг сэтгүүлч явах юм биш биз” гээд хоржоонтой, даажинтай хөхөрч суусан сан.
                Хорвоогийн хатуу хууль хамаг нандин яриа, хүний амьдралын утга учир, мөн чанарыг цаг хугацаанд үлдээдэг юм хойно доо. Б.Чантуу эрхлэгчтэй сүүлчийн удаа уулзаж ярилцсанаа саналаа.
-Цаг өөр болоод байна аа, би таны замналыг давтах л янзтай гэж намайг хэлэхэд Б.Чантуу эрхлэгч:
             -Аль цаг, аль ч нийгэмд шударга сэтгүүлч хохирдог. Энэ бол хохирол биш алсдаа ялалт л болно гэсэн үг. Би шүлэг сонирхдоггүй, бичдэггүй. Гэхдээ чиний бичсэн хоёр мөртийг бусдад хэлмээр санагдаад байдаг юм. “Шударга хүн нэг бол шорон дотор хэвтэнэ, шударга хүн нөгөө бол шороон дор хэвтэнэ”, энэ л байхгүй юу. Дүү минь, ялих шалихгүй зэмлэл, ад үзэгдэлт чи биднээс алс хол юм. Сэтгүүлч бид хэзээ ч муу явдаггүй, ахыгаа харж байгаа биз дээ гээд муухан жуумалзаж байсан нь нүдэнд харагдах чинь.
Цэргийн мэргэжлийн сэтгүүлч П.БАТНАЙРАМДАЛ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1127

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2017