МЭНДЧИЛГЭЭ

2018 оны 12 сарын 31

                 Монгол Улсын Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид, гадаад улсуудад үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд амь бие үл хайрлан тэмцэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт ажилтан албан хаагчид Та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэндийг хүргэе! Бид хамтдаа өвөг дээдсийнхээ дайчин түүх, монгол цэргийн шилдэг уламжлалаа шинэ утга агуулга, үйл явдлаар баяжуулсан нэгэн оныг үдэж, шинэ онтойгоо учран золгож байна.

             Улиран одож буй 2018 онд Зэвсэгт хүчний хувьд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хангаж, шинэлэг, бүтээлч олон ажил, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлэн Зэвсэгт хүчний хөгжлийг урагшлуулсан амжилт бүтээлээр дүүрэн жил байлаа.

           Батлан хамгаалах салбарын багц хуулиудад нийцүүлэн Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн боловсронгуй болгох, тэдгээрийг амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх бэлтгэлжилт, сахилга, дэг журам, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, улс орны бүтээн байгуулалтад оролцох, бие бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар бид ихээхэн ололт, амжилттай ажилласнаар Зэвсэгт хүчний түүхийн хуудсаа зузаатгаж байна.

        Өнөөдрийн Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн өнгө төрх, үйл ажиллагааны үр дүн, гаргасан амжилт, бүтээл бүхэн цагийн манаанд зогсож байгаа эгэлхэн байлдагч, цэнхэр дуулгатан энхийн цэрэг, ажил албандаа бүтээлчээр хандаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний хүч, хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон тэмдэглэхэд таатай байна.

       Батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэх зэрэг цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч буй томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхэд Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хэн бүхний идэвх оролцоо, дэмжлэг, бүтээлч хөдөлмөр нэн чухал юм.

         Та бүхний хичээл зүтгэл Зэвсэгт хүчний хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Амжилт, ялалтад уриалан дуудаж буй шинэ оноо Та бүхэн халуун ам бүл, хамт олон, найз нөхөдтэйгөө сайхан угтаж, албандаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе! Монгол цэргийн сүр хүч, цог хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

 

ЗХЖШ-ЫН ДАРГЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ, НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Р.СҮХБАТ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1214

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019