БАТЛАН ХАМГААЛАХ ТОГТОЛЦООНЫ ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ҮНДСЭНД НЬ ХИЙЖ ДУУСГАСАН НӨР ИХ АЖЛЫН ЖИЛ БАЙЛАА

2019 оны 01 сарын 11

  БХЯ-ны СБТГ-ын дарга, бригадын генерал Г.Сайханбаяртай ярилцлаа.

     Өнгөрөгч 2018 он БХЯ болон танай газраас батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийг эрчимжүүлэх, Зэвсэгт хүчний хөгжил, алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлээр олон талт ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн жил байсан. Тантай энэ талаар ярилцлагаа эхлүүлье? 
     -Батлан хамгаалах яам 2018 онд “Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах тогтолцооны хууль, эрх зүйн үндсийг бүрдүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг бэхжүүлэх удирдлага, зохион байгуулалтын үр дүнтэй арга хэмжээ авах” гэсэн томоохон зорилго дэвшүүлсэн. Бид энэхүү зорилгоо бүрэн биелүүлсэн гэж дүгнэж болно. Учир нь өнгөрсөн онд батлан хамгаалахын хууль эрх зүйн шинэчлэлийг үндсэнд нь дуусгаж, нэлээн олон хуулийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлууллаа. 
     Батлан хамгаалахын хууль, эрх зүйн шинэчлэлийн хоёр дахь үе шатыг 2015 оны 10 дугаар сард УИХ-ын нэгдсэн чуулганаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичгийг батлуулснаар эхлүүлж, 2016 оны 09 дүгээр сард Батлан хамгаалахын багц хуулиудаа, 2017 онд “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030”, “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” болон дээрх бодлого, хуулиудаа хэрэгжүүлэхэд дагалдан гарах олон дүрэм, журам, зааврыг БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалуудын удирдлага, цэргийн мэргэжилтнүүд, ҮБХИС, БХЭШХ-ийн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн ажлын хэсгүүдийг байгуулан, олон хүний оюун ухаан, хичээл зүтгэл, ихээхэн хөдөлмөр, цаг зарцуулан боловсруулалтыг хийж дуусган, баталгаажуулсныг манай салбарынхан мэднэ. 
        2018 онд бид “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгагдсан “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хууль, “Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” зэрэг хуулийг боловсруулан батлуулж, “Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хууль УИХ-ын эцсийн хэлэлцүүлэгт орохоор хүлээгдэж байна.

               Өнгөрсөн онд УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан дээрх хуулиудын ач холбогдлын тухайд? 
-Улсын нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн УИХ-ын хаврын чуулганаар батлуулснаар тус хуулийг батлан хамгаалахын багц хуульд нийцүүлэн боловсронгуй болгож, улсын агаарын хөлгийн ашиглалтын үед осол, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нислэгийн ангилал, төрлийг нарийвчлан тодорхойлж, цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын болон Агаарын цэргийн командлалын эрх, үүргийг тодорхой болгон эрх зүйн зохицуулалтыг сайжрууллаа. Өмнөх Улсын нисэхийн тухай хуульд “Улсын нисэхийн нислэг-техникийн осол, зөрчлийг шалгах шинжээчийн бүрэн эрх” гэсэн харилцааг тусгасан байсан хэдий ч түүнийг томилох эрх бүхий субъектыг тогтоож өгөөгүй байсныг тус хуулиар Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нислэг-техникийн ерөнхий шинжээчийг томилох, дүрмийг батлах зохицуулалтыг тусгаж тодорхой болголоо. 
           “Орон нутгийн хамгаалалтын тухай” анхдагч хууль, “Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг УИХ-ын 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн чуулганаар тус тус батлуулсан.
            УИХ-ын 2015 оны 85 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт Монгол Улсын батлан хамгаалах тогтолцооны үндэс нь төр, захиргааны байгууллагууд, нийт иргэний оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгаа байхаар тодорхойлсон. 
            Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хууль нь орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх төрийн бүх шатны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, иргэн, хуулийн этгээдэд хамаарах бөгөөд энэ хуулиар орон нутгийн хамгаалалтын үндсэн арга хэмжээ, төлөвлөлт, сургалт зэрэг эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулж, иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын бүрэн эрх, гүйцэтгэх чиг үүргийг хуульчлан тодорхойлж өгсөн. 
        Хууль батлагдсанаар Үндсэн хуулийн “Эх орноо хамгаалах” заалт хэрэгжих нөхцөл бүрдэж, Монгол Улсын өөрийгөө хамгаалах чадавх нэмэгдэн, орон нутгийн өөрийгөө хамгаалах нийгэм, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх замаар орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны цогц байдал хангагдана гэж үзэж байгаа. 
           Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар улсын болон цэргийн дайчилгааны зохицуулалтыг боловсронгуй болгох үүднээс улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд улсын болон санхүүгийн нөөцийг дахин хуваарилах замаар улсын дайчилгааг явуулахаар, Зэвсэгт хүчнийг өргөтгөн зохион байгуулах зорилгоор цэргийн дайчилгаа явуулах, энэ нь улсын дайчилгааны бүрэлдэхүүн хэсэг байхаар тодорхойлсны зэрэгцээ дайчилгааны үндсэн арга хэмжээнүүдийг дайчилгааны бэлтгэлийг хангах болон дайчилгаа явуулах үе тус бүрээр нь тодорхойлон, эрх бүхий байгууллагуудын гүйцэтгэх чиг үүрэгт нь нарийвчлан тусгаж өгсөн. Энэхүү хууль батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны байдалд шилжүүлэх үед хэрэгжүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъектуудын чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эрх нарийвчлан тодорхойлогдож, дайчилгаанд оролцогчдын эрх зүйн байдлын баталгааг хангаж, дайчилгааны тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 
            Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьж, УИХ-ын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн чуулганаар хэлэлцэн баталсан. Тус хуулийн төсөлд санал дүгнэлт өгөх үүрэг бүхий УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэгт манай газраас мэргэжилтнүүд орж ажиллан, холбогдох тооцоо судалгаа, хуулийн төслийг өргөн мэдүүлэхэд шаардлагатай бүхий л мэдээллийг хууль санаачлагч нарт гарган өгч ажилласан юм. Тус хуулийн 1 дүгээр зүйлд “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын цалин, хөлсний дараалсан жил нь 2019 онд зургаан жил, 2020 онд долоон жил, цалин хөлсний нийлбэрийн хуваагдах сарын тоо 2019 онд 72 сар, 2020 онд 84 сар байна гэж заасан нь цэргийн алба хаагчийн нийгмийн хамгаалал, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх, тэтгэвэр тогтоолгон авах тэтгэврийн хэмжээ буурах нөхцөл байдал бий болсон. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар энэ хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтооход баримтлах сарын дундаж цалин хөлсийг тэдний цэргийн алба хаасан сүүлийн 20 жилийн доторх дараалсан таван жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д, тав хүртэл жил алба хаасан бол цэргийн алба хаасан нийт хугацаанд авсан цалин хөлсний нийлбэрийг алба хаасан сарын тоонд тус тус хувааж тодорхойлно” гэсэн заалтын дагуу тооцож олгох боломжтой болсноороо ач холбогдолтой юм. 
         Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувьд “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт “Цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагад гэрээгээр ажиллагсдын алба хаах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоно” гэж заасантай нийцүүлэн Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон Хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг энгийн эмч, ажилтан албан хаагч нарын нийгмийн баталгааг эрүүл мэндийн салбарынхантай адил түвшинд болгох хэрэгцээ, шаардлага үүсээд олон жил яригдаж ирсэн асуудал байсан. Хуулийн төслийн үзэл баримтлалд зааснаар Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгаатай холбогдох харилцаанд Зэвсэгт хүчний анги, байгууллагын болон Хилийн отрядын эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг энгийн эмч, ажилтан, алба хаагч нарт нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох, тэдний мэргэжлийг нь дээшлүүлэхэд төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг шинээр тусгаж өгсөн юм. Тухайлбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт “... анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт 10 ба түүнээс жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтанд тэтгэвэрт гарахад нь нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох ...”, мөн зүйлийн 29.5 дахь хэсэгт “... анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт тасралтгүй ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтэнд гурван жил тутамд нэг удаа зургаан сарын мөнгөн тэтгэмж олгох ...”, мөн зүйлийн 29.8 дахь хэсэгт “... анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэгч тусгай эмнэлэгт тав ба түүнээс дээш жил ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах” зэрэг эрх зүйн харилцаануудыг тусгасан юм. Тус хуульд өөрчлөлт оруулснаар “тусгай эмнэлэг”-ийн зохицуулалтад хамаардаг төрийн цэргийн байгууллагуудын анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх эмнэлгийн энгийн эмч, ажилтан нарын нийгмийн баталгаагаар хангагдах боломж бүрдэж, анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа субъектын эрх зүйн байдал тодорхой болж, хөдөлмөрийн нөхцөл хангагдаж, хуулийг зөв ойлгож хэрэглэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байна. 
            Дээрх хуулиудыг нарийвчлан задлан ярихад та бид хоёрын ярилцлагын цаг хүрэлцэхгүй. Тийм учраас Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын удирдлага, хуулийн зөвлөх, мэргэжилтнүүд онцгой анхаарч, бие бүрэлдэхүүндээ сайтар сурталчилж байх ёстой. Мөн цэргийн алба хаагчид, ажилтан албан хаагч бүр Монгол Улсын хуулиудаа нарийн судлан ойлгож, ажил алба, амьдрал ахуйдаа ашиглаж, хуулийн мэдлэгээ байнга ахиулж байх ёстой юм шүү гэж хэлмээр байна.

       Хуулийг хэрэгжүүлэхэд олон дүрэм, журам, заавар боловсрогдож батлагдсанаар биеллээ олдог талаар Та түрүүн дурдсан. Өнөөгийн байдлаар энэ арга хэмжээ ямар шатандаа явна вэ?

          -Тийм ээ. 2016 онд Батлан хамгаалахын багц хуулийг дагалдан гарах 70 орчим эрх зүйн акт буюу дүрэм, журам, заавар боловсруулагдах тооцоо, төлөвлөгөө гарч, өнөөдрийг хүртэл хийгдэж байна. Хэрэгжилтийн байдал сайн байгаа. Батлан хамгаалахын багц хуулийг дагалдан гарах эрх зүйн актуудыг энэ онд боловсруулж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Харин одоо Орон нутгийн хамгаалалтын тухай болон Дайчилгааны тухай хуулийг дагалдан гарах олон дүрэм, журам, заавар боловсруулж, мөрдүүлэх үүрэг БХЯ, ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалуудад ноогдож байгаа. Бид эхнээс нь боловсруулж, Батлан хамгаалахын сайдын зөвлөл, Засгийн газраар шийдвэрлүүлэн ажиллаж байна.

          Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан эрх зүйн ямар баримт бичгүүд шинэчлэгдэн гарч, ямар ажлууд зохион байгуулагдаж байна вэ?
          -Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шинээр боловсруулах, шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах 44 эрх зүйн баримт бичиг байгаа. Үүнээс “Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдах бүрэлдэхүүнтэй сургалт, дадлага явуулах журам”-ыг Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор батлуулсан. Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө боловсруулах заавар”, “Орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжийн бүтэц, зохион байгуулалтын үлгэрчилсэн загвар”-ыг Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажуулж, нутгийн захиргааны байгууллагуудад хүргүүлэн аймаг, нийслэлийн орон нутгийн хамгаалалтын төлөвлөлтийг эхлүүлээд байна. Цаашид ч олон баримт бичгүүдийг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг хангах ажил үргэлжилнэ. Ойрын үед Засгийн газрын хуралдаанаар “Галт зэвсэг, техник, материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, даалгаваржуулах, тэдгээрийг ашиглах журам”-ыг хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

           Цэргийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар тодруулбал ...?
           Манай салбарын бүхий л хуулиуд хоорондоо нягт уялдаа холбоотой байж хэрэгждэг онцлогтой. Энэ хүрээнд Цэргийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх, цэргийн гэрээт алба, цэргийн дүйцүүлэх албаны харилцааг зохицуулсан “Цэргийн гэрээт алба хаах журам”, “Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг зарцуулах журам”, “Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журам” зэргийг Засгийн газраар шийдвэрлүүлэн хэрэгжүүлж байна. Мөн Цэргийн албаны тухай хуулийн дагуу “Оюутан-цэрэг” сургалтыг тав дахь жилдээ 13 аймаг болон нийслэлд амжилттай зохион байгуулж, нийт 5000 оюутан, суралцагч хамрагдан цэргийн I зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдээд байна. Цаашид ч энэ арга хэмжээ болон цар хүрээ нь өргөжиж, сургалтад хамрагдах оюутнуудын тоо нэмэгдэх болно. Энэ онд орон нутагт Өвөрхангай, Дорноговь аймгуудад “Оюутан-цэрэг” сургалтыг шинээр зохион байгуулахаар төлөвлөөд байна.
         Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан “Цэргийн сургуулийн оюутанд цэргийн мэргэжил олгох журам”-ыг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Журам хэрэгжсэнээр ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнууд цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдахын зэрэгцээ суралцах хугацаандаа цэргийн албаа хаах боломж бүрдсэн нь чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон.
            Өнөөдөр Монгол Улсын эрэгтэйчүүд, тэр дундаа цэргийн жинхэнэ алба хаах насны иргэд буюу 18-25 насны залуучуудын эрүүл мэндийн байдал тун сэтгэл түгшээх түвшинд байна. Жишээ татаад хэлэхэд, сүүлийн таван жилийн судалгаагаар аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэрэг татлагын товчооны эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан нийт иргэдийн 40 орчим хувь нь эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй чөлөөлөгдөж байна. Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолоор “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам” батлагдсан. Энэхүү журамд цэргийн эмч нарын комисс хоёр жилд нэг удаа төв, орон нутагт ажиллаж, иргэнийг тайван цагт цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэрийг гаргана гэж заасан. Өнгөрсөн онд дээрх арга хэмжээний хүрээнд хэрэгжүүлсэн нэг томоохон ажил нь цэргийн эмч нарын комиссыг хөдөө, орон нутагт томилон ажиллуулж, Засгийн газрын 2017 оны 144 дүгээр тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, цэргийн насны иргэдийн эрүүл мэндийн байдалд бодит үнэлэлт, дүгнэлт өгч, олон жил цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй шалтгаантай байсан иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, чөлөөлөх шийдвэрийг гаргасан явдал юм. Батлан хамгаалахын сайдын тушаалаар томилогдсон цэргийн эмч нарын комисс 2018 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 9-ний өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Хөвсгөл, Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт, 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт тус тус ажиллаж эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй шалтгаантай нийт 627 иргэнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, үүнээс 465 иргэнийг тайван цагт цэргийн жинхэнэ албанд татахаас чөлөөлөх шийдвэрийг гаргасан. 
       Түүнчлэн “Цэргийн насны залуусын эрүүл мэндийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт сургалт, семинарыг дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, 530 гаруй эмч, эмнэлгийн ажилтан, иргэдийн төлөөлөл хамрагдсан байна. Энэ онд бид энэхүү ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж, баруун болон говийн бүсийн аймгуудад цэргийн эмч нарын комиссыг ажиллуулна. 
         Дайчилгааны тухай хуулийн дагуу 2018 онд аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга нарын “Цэрэг-стратегийн бэлтгэл” сургалтад 40 гаруй удирдах албан тушаалтан, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нарын “Цэргийн бэлтгэл” сургалтад 200 гаруй албан тушаалтныг хамруулж, амжилттай зохион байгууллаа. 
Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, офицеруудыг хөгжүүлэх, тэдний онолын мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхээр аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Цэргийн штабын дарга, сургалтын офицеруудын “Заах арга зүйн цугларалт”-ыг өнгөрсөн онд анх удаа зохион байгуулсны зэрэгцээ Цэргийн штабын дарга нартай явуулах “Даргын бэлтгэл” сургалтыг зайн (онлайн) хэлбэрээр зохион байгуулсан нь маш үр дүнтэй арга хэмжээ болсон.

          Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилт, бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах нийгмийн баталгааны чиглэлээр хэрэгжүүлж байгаа бодлогын талаар үргэлжлүүлэн ярилцъя?
-Өнгөрсөн оныг Монгол Улсын төр, засгаас “Хариуцлагын жил” болгон зарлаж, олон зорилт дэвшүүлсний нэг нь бүх шатны байгууллагын ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, төсөв, санхүүгийн хариуцлагыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт шалгалтын тогтолцоог сайжруулж шинэ шатанд гаргахад чиглэгдсэн. Мөн батлан хамгаалах бодлого, Засгийн газрын болон яамны стратегийн баримт бичгүүдэд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Батлан хамгаалахын хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэн бүрдүүлж, бэхжүүлэх асуудал чухал байсан юм. Батлан хамгаалах тухай хуульд Батлан хамгаалахын сайд нь “Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч”-ийг томилох, чөлөөлөх харилцаа шинээр тусч, уг албан тушаалтны чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд яамны “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ыг өргөжүүлж, бүтцэд нь “Батлан хамгаалахын хяналт шалгалтын нэгж”-ийг шинээр бий болгох арга хэмжээг Засгийн газраар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн. Тус газар өргөжсөнөөр Батлан хамгаалахын сайдын шууд удирдлага дор Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх чиглэлд тусгагдсан арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт шалгалтын ажиллагааг нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагын хүрээнд явуулан, Зэвсэгт хүчинд тавих иргэний хяналтыг өргөн цар хүрээнд хэрэгжүүлэхээр болж байгаагаараа онцлог юм. 
            Түүнчлэн Монгол Улсын Зэвсэгт хүчинд нэн тулгамдаж буй зарим асуудлуудын талаар Батлан хамгаалахын сайд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөмж гаргуулж, хэрэгжилтийг хангах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллаж байна. Тухайлбал, “Батлан хамгаалах төсвийг нэмэгдүүлэх”, “Агаарын цэргийн бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх”, “Зэвсэгт хүчний галт хэрэглэлийн нөөцийн аюулгүй байдлыг хангаж, оновчтой тараан байршуулах”, “Артиллерын гүйцэтгэн цэнэглэсэн галт хэрэглэлийг аюулгүй болгох тусгай байгууламжийн үйл ажиллагааг эхлүүлэх”, “Энхийг дэмжих ажиллагаан дахь оролцоог нэмэгдүүлэх, чадавхыг дээшлүүлэх”, “Кибер аюулгүй байдлын нэгж, түүний үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, “Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх” зэрэг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж, яаралтай шийдвэрлүүлэх асуудлаар төр, засгийн дээд удирдлагуудыг мэдээллээр хангасан нь тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. 
           Мөн 2018 онд эхлүүлсэн томоохон ажлын нэг нь “Монгол Улсын иргэн, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах асуудал байсан. Энэ ажлын хүрээнд “Монгол Улсын иргэн, хүүхэд, залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжил төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр” болон бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт оруулах цэрэг, эх оронч хүмүүжил, аюулгүй амьдрах арга ухааны мэдлэг олгох хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөө, төрийн өмчийн их, дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн тэнхим” байгуулах эрх зүйн үндсийг боловсруулж, Батлан хамгаалахын сайдын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
         Мөн өнгөрөгч онд Ерөнхийлөгчийн зарлигаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг шинээр батлуулсан бөгөөд энэхүү журмаар цэргийн алба хаагчид улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжийг хангасны зэрэгцээ бүтээн байгуулалтын ажлаас олсон орлогыг зөвхөн Зэвсэгт хүчний хөгжлийг дэмжих, цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангахад зориулахаар шийдвэрлэснээрээ ач холбогдолтой юм. 
Шинэчлэн боловсруулсан “Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүд”-ийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлээд байна. Цэргийн нийтлэг дүрэм маань ойрын хугацаанд батлагдан, цэргийн алба хаагчдын гар дээр очих болно.

              Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг албандаа тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангах талаар ...?
              -2018 онд Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, тэдний гэр бүлд хандсан эрх зүйн хэд хэдэн баримт бичгийг боловсруулж, Засгийн газрын тогтоолоор болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар баталгаажууллаа. Үүний нэг нь Засгийн газрын тогтоолоор Зэвсэгт хүчний 331, 336 дугаар анги, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн 332 дугаар салбарыг алслагдсан анги, салбарын жагсаалтад нэмж оруулан батлуулсан явдал юм. Үүний үр дүнд алслагдсан анги, салбарт ажиллаж буй офицер, ахлагчид зохих нэмэгдэл олгох, сургуулийн насны хүүхдийн боловсролыг дэмжих зорилгоор түүний гэр бүлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц мөнгөн тусламжийг холбогдох хуулийн дагуу улиралд нэг удаа олгох эрх зүйн үндэс шинээр бүрдэж байгаа юм.
        Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”-ыг батлуулсан. Тус журмаар Цэргийн төв эмнэлэг болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмнэлгээр цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүд үйлчлүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрдсэн.
         Мөн саяхан сайдын тушаалаар “Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цол, цалингийн зэрэглэл”-ийг шинээр тогтоогоод байна. Ингэснээр Зэвсэгт хүчний ахлах болон дунд офицерын цолны харьцааг зохистой хэмжээнд байлгах, цэргийн цолны нэр хүнд, үнэлэмжийг нэмэгдүүлэх, нарийн мэргэжлийн ахлагчийг эзэмшсэн мэргэжлээрээ тогтвор суурьшилтай ажиллах боломжтой болгоход чиглэгдэж, Зэвсэгт хүчний мэргэжлийн бие бүрэлдэхүүний үндсэн суурь болсон гүйцэтгэх албан тушаалын ахлагч нар, цэргийн гэрээт алба хаагчдын цэргийн цол, цалингийн зэрэглэлийг тодорхой шатлалаар нэмэгдүүллээ. Өөрөөр хэлбэл “жолооч”, “засварчин” гэх мэт гүйцэтгэх албан тушаалын ахлагч нар маань 25 жил ахлагч цолтойгоо, ТТ-4-5 дугаар зэрэглэлтэйгээр ажиллан тэтгэвэр, чөлөөндөө гардаг байсан бол одоо ур чадвар, ажилласан жил, цэргийн мэргэжлийн зэрэг эзэмшсэн байдал зэргээсээ хамаарч цалингаа ТТ-11 хүртэл, цолоо мөн нэмүүлэх боломжтой болж байгаа гэсэн үг.

         Монгол Улс, Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхий дахинд өндөрт өргөж байгаа энхийг дэмжих ажиллагаанд оролцогчдын тоо, чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийгдэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-“Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх талаар тавьсан зорилтын хүрээнд “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Мотобуудлагын батальон шинээр оролцуулах бэлтгэлийг хангах тухай” асуудлыг боловсруулж, оны төгсгөлд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн ҮАБЗ-д өргөн мэдүүлээд байна. Цаашид тус батальоныг энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах тухай асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллах болно.

           Сүүлчийн асуултыг Танд үлдээе?
           -Баярлалаа. 2019 онд БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар “Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн орчин, Зэвсэгт хүчний стратегийн төлөвлөлтийг боловсронгуй болгож, Засгийн газрын үйл ажиллагааны болон Зэвсэгт хүчний байгуулалтыг хөгжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, орон нутгийн хамгаалалтын тогтолцооны үндсийг бүрдүүлж, дайчилгааны тогтолцоог төгөлдөржүүлнэ” гэсэн үндсэн зорилт дэвшүүлэн ажлаа эхлүүлээд байна. Эцэст нь Танай сониноор дамжуулан салбарынхаа нийт бие бүрэлдэхүүндээ 2019 онд ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, амьдрал нь аз жаргалаар дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье! 
Танд баярлалаа.

 

Эх сурвалж: "Соёмбо" сонин, хурандаа Б.ОТГОНБАЯР


Сүүлд нэмэгдсэн
ДАЙЧДЫН ХӨШӨӨНД МӨНХИЙН ГАЛЫГ АСААЛАА

2019 оны 08 сарын 23

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙН-80

2019 оны 08 сарын 23

АРМИЙН ГЕНЕРАЛ О.Л.САЛЮКОВ МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2019 оны 08 сарын 21

Х.САНЧИРДОРЖ: ХАМГИЙН ХҮЧТЭЙ БАГУУДТАЙ УРАЛДСАН Ч БИД ЧАНСААГАА АХИУЛЖ ЧАДСАН

2019 оны 08 сарын 21

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ДҮРВЭГСДИЙН ХУАРАНД ХАМГААЛАЛТЫН 3 ЦЭГ БАРЬЖ ШИНЭЧЛЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2019 оны 08 сарын 20

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД “ДЭЛХИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН ӨДӨР”-ИЙГ НУТГИЙН ИРГЭДТЭЙ ТЭМДЭГЛЭЛЭЭ

2019 оны 08 сарын 20

П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

ЗЭВСЭГТ ХҮЧНЭЭ СУРТАЛЧЛАХ, ЭНХ ТАЙВАН ЦАГ ИРСНИЙГ ИЛТГЭХ ДУГУЙТАЙ ЭРГҮҮЛИЙГ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

2019 оны 08 сарын 19

ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖЭЭ

2019 оны 08 сарын 19

МОНГОЛ УЛСЫН ЗХЖШ-ЫН ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ А.ГАНБАТ ОХУ-Д АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙЖ БАЙНА

2019 оны 08 сарын 18

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1277

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019