ОНЖАВУУДЫН НӨХӨРЛӨЛ

2019 оны 02 сарын 03

            "Найз”-ын энэ удаагийн зочноор Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Ч.Цогтжаргал нарыг онцоллоо. Зэвсэгт хүчиндээ ажил үйлсээрээ үлгэрлэж яваа хоёр хурандаагийн 33 жилийн нөхөрлөлийн дурсамжийг товчхон дурдахад ийм буюу.

1. Танилцсан түүх?
2. Найздаа хамгийн их баярлаж байсан үеэ дурсвал?
3.Таны найз уурладаг уу? Уурлахаараа ямар араншин гаргадаг вэ?
4.Түүний төрсөн өдөр?
5.Найзынхаа ямар зан чанарыг хүндэлдэг вэ?
6.Түүний сул тал?
7.Санаанаас гардаггүй дурсамж?
8.Хобби нь?
9.Найзынхаа аав, ээж, гэр бүлтэй ойр дотно байдаг уу?
10.Найзаараа хамгийн сүүлд хэзээ бахархсан бэ?
11.Хамгийн сүүлд хэзээ уулзав?
12.Найздаа хандаж юу хэлэх вэ?

            Хурандаа Ж.Болдбаатар: ЧИ БОЛ НАЙЗУУДЫНХАА БАХАРХАЛ ШҮҮ

         1.Бид хоёр 1986 онд Цэргийн нэгдcэн дээд сургуулийн Ерөнхий цэргийн ангид элссэнээс хойш тасралтгүй 33 жил нөхөрлөж явна даа. Анх аавын гэрээс өрх тусгаарлаагүй туранхай хоёр залуу байсан бол өнөөдөр ач, зээгээ тойруулсан өвөө болсон байна. Цогоо бид хоёр 1986-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж төгсөөд, 1990 оны 7 дугаар сард Ардын Армийн 016 дугаар дивизийн 196 дугаар ангид цуг томилогдож байлаа. Би нэгдүгээр ротын хоёрдугаар салааны захирагч, манай хүн хоёрдугаар ротын хоёрдугаар салааны захирагчаар томилогдож, ажлын гараагаа хамтдаа эхлүүлсэн. Бидний нөхөрлөлийг салшгүй бат, үнэ цэнэтэй болгоход энэ үе их нөлөөлсөн гэж боддог юм.

         2.Таван сайхан дэслэгч залуу томилолтоо өвөртлөөд Төв аймгийн Сэргэлэнгийн дивизэд такси бариад очиж байснаа ерөөсөө мартдаггүй юм. Тэгээд бүгд өөр өөр аймгийнх шүү. Би Булган, Цогоо Завхан, Дэмбэрэлийн Зоригоо Увс, Чүлтэмдаржаагийн Гансүх Төв, Ганбаатарын Батбаяр Говь-Алтай аймгийнх. Дурсамж гэвэл их олон байна. Арга ч үгүй байх. Бид амьдралын жаргал, зовлонгийн аль ч үед хамт явж. 1990 оны 8 дугаар сарын 19-ний өдөр би хүүтэй болж, манайхан ч надаас илүү их баярлаж байсан юм даг. Аав болсны баяраа Цогоо, ахмад Баттүшиг хоёртой хөдөө гарч тэмдэглэж билээ. Инээдтэй хөгжилтэй зүйл их болно оо. Кино л гэсэн үг.

       3.Уурлаж бухимдаж байхыг нь хараагүй. Бусадтэй эв эетэй, асуудал гарвал уур уцааргүйгээр шийдвэрлэж чаддаг нөхөр. Залуу байхын л тийм байсан. Магадгүй эрдмийн хүн болохоор тэр биз. Хувь хүнийхээ хувьд төлөв даруу, маш зөөлхөн хүн шүү дээ.

       4.1968 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн үүр шөнийн заагаар адуу үүрсэх цагаар төрж байсан байлгүй дээ.

      5.Ухаалаг, бүтээлч, тусархуу, хэлж ярьсандаа байж чаддаг гээд сайн чанар дэндүү олон. Ялангуяа бусдад туслахын төлөө төрсөн юм шиг л хүн. Бусдын зовлонг зүрхээрээ мэдэрч, хуваалцаж, өрөөлийн жаргалыг өөрийнх мэтээр баясан хүлээж авна. Жаргал, зовлон ээлжлэн байдаг нь хорвоогийн жам, зовох цагт илэрсэн хүн чанарын хэмжээсээр нөхрөө таньдаг нь монголчуудын зан юм даа.

         6.Хүнд дэндүү итгэмтгий. Бас хүнд үгүй гэж хэлдэггүй. Энэ үгийг цаг үетэйгээ тохируулж сурах хэрэгтэй дээ, миний найз.

        7.Цэргийн сургуулийн байранд хамт байсан хүмүүст олон дурсамж байлгүй яах вэ. Хэдэн жилийн өмнө гэхэд манайд орой бүр шахуу ирж буу халдаг байв. Өглөө нь дахиад л хүрээд ирдэг нөхөр байлаа. Ойрын жилүүдэд гэр холдоод бид хоёр нэгнийдээ ирж очих нь багасаад байна. Худлаа ярих гэж байгаад хулгайгаа ярилаа гэдэг шиг олон юм ярьж мэдэхээр юм байна.

       8.Ном. Хаана номын худалдаа байна, тэнд л явж байна шүү дээ. Цалин буулаа, Цогоо номын дэлгүүр явлаа гэж хэлц үг хүртэл бидний хэдэн найзын дунд бий. Нээрээ л сонинд өгсөн ярилцлагадаа “Чихэр идээд дуусна, хувцас элэгдээд хуучирна, ном л үлдэнэ” гэснийг нь мартдаггүй юм. Өө тийм, “Ном бол ертөнцийг харах цонх мөн. Максим Горький”, энэ үгийг Цогоод л зориулсан юм шиг.

    9.Цогоогийн аав насаараа боловсролын салбарт ажилласан сайхан буурал байсан. Сургуулийн захирлаар олон жил ажилласан, гэр нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд байх үед их очдог байж дээ. Харин гэр бүлийн хүнийг нь Цэндийн Амаржаргал гэдэг эмч бүсгүй бий. Одоо манай хоёр чинь хүү, охин, хүргэн, зээтэй. Удахгүй улам өнөр олуулаа болох байх. Төв аймагт байхад нь Амараагийн хийсэн хоолыг бууддаг л байлаа.

        10.ҮБХИС-д ажиллаж байхдаа цэргийн шинжлэх ухааны доктор болоход нь их баярласан. Манай найзууд, онжавууд дотроос төрсөн эрдэмтэн шүү дээ.

     11.Батлан хамгаалах салбарт цуг ажилладаг учраас таарах нь элбэг. Манай курсийнхэн жил бүрийн нэгдүгээр сарын нэгэнд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ хамт Налайх дүүргийн урдхан талд очиж шинэ оны нар мандахыг хамтдаа хардаг уламжлалтай. Энэ жил 60 гаруй хүн ирсэн. Мөн бид найз нөхдөөрөө нийлж нөхөрлөлийн овоо босгосон л доо. Цаг завтай, тэмдэглэлт баярын үеэр тэндээ очиж идээ, будаагаа өргөж, ажил амьдрал, үр хүүхдүүдээ даатган залбирдаг юм. Энэ завшааныг ашиглан курсийнхэндээ удахгүй болох сар шинийн мэнд хүргэе.

      12.Цогоо чи бол бидний хэдэн найзын бахархал шүү. Найзыгаа нөхөрсгөөр шоглоод хэдэн үг дамжуулчихъя. “Одоо өөрчлөгдөх хэрэггүй, байгаа чинь яг болно. Нээрээ хөгшөөн үс нь халзрах гээд байна уу даа хө”.

Хурандаа Ч.Цогтжаргал: МИНИЙ НАЙЗ ЯМАР Ч ҮЕД НЭГ Л ЗАНГААРАА ХҮН ДЭЭ

       1. Одоогоос 33 жилийн өмнө цагаан цаас шиг хүүхэд байхаасаа нөхөрлөжээ. Би гэдэг нөхөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотод сонсогч болж ирээд, хаана, юу байдгийг мэдэхгүй, ёстой нэг толгойны эргүү гараагүй байхдаа курсийнхнээсээ л тусламж авдаг байлаа.

     2. Болдоотой асуудал ярихад их амар байдаг юм. Нэг яриад л ойлголцоно. Ямар ч цаг үед миний талд байж, зарим асуудлыг шийдэхэд тусалдаг найздаа их баярлаж явдаг. Залуу явахад ч, одоо ч миний талд бат зогссон хэвээрээ. Муу найздаа баярлалаа гэж хэлж байгаагүй юм билээ. Баярлалаа, хөгшөөн.

      3. Нэг их уурлаад байдаггүй. Гэхдээ нийслэл гэх их айлын тогоонд том ажил удирдаж байгаа хүнд ажлаас болж уурлах, бухимдах юм мэдээж гарч л байгаа. Тэр болгонд уурлаад байлгүй, эв дүй, ухаанаар зохицуулах талдаа.

     4. Манай курсийнхэн найз нөхдийн бат холбоотой хүмүүс. Жил бүр курсийнхнийг хамарсан баяр ёслол болон шинэ жилийн эхний өдрийн нар харах арга хэмжээг зохион байгуулдаг юм. Энэ жилийн зохион байгуулагчаар хурандаа Д.Байгаль, дэд хурандаа Ч.Гансүх нар ажиллаж, өөрсдийн найз нөхөрлөлийн зургууд, төрсөн өдрийг оруулсан календарь хийсэн байсан. Тэгэхээр бид найзуудынхаа төрсөн өдрийг бүгд мэднэ гэсэн үг. Ялангуяа Болдоогийн төрсөн өдрийг мэдэлгүй яах вэ. Цаадах чинь 10 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, надаас нэг сараар дүү л дээ. Жаахан юм аа, хөөрхий.

     5. Сонсогч байх үеийн зан нь хурандаа болсон ч яг хэвээрээ. Тэр бүр олон хүнд байдаггүй нэг л зангаараа. Тэр занг нь хүндэлдэг, бас ашигладаг юм.

     6. Өө, сул тал ихтэй нөхөр дөө. Сүүлийн үед их зан гаргаад байгаа. Яагаад гэхээр ЗХЖШ-т ажлаар ирэхдээ заримдаа манай өрөөнд орж ирэлгүй тойроод явчихаад байгаа. Бас залгахаар утсаа авахгүй удна. Яах вэ, эргүүлээд бас залгана аа. Ер нь нэг сайн тулж ажиллахгүй бол болохгүй болоод байх шиг байгаа юм.

       7.Дэггүй нэг дурсамж бий. Уг нь дэлгэж болохгүй нууц. Одоо олон жил өнгөрсөн байна, гайгүй байлгүй дээ. Болдоогийн хүү, манай охин хоёр их ойрхон төрж, хоёулаа зэрэг шахуу аав болдог юм байна. Бид аав болсноо тэмдэглэлээ. Давраад хадгалалтаас байлдааны дугаартай “Газ-66” автомашиныг дур мэдэн гаргаж унаад, ангийн ойрхон намаржиж байсан айлуудаас айраг, нэрмэл авч байснаа мартдаггүй юм. Залуу ч байж, омголон ч байж, юмны цаадах эрсдэлийг тооцохгүй л явж. Ангийн удирдлагууд мэдсэн бол балрахгүй юу.

      8.Морины хорхойтой. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг зохион байгуулах комиссын орлогч даргаар олон жил ажиллаж байна. Өөрөө ч багадаа хурдан морь унаж өссөн хүүхэд учраас морь их сонирхоно. Гэхдээ өөрөө морины комисст ажилладаг болохоор сонирхлоо хөгжүүлээд явах боломжгүй байдаг юм шиг байна лээ.

     9.Манай Болдоогийн аавыг Зэвсэгт хүчин төдийгүй Монголын ард түмэн их сайн мэдэх байх. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын анхны Ерөнхий аудитор Лхамсүрэнгийн Жавзмаа гуай. Биднийг цэргийн сургуулиа дөнгөж төгсөөд анхны ангидаа томилогдож байхад Улаанбаатар хотын орлогч дарга байсан. Болдоог дагаад хааяа очно. “Дэслэгч нарын алба өндөр үү? Хүний арга эвийг олж, сайн ажиллаарай” л гэдэг байсан даа. Их сайхан буурал байсан сан. Манай хүний том биетэй нь аавыгаа дуурайсных шүү дээ. Дүү нар нь ч гэсэн өндөр сайхан залуучууд байдаг, ээж нь их сайхан буурал бий. Манай хүний эхнэрийг Ганчимэг гэдэг, хоёулаа Булган аймгийн Дашинчилэнгийх. Том хүү нь МУИС-ийг төгсөж, Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасныхаа дараа Австрали улсад суралцсан. Нэг ачтай. Хоёр дахь ачийнхаа зулайг үнэрлэвэл цаадах чинь хамгийн түрүүнд л надад хэлнэ.

      10.Жил бүрийн Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэхийн индэр дээрээс хараад бахархана. Саяхан шинэ жилээр бас Д.Сүхбаатарын талбайд гарчихсан гараа даллаад зогсож байхыг нь зурагтаар харсан. Бодвол найзууддаа мэнд хүргэсэн юм байх даа.(инээв)

        11.Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтын үеэр уулзсан. Ажил, гэр зайтай болохоор ихэвчлэн утсаар ярина.

         12.Монгол түмний үндэсний уламжлалт их баяр сар шинэдээ сайхан шинэлээрэй. Ах дээрээ эртхэн ирж золгоорой. Хүлээж байя.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

КАТАР УЛСАД ЯВАГДСАН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД МАНАЙ АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

БИДНИЙ НЭГ

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1204

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019