ААВ, ХҮҮ ОФИЦЕРУУД

2019 оны 02 сарын 03

         Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, хошууч генерал Чойжамцын Улаанхүү, дэд хурандаа Улаанхүүгийн Ундрах нарыг “Аав хүү хоёр”-ын анхны зочноор урилаа. Аав нь чөлөөнд суугаа бол хүү нь ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын тасгийн даргаар ажиллаж байна. 

      Ч.Улаанхүү генерал шиг хүмүүстэй эвлэг, нэг зангаараа л хорвоог туулж яваа хүн ховор. Хүмүүсээр хүрээлүүлж, хүндлэгдэж, олонтой явах атлаа найр хайран дунд зарчмаа гээгээгүй. Түүнийг илтгэх онцгой чанар юу гээч. Тэр маш их хөдөлмөрч. Та бод л доо, 54 насандаа англи хэл сурч, 66 насандаа цэргийн ухааны докторын зэрэг хамгаалж, 68 насандаа профессор цол хүртсэн гэхээр ямархан агуу хөдөлмөрч хүн болох нь тодорхой байгаа биз. Буурал генерал маань ханиа дурсахдаа мэлмэрүүлж, хүүхдүүдээ ярихдаа бахархал дүүрэн инээсээр чин сэтгэлээсээ хөөрөлдсөн бидний яриа нэг мэдэхэд нэлээд хэдэн цаг өрнөсөн байв.

      -Манай цэргийнхэнд үр хүүхдүүд эсвэл ач, зээ нарынхаа хэн нэгнийг цэргийн хүн болгодог бичигдээгүй хууль байдаг. Та санаа нийлэх үү?

Ч.УЛААНХҮҮ:
          -Миний таньдаг хүмүүсийн дунд үр хүүхэд, ах дүүс, ач зээ нь цэргийн мэргэжил эзэмшиж, уламжлалыг нь үргэлжлүүлж яваа хүмүүс олон бий. Энэ нь зам мөрөө гаргасан гэр бүлийнхээ хэн нэгний нөлөөллөөр энэ салбарт шулуун дардан давхина гэсэн ойлголт биш л дээ. Цэргийн алба хүмүүжлийн том сургууль. Цэргийн алба нь ажил, амьдралаа аваад явах тэсвэр хатуужил, эх орон, ард түмнээ хайрлаж дээдлэх итгэл үнэмшил, хүнд хэрэгтэй сайн чанар бүхнийг төлөвшүүлэх шалгарсан арга, хосгүй сургалт. Хүүгээ сайн хүн болгохын тулд үеийн үед уламжлан хэрэгжүүлж ирсэн манай өвөг дээдсийн нандин өв. Энэ албанд орсон хүн төдийлөн хазгай гишгэж, халтирч ойчих нь бага гэж ойлгодог. Алба нь өөрөө тэгж хүмүүжүүлдэг учраас үр хүүхдээ цэргийн болгож, мэргэжлээ өвлүүлэх сонирхолтой байдаг байх. Гэхдээ үүнийг хувилж үзвэл маш бага. Ундрахын хувьд багаасаа л цэрэгт сонирхолтой, бүр аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж ярьдаг байсан. Тэгсэн дунд сургууль төгсдөг тэр жил нь БХИС элсэлт аваагүй. Арга буюу хувийн сургуульд суралцаж байгаад дараа жил нь элсэж, цэргийн хүн болох эхлэл нь тавигдсан даа.
БХИС-д суралцаж байгаад Японы Үндэсний батлан хамгаалахын академид шалгалт өгч тэнцээд Ерөнхий цэргийн командын мэргэжлээр таван жил суралцсан даа, миний хүү.

-Хүүтэй болж байсан үеэ дурсахгүй юу?
        -Юуны өмнө сайхан ханиа дурсахгүй байхын аргагүй. Миний ханийг Б.Цэгмэд гэдэг, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумынх. Миний ажил, албыг залгуулахын төлөө өөрийгөө зориулсан хүн байсан даа. Ёстой хүний дээд хайлан. Хүний сайн хань, сайн ээж, сайн эмээ. Дэслэгчээс хошууч генерал хүртэлх бүх цаг хугацаа, жаргал зовлон, ололт амжилтын ард тэр минь л байсан. Намайг генерал болгосон хань минь дөрвөн жилийн өмнө тэнгэрт хальсан. Манайх охин, хүү хоёртой. Том охин Уранчимэгээс хойш хэд хэдэн хүүхдээ алдаад, тогтоож чадаагүй. Харин 1981 онд их хувь тохиолоор хүүтэй болсон нь Ундрах. Аав, ээжийн минь ерөөл буянаар хүү маань тогтож үлдсэн гэж бэлгэшээдэг юм. Ундрахыг төрөхөд би Зэвсэгт хүчний 028 дугаар ангийн захирагч байлаа.

-Хүүгийнхээ зан байдлыг тодорхойлбол?
      -Бага байхын л дуулгавартай, төлөв даруухан, зөөлөн. Тэгж их дэггүйтэж байсныг нь санахгүй юм. Их ичимхий, энд тэнд орж нуугддаг л хүүхэд байсан.

У.УНДРАХ:

-Аав аа! Ээж та хоёр намайг Оросод алдсан гээд нэг яриад байдаг шүү дээ.

Ч.УЛААНХҮҮ:
        -Өө, мартах шахаж. Хуучин ЗХУ-д Зэвсэгт хүчний Жанжин штабын академид суралцаж байх үед амралтынхаа өдрөөр эхнэр бид хоёр хүүгээ парк дээр тоглуулангаа нохойны шоу үзэхээр очлоо. Тэр үед Ундрах 4-5 настай байсан болов уу. Тэгсэн манай хүн хүүдээ зайрмаг аваад ирье гээд явчихлаа. Би ч нохойны шоу үзээд таг. Нэг мэдсэн чинь хажууд сууж байсан Ундрах алга. Ээжийнхээ араас явсан юм байлгүй гээд тоохгүй сууж байтал манай хөгшин зайрмагаа бариад ирлээ. Хүү байдаггүй. Зүрх нь амаараа гарах шахам сандарсан хоёр хүн хүүгээ дуудаад, ийш тийшээ гүйж гарсан даа. Ядаж байхад тэр өдөр паркад олон хүн ирсэн байж таарсан. Хоёр, гурван цаг хайсны эцэст ойролцоох голын эрэг дээр тоглож байхад нь олсон. Тэгж нэг их айлгасан золиг байгаа юм. Миний хүү чинь бага байхдаа тоондоо сүрхий сайн байсан. Орос 3 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн л дөө. Аравдугаар ангидаа математикийн улсын шалгалтаар хоёр цаг бодох бодлогыг 20 минут л бодоод гараад ирж. Багш нь гадаа таарчихаад “Хүүе хөөгдчихсөн үү, эргээд ор” гээд загнаж байсан гэсэн. Дараа нь багш нь “Зарим хүүхэд шалгалтын тоогоо бодож чадахгүй байна. Чи ангийнхандаа туслах ёстой. Очоод бодоод өг” гээд багш нарын өрөөнд дагуулж ороод өөр вариантуудын бодлогыг бодуулсан тухай ээж нь мөн ч их бахархан ярьдаг байж билээ.

У.УНДРАХ:
       -Аав, ээж маань эгч бид хоёрыг их хайран дунд өсгөсөн. Хаа нэг зүггүйтэх гээд байвал тархи руу орсон жинтэй хэдэн үг хэлнэ. Тэгээд л нам шүү дээ. Эгч ээжийн мэргэжлийг өвлөж холбоочин болж, би аавын мэргэжлийг өвлөсөн. Одоо аавынхаа нэр хүндийг унагаахгүй, хүний дайтай явах юм сан гэж аминчлан хичээдэг. БХИС-д элссэн үеэсээ л үүний төлөө хичээсэн. Одоо ч хичээж байгаа. Аавын маань хичээнгүй, хөдөлмөрч зан надад байнга урам зориг хайрладаг юм. Аав үнэхээрийн хөдөлмөрч. Ардын Армийн 028 дугаар ангид тагнуулын даргаас тус ангийн захирагч, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, ҮБХИС-ийн Удирдлагын академийн захирал, БХЯ-ны Стратегийн судалгааны хүрээлэнгийн захирал, АНУ-ын Төвийн командлалд Монгол улсын Зэвсэгт хүчний үндэсний ахлах төлөөлөгчөөр ажиллахдаа өөрийн хүч хөдөлмөрөө Зэвсэгт хүчиндээ бүрэн зориулсан. 1981-1985 онд БНМАУ-ын Ардын их хурлын депутатаар сонгогдож, төр түшилцэж явлаа. Тэтгэвэрт гарснаасаа хойш бас зүгээр суугаагүй. Цэргийн ухааны докторын зэрэг хамгаалж, ҮБХИС-ийн профессор цол хүртэж, англи хэлнээс хэд хэдэн ном орчуулж, цэргийн сургалт бэлтгэл, судалгаанд зориулсан 6 ном хэвлүүлсэн гэхээр ямар их уйгагүй хөдөлмөрч гэдгийг харуулах байх. Аавынхаа хэмжээнд хүрч чадаагүй байгаа ч нэрийг нь бүтэн авч явахыг хичээдэг дээ.

-Та хүүдээ юу аминчлан захидаг вэ?
        -Цэргийн хүний гол онцлог захирах, захирагдах ёс. Удирдлагадаа хүндэтгэлтэй, цэргүүддээ ээлтэй байх ёстой. Би Ундрахад ажил албандаа санаачилгатай, зүтгэлтэй, сэтгэлтэй байж, дарга нарынхаа үгэнд сайн орж, бусадтай эв эетэй, ямар ч тохиолдолд хүнд хүн ёсоор, хүнлэг зарчмаар, ёс зүйтэй, асуудалд ул суурьтай ханддаг байгаарай. Сулхан хүн бусдыг өршөөх чадваргүй байдаг. Хүнд байх ёстой хамгийн агуу, зүйл бол өрөвдөх, өршөөх юм шүү. Эгчдээ түшигтэй, гэр бүлээ хайр халамжаар дүүрэн авч яваарай гэж захидаг даа.

У.УНДРАХ:
-Аав үргэлж л энийгээ захина шүү, нээрээ (инээв).

Ч.УЛААНХҮҮ:
-Сурвалжлагч асуухаар нь л хэллээ шүү дээ.

-Хүүдээ хэзээ их баярласан бэ?
        -Японы Үндэсний батлан хамгаалахын академийг төгсөөд ирэхэд нь ээж нь учиргүй их баярласан сан. Өврөөс гараагүй шахам жаахан байхдаа Япон явсан болохоор их санадаг байсан биз. Харин 2017 онд Австрали улсад Команд штабын коллежид суралцаж Австралийн Үндэсний их сургуулийн цэргийн шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалахад нь “Овоо доо, миний хүү” гэж бодож суулаа. Би хошуу дэвсээд эрхлүүлээд байдаггүй. Манай хүргэн Д.Авъяастынх хоёр хүүхэдтэй. Хүүхдүүд нь ч том болж, зээнцэрийг минь үзүүллээ. Хөгшин маань байсан бол хичнээн баярлах бол гэж хааяа бодогддог юм. Манай хөгшин У.Ундрахын том охин, Д.Авъяастын хоёр хүүхдийг өсгөж өгсөн гавьяатай хүн.

У.УНДРАХ:
      -Эгч бид хоёрын хийж өгсөн өчүүхэн зүйлд ч баярладаг. Алгын чинээ ажил аавд маань уулын чинээ болж харагддаг юм шиг ээ.

-Мэдээж та хүүхэд байхдаа ааваараа бахархаж бусад найздаа онгирдог байсан байх даа?
     -Өө тэгэлгүй яах вэ. Учиргүй их онгироод байхгүй ч “Манай аав цэргийн хүн. Та нар эцэг эхийн хурал дээр ирэхэд нь хараарай” гэж хэлж байснаа мартдаггүй юм. Аав маань Агаарын цэргийн командлалд олон жил ажилласан болохоор тухайн хамт олон надад дотно санагддаг. Цаанаа л дулаахан. Аавын минь дарга, цэрэг, хамт олон, ажиллаж байсан анги байгууллага бүр надад дотно мэдрэмж төрүүлдэг л дээ. Аав минь АДХЦ-ийн хүн гэдгээр би их бахархдаг юм.

-Та чөлөөт цагаа яаж өнгөрүүлдэг вэ?
       Ажлынхаа чөлөөт цагаар гэр бүлээрээ хамт байхыг их боддог. Аавындаа ирж аавын гарын хоолыг идэх ч бас сайхан шүү. Манай хүүхдүүд өвөөгийндөө байх их дуртай. Мөн аавыгаа аль болох найз нөхөдтэй нь уулзуулж байхыг хичээдэг. Д.Бадам, Ч.Цэрэндагва генерал хоёртой их найз.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
       -Ар талыг маань батлан дааж, хатан ухаанаараа залж байгаа эхнэрийг маань Б.Энхтуяа гэдэг “Airlink” билет борлуулах компанид менежер, бид гурван хүүхэдтэй. Том охин Анужин ШУТИС-ийн харьяа лицей сургуулийн 12 дугаар ангид суралцдаг, дунд хүү Эрхэс дунд сургуулийн сурагч, бага хүү Эрхэм БХЯ-ны харьяа “Цоглог” цэцэрлэгт хүмүүждэг. Хоёр хүү маань том болоод өвөө шигээ цэргийн хүн болно гэж ярьдаг. Ааваасаа илүү өвөөгөөсөө үлгэр авдаг шиг байна лээ. Цэргийнхэн ч гэсэн надаас аавыг минь сайн байгаа эсэхийг асуухад нь бас их баярладаг.

-“Улаанхүү” гэж нэр ховор байх...
       -Баруун аймгийнхан хүүхдүүддээ хүү дагавар залгасан нэр өгөх нь түгээмэл. Аавын минь ярьж байснаар би улаан нялзрай юм төрж, Улаанхүү гэж нэрлэсэн гэсэн. Миний дараагийн дүүд ч Ягаанхүү гэж нэр хайрласан. Харамсалтай нь тогтоогүй.

-Ингэхэд та нутаг ус, аав ээж, ах дүүсийнхээ талаар хуучлахгүй юу?
      -Манайх Говь-Алтай аймгийн Шарга сумынх. Хэдэн үеэрээ ажиллаж амьдарсан сайхан нутаг. Зарим дүү маань ч нутагтаа амьдарч, хүүхдүүд нь оюутан болж ирээд надтай хамт байгаа. Эцэг эхээсээ 14-үүлээ. Одоо 10 нь байна. Миний аав Т.Чойжамц 1936 онд анх цэргийн албанд татагдаад Улаанхуаранд Бага даргын сургуульд суралцаж байсан. Аавынхаа зам мөрөөр цэргийн албанд орсон маань энэ юм.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

КАТАР УЛСАД ЯВАГДСАН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД МАНАЙ АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

БИДНИЙ НЭГ

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1204

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019