“ХУРДАЧ РАДИСТ”-ЫН ТЭМЦЭЭНД ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙН ТАМИРЧИД ТЭРГҮҮЛЛЭЭ

2019 оны 03 сарын 21

        Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит “Хурдач радист” аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Зэвсэгт хүчний 065 дугаар ангид амжилттай болж өндөрлөв. Энэхүү тэмцээн нь Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн түүхт 55 жил, Монгол хүн сансарт ниссэний 38 жилийг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог бөгөөд Зэвсэгт хүчин болон Хилийн цэрэг, радио спорт сонирхогчдын клуб зэрэг 10 гаруй багийн 40 гаруй тамирчин мэргэжлийн ур чадвараа сорин өрсөлдсөн юм. Тэмцээний хаалтын ёслолд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр, Монгол улсын баатар, ЗХУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа, ЗХЖШ-ын орлогч дарга асан, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн анхны цэрэг, бэлтгэл хурандаа Ш.Ядамсүрэн нарын зочид уригдан оролцож, аваргуудад шагналыг нь гардуулан өгсөн юм. Тэмцээний дүнгээр радистын эрэгтэйчүүдийн төрөлд “Өндөр хурдны радио” спорт клубын тамирчин Э.Чинзориг тэргүүлж, Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тамирчин, хошууч Б.Мөнгөнзул хоёрдугаар байрт, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн тамирчин ахлагч Х.Батчулуун гуравдугаар байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийн төрөлд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн тамирчин, ахлагч Н.Орлого нэгдүгээр байрт, Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн тамирчин, ахлах дэслэгч С.Буянтогтох хоёрдугаар байрт, Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн тамирчин, дэд ахлагч Г.Төгсжаргал гуравдугаарт байрт шалгарсан юм. Харин багийн дүнгээр буюу нийт цуглуулсан оноогоор Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийнхан тэргүүлэн, шилжин явах цомын эзэд болж, Зэвсэгт хүчний 065, Хилийн цэргийн 0151 дүгээр ангиуд удаах байруудад шалгарсан амжилт үзүүлэв. Мөн энэ үеэр улсын болон бусад уралдаан тэмцээнд амжилттай оролцож, радио телеграфчийн хоёр, гуравдугаар зэргийн болзол хангасан тамирчдад Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Одсүрэн үнэмлэхийг нь гардуулан өгч, баяр хүргэв. “Хурдач радист”-ын аваргуудад мөн бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа хамтарсан сансрын нислэгийн тухай өгүүлэх шилдэг уран бүтээлийн түүвэр “Сансрын цэнхэр зам” номоо дурсгал болон бэлэглэж байсан юм.

       Бэлтгэл хурандаа Ш.Ядамсүрэн тэмцээнд оролцсон алба хаагчдад хандаж “Радистуудын мэргэжил, ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлах, мэргэжлийн нөхдийнхөө хаана явааг олж мэдэх чухал ач холбогдолтой энэ тэмцээнийг цаашид уламжлал болгон зохион байгуулах шаардлагатай. Энэ тэмцээнийг хошууч генерал Ж.Гүррагчаа баатрын нэрэмжит болгосонд хувьдаа туйлын их баяртай байна. Яагаад гэвэл та бүхэнд сонирхолтой болов уу гээд нэгэн дурсамж ярьж өгье. 1964 онд миний бие Говь-Алтай аймгаас тухайн үеийн Ардын армийн 065 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагддаг юм байна. Анхны цэрэг нь гэсэн үг. Тэр үед энэ ангид зөвхөн дээд сургууль төгссөн хүнийг хугацаат цэргээр татдаг байсан үе. Тэгсэн та бүхний оролцсон шиг хурдач радистын тэмцээн боллоо. Яваад орлоо. Цом авлаа. Дарга нар ч магтаж байна. Энэ хүүхдийг цааш сургах ёстой, армидаа авч үлдэх хэрэгтэй гээд л. Тэр тэмцээн надад их урам өгсөн. Удалгүй цэргийн сургуульд суралцаж, офицер болчихоод энэ ангидаа салааны захирагчаар дахиж томилогдлоо доо. Тэгэхэд миний удирдаж байсан салаанд Булганаас туранхай бор хүү ирсэн нь хожмоо Монгол улсын анхны сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа байсан юм. Миний салаанаас олон мундаг хүн төрсөн сөн” хэмээн хуучилж байлаа.
Тэмцээний дараа бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Одсүрэн нарын сэтгэгдлийг хуваалцав.


           Бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа “Сүүлийн жилүүдэд зохион байгуулагдаагүй, завсардаад байсан энэхүү тэмцээнийг сэргээн явуулсанд баяртай байна. Тэмцээний ач холбогдол гэвэл дэндүү их. Энэ жил оролцогчдын тоо өсөж, цар хүрээ нь нэмэгдсэнд олзуурхаж байна. 2021 онд хамтарсан сансрын нислэгийн 40 жилийн ой болно. Ирэх жил ойн бэлтгэл хангах их ажил бий. Хурдач радистын тэмцээн ч гэсэн ирэх жил улам өргөн хүрээнд зохиогдох болов уу гэж харж байна” гэсэн бол хурандаа Ж.Одсүрэн “Ангийн түүхт ой ирэх наймдугаар сард болно. Ойг угтаж олон арга хэмжээ төлөвлөсний нэг нь энэ. Хоёрдугаарт, монгол хүн анх сансарт ниссэн өдөр энэ долоо хоногт тохиож байгаа учраас бид тэмцээнээ цаг үетэйгээ уялдуулан зохион байгууллаа. Цаашдаа жил бүр уламжлал болгон зохион явуулна. Энэ жил олон улсын болон улсын мастерууд, сонирхогчид Зэвсэгт хүчний, Хилийн цэргийн алба хаагчид оролцсон өргөн тэмцээн болж өнгөрлөө. Баг тамирчдаа оролцуулсан анги, байгууллагын удирдлагуудад баярлалаа” гэсэн юм.

Эх сурвалж: “Соёмбо” сонин


Сүүлд нэмэгдсэн
"ДАНКОН" МАРШИЙН ЭХНИЙ 40 БАЙРТ МОНГОЛ ЦЭРГҮҮД ЗАВСАРГҮЙ ТҮРҮҮЛЖЭЭ

2019 оны 04 сарын 21

ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНДОО ИРЛЭЭ

2019 оны 04 сарын 21

"ХААНЫ ЭРЭЛД-2019"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2019 оны 04 сарын 21

ЭЛЧИН САЙД МАЙКЛ КЛЕЧЕСКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 04 сарын 21

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ, ЭНЭТХЭГ-НОМХОН ДАЛАЙ ДАХЬ АНУ-ЫН АГААРЫН ХҮЧНИЙ КОМАНДЛАЛ ХООРОНДЫН АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫН ТУХАЙ

2019 оны 04 сарын 19

"ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН НААДАМ-2019" ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ОРНУУДЫН ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

2019 оны 04 сарын 17

"ХААНЫ ЭРЭЛД"-ИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТӨГСӨЛТИЙН ШАТНЫ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 04 сарын 16

ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР САНАЛ СОЛИЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

КАТАР УЛСАД ЯВАГДСАН ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬД МАНАЙ АЛБА ХААГЧИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 04 сарын 16

БИДНИЙ НЭГ

2019 оны 04 сарын 16

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1204

Веб холбоос: 10

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019