ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖИГЧ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙХЭНД БАЯРЛАЛАА ГЭВ

2019 оны 04 сарын 10

          Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Эх оронч худалдан авалтын жил” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон. Тэгвэл Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах зорилготой “Эх оронч худалдан авалт-2019” үзэсгэлэн энэ сарын 2-3-ны өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж өндөрлөлөө. 150 орчим үйлдвэр эрхлэгч, 50 гаруй төрийн байгууллага оролцсон энэхүү үзэсгэлэнд БХЯ, ЗХЖШ-ын төлөөлөл оролцож, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ямар нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдан авдгаа олон нийтэд танилцууллаа. 

         ЗХЖШ-ын АТГ-ын Материал хангалтын хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Батсүрэн “Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хэмжээнд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, худалдан авалт хийдгийг ард иргэдэд ойлгуулахад энэ үзэсгэлэн чухал нөлөөтэй байлаа. Хоёрдугаарт, үндэсний үйлдвэрлэл эрхлэгч компаниуд “Зэвсэгт хүчин ийм төрлийн бараа худалдан авдаг юм байна. Ямар шаардлага тавигддаг вэ. Танай зарласан тендерт оролцож, чанартай бараа нийлүүлэхийн төлөө ажиллана” гэдгээ илэрхийлж байна. Энэ нь бараа нийлүүлэх сонирхолтой үйлдвэрлэл эрхлэгчдийн хүрээ өргөжихөд сайн талтай” гэсэн юм.

          Энэхүү үзэсгэлэнгийн үеэр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчнээс зарласан тендерт шалгаран, зарим төрлийн бараа нийлүүлж байгаа компаниудын төлөөлөлтэй уулзахад ийн ярьсан юм.

“Хүн од” компанийн эрүүл ахуйн технологи, лабораторийн эрхлэгч О.Батзаяа:

          -Манай компанийн хувьд ЗХЖШ-тай хамтран ажиллаж, өөрийн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаадаа баяртай байдаг. Бид ЗХЖШ-ын Ар талын газраас тавигдсан шаардлагын дагуу олон улсын жишигт нийцсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан, илчлэг тэжээл сайтай, дахин боловсруулах шаардлагагүй “Үүц-1” хуурай хүнсийг нийлүүлж байна. “Үүц-1” хуурай хүнсэд өглөө, өдөр, оройн хоол болон бусад дагалдах хэрэгсэл багтсан бөгөөд ОХУ, БНХАУ, Франц, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орон болон НҮБ-ын цэргийн алба хаагчдын хэрэглэдэг нэг удаагийн хүнсний нормтой дүйцэхүйц адил, олон улсын жишигт нийцсэн байгаа.
-Худалдаанд гардаг үнэ нь хэд вэ?
-28 мянган төгрөг. Цэргийнхэн гэлтгүй иргэд энэ багцыг их худалдаж авдаг. Түүнээс гадна бид “Жолоочийн багц”, “Аяны багц”-ыг шинээр худалдаанд гаргаад байна.

“Best shoes” компанийн гутлын загвар зохион бүтээгч Д.Дэлгэрдалай:

         -Манай компани Батлан хамгаалах салбараас зарласан тендерт шалгарч, эмэгтэй урт түрийтэй гутал, зуны ботинк, эрэгтэй хагас түрийтэй өвлийн гутал, зуны ботинк гээд нэлээд олон гутлыг нийлүүлж байна. Манай гутлуудын хувьд цэвэр арьс бөгөөд эдэлгээ удаан, өнгө үзэмж сайтай байхаас гадна эрүүл мэндийг тооцоолсон шинэлэг загварууд юм. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчинд нийлүүлж байгаа гутлууд маань доргилт үүсэхгүй байх тусгай улавч болоод хөлийн хэлбэрт тохирсон зөөлөвч улавчтай. Гутлын улавч гэдэг тэгш бус харин хэлбэрийг нь дагасан байх ёстой. Ингэснээр хүчийг жигд өгдөг гэсэн үг юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг Зэвсэгт хүчнийхэндээ баярлалаа” гэсэн юм.
Энэ дашрамд сонирхуулахад, зөвхөн цэргийн дүрэмт хувцас хэрэглэлд зарцуулах улсын төсвийн 85 хувиар нь үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа, бүтээгдэхүүнийг худалдан авдаг байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019