ЭНХИЙГ САХИУЛАГЧИД БЯЦХАН ХҮҮ С.АНАНДАД ТУСЛАМЖИЙН ГАРАА СУНГАЛАА

2019 оны 04 сарын 10

         БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VIII ээлжийн батальоны бие бүрэлдэхүүн аюулт өвчинд шаналж байгаа бяцхан хүүд тусламжийн гараа сунгалаа. Энхийг сахиулагчид ажиллагааны газар оронд хамтдаа үүрэг гүйцэтгэж байгаа ахлах ахлагч Ч.Сэргэлэнгийн хүү Анандад эмчилгээний зардалд туслах зорилгоор сайн үйлсийн аян өрнүүлж, 8400 доллар буюу 22 сая төгрөгийн хандив цуглуулсан байна. Тэгвэл сайхан сэтгэлт энхийг сахиулагчдын энэхүү мөнгөн хандивыг тэдний ар гэрийн төлөөлөл болох ахлах ахлагч Г.Энхжаргал болон Б.Амгалан, Л.Ариунзаяа нар бяцхан хүүгийн ээж Ц.Оюунжаргалд гардуулан өгсөн юм. ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ “Манай үе үеийн энхийг сахиулагчид нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аянд нэгдэж, цөөнгүй хүнд тусламжийн гараа сунгасан байдаг. Үүний нэг нь бяцхан хүү С.Анандад туслах аян байлаа. Энхийг сахиулагчийн маань бяцхан хүү хурдан эдгэрнэ гэдэгт бид маш их итгэлтэй байна. Ананд хүүгийн ард олон энхийг сахиулагч, цэрэг дайчид, тэдний ар гэр хамтдаа байгаа шүү. Энэ завшаанд сайхан сэтгэлээр нэгэндээ туслаж байгаа энхийг сахиулагчиддаа баярлалаа” гэсэн.

            Ц.Оюунжаргал “Өнөөдөр манай гэр бүлд маш сайхан үйл явдал тохиож байна. Хүүгийнхээ эмчилгээний зардлыг яаж олно доо гэж шаналж байсан бол өнөөдөр тэр хүсэл мөрөөдөл маань биелсэнд туйлын их баяртай байна. Хүүгийн маань заяаг аавынх нь удирдлага, хамт олон, найз нөхөд, ах дүү нь түшлээ гэж бодон зогсож байна. Миний хүү тархины усжилт буюу зүүн тархиндаа уйланхайтай гэсэн оноштой. Монголд эмчлэх боломжгүй өвчин. Бидний хүсэн мөрөөдөж байсан эмчилгээний зардал нь тодорхой хэмжээгээр бүрдэж чадсан учраас энэ долоо хоногтоо багтаж ОХУ-ыг зорино. Хүүгийн маань гэрэлт ирээдүйг улам гийгүүлж, тусламжийн гараа сунгасан БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байгаа Д.Жавхланбаяр захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын VIII ээлжийн батальоны бие бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мөн ЗХЖШ, Зэвсэгт хүчний 338 дугаар ангийн хамт олонд талархал илэрхийлье. Та бүхэндээ маш их баярлалаа” хэмээн баяр дүүрэн талархал дэвшүүлсэн юм.
          Хандивыг гардуулан өгсөн энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл болох бүсгүйчүүдийн сэтгэгдлийг хуваалцахад Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын холбооны ахлагч, ахлах ахлагч Г.Энхжаргал “Эрүүл саруул байх нь хүний аз жаргалын оргил гэдэг. Өвдөж зовсон хүмүүст сэтгэл итгэлийн тус, найдлага найдварын илч гэрэл хайрлах шиг гэгээн ачлал хаана байх билээ. Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчийн ар гэрт ямар нэгэн өвчин зовлон тохиолдоход мэдээж маш хүнд тусна. Үүнийг нь хамтдаа үүрч гарахад нь сэтгэл санаа болон мөнгөн хандиваар туслах нь маш зөв гэж эх хүний хувьд хэлмээр байна. Хань маань батальоны захирагчаар ажиллаж байгаа болохоор энхийг сахиулагчдынх нь ажил үйлс өндөр байж, ар гэр нь амар амгалан л байгаасай гэж дотроо залбирч явдаг даа” гэсэн бол Б.Амгалан “Би мөн адил офицерын гэргий. Ханийнхаа хамт олны сайхан сэтгэлээр цуглуулсан хандивыг бяцхан хүүд гардуулан өгсөндөө маш их баяртай байна. Ер нь цаашдаа энхийг сахиулагчдын ар гэр нэгдэж, жаргал зовлонгийн үед хамтдаа явах хэрэгтэй гэж бодож байна. Би нэлээд олон жилийн өмнө “Энхийг сахиулагчдыг дэмжих гэр бүл” төрийн бус байгууллага байгуулж байсан. Бас л ханьтай маань хамт үүрэг гүйцэтгэж байсан энхийг сахиулагчдын ар гэрийг дэмжих зорилготой байгуулагдаж байлаа. Тэр үедээ маш олон ажил, арга хэмжээ зохион байгуулж байсан. Одоо цаашдаа нэг цэргийн баг гэлтгүй нийт энхийг сахиулагчдын ар гэрийг хамруулж, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй болжээ гэж бодож байна” гэсэн. Харин Л.Ариунзаяа “Энхийг сахиулагчид маань бусдад аз жаргал бэлэглэлээ. Ханьтай минь хамт үүрэг гүйцэтгэж байгаа та бүхнээр бахархаж байна. С.Ананд хүү удахгүй эдгэрч ирээд, энхийг сахиулагч аавыгаа, ах нараа, эгч нараа бүгдийг нь нисэх онгоцны буудлаас тосож авах байх аа” гэсэн юм. Ийнхүү эмчилгээнд шаардлагатай байсан 30 гаруй сая төгрөгийн 70 гаруй хувийг нь энхийг сахиулагчид хандивласан байна. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Эх сурвалж: "Соёмбо" сонин


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019