БИДНИЙ НЭГ

2019 оны 04 сарын 16

            Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд мөрдэсгүй атлаа мөрдэстэй юм шиг ажил нугалж, ачаа үүрч явдаг олон энгийн ажилтан алба хаагчид бий. Тэдний төлөөлөл болгож зарим энгийн ажилтан алба хаагчийг энэ дугаартаа онцолж байна.

БИ ЯАХ ВЭ, ӨНДӨГ ХАГАРЧИХЛАА
       БХЯ, ЗХЖШ-ын хашаанд гүйгээгээрээ шогшиж явдаг хүний нэг нь БХЯ-ны Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн нярав Б.Идэрчулуун юм. Алба хаагчдын хувцасны бүртгэлтэй дэвтэр сугавчлаад, хангалтаа авах гэсэн нэгнийг нь дагуулчихаад хэдэн агуулахынхаа дунд өдөржин гүйж явахыг нь та лав харсан байх. Ер нь тэгээд ч түүнийг танихгүй, мэдэхгүй хүн энэ хашаанд үгүй биз. Залуучууд цөм “Идэрээ эгч ээ” гэж өөриймсөг дуудна. Өөрөө ч энэ тэнд таарахаараа “Танд тийм хангалт дутуу байгаа. Маргааш ирээд ав” хэмээн санаа тавина. Хувцас, хүнс тараахад залуу насаа зориулсан түүний ажлын нэг өдрийг сурвалжлахаар өрөөнд нь яваад очлоо. Мань хүн өнөөх л янзаараа хангалтаа тарааж байна. Аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нар цуварч зогсчихоод “Манайханд юу байна. Офицер, ахлагчийнхаа хангалтыг цөмийг аваад явна” гээд нэрийг нь тоочиж, бүртгэлтэй нь тулгаж байлаа. Түр амсхийх үеэр нь түүнтэй хуучлав.

-Та Зэвсэгт хүчинд хэзээнээс эхлээд ажиллав?
-Цэргийн худалдааны газар гэж байхад 1992 онд анх ажилд орж байлаа. Дараа нь “Зэв” концерн болон Зэвсэгт хүчний 310 дугаар ангид томилогдсон. Тодруулбал Зэвсэгт хүчний 310 дугаар ангид 15 жил буюу аж ахуйн нярваар долоо, хүнсний хангалтын нярваар найман жил ажилласан. Аж ахуйн нярав ч бай, хүнсний нярав ч бай аль нь ч ялгаагүй цаг наргүй хөдөлмөрлөдөг онцлогтой. Залуу байхад ачааны машинд хангалтаа аччихаад Зэвсэгт хүчний анги, байгууллага дамжин явж байснаа мартдаггүй юм. Халуун, хүйтэн гэж ялгах биш. Нэг удаа Зэвсэгт хүчний 119 дүгээр анги руу хүнсний хангалт хүргэж явтал замд пургон машин маань уначихдаг юм байна. Одоо бодоход жолооч маань надаас “Бие нь гайгүй юу” гээд татаж босгосон бололтой юм. Тэгэхэд нь “Би яах вэ, өндөг хагарчихлаа” гэж уйлах шахам босож ирснийг манайхан онигоо болгоод мөн ч их ярина шүү.

-Хүн хооллож, хувцаслахыг хослуулжээ, янз нь?
         -Тийм ээ. Хоёулаа хүний амин хэрэгцээ учраас “Баярлалаа” гэдэг үгийг ч хариуд нь харамгүй сонсоно. Энэ үгээр урамшиж, цэнэглэгдэж явдаг. БХЯ-ны Үйлчилгээ аж ахуйн хэлтэст 2012 оноос хойш ажиллаж байна. Манай хамт олон тун завгүй, бүгд хүний төлөө л ажилладаг хүмүүс. Зарим нь хувцаслах гэж, зарим нь хоол хүнсийг тасалдуулахгүй гэж, зарим нь аятай тухтай цэвэр орчинд ажиллах боломжийг нь бүрдүүлэх гээд үйлс бүхэн нь бусдын төлөө учраас тэр хэмжээгээр бидний ажил үйлс ч бүтэмжтэй явдаг байх гэж боддог шүү” хэмээсэн. 
Идэрээ эгч цэргийн дүрэмт хувцастай хүн бүрийг дарга аа гэж хүндэтгэдэг, хэрэв хэн нэг нь дүрмийн бус хувцасласан байхтай нь таарвал шууд картыг нь хараад хангалтаа бүрэн авсан эсэхийг нь шалгадаг гэнэ лээ. Тэрээр цэргийн хүн дүрэмт хувцсаа ёс журмынх нь дагуу цэвэрхэн өмссөн тохиолдолд л сайхан харагдана. Түүнээс биш өндөр болох гээд нормын бус өсгийтэй гутал өмсөж, том ээмэг зүүж гангалсан эмэгтэй цэргийн алба хаагчид цэмцгэр харагдахгүй. Цэргийн дүрэмт хувцас бол гангараа биш гэдгийг хатуухан хэлж байв. Идэрээ эгч Өмнөговь аймгийн Ханхонгор сумынх бол хань Г.Батсүх нь Увс аймгийнх гэсэн. Тэд хоёр охинтой. Том охин Б.Батчимэг нь Чех улсад гэр бүлээрээ ажиллаж амьдарч байгаа бол бага охин Б.Болорчимэг нь Зэвсэгт хүчний нэгдсэн лабораторид эрүүл ахуйчаар ажилладаг аж. Түүний бахархал нь гэр бүл, үр хүүхдүүд, хамт олон, найз нөхөд болоод Зэвсэгт хүчинд алба хааж байгаа хүн бүхэн гэнэ. Тэрээр “Энхийн төлөө” медалиар шагнуулснаараа ихэд бахархдаг аж. Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчин анхны цэргийн баг илгээхээр бэлтгэх үеэс л Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд хоол хүнсийг нь дөхүүлж, эргэж тойрч явсан түүнд ЗХЖШ-ын удирдлага “Энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор гавьяа хэмжигдэхгүй. Үүрэг гүйцэтгэх бололцоог нь хангахын төлөө зүтгэснээрээ та гавьяатай” гээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Энхийн төлөө” медалиар шагнажээ. Мөн түүний Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд идэвх зүтгэл, санаачилгатай ажилласан хөдөлмөрийг нь үнэлж 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн хүндэт медаль хүртээсэн байна.

ЭХ ОРОНЧ ГЭДЭГ ЭНГИЙН ЗҮЙЛЭЭС ЭХЭЛНЭ

ЗХЖШ-ын гаднах талбайг цэвэрлэхдээ “Хөгшөөн чи амарч бай. Би хийе. Өчигдөр чи хийсэн” гээд л нэгнээ юм хийлгэх шинжгүй тойглох эрхмүүдийг Л.Анхбаяр, Г.Мөнхбаатар гэдэг, БХЯ-ны Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн ажилчид. Би бээр тухайн үедээ нэгнийхээ ажлыг хөнгөвчилж, тусалж байна даа гэсэн шахуу юм бодоод хажуугаар нь өнгөрсөн ч тэд нэгнийхээ ажлыг нөхөж явдаг гэдгийг олон тохиолдлоор харав. Сурвалжилмаар ч санагдав. 
Л.Анхбаяр ЗХЖШ, төрлийн цэргийн командлалууд, шалган нэвтрүүлэх байрны гаднах орчин, жагсаалын талбайн цэвэрлэгээг хариуцах бол Г.Мөнхбаатар БХЯ-ны хашаан доторх болон гаднах цэвэрлэгээ, ЗХЖШ-ын машины зогсоол орчмын цэвэр цэмцгэр байдлыг хариуцдаг юм байна. Л.Анхбаяр энэ өдөр ЗХЖШ-ын гадна талбайн ургамлын хаягдал, моддын мөчрийг бөөгнүүлж шүүрдсээр аваачиж хаяв. Хаврын цагт түймэр гарах эрсдэл өндөр байдаг учраас шатамхай хог хаягдлуудыг цуглуулсан нь энэ гэнэ. Тэрээр өвлийн цагт цас цэвэрлэх, хаврын цагт түймрээс урьдчилан сэргийлэх, зуны цагт мод услах гээд олон ажил нэмэгддэгийг онцлоод ажилдаа огтоос түүртсэн шинжгүй. Ажил хүнийг голдгоос, хүн ажлыг голж болохгүй. Хүсэл мөрөөдөл хүнийг гэрэл гэгээтэй сайхан зүйл рүү хөтөлж, өөрийгөө хөгжүүлэх урам зориг нь болдог. Харин бусдаас илүү гарах гэсэн өчүүхэн санаа, боломж, бололцооноосоо давсан хий хоосон мөрөөдөл нь эсрэгээрээ зовлон болно. Угтаа бол амьдралд хар, цагаан гэж байхаас ажил хөдөлмөрт хар, цагаан гэж байхгүй. Ажлыг ч, өөрийгөө ч гололгүй олсон хэдэн төгрөгөөрөө өөрийгөө хөгжүүлж, амьдралаа дээшлүүлж, цаашлаад улс орноо хөгжүүлэх боломж бидэнд бий. Би Батлан хамгаалах салбарт орж ажиллахаасаа өмнө Сэлэнгэ аймагт мод үржүүлэг, үрслэгээний ажил хийж явсан хүн. Тэр бас л сайхан ажил. Гэхдээ түүнээс ч илүү аз тохиолоор Зэвсэгт хүчинд ажиллах болсондоо одоо ч баяртай явдаг юм. Цэргийн хүн харилцах соёл, биеэ авч явж байгаа байдлаараа үнэхээр өөр хүмүүс байдаг. Савсганаж, сагсуурч байгаа цэргийн хүнийг хараагүй хэмээн цэргийн албаар бахархаж явдаг нь түүний яриа бүрээс нь илт. Тэрээр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Хоёр том нь сургуулийн сурагч бол бага нь дөрвөн настай гэнэ. Таны баримталдаг зан чанар гэхэд “Амнаасаа сайн үг унагааж, бусдын сайн талыг олж харах” гэж хариулав. Үнэхээр л тэр ингэж хэлсэн шигээ хамтран зүтгэгч Г.Мөнхбаатарыгаа, БХЯ-ны Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн хамт олноо сайн үгээр урлан магтах нь чин сэтгэлийнх байсан юм.
Г.Мөнхбаатарын тухайд “Бидний ажил 7.00 цагаас БХЯ, ЗХЖШ-ын машины зогсоолыг цэвэрлэхээс эхэлдэг. Зарим хүн тамхины ишээ хаячихсан байх нь бий. Эх оронч байна гэдэг энгийн зүйлээс эхэлнэ. Хэрэв эх оронд минь дайсан халдан довтолбол эх орон, ард түмнээ хамгаалах гэж цусаа урсган тэмцэлдэх эр зориг, баатарлаг хүсэл, ухамсраар илрэх байх. Харин энх цагт зөв үйлдлээр илэрдэг гэдэгт би итгэдэг” гэсэн. Тэрээр Баянхонгор аймгийнх бөгөөд эхнэр, охины хамт амьдардаг. Охиндоо маш их хайртай, ажил дээр байхдаа ч үргэлж санаж явдаг, миний амь амьдрал хэмээн тодорхойлох. Түүний цаашдын зорилт хариуцсан албаа нэр төртэй гүйцэтгэж, хувийн амьдралаа сайжруулах төлөвлөгөө цээжинд нь бичээстэй яваа гэнэ лээ. Ойрын хугацаанд багтаж байшингаа засварлах зорилттой яваа Г.Мөнхбаатар урам зориг дүүрэн ажилдаа гарлаа.

ТӨРИЙН САНГИЙН ХОЁР

         Амьдралд ижил хувь тохиолтой, адилхан ажил хөдөлмөртэй хүн таарахыг алийг тэр гэх вэ. Гэхдээ надад хоёр бүсгүйн ажлын замнал, амьдралын туршлага тун адилхан мэт санагддаг юм. Тэд бол БХЯ-ны ТЗУГ-ын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтнүүд буюу энгийнээр тайлбарлавал “төрийн сангийн хоёр бүсгүй” П.Оюунчимэг, М.Бүжинлхам нар. Хоёулаа нягтлан бодогч, хань ижил нь ч нягтлан бодогч гээд олон зүйлээр ижил. Улсын төсвөөс Батлан хамгаалахын сайдын багцад харьяалагдах төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд цалин, нийгмийн даатгал, тогтмол зардал, хангамжийн зардал, урсгал засвар, бараа үйлчилгээ болон бусад зардлуудаар санхүүжилт авч, Төсвийн тухай хууль, Төрийн сангийн журам, Худалдан авах ажиллагаа, Тендерийн тухай хууль, журам болон бусад холбогдох хууль, журмын дагуу зардлын гүйлгээг тус төрийн сан нь хянаж гаргадаг байна. Товчхондоо хэлбэл БХЯ, ЗХЖШ, түүний харьяа анги, байгууллагуудын санхүүгийн гүйлгээг хянадаг хариуцлагатай ажилтай. Нэг тоо алдаж шивэхэд л түүний үр дагавар ямар болох нь тодорхой. Тиймээс тэдэнд алдах эрх үгүй. Энд нэг зүйлийг тодотгоход хуучин цагт төрийн сан нь Сангийн яаманд төвлөрч байхад замын түгжрэлээс эхлээд бэрхшээлтэй зүйлүүд гарч байсан бол БХЯ-нд төвлөрч ирснээр Зэвсэгт хүчний анги, байгууллагын нягтлан бодогч нарт маш дөхөм болжээ. Ямар нэгэн чирэгдэлгүй, гүйлгээ нь цаг хугацаандаа түргэн шуурхай хийгддэг болсон гээд хэн хүнгүй ам сайтай байдаг юм билээ. Зарим ангийн нягтлан бодогч “Төлбөрийн гүйлгээ орлоо, гарлаа” гэдэг хэлц үг хүртэл гаргасан байна лээ. Тэд ч Зэвсэгт хүчний анги, байгууллагын нягтлан бодогч нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөөг харамгүй өгч, ажил үйлчилгээнд нь туслалцаа үзүүлдэг аж. 
            П.Оюунчимэг 2008 онд Зэвсэгт хүчний 065, 089 дүгээр ангид нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2013 оны гуравдугаар сард Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор төрийн захиргааны төв байгууллагуудад санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан төрийн сан байгуулах шийдвэр гарснаар энд ажиллах болжээ. Тооны машинтай нөхөрлөөд 27 жил болж байгаа тэрээр удам дамжсан нягтлан бодогч. Ээж, эгч, нөхөр нь нягтлан бодогч. Ээж У.Борхүүхэн нь ЗХЖШ-ын АТГ-ын Материал хангалтын хэлтэст насаараа нягтлан бодогч хийсэн сайхан буурал байдаг ажээ. Ээжийнхээ мэргэжлийг өвлөсөн тэрээр охиндоо өөрийн мэргэжлээ өвлүүлж чадаагүй гэсэн. Түүний охин Б.Сарангуа нь хими, биологид сонирхолтой бөгөөд өдгөө МУИС-ийн оюутан юм байна. 
Харин М.Бүжинлхам эгчийн түүх тун сонирхолтой. Тэрээр бага эмчээс нягтлан бодогч руу “хөрвөсөн” хүн. Багаасаа нягтлан болох мөрөөдөлтэй байсан ч цаг үеэсээ шалтгаалж бага эмч мэргэжлээр суралцаж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 10 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаанд ажлынхаа хажуугаар нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгссөн байна. 
Түүний Зэвсэгт хүчинтэй холбогдсон түүх нь 2003 оноос эхэлнэ. Анх Зэвсэгт хүчний 015 дугаар ангид сувилагчаар ажилд орсон ч түүний ажлын ур чадвар, сонирхол зэргийг нь харгалзан ангийн нягтлан бодогчоор томилсон аж. Үүний дараа Зэвсэгт хүчний 015, 310, 032 дугаар ангид нягтлан бодогчоор тус тус ажиллаж байгаад БХЯ-ны ТЗУГ-ын Санхүүгийн хэлтэст төрийн сан хариуцсан мэргэжилтнээр 2013 онд томилогдсон нь энэ. 
Түүний гэр бүлийн хүнийг Г.Батбаяр гэдэг, дэд хурандаа цолтой. Мөн л нягтлан бодогч. Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Санхүүгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад өнгөрсөн жил гавьяаныхаа амралтад гарсан бол хүү ахлах дэслэгч Б.Лхагважав нь ОХУ-ын Санкт Петрбург хотын Артиллерийн академийг алтан медальтай төгсөж ирээд, өдгөө Зэвсэгт хүчний 120 дугаар ангид алба хашиж байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1214

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019