ЭНХИЙГ ДЭМЖИХ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019 оны 06 сарын 15

     “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг  Монгол Улсын Зэвсэгт хүчин 17 дахь удаагаа, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USINDOPACOM)-ын “Дэлхийн энхийн ажиллагааны санаачилга GPOI” хөтөлбөртэй хамтран 2006, 2007, 2016 онуудад хамтран зохион байгуулсан төдийгүй өнөөдөр нээлтийн ажиллагаа Тавантолгой дах Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Филипп Дэвидсон, БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцож буй орнуудын Элчин сайд энхийг дэмжих олон улсын ажиллагааны сургагч багш нар, оролцогч алба хаагчид зэрэг албаны хүмүүс оролцлоо.

     Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга хэлсэн үгэндээ “Энхийг сахиулах ажиллагаа нь зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, энгийн ард иргэдийг хамгаалах, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутагт аврах, хүмүүнлэгийн туслалцаа үзүүлэх, сэргээн босгох ажиллагаануудыг явуулахад чухал хэрэгслүүдийн нэг хэвээр байсаар байна. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, энхийг эрхэмлэгч улсын хувьд 2002 оноос эхлэн Зэвсэгт хүчнээ энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж, өнөөдрийг хүртэл нийтдээ 17 мянга гаруй цэргийн алба хаагч олон улсад үүрэг гүйцэтгэжээ. Энхийг сахиулах нь цэрэг эрсээс бэлтгэл сургуулилалт, тэсвэр тэвчээр, эр зориг, авхаалж самбаа, ур чадвар шаардсан хүнд ажил юм аа. Энхийг сахиулах бие бүрэлдэхүүн бэлтгэл сургуулилалт тогтмол хийх нь эрсдэлт нөхцөлийг гарз хохирол багатай даван туулах нөхцөл болсон үүрэг гүйцэтгэх чадварыг эрс сайжруулдаг төдийгүй хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлдэг олон талт ач холбогдолтой юм. Энэ удаагийн “Хааны эрэлд-2019” олон улсын сургуулийг Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал болон “Дэлхийн энхийн төлөө санаачилга” хөтөлбөртэй хамтран зохион байгуулж байгаа юм. Уламжлалт цэргийн сургууль энхийг сахиулагч Та бүхний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд өгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна. Ингээд 17 дахь удаагийн Хааны эрэлд олон улсын сургуульд оролцохоор хүрэлцэн ирсэн цэнхэр дуулгатан дайчиддаа амжилт хүсье. Даян дэлхийд энх тайван бэхжиж, үндэстнүүд амгалан байх болтугай” гэлээ.

     “Хааны эрэлд-2019”-г Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат  албан ёсоор нээсэн юм. Мөн Энэтхэг-Номхон далай дах АНУ-ын цэргийн командлагч адмирал Филипп Дэвидсон энэ удаагийн энхийг дэмжих олон улсын сургуульд оролцож буй нийт бие бүрэлдэхүүнд үг хэлж амжилт хүслээ.

     Тус сургуулийн үндсэн зорилго энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багийн ажиллагааны өмнөх бэлтгэлийг зохион байгуулах, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны газар оронд шаардагдаж буй тусгай чадавхийг дээшлүүлэхийн тулд шаардлагатай сургалтыг зохион байгуулах, олон үндэстний гар нийлэмжтэй ажиллагааг улам сайжруулахад оршино. Түүнчлэн олон улсын цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхыг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулах юм.

     Энэ удаагийн олон улсын сургуульд 38 орны 1700 гаруй цэргийн алба хаагчид оролцож байна. Түүнчлэн Бүгд найрамдах Бенин улс, Бүгд найрамдах Замби улс, Молдова улс, Руанда улс, Того улс, Израйл, Йорданы Хашимитын хаант улс, зэрэг 7 улс анх удаагаа тус олон улсын сургуульд оролцох аж.

     Тус сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, нээлт, команд штабын сургууль, салаадын хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавхыг нэмэгдүүлэх сургалт зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

     Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд энхийг дэмжих үйлсэд бодитойгоор оролцож, дэлхийн булан бүрт үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгааг энхийг дэмжих ажиллагаанд хэрхэн хамтран ажилладгаар харж болно. 17 дах жилдээ болж буй энэхүү олон улсын сургууль нь анх явагдсан мөчөөсөө эхлэн бодит цагийн байдалд хамгийн ихээр ойртуулсан нөхцөлд сургалтын шинэлэг арга барилаар явагдаж ирсний хүчинд манай цэрэг дайчид хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэх өндөр чадвартай болсоор байгаа юм. Тус сургууль нь цаашлаад бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл нөхөрлөлийг гүнзгийрүүлэн хамтын ажиллагааг өргөжүүлж мэдлэг туршлагаа хуваалцах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг ач холбогдолтой.

“Хааны эрэлд-2019” энэ сарын 28-ны өдөр хүртэл Тавантолгойн Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд үргэлжилнэ.


Сүүлд нэмэгдсэн
У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

ТАНКИЙН БИАТЛОН МОНГОЛД...

2019 оны 09 сарын 19

1000 МӨРДЭСТӨН БҮСГҮЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ МАРГААШ БОЛНО

2019 оны 09 сарын 19

БРИГАДЫН ГЕНЕРАЛ ЖОЗЕФ Ж.СТРЕФИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2019 оны 09 сарын 19

ЭХ ОРНЫХОО ЗАХИАС ДААЛГАВРААР ХӨЛГИЙН ЖОЛОО ЗАЛАХ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД ЖАНЖИН ТУГАНДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 18

МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

2019 оны 09 сарын 16

ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЦЭНХЭР ДУУЛГАТНУУДАА ТОДРУУЛЛАА

2019 оны 09 сарын 16

ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ УЛИРАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

2019 оны 09 сарын 16

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛЫН БАЙРНЫ НЭЭЛТ ЗУУНМОД ХОТОД БОЛЛОО

2019 оны 09 сарын 16

П.ДОРЖСҮРЭН:ЭНЭ БОЛ СЭТГЭЛИЙН БЭЛЭГ

2019 оны 09 сарын 09

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019