“ТОРГОНЫ ЗАМ-2019”-Д 40 ГАРУЙ УЛСЫН ТАМИРЧИН ОРОЛЦОНО

2019 оны 07 сарын 03

      Автомашин, мотоциклийн холын зайн дэлхийн цомын аварга шалгаруулах “Торгоны зам-2019” уралдаан энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнан зохион байгуулагдах юм. Уг уралдаанд Монгол Улсаас анх удаа 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна. Тамирчдыг гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу хүндэтгэн үдэх ёслол Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудалд боллоо.
       Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын ралли уралдааныг зохион байгуулах Монгол Улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, ЗХЖШ-ын Ар талын газрын дарга, бригадын генерал М.Эрдэнэдалай болон бусад албаны хүмүүс оролцов. Уралдааны замын нийт урт 5007,96 км, тусгай үе шатуудын нийт зай 2593,15 км бөгөөд хамгийн урт зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр үргэлжилнэ. Түүнчлэн тамирчид уур амьсгалын таван өөр бүсээр дайрч өнгөрөх бөгөөд Монгол Улс дахь хэсэгт элсэн манхан хийгээд хайрга, чулуутай замын сорилт тэднийг хүлээж байгаа гэнэ. Энэ удаагийн тэмцээнд нийт 40 гаруй улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикль оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн ажиллаж, 120 сэтгүүлч сурвалжлахаар мэдүүлгээ өгчээ.
       Энэхүү уралдааны бэлтгэлийг хангаж Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Хөшигийн хөндий болон Дундговь, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт гурван газарт 1600 хүний дамжин өнгөрүүлэх түр баазыг байгуулаад байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Торгоны зам-2019” олон улсын уралдаанд оролцох тамирчдыг хүлээн авах Хөшигийн хөндий дэх дамжин өнгөрүүлэх түр баазтай танилцлаа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019