П.ЧИНЗОРИГ: МАНАЙХНЫГ МЭРГЭЖЛИЙН МЭРГЭН БУУДАГЧИДТАЙ ЭН ТЭНЦЭХҮЙЦ ӨРСӨЛДЛӨӨ ГЭДГИЙГ ШҮҮГЧИД ХЭЛЖ БАЙСАН

2019 оны 08 сарын 20

          “Армейские игры-2019” Олон Улсын цэргийн наадмын хүрээнд “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд 21 улсын 230 гаруй мэргэн буудагчид оролцож, үе шат, дасгал бүрдээ шилдэгүүдээ тодруулсан. Бид тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон багийн ахлагч ЗХЖШ-ын Ар талын газрын Зэвсэглэлийн хэлтсийн дарга хурандаа П.Чинзоригтой уулзлаа. 

-Энэ жилийн тэмцээнд нэлээн амжилттай оролцоод ирсэн. Энэ талаар?
             -“Цэргийн наадам” тэмцээний хүрээнд болдог “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Беларусь хотын Брест хотод хоёр дах жилдээ зохион байгуулагдлаа. Урьдны жилүүдэд Казакстан улсад болж байсан. Манай мэргэн буудагчид энэ жилийн тэмцээнд тодорхой хэмжээнд амжилт үзүүлсэн. Тухайлбал, “Мэргэн буудагчийн халз тэмцээн”-д нэг оролцогч хүрэл медаль, “Шилдэг хос” шалгаруулах тэмцээнд хоёр оролцогч түрүүлсэн байгаа. Харин багийн тэмцээнд ерөнхий дүнгээр урьд жилийнхээс хойшилсон. 

-Яагаад багаараа ийм доогуур амжилт үзүүлчихэв. Юун дээр алдав гэж та бодож байна?
             -Миний бодлоор сэтгэлзүйн бэлтгэл дутагдснаас болж манайхан өнгөрсөн жилээс доошилсон амжилт үзүүлчихэв үү дээ. Жишээлбэл, нэг тэмцээн дээр эхний хоёрдугаар байрт орж байхад дараагийн тэмцээнд хойшоо байр эзлэсэн нь сэтгэлзүйн бэлтгэл дээр алдсан байх магадлалтай гэж дүгнэж байна. 

-Тэгвэл цаашид юун дээр анхаарах вэ. Ер нь манай тамирчид бусад орнуудаас юугаараа ялгарсан бэ?
             -Манай орны хувьд тэмцээнд оролцогчид мэргэжлийн мэргэн буудагчид биш. Гэтэл бусад орны оролцогчид бол өөрсдийн чансааг тодорхойлохоор энэ тэмцээнд ирдэг юм байна. Түүгээр ч зогсохгүй оролцогчдын мэргэн буудагч гэдэг үндсэн мэргэжил нь байдаг. Гэтэл манайхаас холбоо, нярав, хуульч гэх мэт мэргэжлийн хүмүүсээр багаа бүрдүүлээд явсан. Гэхдээ бусад орныхон манайхны мэдээллийг аль хэдийнэ авчихсан байсан. Ингээд надад “Танайхан мэргэжлийн бус мөртлөө үнэхээр сайн байна. Зөвхөн буудагч гэхгүй бусад мэргэжлийнхэн хүртэл бид нартай эн тэнцэхүйц өрсөлдөж байна” гэдгийг 21 орны шүүгчид дуу нэгтэйгээр хүн болгон ирж надтай гар барьж албан ёсоор мэндчилж баяр хүргэж байсан. 

-Тэгвэл манайхан мэргэжлийн мэргэн буудагчид байхгүй учраас тэмцээнд амжилт гаргасангүй алдсан гэсэн үг үү?
                -Алдааны тухайд бид мэргэн буудагчаа бэлтгэх систем дээр нэлээн том өөрчлөлт оруулах ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Тодруулбал, ахлагчын сургууль дээр буудагч гэдэг мэргэжлээр төгсдөг. Тэр нь болохоор мэргэн буудагчынх биш автомат болон бусад буудагч гээд төрлөөрөө өөр. Ер нь Зэвсэгт хүчинд мэргэн буудагч зайлшгүй хэрэгцээтэй мэргэжил учраас мэргэн буудагчийг тусад нь бэлтгэдэг, сэтгэлзүйг нь заадаг, тусад нь бүх засвараа өөрсдөө хийдэг, бүх орчноо тодорхойлдог ийм сургалтад шилжүүлэх шаардлагатай. Би энэ талаараа удирдлагууддаа тодорхой хэмжээгээр танилцуулсан байгаа. 

-Тэмцээнд амжилттай оролцсон мэргэн буудагчийн нэрсийг ер дурдсангүй?
                -Мэргэн буудагчийн зааг тэмцээн өөрөө их хаалттай байдаг. Учир нь бусад орны Зэвсэгт хүчний нууц ажилтнууд, тусгай мэргэн буудагчид байдаг учраас тэнд зураг авах, дүрс бичлэг хийх хориотой бусад орны оролцогчтой хамт зургаа авахуулах болбол заавал өөрөөс нь зөвшөөрөл авдаг зарчимтай. Энэ ч утгаараа манайх ч бас нууцлалтай байх ёстой. Тиймээс би оролцогчдынхоо нэрийг хэлсэнгүй.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019