У.ХҮРЭЛСҮХ:МӨРДЭСТЭЙ ЭМЭГТЭЙ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН УУЛЗАЛТ ДЭЭР ИЖИЙТЭЙГЭЭ УУЛЗСАН ЮМ ШИГ БОЛЛОО

2019 оны 09 сарын 21

           Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт Соёлын төв өргөөнд өнөөдөр боллоо. Тус чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгууллаа. Энэхүү анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой ажээ. Эцэст нь шилдэг мөрдэстэй эмэгтэйчүүд ажил, амьдралын арвин туршлагаа залуучууддаа хуваалцах юм байна. Чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1300 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцсон бөгөөд энэ үеэр “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдсэн нь ирсэн зочдын анхаарлыг ихэд татаж байсан.
         Арга хэмжээний эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албаны дарга, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, Ерөнхий сайдын зөвлөх, Монгол цэргийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ХХЕГ-ын дарга, хошууч генерал Ц.Сэргэлэн, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЦЕГ-ын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Дамдинцэрэн, ТЕГ-ын дарга, хурандаа Д.Гэрэл, Дотоод хэргийн их сургуулийн захирал, хошууч генерал Ш.Лхачинжав, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж мөрдэстэй төрийн болон цэргийн хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл болсон эмэгтэй алба хаагчидтай дурсгалын зураг татуулав.

       Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг авч үзвэл Зэвсэгт хүчинд 17 хувь, хилийн цэрэгт 9.8 хувь, онцгой байдлын албанд 19 хувь, цагдаагийн байгууллагад 14 хувь, шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 28.6 хувьтай байгаа нь тэдний хууль, эрх зүйн орчин, нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай болохыг харуулж байгаа юм. Эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож ирснийг онцлох учиртай. 2006 оноос Монгол Улсын 645 эмэгтэй офицер, ахлагч НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагч, штабын офицероор болон цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн байна. Энэ нь НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 126 орноос нийт энхийг сахиулагчдынхаа тоогоор 25, эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тоогоор 17, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивдээ тэргүүлж байна. Мөн Цэргийн дуу бүжгийн чуулга болон хуулийн байгууллагуудын шилдгүүд урлагийн тоглолтоор хуран цугласан олонд уран бүтээлийн дээжээсээ өргөлөө.

 
         Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүх чуулга уулзалтаар “Ижийтэйгээ уулзсан юм шиг сайхан сэтгэгдэл төрж байна. Миний ээж Ардын армийн 150 дугаар ангид ахмад цолтой штабын офицероор ажиллаж байсан. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж байна. Монгол төрт ёсны их үйл хэргийг хатан ухаанаа зангидаж түүхэнд мөнхөрсөн Алунгуа, Өүлүн эх, Бөртэ-Үжин, Мандухай цэцэн хатан, Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа, эрдэмтэн зохиолч Удвал, Монгол Улсын баатар Түвдэнгийн Бор, Гомбын Цэнд нарын зэрэг Монголын эмэгтэйчүүдийн сор болсон алдартнуудын гавьяа зүтгэл нь бидний бахархлыг зүй ёсоор төрүүлдэг билээ. Монголын эхчүүд, эмэгтэйчүүд цэрэг эрсийнхээ бат найдвартай ар тал болж ирсэн төдийгүй эх орноо хамгаалах аюулгүй байдлыг хангах хууль сахиулах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх цаг наргүй албанд эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн нэр төртэй зүтгэж байгааг бахдан тэмдэглэхэд таатай байна. Эдүгээ улс эх орныхоо сор болсон манай нүд чих нь болсон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын ажилтан албан хаагчдын 20 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бөгөөд НҮБ-ын мандаттай энхийг дэмжих болон олон улсын бусад ажиллагаанд оролцсон бүрэлдэхүүний 4 хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлж байна. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2006 онд анх цэргийн ажиглагч офицер илгээснээс хойш эдүгээ 600 гаруй офицер ахлагч үүрэг гүйцэтгэснээс өнөөдөр 80 орчим эмэгтэй штабын холбогч офицероос эхлээд хамгийн эрсдэлтэй харуулын цэг шалган нэвтрүүлэх байранд үүргээ амжилттай гүйцэтгэж байгааг тэмдэглэн хэлэхэд сайхан байна. Саяхан би Судан улсад очоод ирсэн. Тэнд алба хааж буй манай энхийг сахиулагчид үнэхээр эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж байгааг хараад бид бүхэн үнэхээр бахархахаас аргагүй сайхан байсан. Та бүхнээрээ Монгол эх орон ямагт бахархаж явдагийг дашрамд хэлэхийг хүсэж байна. Эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг намируулж Монгол Улс гэж ямар улс байдгийг олон түмэнд таниулж алба хааж буй цэргүүд үнэхээр үүргээ сайн гүйцэтгэж байсан. Цэрэг эрс надад нэг зүйлийг захиж хэлсэн. “Монголын ард түмэнд нэг зүйлийг хэлээрэй. Манай эх орон шиг амгалан тайван аз жаргалтай улс алга. Бид Ирак, Афганистан, Сьери-Лион, Чадад алба хааж байна. Хүн бүр дор бүрийн ажлаа нэр төртэй сайхан хийх ёстой. Ингэж чадвал эх орон минь хөгжих юм байна. Одоо ч энэхүү чуулганд БНӨСУ-д үүргээ гүйцэтгэхээр ажиллагааны газар орныг зорих гэж байгаа 60 цэрэг бүсгүйчүүддээ амжилт хүсье” гэж дурдлаа.
 

        Мөн энэ үеэр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Өнөөдрийн байдлаар манай нийт Зэвсэгт хүчний бүрэлдэхүүний 70 гаруй хувь нь мэргэжлийн ахлагч офицероос бүрдэнэ. Үүнд эмэгтэйчүүд маш том үүрэг гүйцэтгэж байна. Зөвхөн уламжлалт ёсоор эмэгтэйчүүдийн хийдэг ажил холбоочин гадна цэргийн байлдааны харуулын үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцож маш том үүрэг гүйцэтгэж байгааг онцолмоор байна. Энхийг дэмжих ажиллагаанд оролцогч эмэгтэй цэргийн алба хаагчдпын тоогоор мөн дээгүүр байр эзэлдэг.

 

 

 

            ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат хэлсэн үгэндээ “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын эрх зүйн байдал, нийгэмд эзлэх байх суурь” илтгэлдээ “Монгол Улсын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудад алба хааж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг авч үзвэл Зэвсэгт хүчинд 17 хувь, хилийн цэрэгт 9.8 хувь, онцгой байдлын албанд 19 хувь, цагдаагийн байгууллагад 14 хувь, шүүхийн шийдвэр биелүүлэх албанд 28.6 хувьтай байгаа нь тэдний хууль, эрх зүйн орчин, нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан авч үзэх шаардлагатай болохыг харуулж байна. 126 улсаас нийт энхийг сахиулагчдын тоогоор 25, эмэгтэй алба хаагчдын тоогоор 17-д бичигдэж, нэг хүнд ногдох энхийг сахиулагчдаараа Ази тивд тэргүүлж байна. Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн анхдагч эмэгтэйчүүдээс дурдвал хурандаа Болор 2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дах төв штабын энхийг сахиулах ажиллагаанд анх удаа мэргэжилтнээр, дэд хурандаа Тунгаамаа 2015 онд анхны цэргийн багийн захирагчаар Судан улсын Дарфур мужид, цагдаагийн дэд хурандаа Энхжаргал 2018 онд хүчний штабт анхны эмэгтэй цагдаагаар, 2019 онд Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн эвслийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжих ажиллагаа”-нд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтарсан багт анх удаа эмэгтэй цэргийн баг тус тус үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна. 1993 онд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн нийт бүрэлдэхүүний нэг хувийг эзэлж байгаа” гэдгийг онцоллоо.

         Энэ үеэр ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, хурандаа Н.Нямжаргалтай уулзлаа. Тэрээр 2006 онд ахмад цолтой байхдаа НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж, эмэгтэй цэргийн алба хаагчдын зам мөрийг зассан мөрдэстөн бүсгүй юм.
               -Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор анх удаагаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгуулагуудын эмэгтэй алба хаагчдын анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээнд маань нийтдээ мөрдэс зүүсэн 9 байгууллагын 1300 гаруй эмэгтэй алба хаагчид оролцож байна. Урьд өмнө нь эмэгтэй төрийн болон хууль сахиулах цэргийн байгууллагын алба хаагчид ингэж олноороо цугларч байсангүй. Өнөөдөр анх удаагаа энэ боломжыг олгож байгаад бүх мөрдэстэй эмэгтэйчүүдийнхээ нэрийн өмнөөс Монгол Улсын Ерөнхий сайдад талархаж буйгаа илэрхийлье. Бид анх удаа чуулж байгаа гэдгээрээ хамтарч суучихаад явах биш энэ удаад төрийн болон цэргийн хууль сахиулах байгууллагын алба хаагч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй ямар асуудал байгааг, нийгэмд ямар байр суурь эзэлж буйг, хууль эрхзүйн орчин хэр байна гэдэг асуулгууд дээр судалгаа хийгээд үндсэн илтгэл явагдана. Үүнээс ажлын хэсэг байгуулаад явна гэсэн төлөвлөгөөтэйгээр анхдугаар чуулганаас гарсан үр дүнг ажил хэрэг болгох зорилготой арга хэмжээ явагдаж байна. Мөн түүнчлэн цэргийн албаны тухай хууль, бусад хуулиудад зөвхөн миний хувьд боломжтой байхад цагдаагийн алба хаагч эмэгтэй хүн хүүхэд төрүүлсэн хугацаанд цолны мөнгө авдаггүй гэдэг ч юм уу ялгаатай байдлууд байгааг анзаарсан. Үүн дээр ээж хүн, эх хүн, эхнэр хүн гэдэг хүнийх нь хувьд адил тэгш хандаж хуульд байгаа ялгаатай зөрүүтэй зүйлүүдийг олж харахыг эрмэлзэж байна. Тийм зүйлүүдийг манай ажлын хэсэгт уламжлана гэдэгтээ итгэлтэй байна. Би 1995 онд ҮБХИС цэргийн радио холбооны мэргэжлээр суралцаад 2000 онд төгссөн. Өнөөдөр сурсан мэргэжлээрээ Зэвсэгт хүчиндээ цэргийн албаны хуулийнхаа дагуу 24 дэх жилдээ алба хааж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин 2002 онд анх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй НҮБ-ын ажиллагаанд анхны 2 энхийг сахиулагч илгээж байсан түүхтэй. Түүнээс 4 жилийн дараа буюу 2006 онд хамгийн анхны эмэгтэй энхийг сахиулагч илгээх түүхэн боломж надад тохиосон. Түүхэн энэ албыг нэг жилийн хугацаанд харицулагатай үүрэг гүйцэтгээд ирсэн. Үүнээс хойш манайхаас 600 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд төрөл бүрийн албан тушаалд хариуцлагатайгаар үүргээ гүйцэтгээд ирсэн.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ

 

Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019