Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

         Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2002 харин олон улсын ажиллагаанд буюу Ирак, Афганистанд 2003 оноос эхлэн тус тус үүрэг гүйцэтгэж байгаа. Өнөөдрийн байдлаар 1300 орчим цэргийн алба хаагчид БНӨСУ, Баруун Сахар, Конго,Абэй мужид явагдаж буй энхийг сахиулах ажиллагаануудад үүрэг гүйцэтгэж байна. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэг жил, олон улсын ажиллагаанд 6 сарын хугацаатай үүрэг гүйцэтгэдэг. Ажиллагааны газар оронд ямар үүрэг гүйцэтгэдэг мөн ямар урамшуулал цалин авдаг талаар тодруулахаар ЗХЖШ-ын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа.

-Манай алба хаагчид ажиллагааны газар оронд ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
        - БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй мотобуудлагын батальон өөрийнхөө хариуцлагын бүс Хойд секторт НҮБ-аас тавигддаг үндсэн үүрэг болох эргүүл, цувааны хамгаалалт, дотоодын дүрвэгсэдийн болон НҮБ-ын баазын хамгаалалт зэрэг үүргүүдийг гүйцэтгэж байна.
Харин Афганистанд бол бие бүрэлдэхүүний аюулгүй байдлыг хангах, баазын хамгаалалтын үүргийг гүйцэтгэдэг.

- Ер нь энхийг дэмжих ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг мэдээлэл тааруу юм шиг. Учир нь энхийг дэмжих ажиллагаанд оролцохоор хүссэн хүн бүр явж болно, маш их хэмжээний цалин авдаг, тэр цалингаас нь тодорхой хэмжээний татвар хасдаг гэнэ. Энэ талаар албан ёсны тайлбар хэлнэ үү?
                -Ер нь олон нийтийн дунд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүн цалин авдаг, тэр цалингаас нь татвар авдаг гэх мэтийн яриа явагдаж байгаа талаар дуулсан. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүнд НҮБ-аас ямар нэгэн цалин олгодоггүй.

- Яагаад цалин олгодоггүй гэж. Энэ талаар тодруулбал?
             - Монгол Улс НҮБ-ын гишүүнийхээ хувьд хүлээсэн үүргээ биелүүлж даян дэлхийн энхтайван аюулгүй байдлын төлөө зэвсэгт хүчнээсээ цэргийн алба хаагчдаа энхийг ажиллагаанд оролцуулж байгаа. НҮБ, энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оролцуулж буй улс харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж түүний дагуу НҮБ-аас нөхөн төлбөр өгдөг. Нэг үгээр хэлбэл НҮБ-аас тухайн цэргийн алба хаагчдад ямар нэгэн нөхөн төлбөр өгдөггүй Монгол Улсад өгдөг гэсэн үг.

- Тэгэхээр үүрэг гүйцэтгэсний цалин биш юм байна. Ямар нөхөн төлбөр олгодог талаар дэлгэрэнгүй тайлбарлаач?
            - Харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу олгож буй нөхөн төлбөр нь 3 хэсгээс бүрддэг нэгдүгээрт нь үндсэн зэвсэглэл, техник тоног төхөөрөмж буюу ажиллагааны газар оронд ашиглагдаж буй зэвсэглэл, хуягт тээвэрлэгч, ачааны болон суудлын автомашинд олгодог. Хоёрдугаарт бие даан зохион байгуулж буй хангалт үйлчилгээ буюу бие бүрэлдэхүүнд үзүүлж буй эмнэлгийн, хүнсний хангалт, хооллолт, угаалга цэвэрлэгээний үйлчилгээ үзүүлсний, харин гуравдугаарт цэргийн зардал буюу үүрэг гүйцэтгэж буй бүрэлдэхүүний сонгон шалгаруулах, эмнэлгийн үзлэг оношлогоонд хамруулах, сургаж бэлтгэх үүрэг гүйцэтгэлтийн үед нь олгосон үндсэн цалингийн нөхөн төлбөр багтдаг.

-Тэгвэл хэмжээний хувьд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр олгогддог юм бэ?
            -Үндсэн төрлийн зэвсэглэл техникийн нөхөн төлбөр тухайн техникийн зориулалт, ангилал, төрлөөсөө шалтгаалан өөр өөр байдаг, бие даан зохион байгуулж буй хангалт үйлчилгээний төлбөр мөн үйлчилгээний төрлөөсөө шалтгаалан өөр өөр байдаг. Түүнийг үйлчилгээ үзүүлсэн бие бүрэлдэхүүний тоогоор тооцдог. Цэргийн зардлын нөхөн төлбөрт нэг цэргийн алба хаагчид нэг сард 1428 ам.доллараар тооцож НҮБ-аас Монгол Улсад олгодог.
Монгол Улс НҮБ-аас цэргийн зардалд олгосон нөхөн төлбөрийн 70 хувийг тухайн цэргийн алба хаагчдад өгдөг.
Олон нийтийн ойлгож байгаачлан тухайн цэргийн алба хаагчийг энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр нь НҮБ-аас цалин өгдөг түүнийх нь 30 хувийг Засгийн газар татвар болгож авдаг гэсэн үг биш. Харин Монгол Улсын Засгийн газар НҮБ-аас олгосон нөхөн төлбөрийнхөө 70 хувийг цэргийн алба хаагчиддаа өгдөг.

-Олон улсын ажиллагаанд тухайлбал Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад хаанаас нөхөн төлбөр олгодог вэ?
       -Олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний төлөө ямар нэг байгууллагаас нөхөн төлбөр олгодоггүй. Афганистанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн алба хаагчдын нөхөн төлбөртэй дүйцүүлж олгодог.

-Энхийг дэмжих ажиллагаанд явсан цэргийн алба хаагчдаас мэргэжлээрээ бусдаасаа манлайлж гавьяа байгуулсан 100 хүнд урамшуулал мөнгө олгодог тухай яригдаж байсан?
          -Ажиллагаанд 6 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэснийх нь төлөө НҮБ-ын “Энхийн төлөө” медалаар шагнадаг. Түүнээс өөр ямар нэгэн мөнгөн хэлбэрээр урамшуулал байхгүй.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг оролцуулж буй улсуудад олгодог нөхөн төлбөрийн хэмжээг НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганаар баталдаг. 2017 оныг хүртэл цэргийн зардлыг нэг цэргийн алба хаагчид нэг сард 1028 ам.доллараар үүн дээр нэмээд тусгай мэргэжилтний нэмэгдлийг нэг сард 303 ам.долларыг мотобуудлагын салбарын бие бүрэлдэхүүний 10%-д, тусгай мэргэжлийн салбарын бие бүрэлдэхүүний 25% -д олгодог байсан. 2017 оноос 1028 ам.долларыг 1428 ам.доллар болгон нэмэгдүүлж, тусгай мэргэжилтний нэмэгдлийг хассан. 2017 онд батлагдсан журмаар бүх цэргийн алба хаагч ижил хэмжээний нөхөн төлбөр авна.
-Танд баярлалаа.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 124 ДҮГЭЭР АНГИЙГ ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР ШАГНАВ

2019 оны 10 сарын 09

УУЛЫН ЯВГАН ЦЭРГИЙН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2019 оны 10 сарын 07

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГААР БРИГАДЫН ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ ТОМИЛОГДЛОО

2019 оны 10 сарын 04

АФГАНИСТАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ЦЭРГИЙН БАГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ТУГАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 10 сарын 02

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАРИЛГЫН ЦЭРГИЙН 017 ДУГААР АНГИЙГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД МАНЛАЙЛАН ОРОЛЦОХ АСУУДАЛД АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

2019 оны 09 сарын 30

Б.БАТ-ЭРДЭНЭ: ЭНХИЙГ САХИУЛАХ АЖИЛЛАГААНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АЛБА ХААГЧДАД НҮБ-ААС ЦАЛИН ОЛГОДОГГҮЙ

2019 оны 09 сарын 25

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ТӨВ ТАЛБАЙД ҮЙЛ АЖИЛЛАГААГАА СУРТАЛЧИЛЛАА

2019 оны 09 сарын 25

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019