ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ УДИРДЛАГУУД АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019 оны 09 сарын 30

          "Ахмадын баяр"-ыг угтан ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат өнөөдөр зэвсэгт хүчний гавьяанынхаа амралтад гарсан ахмадуудаа Зэвсэгт хүчний 017 дугаар ангид хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээг нээж хошууч генерал А.Ганбат “Эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт өөрийн залуу нас, ухамсарт амьдралаа зориулсан та бүхэндээ ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа баярын мэнд хүргэе. Ахмадаа ачилж, балчраа тэтгэдэг монгол сайхан уламжлалын дагуу “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. ЗХЖШ-ын Ахмадын хороо ахмадуудынхаа нийгмийн асуудлыг сайжруулах, эрх ашгийг нь хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. ЗХЖШ-аас ахмадын байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, бололцооныхоо хүрээнд нэлээд арга хэмжээ авч байна” гэдгийг дурдлаа. 

           2019 онд Хөдөлмөр халамжийн үйлчилгээний Ерөнхий газраас зарласан “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ үзүүлэх төрийн бус байгууллагыг Сонгон шалгаруулах тендер”-т чөлөөнд байгаа ахмад настнуудаас зөвлөх багш нарын баг бүрдүүлэн оролцож ЗХЖШ-ын Ахмадын хороо шалгарчээ. Мөн ахмад руу чиглэсэн үйл ажиллагаа болоод Зэвсэгт хүчний гадаад харилцаа, бүтээн байгуулалтад оруулж буй хувь нэмрийн талаар мэдээлэл өгсөн юм. Үүний дараа тэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, чөлөөнд байгаа ахлагч Д.Түмэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, чөлөөнд байгаа ахлагч Б.Цээхээ, бэлтгэл дэслэгч генерал Ц.Бямбажав, чөлөөнд байгаа хошууч генерал Б.Шагдар, Ч.Улаанхүү, чөлөөнд байгаа хурандаа Д.Баянжав, Ч.Дашживаа, А.Хүү-Ухна, Г.Бүүвдэй зэрэг 30 гаруй ахмад Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнагдсаныг гардуулан өгсөн юм. Энэ үеэр зарим ахмадын сэтгэгдлээс хуваалцлаа.

ЗХЖШ-ын Ахмад хорооны дарга, чөлөөнд байгаа хошууч генерал Д.Бадам:
         -Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийн “Олон улсын ахмадын баяр”-ыг тохиолдуулан ЗХЖШ-ын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалтай. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч манай ахмадуудад өөрийн биеэр хүндэтгэл үзүүлсэн явдалд бид бүхэн баяртай байна. ЗХЖШ-ын Ахмадын хороонд 400 гаруй ахмад бүртгэлтэй. Үүнээс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хоёр, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож явсан гурван ахмад дайчин, генерал цолтон 20 хүн байдаг бөгөөд үүний гурав нь ЗХЖШ-ын даргаар, 12 нь орлогч даргаар ажилласан байдаг юм. ЗХЖШ-ын удирдлагууд жилд хоёр удаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэхийн сацуу тэдний эрүүл мэндэд анхаарах, шагнаж урамшуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье. 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, чөлөөнд байгаа ахлагч Д.Түмэн:
          -Нэгэн цагт дарга цэрэг болж явсан нөхөдтэйгөө уулзах их сайхан байна. Миний хувьд Ардын Армид 28 жил тээврийн жолоочоор ажилласан хүн. Социалист үеийн уралдааны дээд хэлбэр болох “Саятан бригад”-ыг байгуулж, хамт олонтойгоо ажил үйлсээрээ манлайлж явсан маань саяхан мэт л санагдаж байна. 
ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй дарга нар ахмад биднийгээ хүлээн авч байгаад баярлаж байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн хэзээнээс улс орны бүтээн байгуулалтад манлайлж ирсэн гавьяатай. Энэ жишгээр Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг эх орныхоо бүтээн байгуулалтад оролцуулж байгаа нь тун зөв шийдвэр юм гэж ахмадууд бид харж байгаа. Энэ завшаанд Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт ахмад дайчид та бүхэнд эрүүл энх байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.

Эх сурвалж: ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ


Сүүлд нэмэгдсэн
ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД “ДАНКОН“ МАРШИД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2019 оны 11 сарын 07

Б.БААСАНСҮРЭН: ЭНЭ ДЭЛХИЙН ХАМГИЙН САЙХАН ҮГ, ЭЛБЭРЭЛ, ГЭГЭЭН САЙХАН БҮХНИЙ ИЛРЭЛ, ЭРХЭТ ОРЧЛОНД ЭХЭЭС МЭНДЭЛСЭН ХҮН БҮХНИЙ ЗҮРХНИЙ ДУУДЛАГА БОЛ ЭЭЖ ГЭДЭГ ҮГ ЮМ

2019 оны 11 сарын 05

ХУРАНДАА ЦОЛ ОЛГОВ

2019 оны 11 сарын 02

ЦЭНХЭР ДУУЛГАТНУУД СУРГАЛТАД СУУЖ МӨН НҮБ-ЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2019 оны 11 сарын 02

Д.САМДАНЖАМЦ: ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭМЭГТЭЙД ИЖ БҮРЭН ГЭР БЭЛЭГЛЭХ АЯНЫГ САНААЧИЛСАН МААНЬ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ХИЙЖ БУЙ ЗҮЙЛ ЮМ

2019 оны 10 сарын 29

2019 ОНД ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ, ИРГЭДЭЭС ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН БАЙДАЛ

2019 оны 10 сарын 26

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЖУРАМ

2019 оны 10 сарын 25

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ЗАСГИЙН ГАЗАР, УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ХАМТ ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2019 оны 10 сарын 25

МОНГОЛ УЛСЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЛТ САХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТААРАА ҮЛГЭР ДУУРИАЛАЛ БОЛЖ БАЙНА

2019 оны 10 сарын 11

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА Д.ГАНЗОРИГТ ХОШУУЧ ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОЛОО

2019 оны 10 сарын 10

Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019