Т.Дуламдорж: ЦЭРГИЙН ЭРДЭМ СУДЛАЛЫН ТҮҮХТ ОЙНУУД ТОХИОЖ БАЙНА

2019 оны 11 сарын 21

        Ойрын өдрүүдэд орчин цагийн цэргийн эрдэм судлалын 60, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулагдсаны 40, Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 30 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Энэ тухайд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд, яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн дарга Т.Дуламдоржтой уулзаж ярилцсаныг эрхэм уншигч танд хүргэж байна.

       Орчин цагийн цэргийн эрдэм судлал үүсэж хөгжөөд нэгэн жаран болжээ. Цэргийн шинжлэх ухаан, аюулгүй байдал, батлан хамгаалах судлалын ажлыг анх үүсгэн хөгжүүлсэн түүхээс ярилцлагаа эхлүүлэх үү?

     -Манай эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвил, архивын баримт материалуудаас судалж үзэхэд цэргийн эрдэм судлалын ажлыг 100 гаруй жилийн түүхтэй гэж үзэх бүрэн боломжтой. Учир нь анх монголчууд шашин, төрийг хослуулж, төр улс, тусгаар тогтнолоо дахин сэргээсэн Богд хаант Монгол Улс байгуулагдсанаас хойш буюу 1911-1919 онд манай улсын түүхэнд хамгийн чухал байр суурийг эзлэх “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир” хэмээх 11 боть номыг туурвижээ. Эл түүхийн 37, 38, 39 дүгээр дэвтрийг дан ганц цэргийн хэрэгт зориулсан байдаг юм. Мөн Н.Магсаржавын “Монгол Улсын шинэ гарсан түүх”, Л.Дэндэвийн “Монгол Улсын түүх”, А.Амарын “Монгол Улсын товч түүх” зэрэг ном зохиолд монгол цэргийн эрт, эдүгээгийн бүхий л үйл явдлыг хурц тодоор өгүүлсэн байдаг.

      1920-иод оны сүүлчээр төр, цэргийн зүтгэлтэн, бичиг эрдмийн өндөр боловсролтой хэмээгдсэн Ц.Дамбадорж, Н.Жадамба, С.Магсаржав, Г.Навааннамжил, Х.Чойбалсан, Эрдэнэбатхаан нарын цэргийн түүхийн анхны дурсамж, өгүүллүүд нь 1928 онд хэвлэгдэж байсан “МАХН-ын түүхэнд холбогдол бүхий зүйлүүд”, “Хувьсгалт улаан цэргийн бодлого” сэтгүүлийн 1-4 дэх дугаарт нийтлэгдсэн бөгөөд өдгөө манай архивд хадгалагдаж байна. Тэрчлэн Ц.Дамбадоржийн 1927 онд хэвлүүлсэн “Толбо нуур” номд энэ талаар тодорхой дурдсан нь бий. Ийнхүү цэргийн түүхийн судалгааны ололтуудад түшиглэн БНМАУ-ын 5 дугаар их хурлаас “Харьяат цэргийн түүхийг зохион гаргах явдлыг чухал болговол зохино” гэж заасны дагуу 1929 оны 9 дүгээр сард “Хувьсгалт цэргийн түүх зохиох комисс”-ыг байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй.

         Монголын үндэсний ардчилсан хувьсгалын 10 жилийн ойд зориулж 1931 онд Бүх цэргийн зөвлөлийн тэргүүлэгч, Цэргийн яамны сайд Г.Дэмид “Улаан цэргийн хөгжсөн түүх” номыг хэвлүүлсэн нь ардын цэргийн түүхийн бие даасан анхны бүтээл болсон хэмээн үздэг. Ийнхүү түүх судлалаар цэргийн эрдэм шинжилгээний ажлын эх суурийг өдгөөгийн Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд бий болгосон юм.


Тэгэхээр яагаад цэргийн эрдэм судлалын 60 жилийн ой гэж байгаа юм бэ?
       -1950-аад оны дунд үеэс Монголын ардын цэргийн хөгжлийн шинэ үе эхэлж, цэргийн анги, нэгтгэлүүдийг өргөтгөн зохион байгуулж, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, зэвсэглэл, байлдааны бэлтгэл сургалтад чанарын өөрчлөлт гарсан ба төрөл мэргэжлийн цэргийн боловсон хүчнийг олноор нь бэлтгэж эхэлсэн. Ингэснээр манай улсын хувьд уламжлалт морьт цэргийн түүхийн хуудас шувтарч, орчин үеийн мотобуудлагын армийг байгуулах үйл явц өрнөсөн бөгөөд энэхүү түүхэн үед Монголын ардын цэргийн хэмжээнд судалгаа шинжилгээний байгууллагыг бий болгон цэргийн шинжлэх ухааны тодорхой салбарыг хөгжүүлэх шаардлага урьд урьдаас илүү тавигдах болсон юм. Тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооноос 1958 оны 6 дугаар сард тогтоол гаргаж, цэргийн болон нийгмийг аюулаас хамгаалах чиглэлээр судалгаа явуулахыг Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яаманд даалгажээ. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд БНМАУ-ын Цэргийн ба Нийгмийг аюулаас хамгаалах хэрэг эрхлэх яамны сайдын 1959 оны тушаалаар “Цэргийн түүх боловсруулах секц”-ийг байгуулснаар цэргийн түүх судлалын анхны байгууллага үүссэн түүхтэй. Иймээс бид орчин цагийн цэргийн эрдэм судлалын 60 жил гэж байгаа юм. Энэхүү нэгэн жаранд Монгол Улсын шинжлэх ухааны салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурийг эзэлж ирсний нэгэн тод илрэл нь манай Зэвсэгт хүчний генерал, офицер, албан хаагчдын дундаас ОХУ, ХБНГУ болон эх орондоо шинжлэх ухааны докторын зэргийг 14, боловсролын докторыг 207 хүн амжилттай хамгаалсан явдал юм. Ийнхүү үндэсний аюулгүй байдлыг хангах гол асуудлыг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан батлан хамгаалах салбарт эрдэм судлалын ажлыг үүсгэн хөгжүүлэх таатай нөхцөл, бодит хөрсийг бүрдүүлсэн.

Энэ жилийн хувьд тохиож буй бас нэг тэмдэглэлт өдөр нь Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 40 жилийн ойн баяр юм. Энэ тухайд ...
          -Тийм ээ. Тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооноос “Батлан хамгаалах хүчийг бэхжүүлэх талаар авах зарим хэмжээний тухай” тогтоолыг 1979 оны 5 дугаар сард гаргасан. Энэхүү тогтоолоор оператив, байлдааны болон улс төрийн бэлтгэлийн тэргүүн туршлагыг нэгтгэн судлах, түүхийг бичих зорилгоор Батлан хамгаалах яамны Цэргийн эрдэм шинжилгээний институтийг байгуулсан нь өнөөдрийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үндэс суурь болсон юм. Тухайн үеийн Цэргийн эрдэм шинжилгээний институт нь цэргийн түүхийн, цэрэг-техникийн, социологи-цэргийн сэтгэл зүйн сектор гэсэн бүтэцтэй байсан юм. Өдгөө Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн нь манай салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үндсэн гол байгууллага бөгөөд “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал”, “Батлан хамгаалах дүн шинжилгээний төв”, “Цэргийн урлаг судлалын төв”, “Байлдааны зэвсэглэл, техник, технологи судлал, инновацын төв”, “Цэргийн түүх судлалын төв” гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

      Цэргийн эрдэм шинжилгээний ажлын үндсэн зорилго нь онол, практикийн тулгамдсан чухал асуудлыг судлах, онолын шинэ дүгнэлт, үндэслэлийг боловсруулах, цэргийн урлагийг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалт, дайчилгааны болон байлдааны бэлэн байдал, сургалт бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх, зэвсэглэл, байлдааны техникийн ашиглалт, хадгалалтыг сайжруулахад түлхэц болох арга замыг тодорхойлоход оршдог. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 1989 онд цэргийн эрдэмтэн судлаачдыг удирдан чиглүүлдэг, судалгааны боловсруулалт, туршилтын ажлыг захиалж гүйцэтгүүлдэг, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг, хянан шалгадаг байгууллага байх хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл анх байгуулагдсан. Энэхүү зөвлөл үүссэн байгуулагдаад өдгөө 30 жил болжээ.

Өнөөдрийн Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
       -Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь батлан хамгаалахын салбарын шинжлэх ухаан, технологи, инновацын бодлогыг тодорхойлж, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэм судлалын ажлыг удирдан чиглүүлэх, судалгааны боловсруулалт, туршилтын ажлыг захиалах, гүйцэтгүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, тэдгээрийн явцад хяналт тавих, үр дүнг нь хэлэлцэн хүлээн авах, цэргийн хэрэг, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой юм. Түүнчлэн бид энэхүү зорилго, зорилтоо хэрэгжүүлэхдээ шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шинжлэх ухааны академи болон Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран ажиллах, салбарын эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр нэлээд ажлыг зангиддаг юм.

Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс өнгөрсөн 30 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн онцлох ажлын тухайд ...?
      -Юуны өмнө Шинжлэх ухаан, технологийн зөвлөл байгуулагдсан түүхээс товч танилцуулъя. Батлан хамгаалах яамны Цэргийн эрдэм шинжилгээний институт нь 1980-аад онд тус яамны хэмжээнд судалгаа, шинжилгээний ажил явуулах, боловсон хүчнийг бэлтгэх хэтийн болон таван жилийн төлөвлөгөө, чиглэл зэргийг боловсруулж, хэрэгжилтийг нь зохион байгуулдаг байлаа. БНМАУ-ын Батлан хамгаалах яамны коллегийн 1989 оны анхдугаар хурлаар Цэргийн эрдэм шинжилгээний институтийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний асуудлыг хэлэлцэн, уг хурлаар Цэргийн эрдэм шинжилгээний институтийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийг өөрчлөн холбогдох дүрэм, зааврыг боловсруулан гаргахаар шийдвэрлэсний дагуу Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар Батлан хамгаалах яамны "Шинжлэх ухаан, техникийн зөвлөл”-ийг байгуулсан түүхтэй.

      БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайдын 1989 оны 90 дүгээр тушаалаар Шинжлэх ухаан, техникийн зөвлөл”-ийг анх 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн анхны даргаар тухайн үеийн Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд бөгөөд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Ш.Жадамба, орлогч даргаар тус яамны Техник, зэвсэглэл эрхэлсэн орлогч дарга, хошууч генерал П.Мөнхдорж, Монголын Ардын Армийн Улс төрийн газрын нэгдүгээр орлогч дарга, хурандаа Ц.Дашзэвэг, эрдэмтэн нарийн бичгийн даргаар Монголын Ардын Армийн Холбооны цэргийн дарга-Зэвсэгт хүчний Жанжин штабын Холбооны хэлтсийн дарга, цэргийн ухааны дэд эрдэмтэн, профессор, хурандаа Б.Равжаа нар ажиллажээ.

         Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын хууль, эрх зүй, бодлогын шинэчлэлийн хүрээнд бид салбарын бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөөгөө эрдэмтэн судлаачидтайгаа хамтран боловсруулан батлуулж, хэрэгжүүлсээр байна. Мөн Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дүрэм, бүтцийн өөрчлөлт, стратегийн баримт бичгийг хэд хэдэн удаа шинэчлэн батлуулсан. Судалгаа боловсруулалтын ажлын талаар тоймлон хэлэхэд салбарынхаа бодлого, үйл ажиллагаа, тулгамдсан асуудлын шинжлэх ухааны үндэслэлийг тодорхойлох, онол, арга зүйг боловсруулах зорилгоор тус зөвлөл түүхэн 30 жилийн хугацаанд улсын төсвөөс нийт нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилттэй 30 гаруй шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгааны болон зэхэц ажлуудыг хэрэгжүүлээд байна.

Таныг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг даргалж буй хугацаанд цэргийн эрдэмтэн, судлаачдын хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар тодруулахыг хүсье. Тэдгээрийн онцлог нь юунд оршиж байна вэ?
       -Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр миний бие 2016 оноос Батлан хамгаалахын дэд сайдаар ажиллаж байгаа бөгөөд тус яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг удирдаж байна. Сүүлийн жилүүдэд яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл нь “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал, цэргийн ухааны салбар зөвлөл”, “Техник, технологи, инновацын салбар зөвлөл” гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд НАТО-ийн “Аюулгүй байдал, энхийн төлөө шинжлэх ухаан” хөтөлбөрийн санхүүжилтээр Бүгд Найрамдах Словак Улсын байгаль орчны агентлаг, манай Шинжлэх ухааны академийн Газар зүй, экологийн хүрээлэн, Байгаль орчны мэдээллийн төвтэй хамтран Монгол Улсад анх удаа цэргийн зориулалттай ашиглагдаж байсан газар орны геоэкологийн төлөв байдлын талаар, мөн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, төвд, будда судлалын хүрээлэнтэй хамтарсан “Монгол Улс дэлхийн II дайнд” сэдэвт олон улсын төслүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Улсын санхүүжилтээр 370 гаруй сая төгрөгийн шинжлэх ухаан, технологийн төсөл болон суурь судалгааны 12 ажлыг хэрэгжүүлээд байна.

        Зөвлөлийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сан зэрэг холбогдох байгууллагатай нягт хамтран ажилладаг. Үүний нэгэн тод илрэл нь өнгөрсөн онд бид Шинжлэх ухааны академитай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэж, тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна. Бас нэг онцлог гэвэл, 2004 оноос хойш салбарын хэмжээнд жил бүр шалгаруулдаг байсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит оны “Шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн уралдаан”-ыг 2018 оноос улс орон даяар зарладаг болсон. Энэхүү уралдаан нь Батлан хамгаалах салбарын судалгаа боловсруулалтын ажлыг хөхиүлэн дэмжих, эрдэмтэн судлаачдаас дорвитой үр дүн гаргасан шилдэг бүтээлүүдийг шалгаруулан олон нийтэд сурталчлахад чиглэгддэг юм. Үүнийгээ дагаад бид энэхүү уралдааныг “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал”, “Зэвсэглэл, техник технологи” гэсэн хоёр үндсэн чиглэлээс гадна “35 хүртэлх насны залуу судлаач”, “Шилдэг инновацын бүтээл”, “Шинэ бүтээл, оновчтой санал”-аар буюу нийт 5 номинациар 13,0 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Түүнчлэн 2017 оноос “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит тэргүүний эрдэм шинжилгээний төв”, “Батлан хамгаалахын сайдын нэрэмжит тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-ыг ч бас шалгаруулдаг болсон. Энэ бүхэн маань эрдэмтэн судлаачдынхаа оюуны бүтээлийг үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлж байгаагийн сацуу тэднийхээ эрдэм судлалын ажилд нь урам зоригийг өгч байгаа томоохон ажлуудын нэг юм. Түүнчлэн Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар 2013 оноос хойш жил бүр олон улсын эрдэм шинжилгээний хурлыг тогтмол зохион байгуулж байна. Бидний зохион байгуулсан энэхүү эрдэм шинжилгээний хурлуудын хамрах хүрээ, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг ч энд дурдахад таатай байна.

Аливаа ажлын үр дүн хөрсөн дээр бууснаар илэрдэг гэж би хувьдаа боддог юм. Та зөвлөлийнхөө үйл ажиллагаанд дүгнэлт өгвөл ...
        -Батлан хамгаалахын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачдын гүйцэтгэсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг цэргийн хэрэг, практикт нэвтрүүлэн шинэ мэдлэг, инновацын бүтээгдэхүүнийг бий болгоход яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс анхаарч 2018 оноос зөвлөлийнхөө хуралдаанаар инновацын төслийг тусгайлан авч хэлэлцэж байгаа. Батлан хамгаалах салбарын хууль, эрх зүйн шинэчлэл, бодлого, үйл ажиллагаа болон Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, цэргийн хэрэг, практикт нэвтрүүлсэн, өөрөөр хэлбэл, инновацын бүтээгдэхүүний талаар ганц, хоёр жишээг дурдъя. “Зэвсэгт хүчний байгуулалтыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийн шинжлэх ухааны үндэслэлийг гаргахдаа “Монгол Улсын Зэвсэгт хүчний хөгжлийн төлөв-2030” сэдэвт судалгааны ажлыг ашигласан нь инновацын бүтээгдэхүүн болсоны нэг жишээ юм. Мөн “Батлан хамгаалах салбарын хүний нөөцийн бодлого” баримт бичгийг боловсруулахдаа цэргийн эрдэмтэн, судлаачдын гүйцэтгэсэн “Батлан хамгаалахын хүний нөөцийн менежмент. Шифр: Хүний нөөц-2020”, “Цэргийн байгууллагад ажиллаж байгаа энгийн албан хаагчдын эрх зүйн байдлын судалгаа” сэдэвт судалгааны ажлын тайлангуудыг ашигласан. Тэрчлэн “Ассимметрик дайн, байлдааны ажиллагааны судалгаа” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээр “Хүч тэнцвэргүй дайн, байлдаан” номыг хэвлүүлэн нийтийн хүртээл болгож, судалгааны эргэлтэд орууллаа. Үүний зэрэгцээ техник, технологийн хувьд ч бид инновацын бүтээлээр арвин байна. Жишээлбэл, манай эрдэмтэн, судлаачдын зохион бүтээсэн радио удирдлагатай бай өргөх төхөөрөмжүүдийг Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын сургалт бэлтгэлд сүүлийн жилүүдэд өргөнөөр ашиглаж байгаа нь давуу талтай.

Яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд улам өргөжиж байна. Иймд цаашид баримтлах бодлого, үйл ажиллагаанд гарах өөрчлөлтүүдийн талаар тодруулна уу?
         -“Монгол Улсын Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”, “Батлан хамгаалах салбарт шинжлэх ухаан, технологи, инновацыг 2021 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө” гэсэн эрх зүйн гол тулгуур баримт бичгүүд ирэх онд хэрэгжиж дуусна. Иймд бид энэхүү бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөөний хэрэгжилтийг нэгтгэн дүгнэх ажлыг хийх ёстой. Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчны шинэчлэл нь улам гүнзгийрч байгаатай нийцүүлэн бид ч салбарынхаа шинжлэх ухаан, технологи, инновацын бодлого, мастер төлөвлөгөөгөө шинэчлэн боловсруулна. Мөн Шинжлэх ухааны академитай байгуулсан санамж бичгийнхээ хэрэгжилтийг дүгнэж, хамтын ажиллагаагаа цаашид улам хөгжүүлэх ёстой.

        Тэрчлэн 2020 оноос шинжлэх ухаан, технологийн таван төслийг хэрэгжүүлнэ. Улсын санхүүжилтээр 2018-2019 онд хэрэгжиж буй “Үндэсний цэргийн стратеги, тактикийн асуудал-II” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнд туурвих “Операцын урлаг” болон “Ерөнхий цэргийн тактик” нэг сэдэвт хамтын бүтээлүүдээ эрдэмтэн, судлаачдаасаа хүлээн авч, судалгааны эргэлтэд оруулна. Түүнчлэн “Батлан хамгаалахын боловсрол, түүний агуулга, арга зүйн үндсэн асуудлууд” сэдэвт шинжлэх ухаан, технологийн төслийн тайлангаа хэлэлцэж, хүлээн авна. Судалгаа боловсруулалтын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, тэдгээрийн үр дүнг инновац болгон Зэвсэгт хүчин, цэргийн хэрэг, практикт нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллах болно.

Шинжлэх ухаан, технологийн зөвлөл энэ оны 4 дэх хуралдаанаараа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2019 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлүүдээ шалгаруулжээ. Энэ жилийн шалгаруулалтын онцлог ...
      -Батлан хамгаалахын сайдын нэрэмжит "2019 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээл шалгаруулах уралдаан”-ыг орон даяар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр 2018 оноос эхлэн зарласан. Энэхүү уралдааныг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарласнаар Батлан хамгаалах салбарт ажиллаж буй залуу цэргийн алба хаагчид, мэргэжлийн инженерүүдийн идэвх санаачилга, оролцоо өмнөх жилүүдээс эрс нэмэгдэж, Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийг дээшлүүлэхэд ашиглагдах боломжтой “Үүрэн телефоны сүлжээ ашиглан радиотелеграфын дохио дамжуулах систем”, “Соно-1 нисгэгчгүй нисэх аппарат”, “ММ-1 лугшилтат тийрэлтэт хөдөлгүүр”, “Буудлагын дасгалын автоматжуулсан систем”, “Цэргийн дүрмүүдийн аппликешн” зэрэг цоо шинэ бүтээлүүд оролцсоноороо чухал ач холбогдолтой байлаа. Эдгээр бүтээлийг төрийн цэргийн байгууллагуудын сургалт бэлтгэлд туршин, үйлдвэрлэлд нэвтрүүлж, цэргийн хэрэг, практикт ашиглах бүрэн боломжтой. Нэмж сонирхуулахад, энэ жилийн шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдийн 56 хувийг цэргийн зэвсэглэл, техник технологи, инновацын бүтээл эзэлсэн.

      Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2019 оны “Аюулгүй байдал, батлан хамгаалах судлал”-аар тэргүүн байр эзэлсэн ҮБХИС-ийн профессор, БХЭШХ-ийн Цэргийн урлаг судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэгийн туурвисан “Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалт, удирдлагын шинэчлэл” номын шинжлэх ухааны ач холбогдол нь Монгол Улсын батлан хамгаалах бодлогын хувьсан өөрчлөлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласны зэрэгцээ батлан хамгаалах бодлогын шинэчлэлийн гол асуудал болох батлан хамгаалах тогтолцоо, Зэвсэгт хүчний байгуулалт, батлан хамгаалах байгуулалтын онолын үндэс, Зэвсэгт хүчний удирдлагыг шинээр тодорхойлж, тэдгээрийн зааг ялгааг гаргасанд оршиж байгаа юм. Дэд байрт шалгарсан БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D.), хошууч Т.Сүхбаатарын туурвисан “Монголын Алтан ордны улсын цэргийн түүх” нэг сэдэвт бүтээлийн шинжлэх ухааны ач холбогдол нь түүх болон цэргийн шинжлэх ухааны огтлолцолд Алтан ордны улсын цэргийн түүхийг Зүчийн улсын үүсэл хөгжил, нэршил, засаг захиргааны зохион байгуулалт, төрийн бүтэц, аж ахуй, соёл, шашин шүтлэг, соёл иргэншлийг судалсан анхны бүтээл болсонд оршиж байна.

         Түүнчлэн энэ жил "2019 оны тэргүүний эрдэм шинжилгээний төв”-өөр доктор (Ph.D.), профессор, бригадын генерал Ч.Сосорбарам даргатай БХЭШХ-ийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн хамт олон, “Тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан”-аар мөн хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D.), дэд профессор, дэд хурандаа Б. Эрдэнэчимэг тус тус шалгарлаа.
 

Сүүлийн асуултыг танд үлдээе ...
     -Нийт цэргийн эрдэмтэд, судлаачдадаа түүхт ойнуудын баярын мэндийг өргөн дэвшүүлье. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлаараа бусдыгаа манлайлсан Батлан хамгаалахын сайдын нэрэмжит 2019 оны шинжлэх ухаан, технологийн шилдэг бүтээлийн зохиогчид, зохион бүтээгчид болон тэргүүний эрдэм шинжилгээний төв, тэргүүний эрдэм шинжилгээний ажилтан та бүхний ажилд тань өндөр амжилт, амьдралд тань аз жаргал, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хурандаа Б.ОТГОНБАЯР

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019