ХЭЛСЭН ҮГ, ХИЙСЭН АЖИЛДАА ЭЗЭН БОЛСОН ХАМТ ОЛОН

2019 оны 12 сарын 06

      Монгол Улсын Батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан цэргийн нэгдмэл тогтолцоог бүрдүүлэн, Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах нэр хүндтэй үүргийг 95 дахь жилдээ дархалж яваа Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олныг энэ удаагийн сурвалжилгаараа онцолж байна.

Сурвалжилгын эхэнд Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас зарим асуултад хариулт авлаа.

Ж.Болдбаатар: ҮЛЭЭВЭР ХӨГЖМИЙГ ШИНЭЧИЛСЭН
Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб орон нутагт хуулийн хэрэгжилтийг хангуулах үндсэн үүргээс гадна сүүлийн жилүүдэд цэргийн насны залуусын эрүүл мэндийн асуудалд ихээхэн анхаарч байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

         -Орон нутгийн төрийн захиргааны удирдах байгууллагууд Монгол Улсын Батлан хамгаалах тухай хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт тавих мөн цэрэг татлагыг зохион байгуулах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зэрэгт анхаарч ажилладаг. Цэргийн штаб нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төв байгууллага болох Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ыг төлөөлдгөөрөө онцлог. Орон нутагт ажиллана гэдэг хуулийн хэрэгжилтийг хангана гэсэн үг. Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб цэрэгт татахаасаа илүү цэргийн насны залуусын эрүүл мэндийн үзлэгт ач холбогдол өгч байгаа. Өөрөөр хэлбэл, энэхүү үзлэг нь онош тогтоох, нөгөөтэйгүүр өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгддэг болсон гэж хэлж болно. Цэргийн насны залуусын өвчлөл ямар түвшинд, ямар оноштой байгаа зэргийг программд оруулсан. Ингэснээр зөв үнэлэлт, дүгнэлт гаргахуйц судалгаатай болсноос гадна цэргийн насны залуусын өвчлөлийг бүрэн хяналтдаа байлган эрүүл мэндийн асуудлыг нь шийдвэрлэхэд дөхөм болж байна.

Цэргийн жинхэнэ албанаас гадна дүйцүүлэх албыг ч залуус сонирхдог. Тэдэнд ямар боломжууд нээлттэй вэ?
       -Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр эх орноо хамгаалах журамт үүргээ биелүүлж хугацаат цэргийн алба хаана гэж заасан. Цэргийн алба хаах таван хэлбэр бий. Өмнө нь ганцхан хэлбэрээр хаадаг байсан бол өдгөө олон хэлбэрт шилжсэнээр залууст боломж, сонголтууд нээлттэй болсон. Хугацаат цэргийн албыг өөрийн сонгосон хэлбэрээр хуулийн хүрээнд хаах боломжтой. 18-25 хүртэл насандаа цэргийн жинхэнэ алба хаахаас гадна биеэр дүйцүүлэх буюу хоёр жилд 180 цаг ажил, үүрэг гүйцэтгэх гэх мэтээр алба хааж болно. Мөн цэргийн мэргэжил олгох "Оюутан цэрэг" сургалтад хамрагдсанаар их, дээд сургуулийн оюутнууд суралцах явцдаа цэргийн албаа хаах таатай нөхцөл ч бүрдсэн. Цэргийн албаны тухай хуульд дээрх боломжит хувилбаруудыг нарийвчлан заасан байгаа. Статистикаас сонирхуулахад, 2018 онд 1881 иргэнээр цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаалгаж, Нийслэлийн төрийн санд 1,1 тэрбум, 2019 онд 1,2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Харин “Оюутан цэрэг" сургалтад 5200 гаруй оюутан хамрагдаад байна.


Батлан хамгаалах яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хувьд бусад салбаруудыг бодвол хамтын ажиллагаа илүү ойр, нягт гэдэг нь анзаарагддаг. Энэ хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгнө үү?
      -Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн гишүүд, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдтэй ажил хэргийн уулзалтыг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэхүү уулзалтаар олон асуудлыг шийдвэрлэж, зарим санал, санаачилгыг ажил хэрэг болгон хамтран ажилладгаараа ач холбогдолтой. Жишээлбэл, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын дунд алба хаагчдын ажиллах орчныг сайжруулж, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор тэргүүний тохижилттой, жагсаалч анги шалгаруулах “Монгол цэргийн жавхаа" уралдааныг дөрвөн жил дараалан зохион байгуулж, 12 офицерыг орон сууцтай болгон, ангиудад үлээвэр хөгжим, эмнэлгийн тоног төхөөрөмж өгч, бялдаржуулах төвүүдийн материаллаг баазыг сайжруулсан. Энэ ажилд нийслэлээс 2,4 тэрбум төгрөг зарцуулсан. Дараагийн нэг томоохон ажил бол нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, алба хаагчдын ая тухтай, дулаан орчинд ажиллах орчныг бүрдүүлэх зорилгоор Зэвсэгт хүчний 065, 084, 124, 310 дугаар ангиудын болон Батлан хамгаалах яамны захиалгаар барьсан 300 айлын орон сууцыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг 3,1 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Орон сууцыг төвлөрсөн дулаанд холбох ажлыг хийснээр жилд 10000 тонн нүүрс шатаахгүй болж, алба хаагч, иргэдийн амьдрах орчин сайжирч, агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурсан. Цаашид агаарын бохирдлыг бууруулах талаар хамтран ажиллахаар төлөвлөсөн зүйлс бий.

Бусад онцлох ажлын тухайд юу хэлэх вэ?
      -Батлан хамгаалах тухай хуулийг сурталчлах хүрээнд Нийслэлийн есөн дүүрэг, 173 хороодын иргэдэд нэг цэгээс хэрхэн үйлчлэх талаар цэгцтэй зохион байгуулалтад орсон. Сурталчилгааны ажлууд тогтмол хийгдэж байгаа. Мөн Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайдаар батлуулсан. Тодруулбал, орон нутгийг батлан хамгаалах чиглэлээр хангах бие даасан эрх зүйн акт бүрдлээ гэж ойлгож болно. Цэргийн штабын барьж буй бодлого бол иргэдэд хуулиа сурталчилна, хэрэгжилтэд нь хяналт тавина, хуулийг хэрэгжүүлэх боломж, бололцоог төрөөс олгоход туслалцаа, дэмжлэг үзүүлнэ. Мөн Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, орон нутгийн төрийн захиргааны байгууллага, Батлан хамгаалах салбарын хоорондын үйл ажиллагааг уялдуулах юм. Дараагийн дугаарт Нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ-ын дарга болон хороодын Засаг дарга нартай цэргийн бэлтгэл үүрэгтний сургалт, аж ахуйн нэгжүүдэд хуулийг сурталчлах хүрээнд олон талт ажлууд хийгдэж байна.

       Мөн тэрээр "Сүүлийн үеийн сайн мэдээ гэвэл ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хамт олны хүсэлтээр бүх хөгжмийг нь шинэчлэхэд шаардлагатай 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг Нийслэлийн ЗДТГ-аас шийдвэрлээд байна. Манай ҮЖҮНХ-ийн хөгжим, техникүүд нь бүгд хуучирч чанарын шаардлага хангахгүй болсны улмаас хөгжимчид маань өөрсдийн хувийн хөгжмөөрөө тоглох, энд тэндээс хөгжим гуйж тоглодог зэрэг асуудал байсан юм билээ. Энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэж, Монгол Улсын нүүр царай болдог тус найрал хөгжмийн хамт олон маань АНУ-д үйлдвэрлэгдсэн, чанарын шаардлага хангасан иж бүрэн хөгжмийн зэмсэгтэй болоод байна" гэв.

     Хурандаа Ж.Болдбаатарын ярианд дурдагдаж амжаагүй олон ажлын ард Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын хамт олон гар, сэтгэл нийлэмжтэй ажиллаж гарсан. Тухайлбал, Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудад Нийслэл хотоос татагдсан хугацаат цэргийн алба хаагчдаа эргэж, Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутаг, цэргийн ангиудад сурталчлах арга хэмжээг уламжлал ёсоор зохион байгуулсан. Ерөнхий боловсролын сургуулиудын 10-12 дугаар ангийн сурагчдын дунд “Халхын гол-80 жил” сэдэвт зохион бичлэгийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулснаас гадна Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг угтсан их ажлын ард гарчээ. Соёлын төв өргөөнд Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдын төлөөлөл Г.Батмөнх, Ц.Чимэдцэрэн нарт хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан. Мөн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг хоёр үе шаттай зохион байгуулж урьд жилүүдийнхээс илүү өргөн бүрэлдэхүүнийг хамруулсан гээд дурдаад байвал цөөнгүй аж.

         Энэ жилээс тус Цэргийн штаб “Дуурсах он жилүүд” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж. Уг хамтын ажиллагааны хүрээнд зургаан их, дээд сургуулийн 880 оюутан, ажилчин, багш нарт “Халхын голын байлдааны ялалтын үнэ цэн, түүхэн ач холбогдол” сэдвээр лекц уншиж, яриа таниулга хийснээс гадна ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хамрагдсан “Халх голдоо баярлалаа” тойрон аяллыг Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран Зайсан дахь "Зөвлөлтийн дайчдын хөшөө", хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн хөшөө, Монгол цэргийн музей, Жуковын гэр музей гэсэн маршрутаар зохион байгуулж “Улаан одхон” сонины тусгай дугаарыг хэвлэн олон нийтийн хүртээл болгожээ.

         Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд томоохон хөшүүрэг болсон өөр нэг ажил нь Монгол цэргийн нэгдсэн холбоотой хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулсан “Жагсаалын дарга, бага дарга нарын дурсамж уулзалт” юм. Тус уулзалтад жагсаалын дарга, бага даргаар цэргийн алба хаасан 1300 иргэн урилгаар оролцсон бөгөөд энэ үеэр Үндэсний урлагийн их театр, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд чуулга”, “Хурд хамтлаг” бусад уран бүтээлчдийн сор бүтээлүүд тайзнаа амилж, Монгол цэргийн музей, Хилийн цэргийн музей, Онцгой байдлын музейн ховор үзмэрүүд ч дэлгэгдсэн.

         ОХУ-ын А.В.Александровын нэрэмжит Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын тоглолтыг үзэх завшаан танд тэр бүр олдоод байхгүй гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз. Тэгвэл тийм ховор боломжийг тэдэнд олгоход мөн л Цэргийн штабын бие бүрэлдэхүүн оролцож, нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл гарган ажилласныг дуулгахад таатай байна. Тус чуулгын гайхалтай тоглолтыг хоёр өдрийн турш үзэж сонирхсон иргэдийн хөөрч, баяссан сэтгэл бууж амжаагүй байхад ОХУ-ын Зэвсэгт хүчний агаарын цэргийн нисэх хүчний үзүүлэх тоглолтыг “Хүй долоон худаг”-т зохион байгуулсан.
Дашрамд, эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах тайз, дэлгэц, гэрэлтүүлэг чимэглэлийн зардал болох 180 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргажээ. Мөн ойн ажлын хүрээнд ОХУ-ын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөний засварын ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хөрөнгөөр, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Эскадрилийн хөшөө, Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын хөшөөний суурийн хэсгийг засварлах ажлуудыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн байна.

        Нэг зүйлийг онцлоход, цэргийн албанаас халагдсан залуусын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ч гойд анхаарч ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ онд гэхэд л 190 иргэнийг ажлын байранд зуучлан орлоготой болгож, 214-т нь боловсролын үйлчилгээ, бусдад нь эд материалын зэрэг тусламжийг үзүүлсэн байна. Тэдгээр иргэд болон тэдний ар гэрийн төлөөллүүд Цэргийн штабынхныг "Хэлсэн үг, хийсэн ажил нь ацаг шүдний зөрүүгүй" хэмээн үйл ажиллагаанд нь сэтгэгдэл өндөр байдгаа илэрхийлсэн.

        Эдгээр ажил нь Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна Нийслэлийн Цэргийн штабынхныг буух эзэн, буцах хаягтай хамт олон гэдгийг эрх биш хэлээд өгнө дөө.

      Мэдээж хэрэг Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын ажлыг хэмжих нэг үзүүлэлт нь дүүргүүдэд хийгдсэн ажил байх нь лавтай. Зарим дүүргийн удирдлагаас Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах хүрээнд хийгдсэн онцлох ажлуудын талаар тодрууллаа.

Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд: ЦЭРГИЙН АЛБАНААС ХАЛАГДСАН ЗАЛУУС АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДСАН

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар “M-Health” программыг анх санаачилсан. Энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
     -2017 онд Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын санаачилгаар цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх зорилгоор ээлжит цэрэг татлагаар хамрагдсан залуучуудын эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт хийх бүртгэлийн программыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, туршаад нийслэл, дүүрэг, аймгуудын ЗДТГ-ын цэргийн штабуудад нэвтрүүлэн ашиглаж байна. Ингэснээр цэргийн насны залуучуудын Цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй байгаа учир шалтгааныг тогтоон, урт болон богино хугацаанд эдгэрэх өвчний оноштой иргэдийг эрүүлжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, эрүүлжсэн залуучуудыг Цэргийн жинхэнэ албанд тэнцүүлж хуулийн дагуу цэргийн алба хаалгах ажлыг эхлүүлсэн. Мөн программыг нэвтрүүлснээр гар ажиллагаа багасаж, цаг хугацаа хэмнэсэн зэрэг давуу талууд бий болсон. Түүнчлэн 2017 оноос эхлэн хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нарын дунд “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн байдлыг дээшлүүлэх болзолт уралдаан"-ыг зохион байгуулж дүгнэн урамшуулсан нь тодорхой үр дүнд хүрч байгаа.

Танай дүүрэгт харьяалалтай цэргийн албанаас халагдсан иргэд болон ахмад дайчид руугаа чиглэсэн ямар ажлыг зохион байгуулсан бэ?
       -Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн ангиудаас халагдсан дайчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх, ажлын байраар хангах өдөрлөгийг зохион байгуулдаг. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагуудтай хамтран ажлын байраар хангах, хөдөлмөрт бэлтгэх сургалтад хамруулах зэрэг ажлыг тогтмол хийж ирсэн. Үүний дүнд тодорхой хувь нь шууд ажлын байраар хангагдаж, байнгын орлоготой болсон. Мөн "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний ойн баяраар ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж, үйлс гавьяаг нь алдаршуулах ажлыг тогтмол зохион байгуулан эргэх холбоотой ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб жил бүр Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойг өргөн тэмдэглэдэг. Энэ талаар ...
         -Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан уламжлал ёсоор дүүргийн ЗДТГ, хороод, Зэвсэгт хүчний 011, 120, 303, 326 дугаар анги болон Монгол цэргийн музейтэй хамтран “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг “ХҮННҮ МОЛЛ” худалдаа үйлчилгээний төвд зохион байгуулж 300 гаруй иргэнийг хамруулсан. Бас "Энхийг сахиулагчдын өдөр"-ийг тохиолдуулан энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын чин сэтгэлийн үг, мэндчилгээг хүргэх зорилготой “Энхийг сахиулж байгаа монгол цэргүүдэд хүргэх чин сэтгэлийн үг” сэдэвт ил захидлуудыг дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүддээ илгээсэн зэрэг үр дүн, ач холбогдол өндөртэй ажлуудыг хэрэгжүүлсээр байгаа.
Ц.ЭНХ-ОРГИЛ

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019