ДЭЭВЭР НУТГИЙН ДЭЭШЛЭН ДЭВЖИЖ БАЙГАА АНГИЙНХАН

2019 оны 12 сарын 13

        Улаанбаатар хотоос 1700 километрийн алсад орших Монгол Улсын дээвэр болсон нутагт арав дахь жилийнхээ хавартай золгох гэж байгаа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ирлээ.

     Аймаг, орон нутагт Зэвсэгт хүчний анги байгуулагдсанаар ямар их өөрчлөлт авчирч болдгийг энэхүү ангийн туулж ирсэн замнал, бүтээн байгуулалт нөр их ажил, хөдөлмөр батлан харуулна. 2010 онд Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу улс орны бүтээн байгуулалтын ажил болон олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох чиг үүрэгтэйгээр байгуулагдахад одоогийн бригадын генерал П.Доржсүрэн захирагчтай бүрэлдэхүүн алсын зайн марш үйлдэн их үйлсийн аянд мордож байжээ. Орон нутагт ангийн үйл ажиллагааг бүх зүйлийг тэгээс эхэлнэ гэдэг амаргүй нь ойлгомжтой.

     Энэ талаар ангийн захирагч, хурандаа Б.Дорждэрэм хэлэхдээ “Бие бүрэлдэхүүний хувьд цэргийн алба, сахилга, зохион байгуулалтаараа тэргүүний ангийн хэмжээнд хүрсэн. Энэ нь ч бидний ололт амжилтаас илхэн харагдана. Нэг үеэ бодвол ангийн бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг залуу офицер, ахлагч нар эзэлдэг болсон. Тиймээс тэдний тогтвор суурьшилтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд удирдлагын зүгээс онцгой анхаарч байна” гэсэн юм. Үнэхээр ч бусад ангийг бодвол байгуулагдсанаас хойших түүхийн хуудас нь тийм арвин биш ч гэсэн Зэвсэгт хүчний 2012, 2013 оны Тэргүүний анги, 2016, 2018 онд явагдсан ЗХЖШ-ын цогцолбор шалгалтаар “Сургалт бэлтгэлээр хошуучлагч анги”-ийн болзлыг хангаад зогсохгүй 2018 онд ЗХЖШ-аас явуулсан “Сахилгын зөрчилгүй хамт олон” шалгаруулах уралдаанд дэд байрт шалгарсан байна. Энэхүү амжилтын цаана бие бүрэлдэхүүний гар нийлэмжтэй ажиллагаа ялангуяа штабын албан тушаалтнуудын жигдрэлт, цэргийн алба хаагч бүхний бие биеэ гэсэн сэтгэл байгаа гэдгийг тус ангийн ажиллагааны удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Д.Галбадрах онцолсон. Тэрбээр цааш нь хэлэхдээ “Ангийн нийт бүрэлдэхүүний нэлээд хэсэг нь улс орны бүтээн байгуулалтын их ажилд ханцуй шамлан оролцож байгаа учир ангийн байрлалд хүн, хүчний нөөц дутмаг байгааг нуух юун. Хэдий тийм ч манай ангийн цэргийн алба хаагчид шинэ сургуулийн жилд тавигдсан зорилго, зорилт, цэргийн алба, сахилга, зохион байгуулалт, цэргийн ар тал, ахуй хангалт болон ангийн өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Үүний цаана өндөр ачаалал дааж ажиллаж, албандаа чин сэтгэлээрээ хандаж байгаа хүн бүрийн хичээл зүтгэл байгаа юм шүү гэдгийг онцлон дурдах нь зүйтэй” гэв.

       Сургалт, бэлтгэлийн хувьд “Бие бүрэлдэхүүний сургалт, дадлага нь барилга, үйлдвэрлэлийн чиглэлээр явагддаг онцлогтой учир 30 хувийг онол, 70 хувийг нь дадлагад суурилсан хэлбэрээр зохион байгуулж байгаа нь үр дүнгээ өгч байна. Саяхан бид саадын нэгдсэн зурвасыг шинээр төхөөрөмжлөн ашиглалтад оруулснаар бие бүрэлдэхүүний бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлж байна” хэмээн сургагч багш, ахмад Г.Төгсбаяр онцолсон. Сургалтын чанар өндөр түвшинд байгааг тус ангийн бүтээн байгуулсан ажлууд гэрчилнэ. Анх тус анги Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байгуулагдсан даруйдаа нутгийн иргэдэд цэргийн албыг сурталчлан таниулж эхэлсэн бөгөөд аймгийн төвд анх удаагаа шилэн нүүртэй Тагнуулын газрын барилгыг чанарын өндөр түвшинд барьж, ашиглалтад оруулсан нь ёстой л барилга, инженерийн цэргийнхний юу чаддагийг тэдэнд таниулаад өгсөн гэхэд болно. Түүнээс хойш олон арван бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаагаас Зэвсэгт хүчиндээ төдийгүй Монгол Улсдаа нэр хүндтэй нэгэн ажлын ард гарсан нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Асгатын мөнгөний ордын чиглэлийн 7,344 км зам, 72,85 м төмөр бетон гүүрийн ажил байсныг энд дахин дурдах нь зүйтэй. Тэд ажлаа 2013 онд хугацаанаас нь 15 хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгаж, ашиглалтад өгч байлаа. Барилгын компаниуд газар зүйн онцлог, алслагдсан байдал, цаг агаарын хүнд хэцүүгээс шантарч, хүчин мөхөстөж байхад гагцхүү тус ангийн тангараг өргөсөн барилгачин дайчид л энэхүү ажлыг хийж чадсан юм. Энэ талаар тасгийн захирагч, ахлах ахлагч Н.Бат-Өлзий, арматурчин зааварлагч, ахлагч Д.Давхарбаяр нар хэлэхдээ “Бид 2010 оны 5 дугаар сард Зэвсэгт хүчний 123 дугаар ангид хугацаат цэргийн албанд татагдаж тэндээс 7 дугаар сард анхны 70 цэрэг тус ангид томилогдсоноос 16 нь ангидаа үлдэж, ахлагчийн албанд элссэн түүхтэй. Анх биднийг ангийн байрлалд ирэхэд офицер, ахлагч нар гэр, майханд байрлаж байсан бөгөөд ахлагч болоод удалгүй Асгатын мөнгөний ордын зам, гүүрийн ажилд томилогдсон. Өвөл 11 дүгээр сар байсан учир хүйтний эрч улам чангарч байлаа. Хэдий тийм ч бид эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр шантралгүй ажилласан. Тухайн үед үнэхээр хүнд байсан. Ялангуяа гүүрийн тулгуур даацын багануудыг цутгахын тулд өвлийн хүйтэнд голд шумбаж усыг нь соруулж, бетон цутгах ажилд бид хоёр гар бие оролцсон. Шүд ташим тэсгим хүйтэнд тэсвэр зааж тухайн ажлын ард гарсандаа одоо ч бид бүхэн өөрсдөөрөө бахархдаг” гэсэн юм.

      Ангийн барилга, байгууламжийг засаж, сайжруулахад үе, үеийн ангийн удирдлага, алба хаагчид анхаарсаар ирсэн бөгөөд бие бүрэлдэхүүнийг албаа ая тухтай орчин, нөхцөлд хаах боломжийг нэмэгдүүлэхээр бүтээн байгуулалтын ажлуудыг тасралтгүй хийсээр иржээ. Тухайлбал, ангийн нийт талбайн 72,6 хувь нь ногоон төгөл. Тэр дундаа мод, жимсний бут, ногоон зүлэг тариалж, арчилдаг. Нөгөөтэйгүүр ажилчид, алба хаагчдын өрөө, танхимын цонх бүрийг тасалгааны цэцгээр гоёж, ажиллах орчноо эко болгосон нь бас л онцлог ажил болсон байна. Мөн ангийн эмнэлгийн байрын тохижилтын ажлыг онцлох нь зүйтэй. “ЗХЖШ-ын Ар талын газрын Эрүүл мэндийн хэлтсийн заавар, удирдамжийн дагуу энэ жил бид ангийн эмнэлгийн байрыг бүрэн засварлаж, олон улсын MNS:6655:2017 стандартад нийцсэн өрөө, тасалгааг тохижуулж чадсандаа туйлаас баяртай байна. Үүгээр ч зогсохгүй бидний хичээл зүтгэлийг үнэлж, 11 сая төгрөгийн үнэ бүхий 38 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг ЗХЖШ-ын Ар талын газраас шийдвэрлэж өгсөн” гэж эмнэлгийн байрын дарга, их эмч, дэслэгч Б.Баярсүрэн хэлсэн. Хуурай замын цэргийн командлалаас энэ жилийг “Харуул хамгаалалтыг сайжруулах жил” болгосонтой холбогдуулан харуулын байрыг мөн 100 хувь засаж, камержуулснаар харуул, хоногийн манааны үүрэг гүйцэтгэлтийг шинэ шатанд гаргажээ.

      Жижиг зүйлээс том зүйл эхэлдэг гэдэг дээ. Ангийн байрлал дахь явган хүний зам, талбайг зүлэгжүүлж өнгө үзэмжийг нь сайжруулснаар сул шороо хийсэх нь багассанаас гадна модны суулгацыг олноор тарьсан нь ногоон байгууламжийг бий болгоход ихээхэн хөшүүрэг болжээ. Хүйтэн сэрүүний улиралд нүцгэн мэт харагдах ч хавар нь тэдгээр мод гөлөглөж нахиалан, зундаа сагсайж ногоороод ирэхээр сайхан байх нь мэдээж. Энэ бол агаар, орчны бохирдлыг бууруулах, нөгөөтэйгүүр бие бүрэлдэхүүний алба хаах нөхцөл, ая тухтай орчинг дээшлүүлэхэд хөрөнгө оруулалт хийж буй явдал. Мөн өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан бог малын болон гахай, тахианы туслах аж ахуйг эрхлэн нарийн ногоог тариалах болсноор хүнснийхээ тодорхой хувийг өөрсдөө хангах болсон байна.

      Зэвсэгт хүчний 340 дүгээр анги байнгын бие бүрэлдэхүүн болон хугацаат цэргийн алба хаагчдынхаа ажил үүргээ гүйцэтгэх тав тухтай орчин, нөхцөл бололцоог бүрдүүлэх үүднээс батлагдсан хуваарийн дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулах халуун усны байрыг шинээр барьж ашиглалтад оруулсан байна. Ингэснээр харуулд гарсан цэрэг үүрэг гүйцэтгэснийхээ дараа халуун усны газраар үйлчлүүлэх нөхцөл бололцоо бүрдсэн байна. Энэ мэт тоочоод байвал тэдний алдар гавьяаг тэмдэглэх олон ажил бий. Гагцхүү сонины нүүр хуудас багадна гэдгийг уншигч та ойлгох буй за.

    Ангийн үсчин Ц.Нарантуяа тав дахь жилдээ тус ангид ажиллаж байгаа аж. 2013 онд “Чухал амжилт” төвийг үсчин мэргэжлээр төссөн тэрээр нөхрийгөө дагаж Монгол орны баруун хязгаарыг зорьсон байна. Одоо хугацаат цэргийн алба хаагчдын үсийг үнэгүй, харин байнгын бие бүрэлдэхүүнд 2000 төгрөг буюу зах зээлийн үнээс хэд дахин хямд үнээр үйлчилдэг байна. Сардаа хоёр удаа аймгийн төвийн үсчин, гоо сайхны салонаар үйлчлүүлдэг байсан ангийн бүрэлдэхүүн Ц.Нарантуяаг зорих болжээ. Тэр бээр олсон орлогоо үйл ажиллагаа явуулах урсгал зардал буюу үсний тос, будаг, шампунь зэрэгт зарцуулдаг, ашгийн бус зорилготой үйл ажиллагаа явуулдаг гэж бардам хэлсэн.
Агрономич, оёдолчин гэх мэт олон талын ур чадварт суралцсан Г.Лхамсүрэн бол аж ахуйн тасгийн дарга. Тэрээр офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаагч болон ажилтан албан хаагчдынхаа хувцас, хэрэглэлийг оёж хасахын зэрэгцээ захиалгаар хувцас үйлдвэрлэж орлогоо мөн л үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлд зарцуулсаар иржээ. Мөн бие бүрэлдэхүүний ажлын хувцас, бээлий зэргийг өөрсдийн гараар оёдог бөгөөд энэ нь гаднын үйлдвэрүүдэд захиалга өгснөөс хамаагүй хямд тусдаг байна. Өнөөдөр Г.Лхамсүрэн дан ганц оёдол, эсгүүр гээд гүйхгүй ногоо тариалалт, ургац хураалт мөн бусад ажилд ч идэвх санаачилга гаргадаг хэмээн ангийн удирдлага ч ам сайтай байдаг юм билээ.

      Номын санд байлдагч С.Бат-Эрдэнэтэй тааралдлаа. “Соёмбо” сонины 95 жилийн ойд зориулан хэвлэн гаргасан “Шилмэл бүтээлийн дээжис” номыг барьж явсан нь миний сонирхлыг татав. “Номыг зорилгогүй уншина гэдэг хамгийн эмгэнэлтэй. Уншсан ном бүрээсээ гогодож авахуйц ганц санаа олох сон гэсэн хүсэл эрмэлзэл намайг үргэлж хөтөлдөг. Цэргийн мэргэжлээс илүүтэй уран зохиолын номд илүү дурладаг. Ном уншсанаар тархиа цэнэглэж, бусдадаа мэдлэгээ хуваалцах, аливаа зүйлийн логик дарааллыг олж сурах зэрэг олон талын давуу талтай. Цэргийн албанд татагдсанаар өмнө нь олж уншиж чаддаггүй байсан номоо ангийнхаа номын сангаас унших боломж бүрдсэнд олзуурхдаг” гээд залуу үеэ номтой нөхөрлөхийг уриалсан юм. Биднийг цухасхан хөөрөлдөж дуусахад номын санч Ж.Амарзаяа байлдагч С.Бат-Эрдэнийг ангийн хамгийн идэвхтэй уншигч гэж магтаад амжив. Мөн тэрээр үргэлжлүүлэн “Цэргийн мэргэжлийн болон уран зохиолын 1300 гаруй номтой. Ангийн бие бүрэлдэхүүнээс хүн бүр гурван ширхэг ном хандивласнаар номын сангийн баяжилт арвин хийгдсэнээс гадна Баян-Өлгий аймгийн Төв номын сантай хамтран ажилласнаар нүүдлийн номын сангийн үйлчилгээг нэвтрүүлсэн” гэв. Энэ талаар зарим алба хаагчид “Тэр бүр аймгийн Төв номын санд очоод байх боломжгүй бидэнд цаг хэмнэсэн, үр дүнтэй, ач холбогдолтой үйл ажиллагаа болсон” гэдгийг онцолсон.

     Баян-Өлгий аймгийн уугуул Т.Лувсанцэрэн энэхүү ангийг үүсэн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл түүхийг нь бичилцэж яваа ахмад ажилтнуудын нэг. Уурын зуухны техникч тэрээр бие бүрэлдэхүүний ажиллаж амьдрах байр, орон сууцыг халуун дулаан, тав тухтай байлгахад өнгөрсөн 10 жилийн амьдралаа зориулсан, цаашид ч энэ хариуцлагатай ажилдаа эзний ёсоор хандан тэтгэвэртээ гарахдаа халааг нь авах нэгнийг бэлдэх хүсэлтэй явдаг. Мэдээж эхэндээ бүх зүйл амар байгаагүй гэнэ. Олон газар нам даралтаар халдгаас үүдэн уурын зуухны техникчийн маань ажил цаг нараар үл хэмжигдэм, зогсолтгүй их хөдөлмөрийн дунд өрнөдөг байжээ. Харин энэ асуудалд ангийн удирдлагын зүгээс анхаарал хандуулж ажилтан албан хаагчдын орон сууцыг барьж, зарим объектын хамтаар нэгдсэн галлагаанд оруулсан байна. Мөн уурын зуухны галч, техникчдийнхээ ажлын байрыг шинэчлэн засварлажээ. Т.Лувсанцэрэнгийн гэргий мөн Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хаадаг бөгөөд хоёул орон нутгаас ажлын байраар хангагдсан иргэдийн төлөөлөл юм. Ангийн удирдлагууд хэлэхдээ “Т.Лувсанцэрэнг ахмад ажилтнаас гадна ажилдаа гаршсан хүн гэж ихэд хүндэлдэг. Олон жилийн туршлагатай түүний эзгүйд хэзээ ч уурын зуухны галчид ээлжээ солилцдоггүй. Т.Лувсанцэрэн биеэрээ ирж хянасан цагт сая нэг санаа амардаг” гэлээ.

     Ээлжийн тогооч Д.Эрдэнэцэцэг тус ангид 10 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний ангиуд Баян-Өлгий аймагт үүсэн байгуулагдах сургаар эднийгээ түшиж тулъя гээд ажилд орох өргөдөл өгцгөөсөн нутгийн иргэдийн нэг. Түүний өргөдлийг тухайн үеийн ангийн удирдлагууд авч хэлэлцээд ээлжийн тогоочоор шинэ албанд нь томилжээ. Өнөөдөр Д.Эрдэнэцэцэг зүгээр ч нэг ээлжийн тогооч бус залуу үеэ сурган хүмүүжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг, тэдэнд зааж зөвлөдөг, дэмжиж тусалдгаас гадна хугацаат цэргийн алба хаагчдад төрсөн гэрийг нь санагдуулам хоол, цайгаар үйлчилдгээрээ хэдийнээ хэн бүхний хайр, хүндэтгэлийг хүлээх болжээ.

 

 

 

ЗОРИЛГОДОО ЗААВАЛ ХҮРНЭ
Салааны захирагч, дэслэгч Б.Данзанням:
      -Би 2018 онд ҮБХИС-ийг цэргийн инженерийн мэргэжлээр төгсөөд тус ангид томилогдсон. Багаасаа цэргийн хүн болох зорилго өөртөө тавьж зорьсондоо хүрсэндээ баяртай байдаг. Ажил, амьдралынхаа гарааг Монгол Улсын дээвэр болсон нутгаас эхлүүлж, ангийн ах, эгч нараасаа их зүйлийг сурч, барилгачин дайчдынхаа эгнээнд мөр зэрэгцэн алба хааж байгаадаа өөрийгөө туйлын азтай хүн гэж боддог. Манай анги үндсэн үүргээ гүйцэтгэхээс гадна аймаг, орон нутагтаа иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх олон ажил хийдэг. Ялангуяа байгалийн элдэв гамшиг, ослын үед хамгийн түрүүнд бэлэн байдаг. Орон нутгийн иргэдийн дунд ангийн маань нэр хүнд жилээс жилд өсөн нэмэгдэж, цэргийн алба хаагчдыг хүндлэх болсон нь ангийн удирдлагын явуулж байгаа зөв бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Цаашдаа офицер хүний хувьд өөрийгөө улам хөгжүүлж, шилдэг цэргийн дарга болохыг хүсэж, мөрөөддөг. “Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэг дээ. Зорилгодоо заавал хүрэх болно.

ИТГЭЛ ДААЖ ЗҮТГЭНЭ

Үлээвэр найрал хөгжмийн жагсаалын дарга, ахлагч Б.Мягмаржав:
      -2010 онд БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуульд элсэж 2014 онд хөгжимчин мэргэжлээр төгсөөд тус ангид томилогдон зургаа дахь жилдээ алба хааж байна. Хөгжим тоглох, дуулах хоббитой. Сүүлийн жилүүдэд хоббигоо мэргэжил болгож, Өлгий цэргийн хүрээний болон бусад урлаг, соёлын арга хэмжээнүүдэд оролцож, үйл ажиллагааг нь хөтөлж байна. Мөн орон нутгийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд хамтарч “Монгол Улсын төлөө зүтгэе” тоглолтыг 2017 оноос жил бүр зохион байгуулж байна. Иргэн-цэргийн харилцааг бэхжүүлж, аймаг, орон нутагт цэргийн албыг сурталчлахад энэ ажил үр дүнгээ өгч байгаад миний зүгээс тун баяртай байгаа. Түүнчлэн Зэвсэгт хүчин, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдсэн “Нөхөрлөл” гэдэг хамтлагийг саяхан байгуулж, “Жаргалын нутаг” тоглолтоо хийгээд амжсан. Ангийн удирдлага залуу, офицер, ахлагч нараа маш сайн дэмжиж ажилладаг. Үүний нэг илрэл нь намайг соёл хүмүүжлийн зааварлагчийн албан тушаалд дэвшин ажиллах боломж олгож байгаа юм. Мэдээж офицерын албан тушаалд ажиллах хариуцлагатай үүргийг чадна гэж даалгасан учраас ангийнхаа удирдлагын итгэлийг алдахгүйн төлөө хичээж ажиллах болно.

ЭНД АЖИЛЛАХ НЬ ОЛОН ДАВУУ ТАЛТАЙ
Нягтлан бодогч Ж.Должинсүрэн:
   -Залуус нийслэл хот руу хошууран нүүж байна. Харин миний хувьд эсрэгээрээ. Энд ажиллах нь амар тайван, "стресс", уур бухимдалгүйн зэрэгцээ санхүүгийн хувьд хэмнэлттэй. Эхэндээ нөхрийгөө дагаж ирээд хол газар, таньж мэдэх хүнгүй хэсэгтээ яах учраа олохгүй гэр лүүгээ гэгэлзээд, сэтгэл хоёрддог байлаа. Удалгүй ажилдаа дасаж, хамт олныхоо уур амьсгал, дэмжлэгээс цаашид ажиллах урам зориг авч байсан. Ангийн зүгээс ажилтан, албан хаагчдынхаа ажиллаж, амьдрах орчин нөхцөл, бололцоог бүрдүүлэхэд онцгойлон анхаарсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ он шувтарч 2020 оны зорилго, зорилтууд өмнө минь ирээд байна. Ажлын үр бүтээмжээ улам дээшлүүлэх, нөгөөтэйгүүр англи хэлний мэдлэгийн түвшингээ ахиулах зорилтыг ирэх онд дэвшүүлсэн. Энэхүү ангид ирэхэд анх "өлгийдөн" авсан Санхүүгийн дарга-ахлах нягтлан бодогч, ахлах дэслэгч Ч.Адъяа, нягтлан бодогч Б.Одончимэг, П.Цэрмаа нартаа баярлаж явдгаа илэрхийлье. Та бүгдээс их зүйлийг сурч байгаа, цаашид ч суралцана.

ТҮҮХТ ОЙН БОСГОН ДЭЭР ХУГАЦААТ АЛБА ХААЖ БАЙГАА НЬ ХУВЬ ТОХИОЛ

Замын ротын байлдагч О.Бум-Од:
      -Би Увс аймгийн Сагил сумаас 2019 оны хоёрдугаар ээлжээр татагдаж ирээд удаагүй байна. Тус аймгийн МСҮТ-ийг мужааны мэргэжлээр төгссөн. Анх ирснээ бодвол цэргийн албанд дассан гэхэд болно. Захирагч, дарга нар маань биднийг бүх талаар дэмждэг, харилцааны болон хүнийг удирдах өндөр чадвартай. Тиймээс алба хаахад хүндрэл бэрхшээлтэй зүйл тулгардаггүй. Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн алба хааж, нэг тогооноос хооллож байна даа. Орон нутгаасаа гарч өөрийгөө шинээр сорих, хөгжүүлэх хүслээ энд ирээд гүйцэлдүүлж байгаа шүү. Олон найз нөхөдтэй болж, өөрийгөө бусдад илэрхийлж сурлаа, цэргийн эрдэмд чин эрмэлзлээрээ шамдан боловсорч байна. Мужааны мэргэжилтэй надад барилгын цэргийн ангид алба хаах болсон нь эзэмшсэн мэргэжлээ үнэгүйдүүлэлгүй, ур чадвараа ахиулах сайхан боломж юм. 2020 онд тус ангийн 10 жилийн ойн баяр тохионо. Энэхүү түүхт ойг тохиолдуулан цэргийн албанд татагдсан нь хувь тохиол байх гэж боддог. "Онжав"-ууд маань ч надтай адил бодолтой байдаг. Аав Ш.Отгонцэнгэл, ээж Ч.Болормаа нар маань Сагил сумын малчид. "Албаа сайн хаагаад ирээрэй" гэсэн тэднийхээ захиасыг нэр төртэй биелүүлээд халагдана. Бид саяхан тангаргаа өргөлөө. Тэр үед төрсөн мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй, сайхан байсан. Омогшиж, бахархахын аль аль нь мэдрэгдсэн. Бусад залуус ч гэсэн энэ мэдрэмжийг аваасай гэж хүсэж байна.

ГЭР БҮЛИЙНХЭН МААНЬ НАДААР БАХАРХДАГ
Засал чимэглэгч, дэд ахлагч Ч.Энхзаяа:
     -Тус ангид гурав дахь жилдээ алба хааж байна. Гэр бүлийнхнээсээ Зэвсэгт хүчинд алба хааж буй анхны хүн нь, би. Аав, ээж маань ч надаар их бахархдаг. Тэднийхээ бахархлыг үргэлжлүүлэн цаашид албаа үлгэр жишээчээр хаана. Ангийнхаа тухайд хэлэхэд, залуу хүнийг их дэмждэг газар шиг санагдсан. Аймаг, орон нутгийнхаа олон ч сайхан бүтээн байгуулалтад гар бие оролцлоо. Тэдгээр бүтээн байгуулалтаас ажиллах урам зориг, эрч хүч авдаг. Миний хувьд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын уугуул. Аймгийнхаа МСҮТ-ийг барилгын засал чимэглэгчийн мэргэжлээр төгссөн. Ирээдүйд цэргийн мэргэжилдээ улам дадлагажиж, ур чадвараа шинэ түвшинд хүргэх чин эрмэлзэл бий.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: "СОЁМБО" сонин 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019