Хурандаа Г.Нэмэхбаяр: СУРГАЛТ ТҮЛХҮҮ ЯВАГДСАН ЖИЛ БАЙЛАА

2019 оны 12 сарын 13

      Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь 1923 онд шангаа татсан Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний ууган байгууллагуудын нэг юм. Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяр, тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа Н.Төмөр-Очир, сургалтын офицер, хошууч Г.Бавуудорж, дайчилгааны офицер, хошууч Д.Энхтөр нар Завхан аймагт салбарын бодлого, хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэрэг татлагыг зохион байгуулах зэрэг хуулиар хүлээсэн олон чиг үүрэгтэй. Тэдний тухай товч танилцуулга хүргэхэд хурандаа Г.Нэмэхбаяр Зэвсэгт хүчинд 25 дахь жилдээ алба хааж байгаа бөгөөд өмнө нь Зэвсэгт хүчний 120, 256, 186 дугаар ангиудад алба хаасан, салааны захирагчаас Цэргийн штабын дарга болтлоо дэвшин ажилласан офицер. Дэд хурандаа Н.Төмөр-Очир өмнө нь Өвөрхангай аймгийн Цэргийн штабын офицероор, хошууч Г.Бавуудорж Зэвсэгт хүчний 325 дугаар ангид, хошууч Д.Энхтөр Зэвсэгт хүчний 120, 325 дугаар ангиудад алба хааж байсан туршлагатай ажээ.

Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Нэмэхбаяртай ярилцсанаа хүргэж байна.

     -Цэргийн штаб нь орон нутагтаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хууль тогтоомжийг хэрэгжүүлээд 96 жилийн нүүрийг үзжээ. Засагт хан аймгийн түүх эртнээс эхтэй учраас тэр байх ...

     -Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб нь аймгийн захиргааны ууган хэлтсийн нэг юм. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд ч гэсэн тэр. Анх 1923 онд орон нутагт төрийн захиргааны байгууллага байгуулагдах үед Цэргийн хэлтэс нэртэйгээр байгуулагдсан түүхтэй.

Энэ жилийн хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэвэл ...
      -Энэ онд манай штаб олон ажил төлөвлөснөөс дийлэнх нь хэрэгжлээ. Батлан хамгаалахын сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан 2019 онд хамтран ажиллах гэрээ болоод аймгийн ЗДТГ-тай байгуулсан Цэргийн штабын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж байна. Энэ жилийн төлөвлөлтийн томоохон ажил бол Орон нутгийн хамгаалалтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэйгээр холбогдон аймгийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулан Батлан хамгаалахын сайдаар батлуулахаар Батлан хамгаалах яаманд хүргүүлээд байна. Мөн ЗХЖШ-ын даргаар батлуулах “Орон нутгийн цэргийн төлөвлөгөө”-г боловсруулж байна, удахгүй ЗХЖШ-т хүргүүлнэ.

      Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажил 95 хувьтай биелэгдлээ. Сургалтын тухайд сумдын ЗДТГ-ын дарга нарын сургалт, бэлтгэл офицеруудын сургалт, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт, дүйцүүлэх албаны сургалтыг хоёр удаа, оюутан цэргийн сургалт, 116 багийн Засаг дарга нарын сургалтуудыг тус тус амжилттай зохион байгуулсан. Мөн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдсан баруун аймгуудын сумдын ЗДТГ-ын дарга нарын сургалтад хамрагдлаа. Үндсэндээ сургалт түлхүү явагдсан жил байлаа гэж хэлж болно.

      Бид сургалтаа зөвхөн аймгийн төвөөр хязгаарлагдахгүйгээр сумдад голчлон зохион байгуулж байна. Энэ нь тухайн сум, орон нутагт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчнийг сурталчлахад том хөшүүрэг болдог юм. Тухайлбал, энэ жилийн хувьд нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг Завхан аймгийн Сонгино, бэлтгэл офицерын сургалтыг Улиастай суманд, дүйцүүлэх албаны сургалтыг Алдархаан суманд зохион байгуулсан. Мэдээж энэхүү сургалтууд нь Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хүн хүч, материаллаг баазын тусламжтайгаар хэрэгжиж байгааг дурдах ёстой.

-Цэрэг, спортын “Дөл” тоглолтыг уламжлал болгон зохион байгуулдаг тухайд ...
    -Завхан аймагт хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг аймгийн Засаг дарга болон бусад удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж байна. 2018 онд УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилгаар Завхан аймгийн ерөнхий боловсролын 11, 12 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулсан “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалтыг 21 хоногийн хугацаатай аймгийн ЗДТГ, ЗХЖШ, ХХЕГ, Хууль сахиулах сургууль хамтран зохион байгуулсныг та бид мэднэ. Тэгвэл энэ аяны үргэлжлэл болгож ахлах ангийн тэргүүний 85 сурагчийг долоо хоногийн амралтаар нь Дорноговь аймагт төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа цэргийнхний хөдөлмөр бүтээл болон Зэвсэгт хүчний 013, 017, 150, 336 дугаар анги, ҮБХИС, Хууль сахиулах их сургууль, зарим мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцууллаа. Энэ нь мэргэжил сонголтод туслахын сацуу Зэвсэгт хүчнийг сурталчилсан арга хэмжээ юм. Таны асуусанчлан цэрэг, спортын “Дөл” тоглолтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жил бид аймгийн “Даян” хүүхдийн зусланд зохион байгууллаа. Дараа жил баруун бүсийн аймгуудын “Дөл” тоглолтын аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа Завхан аймагт зохион байгуулахаар тохиролцоод ирэх жилийнхээ төлөвлөгөөнд тусгаад байна.

-Орон нутаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа нь мэдээж ...
     -Тийм ээ. Аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тусгай салбарын гал тогооны тоног төхөөрөмжийг нь шинэчилж, тусгай үүргийн буюу цас зуд, гал түймэр, гамшиг, ослын үед шаардлагатай тусгай зориулалтын хувцсаар хангаад байна. Ингэхээс ч аргагүй юм. Зэвсэгт хүчний 325 дугаар ангийнхан бидэнтэй хамгийн ойр ажилладаг, тусалж дэмждэг хамт олон. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай байсан зарим тоног төхөөрөмжийг шийдвэрлэж, дотрын кабинетыг тохижууллаа. Яагаад гэхээр аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг нь цэрэг татлагын үеэр хамтран ажилладаг гол байгууллага. Цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан залуусыг эрүүлжүүлэхэд дээрх байгууллагууд онцгой анхаарч байна. Бид ч эрүүл мэндийн шалтгаанаар хасагдсан залуусыг дараагийн цэрэг татлагаас өмнө эрүүлжүүлсэн тухай тайланг нь авч, дүн шинжилгээ хийж байна.

-Цэрэг татлагын явцад хүндрэлтэй асуудал байна уу?
     -Хүндрэлтэй асуудал байхгүй. Манай аймаг 82,5 мянган км.кв газар нутагтай, 24 сумтай, сумынх нь 10 нь Засгийн газрын тогтоолоор алслагдмал газар нутагт хамаардаг. Бидний хувьд жилийн 1, 2 дугаар ээлжийн цэрэг татлага бүрээр 24 сумаа бүрэн тойрч, хугацаат цэргийн алба хаах ёстой залуусыг татаж байгаа. Зуд турхантай жилүүдэд хугацаат цэргийн алба хааж байгаа дайчдынхаа ар гэрийг эргэж тойрох, өвс хүргүүлэх, тусламж үзүүлдэг уламжлалтай.

Энэ дашрамд өгүүлэхэд, Зэвсэгт хүчний төв хэвлэл “Соёмбо” сонины байнгын уншигчдын нэг нь Завхан аймгийнхан ажээ. Тус аймгийн болон сум бүрийн Засаг даргын Тамгын газарт тус сониныг захиалан нийтийн хүртээл болгож байна.

"Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019