ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА

2019 оны 12 сарын 13

       ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олон хөгжмийн зэмсгээ иж бүрэн шинэчилсэн амжилттайгаар "Цэргийн хөжмийн 105 жилийн ой"-гоо угтаж байна. Цэргийн сүр хүчийг аялгуу эгшгээр илэрхийлдэг Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхний үеэ өнгөрөөсөн, он удаан жил шинэчлээгүй хөгжим зэмсгийг нь 1,3 тэрбум төгрөгөөр шинэчлэх ажлыг шат дараалан шийдвэрлэж өгсөнд баяртай байна. Тус хөгжмийн зэмсгийг шинэчлэн солих асуудалд сэтгэл зүрхээ зориулсан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг зэрэг албан тушаалтнуудын нэрсийг жагсаавал уртаас урт жагсаалт гарах нь дамжиггүй. Тэднээс гадна худалдан авах үйл ажиллагааг гардан удирдсан “Профешнл-Арт” ХХК-ийн хамт олныг энд орхигдуулж боломгүй.

      Эх орны нэр хүнд, нүүр царайг тольдож, олон арван төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцдог тус салбарынхны хөгжмийн зэмсгийг ийнхүү шинэчилснээр олон талын өндөр ач холбогдолтой. Учир нь тэдний хуучин зэмсгүүд нь хэдэн арван жилийн эдэлгээнд нэрвэгдэж эхнээсээ товчлуур нь унах нь унаж, “нутаг буцах” нь буцсан байсан. Тиймдээ ч тэд ажлынхаа, үйл ажиллагааныхаа гол хэрэглүүрийг сольсондоо талархал илэрхийлж, “Баярлалаа” хүндэтгэлийн тоглолтоо зохион байгуулсан юм.

        Хүндэтгэлийн тоглолтыг Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар болон бусад хүндэт зочдоос гадна иргэд, цэргийн алба хаагчид бахдалтайгаар үзэж сонирхсон. Тоглолтын эхэнд Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын брэнд хөгжим үйлдвэрлэдэг "Conn-Selmer" компаниас өөрийнх нь нэр дээр ирүүлсэн талархлын захидлыг уншиж танилцуулан ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн хамт олонд гардуулан өгч үзэгчдийн суудалд шилжсэнээр тэр үдшийн жинхэнэ гайхамшиг эхэлсэн юм.

       “Сэрсэн тал"-ын аялгуугаар хөшгөө татсан тоглолт Ардын жүжигчин Б.Зангадын “Уяраах зүрхэн”-ээр хөглөгдөж “Баярын жавхаа” маршийн аяын цоглог, жавхаалаг хэмнэлээр үргэлжилсэн. Хөгжмийн шинэ зэмсгийн ид шидийг үзүүлж буй Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамт олны ур чадварыг үзэгчид бахдаж байлаа.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019