ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 325 ДУГААР АНГИАС ХИЙСЭН СУРВАЛЖИЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2019 оны 12 сарын 13

         Энэ удаа “Танайд өнжье”, “Бидний нэг”, Миний “нөхөр” булангаараа баруун хязгаарт үүрэг гүйцэтгэж байгаа журмын нөхдөө онцолсон бөгөөд "Бидний нэг"-т дараах эрхмүүдийг урилаа.

ТУСГАЙ САЛБАРЫНХАН АМЖИЛТ ИХТЭЙ

      Тусгай салбарын захирагч, хошууч Г.Пунцагноров томилолтоор ажиллах үед маань анги дээрээ ажлаар ирсэн байж таарав. Хошууч Г.Пунцагноров захирагчтай тусгай салбарынхан 2018 онд бусад салбарынхнаа тэргүүлж, хорооны тэргүүний салбараар шалгарч байсан бол энэ жил ч гэсэн тус амжилтаа бататгасан байна. 1995 онд байгуулагдсан, ангиасаа ч “ах” энэхүү салбарынхан эх орныхоо баруун хилийн агаарын орон зайд хяналт тавих үүргээ өнгөрсөн 24 жилийн хугацаанд тасралтгүй амжилттай гүйцэтгэсэн хамт олон. Ирэх жил салбар үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд үүнийг угтсан бүтээлч ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тус салбарынхны өөр сайн мэдээ нь найман айлын орон сууцтай болсон явдал байв. БХЯ, ЗХЖШ, Агаарын цэргийн командлал тэр дундаа командлалын Ар талын хэлтэс болон ангийн удирдлагуудад хошууч Г.Пунцагноров хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж байсан юм. Алба хаагчид нь айлын гэр, хашаа, байшин хөлслөн тухгүй амьдарч байсан бол энэ жилээс өөрийн гэсэн орон байртай болж, тэр хэмжээгээр ар гэртээ санаа зовох зүйлгүй болсон нь хамгийн том амжилт гэж байна. Түүнчлэн 24 цагийн үүрэг гүйцэтгэдэг ээлжийн бүрэлдэхүүндээ зориулж салбарынхаа гал тогоог Завхан аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дэмжлэгтэйгээр шинэчлэн хотын ресторанаас ч дутахааргүй болгон тохижуулсан гэнэ. Тусгай салбарынхан үндсэн үүргийнхээ хажуугаар сум, орон нутгийнхантайгаа нягт хамтран ажиллаж, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд, залуусыг цэрэг-эх оронч хүмүүжлээр төлөвшүүлэхэд олон бодитой ажил хэрэгжүүлснээ салбарын захирагч онцолж байсан юм. Тэрээр 2009 онд ҮБХИС-ийг радиолокацын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд энэ хугацаанд алслагдмал тусгай салбаруудад л үүрэг гүйцэтгэж яваа нэгэн. Энэ нь Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад “шигддэг” зарим офицер, ахлагч нарт үлгэрлэл болохоор мэдээ санж. Хошуучийн гэргий Д.Ариунбилэг гэдэг дэд ахлагч цолтой цэргийн бүсгүй байдаг гэнэ. Тэд гурван охины аав, ээж. Ярилцлагын төгсгөлд тэрээр салбарынхаа болон ангийнхаа удирдлага, бие бүрэлдэхүүнд баярлаж явдгаа илэрхийлээд агаарын хил тайван байг гэж ерөөлөө.

Г.ХОСБАЯРЫНХ ЭНЭ ЖИЛ ГОЛОМТОО БАДРААЖЭЭ

       Засварын инженер, ахлах дэслэгч Г.Хосбаярын хувьд 2012-2016 онд ҮБХИС-д радиотехникийн офицер мэргэжлээр суралцаж төгссөн байна. Радиотехникийн мэргэжил сонгоход нөлөөлсөн хүн нь түүний аав ахлах ахлагч О.Ганхуяг. Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн тусгай салбарт насаараа алба хааж байгаа аавыгаа харж өссөн түүнд цэргийн алба хамгийн сайхан санагддаг байсан нь өнөөдөр биеллээ олжээ. Г.Хосбаяр эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Эхнэр М.Мөнхтуяа ангийнхаа зочид буудлын эрхлэгчээр ажилладаг бөгөөд тэд энэ жил гал голомтоо бадрааж, хуримаа хийсэн байна. Ахлах дэслэгчийн сэтгэгдлийг сонсох зуур түүнгүй зүйл байхгүй мэт олон алба хаагч засуулах зүйл байгаа талаар орж ирж хэлэв. Ялангуяа, хорооны амин зүрх болсон хорооны удирдах байрын нарийн тоног төхөөрөмжүүдийг засаж янзлах нь түүний гол үүрэг санж. Ажилтан, алба хаагчид ч эвдэрсэн цахилгааны хэрэгслээ янзлуулахаар тэврээд ирэхэд нь татгалздаггүй, засаад өгдөг байна. Энэ нь ч өөрт нь ихээхэн дадлага болдог ажээ.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019