ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДАД ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ТӨЛӨВШҮҮЛНЭ

2019 оны 12 сарын 16

          Шинэ оны босгон дээр Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЗХЖШ хамтран улсын хэмжээнд нийт Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад явуулах эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээний эхний шатыг өнөөдрөөс Нийслэлийн 6 дүүргийн 109 сургуулиудад эхлүүллээ.

         Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар батлан хэрэгжүүлж байгаа юм. 

        Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар Монгол Улсын хэмжээн дэхь Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, улс орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзэл төлөвшүүлэх, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой “Эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны арга хэмжээ”-г орон даяар зохион байгуулах ажлын хэсгийг байгуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

          Энэхүү арга хэмжээний хүрээнд сурагчдад манай орны түүхэн үйл явдлууд болон Монгол цэргийн дайчин уламжлалт түүхээс өнөө үеийн Монгол Улсын Зэвсэгт хүчний үүсэл, хөгжилт, энхийг дэмжих ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаарх мэдээллүүдийг багтаасан 60 минутын лекцийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай Зэвсэгт хүчний 180 гаруй офицер, ахлагч нар тодорхой бүлгүүдэд хуваагдан, аймаг, нийслэл, дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад 2019 оны 12 дугаар сарын 16-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

  Эх сурвалж: Зэвсэгт хүчний Жанжин штаб

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019