ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2019 ОНЫ ТЭРГҮҮНИЙ СОЁЛ ХҮМҮҮЖЛИЙН АЖИЛТАН, СЭТГЭЛ ЗҮЙЧ, НОМЫН САНЧ НАРЫГ ШАЛГАРУУЛЛАА

2019 оны 12 сарын 19

     ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэс нь Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сэтгэл зүйн хангалтыг зохион байгуулж буй албан тушаалтнуудын үйл ажиллагааг үнэлж дүгнэх, тэдний идэвхи, санаачилга, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, тэргүүний алба хаагчдыг алдаршуулах зорилгоор “Зэвсэгт хүчний 2019 оны тэргүүний соёл хүмүүжлийн ажилтан, сэтгэл зүйчийг шалгаруулах уралдаан”-ыг анх удаа зохион байгууллаа. Үүнд:

    1. “Иргэн-цэргийн харилцааг дэмжигч зүтгэлтэн”-ээр ЦДБЭЧ-ын дарга, Цэргийн соёлын төв өргөөний ерөнхий менежер хурандаа Г.Золзаяа Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний соёлын хэрэгцээг хангах, уран бүтээлээрээ дамжуулан цэрэг дайчдын суу алдар, гавьяат үйлсийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах зорилгын хүрээнд 2019 онд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид төрөл бүрийн уран бүтээлийн тоглолтууд болон соёл, урлагийн арга хэмжээнүүдийг Монгол Улсын иргэд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төдийгүй гадаадын цэргийн алба хаагчдад амжилттай зохион байгуулж, хамтран ажилласан байна. Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” болон тэмдэглэлт өдрүүдийг угтаж “Халхын гол-Эх орны цэрэг 2019” яруу найргийн наадам, “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр”, “Хатан Ижий”, “Стандарт бүжгийн аварга шалгаруулах тэмцээн”, “Байлдагчийн зүрхнээс дуулж байна” тоглолт, “Зэвсэгт хүчний шилдэг дайчдын шинэ жил” зэрэг томоохон урлаг, соёлын арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлсэн юм.

     2. Зэвсэгт хүчний “Тэргүүний соёл хүмүүжлийн офицер”-оор Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн Соёл хүмүүжлийн дарга хошууч Ө.Нарантуяа "Цагаан сар-Монгол түмний уламжлалт баяр” тэмцээн, “Аравт” олон улсын цэргийн морин уралдаан, “Центавр”, Замын хөдөлгөөний дүрмийн тэмцээнд анги, хамт олноо удирдан амжилттай оролцож, “Цэргийн соёл хүмүүжлийн ажилтны өдөр”-ийн арга хэмжээ, “Энхийн төлөө хамтдаа” өдөрлөг, “Ээждээ бичих захидал”-ын уралдаан, “Аз жаргалтай гэр бүл” өдөрлөгийг гардан зохион байгуулж, ангийн сэтгэл зүйн алжаал тайлах танхим, соёлын төв, дайчин алдрын танхим, соёл-амралтын танхим, номын сангийн тохижилт, үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хийсэн ажлын амжилтаараа Зэвсэгт хүчний соёл хүмүүжлийн офицеруудаа манлайллаа.

     3. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн Сэтгэл зүйч офицер ахмад Д.Ганцэцэг нь ангийн бие бүрэлдэхүүнээс сэтгэл зүйн сорил, судалгаа авч дүгнэлт хийж, түүнд үндэслэн яриа таниулга, сургалт, сэтгэл зүйн зөвлөгөө, тусламжийг амжилттай зохион байгуулж, “Салбарын офицеруудад зөвлөмж” гарын авлага боловсруулан, Цэргийн шинэчлэл сэтгүүлд “Гэр бүлийн харилцааг сайжруулах дасгалууд” судалгааны материал нийтлүүлж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх өрөөг шинээр байгуулан ашиглаж байгаа амжилтаар Зэвсэгт хүчний “Тэргүүний сэтгэл зүйч”-ээр шалгарав.

     4. Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн ҮНХ-ийн салааны захирагч, удирдаач дэслэгч Б.Бат-Өлзий нь Цөөхүүл хөгжмийн улсын уралдаанд “Тэргүүн” байр эзлэн, “Хааны эрэлд-2019” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургууль зэрэг улсын болон Зэвсэгт хүчний томоохон 10 гаруй арга хэмжээнд урлагийн тоглолт толилуулж, ҮБХИС, Дархан хотын “Залуучууд театр”-т “Эх орны төлөө” тайлан тоглолтоо орон нутгийн иргэдэд хүргэсэн. Мөн “Учиртай 3 толгой” дуурийг үлээвэр хөгжимд хөрвүүлж, Дархан-Уул аймгийн 11 хүүхдийг үлээвэр хөгжимчнөөр бэлтгэж, хөгжмийн хичээлийн танхим байгуулсан амжилтаар Зэвсэгт хүчний “Тэргүүний соёл, урлагийн ажилтан”-аар шалгарлаа.

      5. Зэвсэгт хүчний “Тэргүүний номын санч”-аар Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Номын санч Ц.Сайнзаяа нь номын сангийн тохижилт, үйлчилгээг сайжруулах, ном уншигчдын тоог нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн олон бүтээлч ажил, арга хэмжээгээрээ шалгарлаа. 2018 онд Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын номын санч нарын туршлага солилцох уулзалт өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан юм.

ЗХЖШ-ЫН ИРГЭН-ЦЭРГИЙН ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019