ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ЭХ ОРОНЧ ҮЗЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛНЭ

2019 оны 12 сарын 20

       Шинэ оны босгон дээр Батлан хамгаалах яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, ЗХЖШ, ҮБХИС хамтран улсын хэмжээн дэх Ерөнхий боловсролын 802 сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж эхэллээ. Тус арга хэмжээ эхний элжинд нийслэлийн дүүргүүдийн 109 сургуульд хүрч ажиллах бөгөөд дунд, ахлах ангийн 100 мянга гаруй хүүхдэд эх оронч үзлийг төлөвшүүлэх, Монгол Улсын болоод монгол цэргийн түүх, дайчин уламжлалын хүрээнд эртний монгол цэргийн түүхээс өнөө үеийн Зэвсэгт хүчний үүсэл, хөгжил, энхийг дэмжих ажиллагаан дахь Зэвсэгт хүчний оролцоо, гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар түүхэн баримт, мэдээллүүдийг багтаасан 60 минутын лекцийг хүргэнэ.

        Энэхүү лекцийг Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай 180 гаруй офицер, ахлагч нар бүлгүүдэд хуваагдан лекц уншиж сурагчдад танилцуулга хичээл орох юм. Энэхүү сургалт, сурталчилгааг цаашлаад Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг хувийн хэвшлийн ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв, коллежуудад зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Хамрагдсан хүүхэд, залуучуудын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр нийгэмд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж үзэж байгаа бөгөөд дээрх арга хэмжээг энэ сарын 16-ны өдрөөс эхлээд байна.

       Энэхүү үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад улс орны хөгжилд хувь хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулах, эх орныхоо тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэх, эх орноороо болон монгол хүн болж төрснөөрөө бахархах учир холбогдлыг ухааруулан таниулах зорилготой юм.

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019