ТАСРАЛТГҮЙ АЖИЛЛАСАН ТАВАН ЖИЛ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

2019 оны 12 сарын 20

      "Соёмбо" сониноос уламжлал болгон зохион байгуулдаг уншигч-редакцын уулзалт энэ удаа Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчдын тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын талаарх асуудлыг хөндлөө. Энэ удаагийн уулзалтад БХЯ-ны СБТГ-ын Хуулийн хэлтсийн дарга, хуулийн зөвлөх, бэлтгэл хурандаа Г.Энхболд, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн соёлын төвийн дарга, ахмад Б.Норов-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн төв командын байрны тасгийн дарга ахлах ахлагч Ш.Одончимэг, ЦДБЭЧ-ын архив, нууц бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч А.Оюунбаяр нар болон “Соёмбо” сонины редакцын бие бүрэлдэхүүний төлөөлөл оролцоо. Хуулийн зөвлөх Г.Энхболд оролцогчдын асуултад хариулсныг хүргэж байна.

        Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Соёлын төвийн дарга, ахмад Б.Норов-Эрдэнэ
Эмэгтэй цэргийн алба хаагчийн хувьд хүүхэд төрүүлснээс хойш эдлэх чөлөө, энэ нь тэтгэвэрт гарахад хэрхэн зохицуулагдах талаар ...
        -Хүүхэд төрүүлэх, асрахтай холбогдсон хугацааны асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг. Тодруулбал, тус хуулийн 106 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Ажил олгогч нь амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. Мөн гурав хүртэлх насны хүүхэдтэй эцэг өөрөө хүсвэл чөлөө авч болно.” гэж, мөн 106 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх, эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж нарийвчлан заасан.

Нэг хүүхэд төрүүлбэл ажилласан жилийг 1,5 жилээр нэмэгдүүлдэг журам Төрийн тусгай албанд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд хамаатай юу?
       -Зарчмын хувьд нэг хүүхэд төрүүлсэн эхэд ажилласан жил дээр нь 1,5 жил нэмж тооцогдох эрх зүйн харилцаа үйлчилж байгаа. Гэхдээ тэтгэврийн жилийг тооцоход нарийн бодогдох асуудал юм билээ. Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хүүхэд асарсан жил, алслагдсан хөдөө орон нутагт алба хаасан, энхийг дэмжих ажиллагаануудад үүрэг гүйцэтгэсэн нь эмэгтэй цэргийн алба хаагчийн хувьд хуульд заасан цэргийн алба хаагаад цэргийн тэтгэвэр тогтоолгох 20 жил дээр нэмэгдэх юм. Суурь зарчим гэж нэг юм байгаа. Та цэргийн тангараг өргөсөн бол эмэгтэй 20, эрэгтэй 25 жил цэргийн албыг хааж тэтгэврээ тогтоолгоод, бусад хуульд заасан нэмэгдэл нь тухайн ажилласан жил дээрээ нэмэгдэнэ гэсэн үг. Тодруулбал, 17 жил цэргийн алба хаах хугацаандаа хоёр хүүхэд төрүүлсэн гэж үзье. Тухайн нөхцөлд цэргийн алба хаасан 17 жил дээр хүүхэд төрүүлсэн үеийн хугацаа болох гурван жилээ нэмнэ гэсэн ойлголт биш юм. Цэргийн тэтгэвэр нь бүрэн болон хувь тэнцүүлсэн гэж хоёр төрөлтэй. Цэргийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар орон тоо, бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндийн байдал, насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагч хувь тэнцүүлсэн тэтгэвэр авах эрхтэй. Энэхүү хуулийн зохицуулалт нь 10-аас доошгүй жил цэргийн алба хаасан цэргийн алба хаагчид үйлчилдэг. Энэ нөхцөлд ч хуульд заасан нэмэгдэл хугацааг нэмж тооцдог.

Хүүхэд харах чөлөө хэдэн удаа, хэдэн жилээр сунгагдах вэ?
        -Дээр дурдсанчлан хүүхдээ харах чөлөө нь Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлээр зохицуулагдаж гурав хүртэлх жил байж болно. Үүнээс цааш сунгах боломж байхгүй. Тухайн байгууллагын даргын тушаалаар хоёр, тухайн хүн өөрөө хүсвэл нэмэлтээр нэг жилээр хүүхдээ харах шийдвэр гаргуулна.

Цолны мөнгийг эмэгтэй цэргийн алба хаагч бүр хүүхэд харах чөлөөтэй байх хугацаандаа авдаг. Харин үүнтэй зэрэгцээд төрөөс олгодог "цалинтай ээж"-ийн мөнгийг халамжаас өгөхгүй тохиолдол гардаг. Энэ талаар ...
       -Цолны мөнгө гэж манайхан яриад байгаа л даа. Хуулиар цэргийн алба хаагч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. Төрөөс хариуцдаг. Энэ нь эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа цэргийн албыг тасалдуулахгүй, цэргийн тэтгэвэр тогтоолгох үеийн цалингийн тооцоолол дээр гарч болох эрсдэлээс цэргийн алба хаагчаа хамгаалсан хүнээ бодож олгож байгаа зохицуулалт. Харин Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Нийгмийн халамжийн тэтгэмж дараах төрөлтэй байхаар заасан ба тус зүйлийн “13.1.4-т жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж” гэсэн зохицуулалт байдаг. Энэ хүрээнд “Цалинтай ээж” гэсэн хөтөлбөр хэрэгждэг. Энэ нь нийгмийн даатгал төлөгддөг, ажил хийдэг хүнд олгогддоггүй гэсэн ойлголт байдаг. Хүүхэд төрүүлсэн эмэгтэй хуульд заасан хүүхэд харах чөлөөгөө авсан бол адилхан л ажил хөдөлмөр эрхлээгүй иргэнд тооцогдоно шүү дээ. Тиймээс энэ асуудлыг тухайн асуудлыг эрхэлдэг нийгмийн халамжийн байгууллагаас сайн тодруулж, шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлсний үндсэн дээр төсөл, хөтөлбөрт хамрагдах боломжтой болно.

         Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн төв командын байрны тасгийн дарга, ахлах ахлагч Ш.Одончимэг
Хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацаа тэтгэвэрт гарахад сүүлийн тасралтгүй таван жилийн цалингаар тооцоход буурдаг. Энэ талаар ...
       -Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн алба хаасан хугацааг тухайн ажиллаж байгаа байгууллага нь тодорхойлдог. Харин цэргийн алба хаагч цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа асуудал нь нийгмийн даатгалын байгууллага тухайн иргэн хоёрын хооронд үүсдэг харилцаа. Тэтгэвэрт гарахад дараалсан 20 жилийн тасралтгүй ажилласан таван жилээ сонгох асуудал нь тухайн тэтгэвэр тогтоолгогчийн эрхийн асуудал. Мэдээж практик амьдрал дээр хамгийн сүүлийн ажилласан 5 жил нь цалин мөнгөний өсөлт зэрэгтэй холбоотой учраас хамгийн өндөр тогтох магадлал их. Эмэгтэй цэргийн алба хаагчийн хувьд энэ таван жил дотор хүүхэд харсан гурав хүртэл жил нь орж байвал ажилласан жилээ хэрхэн сонгох нь тухайн хүний сонголт. Өнөөдрийн байдлаар хүүхэд харах чөлөөтэй байсан хугацаа нь тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж, эмэгтэй цэргийн алба хаагчдын эрх ашиг хохирч байна гэсэн албан ёсны гомдол Батлан хамгаалах яаманд, тэр дундаа манай хэлтэст ирээгүй. Харин энэ асуудлаар эмзэглэж түгшсэн эмэгтэй цэргийн алба хаагчдын яриаг бол сонсож байсан ч яг бодит амьдрал дээр Нийгмийн даатгалын газраас мөнгө төгрөгийг нь бодохдоо хассан, тэтгэвэр нь авах ёстой гэж тооцож байснаасаа буурчихлаа гэсэн гомдол санал албан ёсоор алга.

        ЦДБЭЧ-ын архив, нууц бичиг хэргийн эрхлэгч, ахлах ахлагч А.Оюунбаяр
Энгийнээр ажилласан жилийг цэргийн ажилласан жилд хэрхэн нэмж тооцдог вэ?
       -Энэхүү хуулийн зохицуулалтыг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6.4-т “Энэ хуулийн 8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан болзол хангасан цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нэг жилийг зургаан сараар бодон цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоож болно” гэж тусгасан. Тиймээс цэргийн тэтгэвэр тогтоолгож байгаа цэргийн алба хаагч өөрөө сонголт хийх эрхтэй. Цэргийн тэтгэвэр тогтоолгохдоо нийгмийн даатгал төлж энгийнээр ажилласан жилээ нэмж тооцуулж болно. Энэ тохиолдолд тухайн тэтгэвэр тогтоолгогч нийгмийн даатгал төлж энгийн байгууллагад ажилласан нэг жилээ зургаан сараар тооцуулдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүүхэд асрах чөлөөтэй байгаад эргээд ажилдаа орох өргөдөл өгсөн тохиолдолд хэр хугацаанд шийдвэрлэх ёстой вэ?
        -“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуулийн 16 дугаар зүйлд "Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө." гэсэн зохицуулалт үйлчилдэг.
Үүнээс гадна байгууллагын хүний нөөцийн ажилтнууд нэг зүйлийг маш сайн баримтлах хэрэгтэй. Энэ бол хүүхэд харах чөлөөтэй байх хугацаанд тухайн албан тушаалын сул орон тоонд түр хүн авч ажиллуулах тохиолдолд тушаал шийдвэр гаргахдаа хүүхэд асрах чөлөөтэй хүнийг ажилдаа орох хүртэл тухайн албан тушаалд ажиллана гэдгийг сануулах, мөн тэрхүү тушаалдаа ч тусгах хэрэгтэй. Үүнээс шалтгаалаад сүүлийн үед хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа ороход багагүй асуудал гарч байгааг хаана хаанаа анхаарах нь зүйтэй.

        Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн төв командын байрны тасгийн дарга, ахлах ахлагч Ш.ОдонЧимэг
Байлдааны жижүүрлэлттэй ангид цалингийн нэмэгдэл олгох асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
      -Улсын Их Хурлаас 2016 онд шинээр баталсан Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1-д “байлдааны жижүүрлэлтийн” нэмэгдэл олгох эрх зүйн зохицуулалт орсон.
Энэ асуудал нь цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын түвшинд хэлэлцэгдэж байгаа гэж ойлгож байгаа. Нэгэнт хуулиар тусгайлан заасан харилцаа. Миний ойлгож байгаагаар “харуул манаа”, “байлдааны жижүүрлэлт” гэсэн нэр томьёог хооронд нь ялгаж салгах гэх мэт асуудал байгаа.

Хошууч Д.Оюунгэрэл

Эх сурвалж: "СОЁМБО" сонин


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019