АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ЖУРАМ

2014 оны 06 сарын 04

Батлан хамгаалахын сайдын 2008 оны 75 дугаар тушаалын хавсралт

 

АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

 

            1.1.Монгол Улсын иргэн хууль тогтоомжийн дагуу ахлагчийн алба хаах харилцааг  холбогдох хууль тогтоомж, энэхүү журмаар зохицуулна.

            1.2. Энэхүү журмыг Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдөнө.

            1.3. Ахлагчийн алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байна.

          Шалгуур үзүүлэлтийг Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага  тогтооно.

            1.4. Ахлагч нь Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрмээр тогтоосон эрх, хангамжийг эдэлж, үүрэг хариуцлагыг хүлээнэ.

            1.5. Ахлагчийн алба хаах иргэнтэй талуудын харилцан тэгш байх  эрхийн зарчимд үндэслэн ахлагчийн алба хаах гэрээ байгуулна.

            1.6. Зэвсэгт хүчний ахлагчийн  албаны эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиуд, "Цэргийн дүрмүүд" болон энэхүү журам   байна.

Хоёр. Ахлагчийн албан тушаал

            2.1. Цэргийн мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий албан тушаалыг ахлагчийн албан тушаал гэнэ.

            2.2. Хороо, батальоны ахлагч, тасаг, тоот, бүлгийн захирагч  тэдгээртэй адилтгах  албан тушаалыг  ахлагчийн албаны  удирдах албан тушаал гэнэ.

            2.3. Ахлагчийн мэргэжил олгох болон  мэргэжил дээшлүүлэх сургалтыг төгссөн энэ журмын 2.2-т дурьдсанаас бусад ахлагч нарын албан тушаалыг гүйцэтгэх албан тушаалд хамааруулна.

            2.4. Ахлагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

Гурав. Ахлагчийн албанд авах

            3.1. Ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:  

- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх

- Мэргэжил, ур чадварын түвшин нь тухайн албан тушаалын ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангасан байх

- Биеийн эрүүл мэндээр ахлагчийн албанд тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон байх

- Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын  даргын баталсан  бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх

- Төрийн албан хаагчийн ёс зүйн ерөнхий шаардлагыг хангасан байх

- Ял шийтгэлгүй байх

            3.2. Ахлагчийн албанд энэ журмын 3.1-д заасан шаардлага, доорх болзлыг хангасан Монгол Улсын иргэнийг авна.

                        3.2.1. Ахлагчийн  болон хөгжмийн сургууль  төгссөн  сонсогчийг ахлагчийн анхны  цол олгож, албан тушаалд томилно.

                        3.2.2. Гэрээт болон хугацаат  цэргийн албыг үлгэр жишээ хаасан  бүрэн дунд  түүнээс дээш боловсролтой, мэргэжил нь томилогдох албан тушаалын шаардлагад тохирсон түрүүч, байлдагч нарыг өөрийн хүсэлтээр ахлагчийн албанд авч ахлагчийн анхны цол олгож, гүйцэтгэх албан тушаалд томилж болно.

                        3.2.3. Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан 30 хүртэлх насны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэй, цэргийн бүртгэлтэй мэргэжил бүхий 25 хүртэлх насны эмэгтэйг ахлагчийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр авч ажиллуулж  болно.  

Ахлагчийн  албан тушаалд  энгийнээр томилогдсон иргэнийг ахлагчийн албанд шилжүүлэхдээ тухайн албан тушаалд 6 сараас доошгүй хугацаанд ажиллуулсны дараа анги, байгууллагын санал, тодорхойлолт, мэргэжлийн газар, хэлтсийн дүгнэлтийг үндэслэн ахлагчийн дамжаанд элсүүлэн суралцуулна.  Ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллах хугацаа 1 жил хүртэл  байна.

                        3.2.4. Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас халагдсан 30 хүртэлх насны эрэгтэй, 25  хүртэлх  насны эмэгтэй бэлтгэл ахлагчийг 6 сараас доошгүй хугацаагаар ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллуулсны дараа ахлагчийн албан тушаалын шалгуур үзүүлэлтийг хангаж байгааг тодорхойлсон анги, байгууллагын санал, тодорхойлолтыг үндэслэн  ахлагчийн албан тушаалын "шалгуур үзүүлэлт"-ийн шалгалтанд тэнцсэн нөхцөлд ахлагчийн албанд эгүүлэн авч, тухайн албан тушаалын зэрэглэлийн цэргийн цолыг  эдлүүлнэ.

            3.3. Ахлагчийн албанд шинээр болон бэлтгэлээс эгүүлэн авах асуудлыг Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах  дээд  байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ.

            3.4. Ахлагчийн алба хаах хугацааг "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ажлын үзүүлэлт, хүний нөөцийн байгууллагын санал, төрийн албаны салбар зөвлөл болон цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн нэг удаа 5 хүртэл жилээр  сунгахыг  Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

Ахлагчийн алба хаах хугацааг сунгасанаас хойш ажиллах гэрээг холбогдох хүний нөөцийн нэгжтэй байгуулах ба гэрээний заалтыг биелүүлээгүй  тохиолдолд уг гэрээг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага цуцална.

            3.5. Ахлагчийн албан тушаалд ажиллаж  байгаад  сахилга, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргаж  цэргийн албанд  тэнцэхгүй халагдсан иргэнийг ахлагчийн албанд эгүүлэн авахгүй.

Дөрөв. Ахлагчтай гэрээ байгуулах

            4.1. Хүний нөөцийн байгууллага  нь мэргэжлийн газар, хэлтэстэй хамтран хүн нэг бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ахлагчийн албанд шинээр авч буй иргэнтэй гэрээг бичгээр байгуулна.

            4.2. Ахлагчийн алба хаах гэрээ дараах агуулгатай байна. Үүнд:

а. алба хаах хугацаа

б. тухайн албан тушаалд ажиллах хугацаа

в. ажиллах анги, байгууллага, албан тушаал

г. гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг

д. талуудын хүлээх хариуцлага

е. гэрээний хугацааг цуцлах, хугацааг сунгах, дуусгавар болгох үндэслэлүүд

            4.3. Гэрээг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга батална.

            4.4. Гэрээ батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

            4.5. Гэрээг 2 хувь үйлдэж, нэг хувь нь хүний нөөцийн байгууллагад, нөгөө хувь нь тухайн ахлагчид  хадгалагдана.

            4.6. Анги, байгууллагын удирдлага өөрийн анги, байгууллагын онцлог, нөхцөл байдалтай холбоотой асуудлаар гэрээнд нэмэлт заалт тусгаж  болно.  

            4.7. Ахлагчийн алба хаах анхны гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулна. Тухайн ахлагчтай гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд 1 жил ажилласан бол 80, 2 жил ажилласан бол 60, 3 жил ажилласан бол 40, 4 жил ажилласан бол 20 хувиар тооцож сургуульд суралцсан зардлыг нөхөн төлүүлнэ. Ахлагч сургалтын төлбөрөө сайн дураараа төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд харъяалах анги, байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ.

Цаашид  дараагийн шатны дамжааг дүүргэн, мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлсэн тохиолдолд хоёр тал харилцан тохиролцож, гэрээг сунгана.

            4.8. Гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тал хууль тогтоомж, гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.

            4.9. Гэрээний биелэлтийг анги, байгууллагын удирдлага жил бүр дүгнэх ба хүний нөөцийн байгууллага гэрээний хугацаа дууссан үед гэрээг дүгнэнэ.

Харин талуудын аль нэгний шаардлагаар гэрээг хэдийд ч дүгнэж болно.

 

Тав. Ахлагчийг гадаадад үүрэг гүйцэтгүүлэхээр томилох

5.1. Ахлагчийг сайн дурын үндсэн дээр  НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр томилно.

5.2. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа сахилга, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргасан болон гадаадын цэргийн сургууль, гадаад хэлний дамжааны шаардлага хангахгүй хасагдсан ахлагчийг гадаадад дахин  үүрэг гүйцэтгүүлэхээр томилохгүй.

 

Зургаа. Ахлагчийн албан тушаалд томилох, дэвшүүлэх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах

            6.1. Ажлын шаардлага, бүтэц, зохион байгуулалт, орон тооны өөрчлөлтөөр ахлагчийг захиргааны санаачлагаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд дэвшүүлэх болон шилжүүлэн томилно.

            6.2. Гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа ахлагчийг сонгон шалгаруулалтад  тэнцсэн тохиолдолд  албан тушаалын дамжаанд суралцуулж, төгссөний дараа ахлагчийн удирдах  албан тушаалд дэвшүүлэн томилно.

           Сонгон шалгаруулалт гэдэг нь хүний нөөцийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран гэрээний биелэлт, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, сахилга, хариуцлагын байдал, албан тушаалын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж  байгаад өгсөн үнэлэлтийг хэлнэ.

           Ахлагчийг сонгон шалгаруулалтад  оруулахдаа анги, байгууллагын болон хүний нөөцийн байгууллагын саналыг үндэслэнэ.

            Удирдах албан тушаалтан нь сонгон шалгаруулалтад 3 жил тутамд хамрагдана.

            6.3. Удирдах албан тушаалд  ажиллаж буй ахлагчийг офицерийн гүйцэтгэх албан тушаалд түр томилон ажиллуулж  болно.

            6.4. Ахлагчийг тухайн албан тушаалын шаардлага хангаагүй тохиолдолд ахлагчийн албанаас халах буюу өөрийнх нь хүсэлтээр албан тушаал бууруулан томилж, томилогдсон албан тушаалын цэргийн цолыг эдлүүлнэ.

            6.5. Ахлагчийг дэвшүүлэх, сэлгэн ажиллуулах, бууруулах, шилжүүлэхдээ  хүний нөөцийн байгууллагын саналыг үндэслэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын дарга шийдвэрлэнэ. 

Долоо. Ахлагчид цэргийн цол олгох, шагнах

            7.1. Ахлагчид цэргийн цол олгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан "Цэргийн цол олгох журам"-ыг баримтална.

            7.2. Ахлагчийн анхны болон "тэргүүн", "сургагч" цолыг  Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, Цэргийн мэргэжлийн нэгдмэл  удирдлагаар хангах дээд  байгууллагын дарга олгоно.

            7.3. Ахлагчийг шагнах эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Төрийн албаны тухай хууль", Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан холбогдох журам, Цэргийн сахилгын дүрмийн заалтууд болно.

            7.4. Ахлагчийн шагнах үндсэн шалгуурт үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ажлын амжилт, алба хаасан жил хамаарна.

            7.5. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ахлагчийг цэргийн болон иргэний их сургууль, коллеж  /ахлагчийн сургууль/-д суралцах сургалтын зардлын эрхийн бичгээр шагнаж  болно.

           

Найм.  Ахлагчийн сургалт

            8.1. Ахлагчийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж удирдан дараах шаттайгаар зохион байгуулна.

                        а. Ахлагчийн мэргэжил олгох сургалт

                        б. Мэргэжил дээшлүүлэх сургалт

                        в. Ахлагчийн удирдлагын анхан шатны дамжаа

                        г. Ахлагчийн үндсэн дамжаа

д. Ахлагчийн гүнзгийрүүлсэн дамжаа

е. Ахлагчийн дээд дамжаа

            8.2. Цэргийн болон иргэний их сургууль, коллеж, ахлагчийн сургуульд элсэн орж  байгаа ахлагчтай суралцуулах тухай захиалагч, сургууль, суралцагчийн гурвалсан гэрээг байгуулна.

            8.3. Ахлагчийг сургууль болон  мэргэшүүлэх дамжаа төгссөнөөс хойш гурваас доошгүй жил   ажилласан ахлагчийг  дараагийн шатны сургалтад  сонгон шалгаруулж хамруулах ба хөдөөгийн анги, салбарт хоёроос доошгүй жил ажилласан ахлагчийг тухайн сургуулийн шалгалтанд  тэнцсэн тохиолдолд эхний ээлжинд суралцуулна.

            8.4. Төрийн зардлаар гадаад, дотоодын цэргийн болон иргэний их сургууль, коллеж, ахлагчийн сургуульд суралцаж  буй ахлагч сахилга, сурлагаар тэнцэхгүй сургуулиас хасагдсан, хуваарилсан газар, томилсон ажилд очоогүй буюу гэрээнд заасан хугацаанд ажиллаагүй бол суралцсан хугацааны зардлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

            Төрийн зардал гэдэгт улсын төсвийн хөрөнгө, түүний оролцоотой бүрдүүлсэн төрөл бүрийн сан, төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж  ахуйн нэгжийн хөрөнгө, гадаад орны зээл тусламж, Монгол Улстай тохиролцсоноор хүлээн авч байгаа гадаад орны болон Олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн зардлууд хамаарагдана.

            8.5. Цэргийн боловсролыг ахиулах сургалт, мэргэшүүлэх дамжаанд зөвхөн ахлагчийн алба хаагчийг хамруулна.

            8.6. Зэвсэгт хүчний ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж  байгаа ажилтанг их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, дамжаанд байгууллагын зардлаар сургахгүй.

Ес. Ахлагчийн амралт, чөлөө

            9.1. Ахлагчид  "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуульд зааснаар ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлнэ.

            9.2. Ахлагчийн албанд шинээр орж буй ахлагчид иргэний байгууллагад ажилласан хугацааг  нь харгалзан ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг 6-10 жилд 3 өдөр, 11-15 жилд ажлын 5 өдөр, 16-20 жилд ажлын 7 өдөр, 21-25 жилд ажлын 9 өдөр, 26-31 жилд ажлын 11 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 14 өдрөөр тооцож олгоно.

            9.3. Ахлагчид хууль, тогтоомжийн дагуу дор дурдсан чөлөө олгоно.

 

                        а. Өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөө

            Өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөөг цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн анги, байгууллагын захирагч, дарга нар олгох бөгөөд эмчлүүлэх хугацаа 13 долоо хоногоос илүүгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх удаа өвчлөхөд эмчлүүлэх хугацаа 26 долоо хоногоос илүүгүй байна.

            Энд зааснаас илүү хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд цэргийн   эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн ахлагчийн албанаас бэлтгэлээр хална.

 

                        б. Суралцах чөлөө

            Монгол Улсын "Боловсролын тухай "хуульд заасны дагуу ахлагчийг орой, эчнээ, зайн сургалтад суралцахаар элсэлтийн, анги дэвших, төгсөх, шалгалт өгөх, сургуулиас тогтоосон хугацаанд нь тухайн анги, байгууллагын захирагч дарга нарын тушаалаар ажлаас түр чөлөөлж, цалин олгож болно.

 Эрдэм шинжилгээний болон бүтээлийн цалинтай чөлөөг нэг удаа олгож  болно.

                        в. Хүүхэд асрах чөлөө

                       Эмэгтэй ахлагчид жирэмсний, амаржсаны дараах болон хүүхдээ 2 нас хүртэл нь асрах чөлөө олгоно. Ахлагчийн эхнэр нь эрүүл мэндийн байдлаас хүүхдээ  асрах чадваргүй  болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон эсвэл нас барсан тохиолдолд хүүхдийг 2 нас хүртэл асрах чөлөөг эцэгт нь олгож  болно.

     Хүүхэд асрах чөлөөг төрийн тусгай албан хаагчийн хувьд энэ журмын 4.2-ын "г.д" дэх заалтад гэрээгээр зохицуулах эрхийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын хүний нөөцийн асуудал хариусан нэгж эдэлнэ.

                        г. Ар, гэрийг дэмжих чөлөө

            Ахлагчийн ар гэр амьдралд тохиолдсон гачигдлыг нь харгалзан ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анги, байгууллагын захирагч /дарга/-ын тушаалаар хуанлийн 10 хоног хүртэл цалинтай, 1 сар хүртэл цалингүй чөлөө олгож болно.

Арав. Ахлагчийг цэргийн албанаас халах, чөлөөлөх

            10.1. "Төрийн албаны тухай", "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай", "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай", Монгол Улсын хуулиудын холбогдох заалтыг үндэслэн ахлагчийг цэргийн жинхэнэ албанаас өөрийн нь хүсэлтээр эсвэл захиргааны санаачилгаар хална.

            10.2. Ахлагчийн алба хаах гэрээний хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй, түүнчлэн албан тушаалын шаардлага хангахгүй байгаа ахлагч нь албан тушаал бууруулан ажиллуулах тухай саналыг хүлээн аваагүй тохиолдолд түүнийг цэргийн жинхэнэ албанаас захиргааны санаачилгаар бэлтгэлээр хална.

10.3. Ахлагчийн алба хаагч нь улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлэх, оролцох хүсэлтээ гаргах, сонгогдох, хүсэлт гаргаагүй ч улс төрийн үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд цэргийн жинхэнэ албанаас захиргааны санаачлагаар бэлтгэлээр хална.

 Улс төрийн албан тушаал эрхэлж байсан, түүнчлэн улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн бэлтгэл ахлагчийг хоёр жилийн хугацаанд ахлагчийн албанд дахин авахгүй.

Энэхүү хугацаа дуусч, ахлагчийн албанд эргэж орох хүсэлтээ гаргасан, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан бэлтгэл ахлагчийг  уг албанд авч, албан тушаалд томилж болно.

10.4 Иргэний их сургууль, коллежийн үндсэн ангид элсэн суралцах тохиолдолд цэргийн жинхэнэ албанаас эргэж орох нөхцөлтэйгээр бэлтгэлээр хална.

10.5. Ахлагчийн  албан тушаалд ажиллаж байгаад сахилга, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргаж, ахлагчийн  албан тушаалд тэнцээгүй албан хаагчийг  цэргийн жинхэнэ албанд эргэж авах нөхцөлгүйгээр хална.

           10.6. Халагдах болон тэтгэвэр чөлөөндөө гарах ахлагчид хүний нөөцийн байгууллага урьдчилан мэдэгдэх хуудсыг нэг сарын өмнө өгнө. Энэ хугацаанд тухайн ахлагч  ажил, амралтаа зохицуулж, цэргийн эд  хөрөнгийн тооцоог анги, байгууллагатайгаа бүрэн хийх үүрэгтэй.

            10.7. Халагдах болон тэтгэвэр чөлөөндөө гарах ахлагч нь анги, байгууллагатайгаа эрхэлсэн ажил, хариуцсан зэвсэг техник, эд хөрөнгийн тооцоог бүрэн хийж  дуусгасны эцэст холбогдох баримт бичгээ авна.

            10.8. Халагдаж байгаа ахлагч эрхэлж байсан ажил, албан тушаалын болон өмч, хөрөнгийн тооцоо хийхээс зайлсхийсэн тохиолдолд хохирлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

            10.9. Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын  даргын баталсан  бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангаагүй ахлагчид уг шаардлагыг хангах 6 сарын хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд шалгуур үзүүлэлтийн шаардлагад хүрээгүй бол захиргааны санаачлагаар цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах үндэслэл болно.

            10.10. Ахлагч нь командлалын шалгалт, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээгээр хангалтгүй дүн авсан бол энэ нь захиргааны санаачлагаар халах үндэслэл болно.

Арван нэг. Хувийн хэрэг, тоо бүртгэл, хувийн баримт бичиг

            11.1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 1995 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, бүртгэлийг хөтлөх журам "-ын дагуу цэргийн жинхэнэ албаны ахлагчийн хувийн хэргийг хүний нөөцийн байгууллага эрхлэн нээж, жил бүр баяжилт, хөдөлгөөн хийж  хадгална.

            11.2. Ахлагчийн хувийн хэрэг нь түүний төрийн тусгай алба хаасан тухай болон үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ажил байдлын тодорхойлолт, холбогдох судалгааг багтаасан байна.

            11.3. Ахлагчийн хувийн хэрэг нээгдмэгц ахлагчийн үнэмлэх олгоно. Ахлагчийн үнэмлэх нь цэргийн жинхэнэ  алба хааж байгаа иргэнийг батлах үндсэн баримт бичиг болно.

            11.4. Цэргийн албанаас халагдаж  байгаа ахлагчийн үнэмлэхэд халагдсан тухай тэмдэглэл хийж  хувийн хэрэгт нь хадгална. Цэргийн жинхэнэ албанд  эргэж орсон ахлагчид үнэмлэхийг дахин олгоно.

            11.5. Ахлагч нь үнэмлэхээ гээж үрэгдүүлбэл хүчингүйд тооцсон тухай хэвлэлээр зарлуулж, төлбөртэйгээр дахин үнэмлэх авна.

            11.6. Ахлагч нь өөрийн хувийн хэрэгтэйгээ  жил тутамд танилцаж  амьдрал, ам бүлийн талаар гарсан өөрчлөлтийг тодотгож  байх үүрэгтэй. 

            11.7. Ахлагчийг хувийн хэрэгтэйгээ танилцахад нь хяналт тавих, өөрчлөлт тодотгол хийх ажлыг тухайн асуудал хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.

 

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019