ОФИЦЕРИЙН АЛБА ХААХ ЖУРАМ

2014 оны 06 сарын 04

Батлан хамгаалахын сайдын 2008  оны 65 дугаар тушаалын хавсралт

ОФИЦЕРИЙН АЛБА ХААХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын иргэн хууль, тогтоомжийн дагуу офицерийн алба хаахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журмыг Монгол Улсын Зэвсэгт хүчний хэмжээнд дагаж мөрдөнө.

1.3. Офицерийн алба хаагч нь боловсрол, мэргэжил, эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Шалгуур үзүүлэлтийг Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага тогтооно.

1.4. Офицер нь Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрмээр тогтоосон эрх, хангамжийг эдэлж, үүрэг хариуцлагыг хүлээнэ.

1.5. Офицерийн алба хаах иргэнтэй энэхүү журмыг үндэслэн офицерийн алба хаах гэрээ байгуулна.

 1.6. Зэвсэгт хүчний офицерийн албаны эрх зүйн үндэс нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиуд, "Цэргийн дүрмүүд" болон энэхүү журам   байна.

Хоёр. Офицерийн албан тушаал

2.1. "Төрийн албаны тухай" болон "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай"Монгол Улсын хууль, Цэргийн дүрмүүдэд  заасан төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Зэвсэгт хүчний удирдах ба гүйцэтгэх  албан тушаалыг офицерийн албан тушаал гэнэ.

     2.2. Офицерийн албан тушаалыг удирдах болон гүйцэтгэх албан тушаал гэж ангилна.

     2.3. Офицерийн удирдах албан тушаалд дараахь албан тушаалтныг хамруулна.

2.3.1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөр дүгнэлт гаргуулдаг албан тушаалтан;

-  Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын дарга, нэгдүгээр орлогч дарга нар,

2.3.2. Батлан хамгаалах яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн  салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулдаг албан тушаалтан;

- батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэлтсийн дарга, харъяа байгууллагын дарга, захирал, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын орлогч дарга, Батлан хамгаалахын их сургуулийн дэд захирал, харъяа сургуулийн захирал, Цэргийн штабын дарга, Монгол Улсаас гадаад оронд суух цэргийн атташе нар

2.3.3. Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөр дүгнэлт гаргуулдаг албан тушаалтнууд:

Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын хэлтэс, албаны дарга,  хорооны захирагч, орлогч нар, тусгай батальоны захирагч түүнтэй адилтгах албан тушаалтнууд;

2.4. Дээр дурьдсанаас бусад офицерийн албан тушаалыг гүйцэтгэх албан тушаалд хамааруулна.

Гурав. Офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага, офицерийн албанд авах

3.1.    Офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага

            3.1.1. дипломын болон түүнээс дээш боловсролтой байх;

            3.1.2. мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангасан байх;

            3.1.3. биеийн эрүүл мэндээр офицерийн албанд тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон байх;

            3.1.4. Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын  даргын баталсан  бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангасан байх:

             3.1.5. төрийн албан хаагчийн ёс зүйн шаардлагыг хангасан байх;

             3.1.6. ял шийтгэлгүй байх.

            3.2. Офицерийн албанд энэ журмын 3.1-д заасан шаардлага, доорх болзлыг хангасан Монгол Улсын иргэнийг авна.

          3.2.1. дотоод, гадаадын цэргийн их, дээд сургуулийг "А", "В", "С" дүнтэй төгссөн сонсогчдод офицерийн цол олгож, офицерийн албан тушаалд томилно.

            3.2.2. ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан, "Зэвсэгт хүчний анги, байгууллагад офицер, ахлагчийн албанд иргэнийг анх ороход мэргэшлийн шалгалт авах журам"-ын дагуу шалгалт өгч тэнцсэн 35 хүртэлх насны иргэнийг офицерийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр авч ажиллуулж болно.

 3.2.3. орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, ар гэрийн гачигдлын учир өөрийн хүсэлтээр цэргийн албанаас халагдсан эрэгтэй 30 хүртэлх насны дунд, 35  хүртэлх насны ахлах, 30 хүртэлх насны эмэгтэй бэлтгэл офицерийг шаардлагатай мэргэжлээр офицерийн албан тушаалд 6 сараас доошгүй хугацаагаар энгийнээр ажиллуулсны дараа шалгуур үзүүлэлтийг хангавал офицерийн албанд эргүүлэн авч болно.

 3.2.4. офицерийн албан тушаалд энгийнээр томилогдсон иргэнийг офицерийн албанд шилжүүлэхдээ тухайн албан тушаалд 6 сараас доошгүй хугацаагаар ажиллуулсны дараа анги, байгууллагын санал, мэргэжлийн газар, хэлтсийн дүгнэлтийг үндэслэн офицер бэлтгэх дамжаанд элсүүлэн суралцуулна. Офицер бэлтгэх дамжааг төгссөн иргэнийг офицерийн албанд авч цэргийн цол олгоно. Офицерийн албан тушаалд энгийнээр ажиллах хугацаа 1 жилээс хэтрэхгүй байна.

 3.2.5. офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан, офицерийн албан тушаалд 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан ахлагч, гэрээний хугацаа дууссан гэрээт цэргээс өөрийн хүсэлтээр сонгон шалгаруулж офицер бэлтгэх дамжаанд элсүүлж болно.

3.2.6. батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын зөвшөөрлөөр  мэргэжил шинээр эзэмших, дээшлүүлэх, мэргэших зорилгоор гадаад, дотоодын иргэний сургуульд суралцахаар офицерийн албанаас эргэж орох нөхцөлтэйгээр халагдсан бэлтгэл офицер суралцаж төгссөний дараа 2 сарын дотор Зэвсэгт хүчинд эргэж ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг удирдлага болгон офицерийн албанд авч болно.

3.3. Офицерийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн боловч албаа үргэлжлүүлэн хаах хүсэлтэй офицерийн алба хаах хугацааг "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг  үндэслэн ажлын үзүүлэлт, хүний нөөцийн байгууллагын санал, төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл болон цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн нэг удаа 5 хүртэл жилээр сунгахыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

Офицерийн алба хаах хугацааг сунгасанаас хойш ажиллах гэрээг холбогдох хүний нөөцийн нэгжтэй байгуулах ба гэрээний заалтыг биелүүлээгүй  тохиолдолд гэрээг эрхийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага цуцална.

Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, боловсролын доктор, ардын болон гавъяат цолтон, тэргүүлэх зэргийн эмч нарыг офицер орон тоонд энгийнээр ажиллуулж болох ба дээрхи албан тушаалтнуудад журмын 3.2.4 дэх заалт хамаарахгүй.

3.4. Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээдбайгууллага ньцэргийн жинхэнэ албан хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах цэргийн эмч нарын болон цэргийн хөдөлмөрийг магадлах орон тооны бус комисстой байна. Комиссын бүрэлдэхүүн, ажиллах зааврыг тус байгууллагын даргын тушаалаар батална.

3.5. Зэвсэгт хүчний удирдах албан тушаалын офицерийн орон тоонд иргэнийг энгийнээр авч ажиллуулахыг хориглоно.

3.6. Энэ журмын 3.2, 3.3, 3.5, 3.6 дахь заалтуудыг зөрчсөн албан тушаалтанд дээд шатны албан тушаалтан нь холбогдох эрх зүйн актын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Дөрөв. Офицертой гэрээ байгуулах

4.1. Хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан нь мэргэжлийн газар, хэлтэстэй хамтран хүн нэг  бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг бичгээр байгуулна.

4.2. Офицерийн алба хаах гэрээ нь дараахь  агуулгатай байна. Үүнд:

         -   Алба хаах ерөнхий хугацаа ;

         -   Тухайн албан тушаалд ажиллах хугацаа;

         -   Ажиллах анги, байгууллага, албан тушаал;

         -    Гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг;

         -    Талуудын хүлээх хариуцлага;

                     - Гэрээний хугацааг цуцлах, хугацааг сунгах, дуусгавар болгох үндэслэлүүд.

  4.3. Гэрээг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгжийн дарга батална.

  4.4. Гэрээ батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно.

  4.5. Гэрээг 2 хувь үйлдэж, нэг хувь нь хүний нөөцийн байгууллагад, нөгөө хувь нь тухайн офицерт хадгалагдана.

  4.6. Офицерийн ажиллаж буй анги, байгууллагын удирдлага өөрийн анги, байгууллагын онцлог нөхцөл байдалтай холбоотой асуудлаар гэрээнд нэмэлт заалт тусгаж болно.

 4.7. Цэргийн академи, их, дээд сургууль, коллежид элсэн орж буй иргэнтэй сургууль төгссөний дараа офицерийн албыг 5 жил хаах гэрээ байгуулна. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нөхцөлд 1 жил ажилласан бол 80, 2 жил ажилласан бол 60, 3 жил ажилласан бол 40, 4 жил ажилласан бол 20 хувиар тооцож сургуульд суралцсан зардлыг нөхөн төлүүлнэ. Офицер сургалтын төлбөрөө сайн дураараа төлөөгүй, төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд харъяалах анги, байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ.

 4.8. Гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тал хууль тогтоомж, гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.

 4.9. Гэрээний үүргийн биелэлтийг анги, байгууллагын удирдлага офицертой жил бүр дүгнэж, тодотгол хийх ба хүний нөөцийн байгууллага гэрээний хугацаа  дууссан үед гэрээг дүгнэнэ. Харин гэрээ хийсэн талуудын аль нэгний шаардлагаар гэрээг хэдийд ч дүгнэж болно.

 

Тав. Офицерийг гадаадад цэргийн үүрэг гүйцэтгүүлэхээр томилох

5.1. Офицерийг сайн дурын үндсэн дээр НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр томилно.

5.2. НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд цэргийн ажиглагчаар  үүрэг гүйцэтгэсэн офицер "Татварын тухай" Монгол Улсын хуульд заасны дагуу хүн амын орлогын албан татвар төлнө.

5.3. НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байхдаа сахилга, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргасан болон гадаадын цэргийн  их, дээд сургууль болон гадаад хэлний дамжааны шаардлагыг хангахгүй хасагдсан офицерийг гадаадад үүрэг гүйцэтгүүлэхээр томилохгүй.

Зургаа. Офицерийн албан тушаалд дэвшүүлэх, шилжүүлэх

      6.1. Ажлын шаардлагыг  харгалзан офицерийг нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд дэвшүүлэх буюу шилжүүлэн  захиргааны санаачлагаартомилно.

      6.2. Офицерийг албан тушаал дэвшүүлэхдээ "Офицер, ахлагчийн албан тушаалд сонгон шалгаруулах журам"-ыг үндэслэн сонгон шалгаруулалтад оруулна. Офицерийг албан тушаалд дэвшүүлэх сонгон шалгаруулалт гэдэг нь  хүний нөөцийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран гэрээний биелэлт, үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, сахилга, хариуцлагын байдал, томилох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хэрхэн хангаж байгаад өгсөн үнэлэлтийг хэлнэ.

 Удирдах албан тушаалд офицерийг томилохдоо тухайн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд танилцуулж, дүгнэлт гаргуулна.

6.3. Энэхүү журмын 2.3-т заагдсан албан тушаалтны тухайн удирдах албан тушаалд ажиллах хугацаа 4 жил хүртэл байна.  Ажлын шаардлагаар 1 жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно.

6.4. Дээрх хугацааг үндэслэн чөлөөлөгдөх удирдах албан тушаалтны ажлын байр, дэвшүүлэх албан тушаалтны жагсаалтыг хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан жил бүр шинэчлэн гаргана.

6.5. Дэвшин томилогдох албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцээгүй офицерийг адилтгах албан тушаалд шилжүүлэн томилж болно.

6.6. Тухайн албан тушаалын шаардлага хангаагүй офицерийг албанаас халах буюу албан тушаал бууруулан томилж, томилогдсон албан тушаалын цолыг эдлүүлнэ.

6.7. Удирдах албан тушаалын офицерийг шинээр томилох буюу дэвшүүлэх, бууруулах, шилжүүлэн томилохдоо:

6.7.1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Төрийн захиргааны Төв байгууллагын харъяа байгууллагын дарга /захирал/, Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын орлогч дарга,  Батлан хамгаалахын их сургуулийн захирал, Аймаг, /нийслэл/ дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга нарыг  Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон төрийн албаны зөвлөлийн  салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар,

6.7.2.  БХЯ-ны газар, хэлтсийн дарга, Батлан хамгаалахын их сургуулийн дэд захирал, харъяа сургуулийн захирал нарыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөл болон яамны Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар,

6.7.3. Зэвсэгт хүчний Жанжин штабын газрын дарга, тусгай хороо, хороо, тусгай батальоны захирагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Батлан хамгаалахын сайдтай зөвшилцөн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар томилно. Энэ заалтыг БХС-ын 2009 115-р тушаалаар өөрчлөн найруулсан.

6.8. Дээр дурьдагдсан албан тушаалын офицеруудаас бусад офицеруудыг хүний нөөцийн нэгжийн саналыг үндэслэн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын болон ЗХЖШ-ын даргын тушаалаар тус тус томилно.

Долоо. Офицерт цэргийн цол олгох

7.1. Офицерт цэргийн цол олгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан "Цэргийн цол олгох журам"-ыг баримтална.

Найм. Офицерийг  шагнаж, урамшуулах

8.1.  Офицерийг шагнах эрх зүйн үндэс нь "Төрийн албаны тухай" Монгол Улсын хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын даргын тушаалаар батлагдсан холбогдох журам, Цэргийн сахилгын дүрмийн заалтууд болно.

8.2. Батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэж буй үүрэг, мэргэжилдээ мэргэшин, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гаргах, идэвхи сонирхолыг өрнүүлж, хүрсэн амжилт, ажлын үр дүнг дэмжих зорилгоор офицеруудад шагнал урамшуулал хүртээнэ

8.3. Шагналын үндсэн шалгуурт офицерийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ажлын амжилт, алба хаасан жил хамаарна.

Ес. Офицерийн сургалт

9.1. Офицерийг дотоод, гадаадын цэргийн мэргэжлийн болон иргэний их сургууль, коллежид шаталсан сургалтаар бэлтгэнэ.

9.2. Офицерийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх,  мэргэшүүлэх сургалт нь шаталсан байх бөгөөд харъяалах үндсэн газар, хэлтсийн саналыг үндэслэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан зохион байгуулна.

9.3. Цэргийн бакалавр, магистрантур, докторантурт суралцах офицертой захиалагч, сургууль, суралцагчийн гурвалсан гэрээ байгуулна.

9.4. Сургууль, мэргэшүүлэх дамжаа төгссөнөөс хойш гурваас доошгүй жил   ажилласан офицерийг дараагийн шатны сургалтад  сонгон шалгаруулж хамруулах ба хөдөөгийн анги, салбарт хоёроос доошгүй жил ажилласан офицерийг тухайн сургуулийн шалгалтанд  тэнцсэн тохиолдолд эхний ээлжинд суралцуулна.

9.5. Төрийн зардлаар гадаад, дотоодын цэргийн академи, их сургууль, коллежид суралцаж буй офицер сахилга, сурлагаар тэнцэхгүй болж сургуулиас хасагдсан, эсвэл хуваарилсан анги, байгууллага, томилсон ажилд очоогүй буюу гэрээнд заасан хугацаанд ажиллаагүй бол суралцсан хугацааны зардлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.

Төрийн зардал гэдэгт улсын төсвийн хөрөнгө, түүний оролцоотой бүрдүүлсэн  төрөл бүрийн сан, төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгө, гадаад орны зээл тусламж, Монгол Улстай тохиролцсоноор хүлээн авч байгаа гадаад орны Олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн зардлууд хамаарагдана.

9.6. Зэвсэгт хүчний офицерийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр ажиллаж байгаа ажилтныг мэргэжлийн сургалт, дамжаанд байгууллагын зардлаар сургахгүй. Энэ заалтад 3.3-т заасан албан тушаалтнууд хамаарахгүй

Арав. Офицерийн амралт, чөлөө, эрүүл мэнд

10.1. Офицерт "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуульд зааснаар ээлжийн амралтыг олгож биеэр эдлүүлнэ.

10.2. Офицерийн албанд шинээр орж буй офицерт иргэний байгууллагад ажилласан хугацааг нь харгалзан ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг 6-10 жилд  ажлын 3 өдөр, 11-15 жилд ажлын 5 өдөр, 16-20 жилд ажлын 7 өдөр, 21-25 жилд ажлын 9 өдөр, 26-31 жилд ажлын 11 өдөр, 32 түүнээс дээш жилд 14 өдрөөр  тооцож олгоно.

10.3. Офицерт хууль, тогтоомжоор тогтоосны дагуу дор дурдсан чөлөө олгоно.

10.3.1. өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөө:

 а/ мэргэжлийн эмч нарын комиссын үзлэгийн дүгнэлтийг үндэслэн өвчний болон рашаан, сувилалд эмчлүүлэх чөлөөг анги, байгууллагын захирагч, дарга олгох бөгөөд эмчлүүлэх, сувилуулах хугацаа 13 долоо хоногоос  илүүгүй байна.

 б/ хорт хавдар болон сүрьеэгээр анх удаа өвчилсөн тохиолдолд эмчлүүлэх хугацаа 26 долоо хоногоос илүүгүй байна.

в/ дээр зааснаас илүү хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн офицерийн албанаас бэлтгэлээр хална.

10.3.2. суралцах чөлөө:

а/ "Боловсролын тухай" Монгол Улсын хуульд заасны дагуу офицерийг иргэний боловсрол олгох орой, эчнээ, зайн сургалтад суралцахаар элсэлтийн, анги дэвших, төгсөх шалгалт өгөхөд  сургуулиас тогтоосон хугацаанд нь тухайн анги, байгууллагын захирагч, даргын тушаалаар хуанлийн 45 хоногоос илүүгүй хугацаагаар ажлаас нь түр чөлөөлж, цалинг олгож болно.

б/ Эрдэм шинжилгээний болон бүтээлийн 30 хүртэл хоногийн цалинтай чөлөөг нэг удаа олгож болно.

10.3.3. хүүхэд асрах чөлөө:

а/ эмэгтэй офицерт жирэмсний, амаржсаны дараахь болон хүүхдээ 2 нас хүртэл асрах чөлөө олгоно.

б/ офицерийн эхнэр нь эрүүл мэндийн байдлаас хүүхдээ асрах  чадваргүй болох нь эмнэлгийн магадлагаагаар тогтоогдсон эсвэл нас барсан тохиолдолд хүүхдийг 2 нас хүртэл асрах чөлөөг эцэгт нь олгож болно.

10.3.4. ар гэрийн дэмжих чөлөө:

- офицерийн ар гэр, амьдралд тохиолдсон гачигдлыг нь харгалзан ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анги, байгууллагын захирагч, даргын тушаалаар хуанлийн 10 хоног хүртэл цалинтай, 1 сар хүртэл цалингүй чөлөө олгож болно.

10.4. Офицеруудыг жилд хоёроос доошгүй удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж эмнэлгийн хяналтад авна.

Арван нэг. Офицерийг цэргийн албанаас халах, чөлөөлөх

11.1. "Төрийн албаны тухай", "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай", "Яамны эрх зүйн байдлын тухай",  болон "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" Монгол Улсын хуулийн холбогдох заалтыг үндэслэн офицерийг цэргийн жинхэнэ албанаас өөрийнх нь хүсэлтээр эсвэл захиргааны санаачлагаар цэргийн жинхэнэ албанаас хална.

11.2. Офицерийн алба хаах гэрээний хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болон албан тушаалын шаардлага хангахгүй офицер нь албан тушаал бууруулан ажиллуулах тухай саналыг хүлээн аваагүй тохиолдолд түүнийг цэргийн жинхэнэ албанаас захиргааны санаачлагаар бэлтгэлээр хална.

11.3. Офицер нь иргэний их, дээд сургууль, коллежийн үндсэн ангид элсэн суралцах тохиолдолд цэргийн жинхэнэ албанд эргэж орох нөхцөлтэйгээр бэлтгэлээр хална.

11.4. Офицерийн албан тушаалд ажиллаж байгаад сахилга, хариуцлага, ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, офицерийн албан тушаалд тэнцээгүй албан хаагчийг  цэргийн жинхэнэ албанд эргэж авах нөхцөлгүйгээр хална.

11.5. Офицерийн алба хаагч нь улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлэх, оролцох хүсэлтээ гаргах, сонгогдох, хүсэлт гаргаагүй ч улс төрийн үйл ажиллагаанд оролцсон тохиолдолд цэргийн жинхэнэ албанаас захиргааны санаачлагаар бэлтгэлээр хална.

 Улс төрийн албан тушаал эрхэлж байсан, түүнчлэн улс төрийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн бэлтгэл офицерийг хоёр жилийн хугацаанд офицерийн албанд дахин авахгүй.

Энэхүү хугацаа дуусч, офицерийн албанд эргэж орох хүсэлтээ гаргасан, офицерийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан бэлтгэл офицерийг уг албанд авч, албан тушаалд томилж болно.

11.6. Халагдах болон тэтгэвэр чөлөөнд гарах офицерт хүний нөөцийн байгууллагаас нэг сараас доошгүй хугацааны өмнө мэдэгдэх хуудас өгнө. Мэдэгдэх хуудасны хугацаа дуусмагц захиргааны санаачлагаар зохих шийдвэрийг гаргана.  Энэ хугацаанд тухайн офицер нь ажил амралт, өмч хөрөнгийн тооцоог анги, байгууллагатайгаа бүрэн хийх үүрэгтэй.

11.7. Халагдах болон тэтгэвэр чөлөөнд гарах офицер нь анги, байгууллагатайгаа эрхэлсэн ажил, хариуцсан зэвсэг техник, эд хөрөнгийн тооцоог  бүрэн хийж дуусгасны эцэст холбогдох баримт бичгээ авна. Халагдаж байгаа офицер эрхэлж байсан ажил, албан тушаалын болон өмч, хөрөнгийн тооцоо хийхээс зайлсхийсэн тохиолдолд хохирлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.

11.8.  Цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллагын  даргын баталсан  бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийн шаардлагыг хангаагүй офицерт 6 сарын хугацаатай үүрэг өгөх ба дээр  дурьдсан хугацаанд шалгуур үзүүлэлтийн шаардлагад хүрээгүй бол захиргааны санаачлагаар цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах үндэслэл болно.

11.9. Офицер нь командлалын болон төгсөлтийн шалгалт, үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээгээр хангалтгүй дүн авсан бол захиргааны санаачлагаар цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халах үндэслэл болно.

Арван хоёр. Хувийн хэрэг, тоо бүртгэл, хувийн баримт бичиг

12.1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 1995 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, бүртгэлийг хөтлөх журам"-ын дагуу цэргийн жинхэнэ албаны офицерийн хувийн хэргийг хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан эрхлэн нээж, жил бүр баяжилт, хөдөлгөөн хийж хадгална.

12.2. Офицерийн хувийн хэрэг нь түүний төрийн тусгай алба хаасан тухай болон үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ажил байдлын тодорхойлолт, холбогдох судалгааг багтаасан байна.

12.3. Офицерийн хувийн хэрэг нээгдмэгц офицерийн үнэмлэх олгоно. Офицерийн үнэмлэх нь цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг батлах үндсэн баримт бичиг болно.

12.4. Цэргийн албанаас халагдаж байгаа офицерийн үнэмлэхэд халагдсан тухай тэмдэглэл хийж хувийн хэрэгт нь хадгална. Цэргийн жинхэнэ албанд эргэж орсон офицерт үнэмлэхийг дахин олгоно.

12.5. Бэлтгэлээр халагдсан офицерт бэлтгэл офицерийн үнэмлэх олгоно.

12.6. Офицер нь үнэмлэхээ гээж үрэгдүүлбэл хүчингүйд тооцсон тухай цэргийн төв  хэвлэлээр зарлуулж, төлбөртэйгээр дахин үнэмлэх авна.

12.7. Офицер нь өөрийн хувийн хэрэгтэйгээ жил тутамд танилцаж амьдрал, ам бүлийн талаар гарсан өөрчлөлтийг тодотгож байх үүрэгтэй.

12.8. Офицерийг хувийн хэрэгтэйгээ танилцахад нь хяналт тавих, өөрчлөлт тодотгол хийх ажлыг тухайн асуудал хариуцсан ажилтан  гүйцэтгэнэ.

 

 

 


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Статистикс

Мэдээлэлүүд: 1233

Веб холбоос: 9

Нийт зураг: 221

Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019