ТҮҮХИЙН ТОВЧООН

2014 оны 09 сарын 12

     БНМАУ-ын Ардын Цэргийн Хэрэг эрхлэх яам /АЦХЭЯ/-ны сайд бөгөөд Ардын армийн командлагчийн 1964 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн тушаалаар Ардын армийн Пуужингийн тусгай дивизионыг “Армийн артиллерийн дивизион”, 5 рот бүхий радиотехникийн тусгай батальоныг “Армийн радио техникийн тусгай батальон” нэртэйгээр шинээр байгуулсанаар Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үндэс суурь тавигджээ.

     БНМАУ-ын АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын армийн командлагч хурандаа генерал  Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 1964 оны 8 дугаар сард Ардын армийн Ерөнхий штабын Пуужин ба артиллерийн албаны харьяанд Агаараас эсэргүүцэн хамгаалах албыг анх байгуулж, Артиллерийн даргын орлогч бөгөөд агаараас эсэргүүцэн хамгаалахын дарга гэсэн албан тушаалтайгаар үүрэг гүйцэтгэж  байжээ.

    Пуужин ба артиллерийн албаны харъяанаас тус албыг салган, Агаараас эсэргүүцэн хамгаалах албыг тусад нь байгуулж 1964 оны 9 дүгээр сарын 07-нд дэд хурандаа Л.Дондовыг анхны даргаар томилж, мөн оны 9 дүгээр сарын 11-ний  өдөр хошууч Д.Чулуунхүүг тус албаны офицероор томилсноор Ардын армийн Ерөнхий штабын Агаараас эсэргүүцэн хамгаалах алба бие даан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

    Радиотехникийн анхны 085, 086, 090, 103, 104 дүгээр тусгай салбарууд 1964 онд байгуулагдаж, 1965 оноос Дорнод аймгийн Матад,  Хэнтий аймгийн Өндөрхаан,  Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Төв аймгийн Бөхөг түргэний гол, Говь-Алтай аймгийн Гуулин суманд тус тус  байрлан шинэ зэвсэглэл, техникээр хангагдаж  байлдааны жижүүрлэлтийн үүргээ гүйцэтгэж эхэлжээ.

    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн  “БНМАУ-ын агаараас эсэргүүцэн хамгаалалтын талаар авах арга  хэмжээний тухай”  1966 оны  тогтоолын дагуу АЦХЭЯ-нд “Агаараас эсэргүүцэн хамгаалах хэлтэс” -ийг байгуулжээ.

     Ардын армийн 028 дугаар анги 1964 онд, 134 дүгээр анги 1970 онд тус тус байгуулагдаж, улсын нийслэл, онц чухал объектыг агаараас халхлах байлдааны жижүүрлэлтийн үүргийг гүйцэтгэх хугацаандаа байлдааны харвалттай тактикийн хээрийн сургуулийг Монгол Улсын нутагт 2 удаа, хуучнаар ЗХУ-ын нутагт 15 удаа явуулж, үүргээ амжилттай биелүүлж, АИХ-ын тэргүүлэгчдийн 1971оны 3 дугаар сарын 13-ны өдрийн зарлигаар Ардын армийн 028 дугаар анги “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан дайчин уламжлалтай.

     Агаараас эсэргүүцэн хамгаалах хэлтсийн бүтэц, зохион байгуулалт хэд хэдэн удаа өөрчлөгдөж, 1989 оноос Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлал  болон, 2009 оноос шинэ бүтэц, орон тоо, зохион байгуулалтад шилжин, харъяа Зэвсэгт хүчний 065, 353, 325, 337, 303 дугаар анги, салбарууд улсын нийслэл, онц чухал объектыг агаараас халхлах, Монгол Улсын агаарын хил, орон зайд радиотехникийн хяналтыг  тасралтгүй явуулан  байлдааны жижүүрлэлтийн үүргийг гүйцэтгэж, тээвэр байлдааны нисдэг тэргээр сургууль-байлдааны болон онцгой, тусгай үүргийн нислэгүүдийг  амжилттай гүйцэтгэж  байна.


Сүүлд нэмэгдсэн
Видео
Дэлхийн цаг
Монгол
Афганистан
Өмнөд Судан
Сайтын тоолуур
Холбоотой байгууллагууд




Бүх эрх хуулиар баталгаажсан. Зэвсэгт хүчний Жанжин штаб. © 2019