• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-11-16 16:48:54
Үзсэн: 237

“ХААНЫ ЭРЭЛД” ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ
Нийтэлсэн: 2019-11-16 16:48:54 Үзсэн: 237



     “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль энэ жил уламжлал ёсоор Монгол Улсад 18 дахь жилдээ зохион байгуулагдана. Бүс нутгийн орнуудын цэргийн итгэлцэл, нөхөрлөлийг гүнзгийрүүлэн, хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг туршлагаа хуваалцаах боломжийг бүрдүүлдэг энэхүү сургууль нь 2002 онд Монгол Улс, АНУ-ын Зэвсэгт хүчний хоёр талын хамтарсан сургууль хэлбэрээр эхэлсэн бөгөөд 2006 оноос олон улсын сургууль болгон өргөжсөн юм. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд таван тивийн 60 орчим орны 17 мянга орчим цэргийн алба хаагчид оролцсон бөгөөд тэдний мэргэжлийн ур чадвар, сахилга зохион байгуулалт, мэдлэг дадлага, туршлага, тэсвэр хатуужлыг дээшлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дэлхийн орнуудын Зэвсэгт хүчний удирдлагууд үнэлсээр байгаа юм. “Хааны эрэлд” сургуулийн хүрээнд штабын сургалт, дадлагын сургагч багш нарын дамжаа, команд штаб болон хээрийн сургууль, штабын сургалт дадлага, чадавх нэмэгдүүлэх сургалтууд зэрэг олон арга хэмжээг зохион байгуулагддаг уламжлалтай юм.

      Тэгвэл “Хааны эрэлд-2020” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн анхан шатны төлөвлөлтийн хурлыг Монгол Улсын Зэвсэгт хүчин, Энэтхэг-Номхон далай дахь АНУ-ын Хуурай замын цэргийн командлал (USARPAC), АНУ-ын Тэнгисийн явган цэрэг, АНУ-ын Аляска мужийн Армийн үндэсний гвардын (AKARNG) ажлын хэсэг, БНСУ-ын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн баг хамтран 2019 оны 11 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. Төлөвлөлтийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс ЗХЖШ, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн багш нар болон төлөвлөлтийн офицеруудаас бүрдсэн нийт 33, Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлал (USARPAC), АНУ-ын Тэнгисийн явган цэрэг, Аляскийн Үндэсний гвард (AKARNG), АНУ-ын Аюулгүй байдал, засаглал судлалын институт (ISG), Батлан хамгаалах хуулийн институтийн (DILLS) ажлын хэсгийн 24, БНСУ-ын болон Катар улсын Зэвсэгт хүчний төлөвлөлтийн багаас тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Хурлын хаалтын ёслолд ЗХЖШ-ын Энхийг дэмжих-цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ оролцсон бөгөөд энэ үеэр 2020 оны 6 дугаар сард зохион байгуулагдах тус сургуулийн команд штабын сургууль, ротын болон салаадын хээрийн сургууль, чадавхыг нэмэгдүүлэх сургалтуудыг хэрхэн зохион байгуулах талаарх дэлгэрэнгүй төлөвлөлтийг танилцуулсан юм.