“Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн Монголын талын удирдагч хурандаа Ш.Амарбаясгалан:
Энх тайвны үзэл санааны дор дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларч, “Хааны эрэлд-2022” энхийг сахиулах ажиллагааны олон улсын сургуульд хүрэлцэн ирсэн та бүхэнд халуун баяр хүргэе.
Монгол Улсын энхийг эрхэмлэсэн олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг хэрэгжүүлэхэд, дэлхийн бусад орнуудтай энх тайвнаар зэрэгцэн оршиход Хааны эрэлд сургуулийн ач холбогдол, үр нөлөө маш их билээ.
Гэвч дэлхий нийтэд нүүрлэсэн “COVID-19” цар тахлын улмаас Хааны эрэлд сургууль хоёр жилийн хугацаанд завсарласан ч өнөөдөр ийнхүү нээлтээ хийж, Монголын цэлгэр хөх тэнгэрийн дор олон орны цэргүүд хуран чуулах нэгэн боломж олдлоо.
Энэ жил Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Тиймээс НҮБ-ын цэнхэр тугийн дор жагссан 20 жилийн туршлага сургамжаа ярилцаж байгаа энэхүү цаг дор “Хааны эрэлд-2022” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургууль явагдаж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулж байгаа Хааны эрэлд сургууль нь 18 дахь жилдээ явагдаж байна. Энэ удаагийн сургуульд 15 орны мянга гаруй цэргүүд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны штабын төлөвлөлт, энхийг сахиулах бүрэлдэхүүн салбар нэгжийн гүйцэтгэх үүрэг зэргийг сурч, дадлагажихын сацуу анд нөхөд болж, харилцан туршлага сургамжаа солилцох юм.
НҮБ-аас энхийг сахиулах ажиллагаан дахь эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Бид ч гэсэн энэхүү сургуулиараа дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө хүчин зүтгэх эмэгтэй энхийг сахиулагч цэргийн алба хаагчдыг бэлтгэхэд анхаарлаа хандуулж байна. Энэ ч утгаараа “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг зохион байгуулахаар төлөвлөснийг дурдах нь зүйтэй.
Бүс нутагтаа энхийг сахиулах ажиллагааны томоохонд тооцогдох олон улсын сургууль гэж нэрлэгддэг Хааны эрэлд сургуулиар та бүхэн НҮБ-ын мандат дор үүрэг гүйцэтгэх мэдлэг чадварыг эзэмшиж, Монгол орны түүх, соёлтой танилцаж, дурсамж дүүрэн өдрүүдийг өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд амжилт хүсье.