
Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв сэлүүхэн, сул чөлөөтэй байна гэсэн ойлголт огт байдаггүйг цэргийнхэн андахгүй. Хилийн чанадад үүрэг гүйцэтгэх энхийг сахиулагчдын бэлтгэл, хамтарсан сургалт дадлагууд, цэрэг дайчдын шандсыг сорьсон аливаа тэмцээн уралдаан гээд бүгд л тэнд өрнөх. Тэгвэл өнгөрөгч долоо хоногийн турш монгол цэргийн залгамж халаа болсон ирээдүйн эх орончид мөн л Таван толгойд чууллаа. Ач холбогдол, гол зорилгын хувьд өргөн ойлголтыг агуулсан “Дөл” тэмцээн 20 жилийн дараа Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын уралдаан болон зохион байгуулагдаж байгаа учраас тэр. Үеийн нөхдөө манлайлан эх орныхоо өнцөг булан бүрээс шалгарч ирсэн сурагчид тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбаа, авьяас билгээ сорин өрсөлдөж аваргуудаа тодруулахаар тэмцээний нээлтийн ажиллагаанд жигдрэн жагссан байв.
Энэ үеэр ҮБХИС-ийн харьяа “Тэмүүжин” өрлөг сургуулийн сурагчид жагсаалын, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн гардан тулааны үзүүлэх тоглолт сонирхуулсан нь тэмцээнд оролцогч хүүхдүүд, хурсан олны анхаарлыг эрхгүй татаж байв.
Тэнгэр аашаа хувирган хуйсганаж, цас, бороо холилдон орж, өвөл айсуйн дохио болсон жиндүү салхи сэвэлзэх нь тэднийг сорьж буй байгалийн нэг шалгуур гэлтэй.
Тэмцээнд оролцогчдын эхний даалгавар нэг цагийн хугацаанд ханын сонин хийх байлаа. Загвар, өнгө үзэмж, мэдээллийн багтаамж, уран сэтгэмж, ур дүй шаардсан энэхүү даалгаврыг хүүхдүүд төвөггүйхэн гүйцэтгэв. Тэр тусмаа Өмнөговь, Сэлэнгэ, нийслэлийн Баянгол дүүргийн тасгуудын урласан ханын сонин нэлээд өвөрмөц өнгө төрхийг илтгэж, сонин бөгөөд содон шийдэлтэй байсныг дурдая. Харин тэмцээний эхний өдрийн дараагийн сорилт 16 тоот дасгал, жагсаалын бэлтгэлээр үргэлжилж, урлагийн үзүүлбэрээр өндөрлөв. Тасгууд 16 тоот дасгал, жагсаалын бэлтгэлийг өндөр түвшинд гүйцэтгэж байгаа нь тэдний бэлтгэл хэр хангагдсныг, нөгөө талаас баг тамирчид хэрхэн ач холбогдол өгснийг илтгэж байв. Урлагийн үзлэгийн тоглолтууд ч ялгаагүй өгөгдсөн цаг хугацаанд эх орон, эр цэргийн сэдвийг илтгэсний дээр үндэсний өв соёл, зан заншлыг хадгалсан бараг л мэргэжлийн түвшинд болов.
Харин тэмцээний хоёр дахь өдөр жинхэнэ ширүүн “тулаан” өрнөлөө. Аль хүчтэй, авхаалж самбаатай нь ялалтад хүрдэг оргил хэсэг болох маршийн тэмцээн явагдаж буй учраас тэр. Тамирчдыг гараанд гарахын өмнө шүүгчид бичиг баримтын үзлэг хийв. Үүнтэй зэрэгцэн тухайн тасгийн танилцуулга явагдаж, урлаг, спорт, сурлагын амжилт гаргасан хүүхдүүд нэлээд их цоллогдож байсан нь “Дөл” тэмцээний гал гарсан өрсөлдөөнийг илтгэх нэг чимэг гэмээр.
Дохионы пуужин тас хийх чимээтэй зэрэгцэн тамирчид гараанаас гарч үлээвэр хөгжмийн аянд хөл нийлүүлэн гүйсээр гранат шидэх эхний цэгт ирэв. Эрэгтэй, эмэгтэйгээрээ хоёр хэсэгт хуваагдан гранат шидэж тус тусын үнэлгээг авах ёстой. Яг энэ цэгээс хамгийн өндөр оноог авч бас алдаж болох учраас баг тамирчид маш нягт нямбай хандаж байгаа нь илт. Дараагийн сорилт болох саадын зурвасыг саадгүй давсан тамирчид галын бэлтгэлийн норматив биелүүлэх цэгт ирж тасгийн захирагчийн сугалсан галын бэлтгэлийн 12, 13 дугаар нормативуудыг чадварлаг биелүүлж, тасгийнхаа оноог цуглуулсны дараа тактикийн ажиллагаанд шилжив. Тасаг шүүгчийн тогтоосон заагаас дохиогоор гинжинд тарж, тэмдэглэсэн заагт, цөмийн дэлбэрэлтийн гялсхийлтээр ажиллаад тасгийн захирагчийн дараагийн командаар 25 м-ийн торон саадыг мөлхөлтөөр туулсан юм. Эдгээр даалгаврын дараа тамирчдын хүч багагүй саарч байгаа нь анзаарагдсан ч тэд хөнөөлтийн голомт, цэргийн байр зүйн болон химийн нормативуудыг тэсвэр гарган туулж, барианд хүлээх дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэгээр хүч сэлбэн, урам зоригтойгоор барианд орж байлаа. Даалгавар бүр амаргүй нь мэдээж. Хүүхдүүд сэтгэл зүйн бэлтгэл сайтай саад бүрийг даван туулж, саарсан нэгэндээ дэм өгсөөр хамтдаа бүх сорилтын ард гарч чадсан юм. Тамирчид цаг хугацаа ямар үнэтэй болохыг илүү их мэдэрсэн нь лавтай. Басхүү бэлтгэл сургууль хэр сайн хийснээс хамааран тэмцээнд хэрхэн оролцох өнгө тодорхойлогддог. Гэвч тухайн өдрийн тэнгэр, тамирчдын од мэдэх нь ч бас бий.
Ийнхүү ширүүн өрсөлдөөн өндөрлөж дүнгээ гаргахад Өмнөговь, Баянхонгор, Дорноговийн тасгууд эхний байруудад, Сүхбаатар, Дорнод аймгийн тасгууд тусгай байрт шалгарч бусдыгаа манлайллаа.
Тэмцээний хаалтын арга хэмжээнд Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Бат-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, хамтран ажилласан бусад байгууллагуудын удирдлага, төлөөллүүд оролцсон юм.



