Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын залуу офицеруудын чуулган амжилттай үргэлжилж байна.
Энэ өдөр (9 дүгээр сарын 9) чуулганы нээлтийн ёслолын ажиллагаа болж, энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх чуулганд оролцож буй хүндэт зочид, ялангуяа залуу офицеруудад хандаж үг хэлсэн.
Дараа нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд дэслэгч генерал Г.Сайханбаяр нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэсэн юм.
Мөн энэ үеэр "Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах уралдааны эхний байрт шалгарсан офицеруудад шагнал гардуулсан юм.
Энэхүү ёслолын ажиллагааны дараа бүлэг тус бүрийн хэлэлцүүлэг өрнөсөн ба чуулганы хөтөлбөрийн дагуу чуулганд оролцогсод манай улсын түүхэн дурсгалт газар болсон Хар зүрхний ууланд алхаж, байгууллагуудынхаа тугийг өндөрт өргөж, дурсгалын зураг авахуулсан.
Дараа нь хөтөлбөрийн дагуу "Залуу офицеруудын хөгжил, манлайлал" сэдэвт бүлгийн болон нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал дүгнэлтээ илтгэж, нэгдсэн уриалга гаргалаа.
Хурандаа Б.ОТГОНБАЯР