• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ НИСГЭГЧДИЙН ХАЛАА ТАСРААГҮЙ
Нийтэлсэн: 2015-05-01 16:28:12
Үзсэн: 129

СӨНӨӨГЧ ОНГОЦНЫ НИСГЭГЧДИЙН ХАЛАА ТАСРААГҮЙ
Нийтэлсэн: 2015-05-01 16:28:12 Үзсэн: 129



       1925 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын консулын дэнжийн багахан талбайд Ю-13 хэмээх тээврийн гурван онгоц газардсанаар Монголын нисэх хүчний түүх эхэлж, анхны нисэх отряд байгуулагдсан байдаг. Р-1 онгоцоор Ч.Шагдарсүрэн, Д.Жамбаа, Б.Батцэрэн нар бие даан ниссэн нь шүхэрчин хүү Буняагийн хүслийг гүйцэлдүүлж, монголын хөх тэнгэрт дүүлэн ниссэн тулгын гурван чулуу болон түүхэнд мөнхөрчээ.

       Монголын нисэх хүчний түүхийн замнал цэргийн нисэх хүчинтэй хүйн холбоотой. Цэргийн нисгэгчидтэй уулзаж ярилцаж байхад байлдааны сөнөөгч тийрэлтэт онгоцны нисгэгчдийг онцолж ярих юм билээ. Энэ жимээр эрэл хийхэд саяхны боловч цэргийн мэргэжлүүдийн тэргүүн жагсаалтад бичигдэх байлдааны сөнөөгч онгоцны нисгэгчдийн ховордсон байж мэдэх өдгөө бүдгэрсэн түүх тодрох авай.

     1970 онд ЗХУ-ын Краснодар хотын цэргийн нисэхийн дунд сургуулийг төгссөн Г.Сарангэрэл, С.Усник, Т.Пүрэвдорж, Д.Цогтсайхан нар байлдааны сөнөөгч тийрэлтэт онгоцны анхны нисгэгч нар ажээ. Бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэлтэй уулзлаа.

   Хөвсгөл аймгийн Хатгал сумын уугуул тэрбээр 1966-1968 онд хугацаат цэргийн алба хааж, олон арван цэргээс бие бялдар, холбогдох үзүүлэлтүүдээр шалгаран сөнөөгч онгоцны нисгэгч мэргэжил эзэмшихээр ЗХУ-ыг зорьжээ. Арвуулаа явсан сонсогч нараас 4  хүн л сөнөөгч онгоцны нисгэгч мэргэжлээр анх удаа төгссөн нь цэргийн нисэхийн түүхэнд бичигдсэн билээ. Монголын тэнгэрт байлдааны сөнөөгч онгоц нисгэх бэлтгэлийг газарт сайтар хийсэн байв. Их бие хөдөлгүүрийн, онгоцны зэвсэглэлийн, радио холбоо, тусгай тоноглолын техникч мэргэжлээр 10 техникч Краснодар хотод төгсч, нисгэгчдээ хүлээж байлаа. 1970 онд сөнөөгч МИГ-17 онгоцны нисгэгч мэргэжлээр анхны дөрвөн төгсөгч ирснээр Зэвсэгт хүчний сөнөөгч онгоцны нисгэгч алтан хараацайнууд шинэ үеийн түүхийг бичиж эхэлсэн байдаг.

     1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор сөнөөгч онгоцны нисгэгчид 12 онгоцтой буюу эскадриль агаарын парад анх удаа хийжээ. Энэ ховорхон түүхийг бичилцсэн хүний нэг нь Г.Сарангэрэл юм. Тэрбээр сөнөөгч онгоцны гарамгай нисгэгч, байгалиас заяагдсан хүн гэж мэргэжил нэгтнүүд нь ярьдаг. Байлдааны сөнөөгч онгоцны нисгэгчээр агаарт 1000 цагаас дээш ниссэн хүн тун цөөн, гарын таван хуруунд багтана. Г.Сарангэрэл сөнөөгч онгоцоор агаарт 1100 цаг нисчээ. Сөнөөгч онгоцны нисгэгч төмөр шиг биетэй хүмүүс байдаг тухай зохиолч, нисгэгч Т.Батжаргал олонтаа бичсэн байдаг. Сөнөөгч онгоцны нисгэгч 1 жил ажиллахад 2 жил гэж тооцдогоос харахад энэ мэргэжил ямархан хүнд хөдөлмөр болохыг илүү дутуу тайлбаргүй батлах биз ээ!

      Бэлтгэл дэд хурандаа Г.Сарангэрэл сөнөөгч онгоцны нисгэгчээр үүрэг гүйцэтгэхдээ нэгэн ховор амжилтыг үзүүлсэн байдаг. Онгоцны мотор гэмтэхээс сэргийлэн тусгай цардмал талбайд буулт хийдэг. Г.Сарангэрэл нисгэгч анх удаа Мааньтын орчим шороон зурвас дээр сөнөөгч онгоцны буулт хийжээ. Энэ нь цорын ганц тохиолдол болон үлдсэн байна. Тэрбээр “Хэрлэн-73”, “Хэрлэн-77” зэрэг томоохон хээрийн сургуульд сөнөөгч МИГ-17 онгоцоор байлдааны тусгай үүрэг гүйцэтгэж байв. Сөнөөгч онгоцны чадварлаг нисгэгч Г.Сарангэрэл Ю.А.Гагарины нэрэмжит Нисэх хүчний академи төгсч, сөнөөгч, бөмбөгдөгч нисэх тусгай хорооны нислэг эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан, цэргийн нисэхийн нэгэн үеийн нэрийн хуудас болсон ахмадуудын төлөөлөл юм.

     Зэвсэгт хүчний нисэхийн түүхийг бичилцсэн ахмадуудтай уулзаж, ярилцаж байхдаа ЗХУ-ын Краснодар хотын нисэхийн сургуулийг МИГ-17 сөнөөгч онгоцны мэргэжлээр төгссөн 30 гаруй нисгэгч байдгийг тодрууллаа. Цэргийн нисгэгчдийн залуу халаа тасрах учиргүйг хэн хүнгүй ярих нь сөнөөгч онгоцны нисгэгч гэх ховор агаад агаарын хамгаалалтын энэ чухал мэргэжлийг чин сэтгэлээсээ эрхэмлэн хүндэтгэсний илрэл байх. Краснодарийн нисэхийн дээд сургууль төгссөн гурван нисгэгч өнөөдөр алба хааж байгаа, бас гурван нисгэгч бэлтгэгдэж байгааг ч ахмад нисгэгчид талархан ярьж байна. Сөнөөгч онгоцны гурван нисгэгч орчин үеийн СУ-27 онгоцных гэдгийг ч тодотгож байсан.

Дэд хурандаа П.БАТНАЙРАМДАЛ

Холбоотой мэдээ
МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ ...
Нийтэлсэн: 2021-04-27 11:00:00 Үзсэн: 540
САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН САНААНААС ГАРДАГГҮЙ ЮМ
Нийтэлсэн: 2016-02-01 16:48:55 Үзсэн: 224
АМЬДАРНА ГЭДЭГ АМЬ ЗУУХЫН НЭР БИШ ЭЭ
Нийтэлсэн: 2016-01-15 16:45:14 Үзсэн: 192
ХИЧЭЭНГҮЙ САЙД С.ЦЭРЭНДОРЖ
Нийтэлсэн: 2016-01-15 16:41:28 Үзсэн: 164
ЗЭВСЭГ УРЛААЧ ДАРХАН ЛУВСАН
Нийтэлсэн: 2015-05-10 16:35:30 Үзсэн: 184
ЯЛАЛТЫН МАРШАЛ
Нийтэлсэн: 2015-05-01 16:39:17 Үзсэн: 177
ЗОРИГТ ТАГНУУЛЧ НАВААНЫ КАМПААН
Нийтэлсэн: 2015-05-01 16:32:11 Үзсэн: 166