• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛД ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВЫН ХЭЛСЭН ҮГ
Нийтэлсэн: 2015-03-19 14:38:36
Үзсэн: 47

“МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛД ЗХЖШ-ЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВЫН ХЭЛСЭН ҮГ
Нийтэлсэн: 2015-03-19 14:38:36 Үзсэн: 47



Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд аа!

Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэрэг, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэлд ухамсарт амьдрал, залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчдаа!

     Монгол Улсын Зэвсэгт хүчинд мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчдаа!

     Улс орноо төлөөлөн манай оронд суугаа гадаад орнуудын төлөөлөгчид, Батлан хамгаалахын болон Цэрэг-агаарын цэргийн атташе нараа!

    Бидний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирсэн эрхэм зочид, хатагтай, ноёд оо!

            Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгаж, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын дайчин цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье!

            Монголчууд эрт дээр үеэс эх нутаг, газар шороо, туурга тусгаар Монгол Улсынхаа төлөө амь бие хайргүй тэмцэж ирсэн баатарлаг түүхтэй, дайчин уламжлалтай ард түмэн билээ.

            Хүн төрөлхтөний түүхэнд анхны төрт улс хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Хүннү гүрний “Газар нутаг бол төр, улсын үндэс” хэмээх төрийн тулгуур үзэл, номлол нь Монголчуудын мандан бадарч, бууран доройтож явсан түүхийн аль ч үед уламжлагдан хадгалагдаж, сорилт, шалгуур бүхнийг даван туулсаар бидний үед залгамжлан ирсэнийг буурал түүхийн хуудас гэрчилнэ.

            Хүннү гүрний хөх Монгол цэрэг морьтон баатруудын аугаа их сүр хүчийг залгамжлан Монголын өргөн уудам тал нутгаар нүүдэллэн аж төрөх тархай бутархай овог аймгуудыг нэгтгэж Их Монгол Улсыг байгуулан, өвөг дээдсийнхээ гэрээслэл, сургаалийг ёсчилсон хүн төрөлхтөний хоёр дахь мянганы аугаа суут хүн болох Эзэн Богд Чингис хааны төрийг төвшитгөх алсын хараатай мэргэн бодлого нь өнөөдрийн дэлхий ертөнцийг даяарших үзлийн эх үндэс байсан төдийгүй, Монгол цэргийн сүр хүч, байлдах урлагийн гайхамшигийг дэлхий дахинаа таниулсаныг олон зууны буурал түүх, намтар хойч үедээ нэхэн өгүүлдэг.    

            Монгол Улс төрийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалаас хойшхи нэгэн зууны турш Монголын Зэвсэгт хүчин гадаад, дотоодын нийгэм, улс төрийн нөхцөл байдал ямар байхаас үл хамааран цаг ямагт Монголын тусгаар тогтнолын баталгаа, Монгол төрийн нэгэн чухал түшиг тулгуур, Монголын нийгмийн шинэчлэгч, манлайлагч, бүтээн байгуулагч бүлэг, Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалагч нь байсаар ирсэн бахархалт түүхтэй билээ.

            Монгол Улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна” гэж хууль эрх зүйн баримт бичигт заасан нь Зэвсэгт хүчний оршин тогтнохын баталгаа болсон билээ.

Улмаар Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндэс тодорхойлогдож, Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, ирээдүйд чиглэсэн хөгжлийн стратеги, төлөвлөлтийн тулгуур баримт бичгүүд боловсруулагдан, Зэвсэгт хүчнийг чадварлаг, мэргэжлийн чиг баримжаатай болгон хөгжүүлэх шинэ зорилт дэвшигдэн гарч ирсэн  юм. 

Аливаа улсын Зэвсэгт хүчний чадавхийн нэг гол үзүүлэлт нь цэргийн алба хаагчдын бэлтгэлжилтийн түвшингээр тодорхойлогддог ба 2014 онд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалтын чанарт ахиц гарч өмнөх жилүүдийн үнэлгээнээс дээшилсэн. Түүнчлэн Олон улсын сургалт, дадлагыг өөрийн улсад зохион байгуулахын зэрэгцээ гадаадын улс орны цэргийн алба хаагчдыг  цэргийн хэрэгт сурган дадлагажуулж байгаа нь манай цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг илтгэж байна. 

Энхийг дэмжих ажиллагааны “Хааны эрэлд-2014” олон үндэстний сургалт, дадлага, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ” сургууль, АНУ-ын төвийн командлалаас зохион байгуулсан “Бүс нутгийн хамтын ажиллагаа 2014”, Монгол Улс, Америкийн нэгдсэн улсын тусгай хүчний ангиудын хамтарсан “Баланс мэжик-2014-1”  хээрийн сургалт, дадлага, Монгол-Катарын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий шийдвэр” хээрийн сургалт, дадлага, “Рacific angel 2014-4” хүмүүнлэгийн ажиллагааны хамтарсан сургалт дадлага, Монгол Улс, Япон Улсын хамтарсан инженерийн сургалт, дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид амжилттай оролцлоо.

            Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд иргэний хяналт тавьж, түүнийг чадваржуулахад Монгол Улсын төр засаг, Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон засаг дарга нар байнга анхаарал хандуулж, бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж байдагт талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилсан ”Оюутан цэрэг” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад суралцаж байгаа 418 оюутныг цэргийн анхан шатны сургалтад хамруулж “Монгол Улсын Цэргийн тангараг” өргүүллээ.

 

Нийслэлийн ЗДТГ-аас санаачлан Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Тэргүүний тохижилттой, жагсаалч хамт олон”  шалгаруулах уралдаанд Зэвсэгт хүчний ангиуд амжилттай оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид тив, дэлхийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож 224 алт, 255 мөнгө, 217 хүрэл нийт 696 медаль хүртэж бахдам амжилт гаргасны зэрэгцээ дэлхийн цэргийн холбооны гишүүнчлэл сэргээсний дараах 4 дэхь тэмцээн цэргийн дэлхийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс         “Алтан” медаль 4, “Мөнгөн” медаль 3, “Хүрэл” медаль 1, эрэгтэй багаараа “АЛТАН” медаль, эмэгтэй багаараа “МӨНГӨН” медаль тус тус хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо.

            Халхын голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монгол Улс,  ОХУ-ын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан цэргийн ёслолын жагсаал, Улаанбаатар хот, Хэнтий, Дорнод аймаг, Халх гол суманд зохион байгуулсан баярын арга хэмжээнүүдэд  Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн амжилттай оролцож Батлан хамгаалах бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, олон нийтэд сурталчлан иргэдийнхээ талархал дэмжлэгийг хүлээлээ.

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан Монголын Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн 80 гаруй цэргийн алба хаагчид ОХУ-ын нийслэл Москва хотын Улаанталбайд болох ялалтын парадад оролцож Монгол цэргийн нэр хүндийг өндөрт гаргаж, дэлхийн цэрэг болсноо батлан харуулах гэж байна.

Дэлхийн 20 гаруй орны цэрэг дайчид оролцох энэхүү том арга хэмжээнд Монгол цэрэг оролцосноор хүн төрөлхтөний түүхэнд томоохон ул мөр үлдээсэн цуст дайныг төгсгөхөд Монголын ард түмний оруулсан хувь нэмрийг дэлхий дахинд таниулах, Монгол цэргийн цог золбоо, сүр хүчийг  гайхуулах, эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой билээ.

Эрхэм нөхөд өө!

Хүндэт зочид оо!

Батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаатай улс орнуудын төлөөлөгчид, хүндэт зочдоор дамжуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулах, харилцан туршлага солилцох үйл хэрэгт оруулж байгаа хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэхийг хүсч байна.

Монголын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаагаар хязгаарлахгүй, улс орны бүтээн байгуулалт, болзошгүй гамшигт үзэгдлээс сэргийлэх, түүний хор уршиг, үр дагаврыг арилгахад дэмжлэг үзүүлэх чадавхиа улам бүр дээшлүүлэх болно.

Монголын Зэвсэгт хүчин Монголын иргэн бүрийг эх орноо хамгаалах журамт үүргээ биелүүлэх чадамжтай болгох, тэдэнд эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, мэргэжлийн цэрэгт суурилсан чадварлаг хүчин байх зорилгоо хангахад үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана.

                        Монгол Улсынхаа тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчилал, хөгжил дэвшлийн төлөөх үйлст хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад дайчид, Монгол цэргийн залгамж халаа болсон хамтран зүтгэгч та бүхэндээ болон нийт Монгол эрчүүддээ Монгол цэргийн өдрийн баярын мэндийг дахин дэвшүүлж, эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

                        Туурга тусгаар улс гэр, Монгол үндэс угсаа, газар нутгаа хамгаалахын төлөөх үе үеийн халуун эх орончдын тэмцэл, ялалт, баатарлаг дайчин үйлс, байгуулсан гавьяа, үйл хэрэг бүхэн тань хувиршгүй мөнх байг.      

 “Монгол цэргийн өдөр”-т зориулсан Баярын хурлын ажиллагаа нээснийг мэдэгдье.

 

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА                

ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Ц.БЯМБАЖАВ

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226