Удахгүй тохиох Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 93 жилийн ойг угтсан үйл явдлууд өрнөсөөр байна. Өчигөдөр ЗХЖШ-ын АУГазар, Хан-Уул дүүргийн ЗДТГ, Цэргийн штабтай хамтран “Иргэн-цэргийн бахархлын өдөр” уулзалт өдөрлөгийг ХААИС-д зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь оюутан залууст Монгол улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бодлого, зорилт, үйл ажиллагааг сурталчилах, цэргийн насны оюутан залууст мэдээлэл өгөх, цэрэг-иргэний харилцааг өргөтгөн хөгжүүлэхэд чиглэгджээ. Энэ үеэр Зэвсэгт Хүчний АУГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, дэслэгч Б.Баттүшиг нар батлан хамгаалах бодлого, зорилт, энхийг дэмжих ажиллагаа болоод эх оронч үзлийн тухай лекц уншиж, Зэвсэгт хүчний 084, 011, 303 дугаар ангиудын офицер ахлагчид үзүүлэнгийн техник хэрэгсэл дэлгэж, оюутан залуустай чөлөөтэй харилцан ярилцаж, өнөөгийн Зэвсэгт хүчний талаар ойлголт өгч байлаа. Мөн ЦДБЭЧ-ийн хамт олон урлагийн тоглолтоо сонирхуулсаны зэрэгцээ Монгол цэргийн музейн ховор нандин үзмэрүүд дэлгэгдэж, гэрэл зурагчин Ц.Баярсайханы гэрэл зургийн үзэсгэлэн гарсан байлаа.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн оюутан залуус өөрсдөд нь хандсан энэхүү ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Засгийн газраас батлагдаад удаагүй байгаа “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжиж эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа дуулгалаа. Тэдний нэг, ХААИС-ийн II дамжааны оюутан Б.Цэрэндагва “Цэргийн зэвсэг, техник, гэрэл зураг, дуу хөгжим, энхийг сахиулагч гээд л бүгд үнэхээр бахархах сэтгэл төрүүлж байна. Надад цэргийн үүрэгтний үнэмлэх ирээд удаагүй байгаа. Тиймээс “Оюутан цэрэг” хөтөлбөрт хурдхан хамрагдаж, цэргийн албанд явахыг хүсч байна” хэмээн ярьсан юм.