• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЯЛАЛТЫГ ДАРХАЛСАН НУТГААР АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2014-09-05 16:07:33
Үзсэн: 84

ЯЛАЛТЫГ ДАРХАЛСАН НУТГААР АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2014-09-05 16:07:33 Үзсэн: 84



/Замын тэмдэглэл/

     Орон нутагт тэмдэглэсэн Халхын голын ялалтын баярт монгол-оросын залуучуудын тойрон аялалын бүрэлдэхүүн оролцож баярыг шинэлэг утга агуулгаар чимлээ. Тэд очсон газар бүртээ залуусыг дуу хуур, бүжиг наадамд уриалж 75 жилийн тэртээх дайчин нөхөрлөл өнөөдөр ч үргэлжилж байгааг илүү тайлбаргүй харуулж байв.

     Тойрон аялалын удирдагч хурандаа С.Дашзэвэг “Залуус хоорондоо нөхөрлөхөд хоног хугацаа ч цөөддөггүй юм байна” гэсэн бол оросын талын удирдагч Олег Торский “Цаг агаарын өөрчлөлт, саад бэрхшээлтэй хол замыг туулж Халхын голд ирлээ. Бид дайнд алтан амиа алдсан эцэг, өвгөдийнхөө гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж зорилгоо биелүүллээ” гэж хэллээ.

Тойрон аялалын бүрэлдэхүүнд Халхын голын дайнд баатарцол хүртсэн Л.Дандар, Д.Нянтайсүрэн нарын цөөнгүй дайчдын ач зээ нар оролцжээ. Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “Оюутан залуус маань богино хугацаанд цэргийн зохион байгуулалтад орж, нэг зорилгын дор нэгдэж чадсаныг энэ өдрүүдэд хараад бахархаж явна” гэж сэтгэгдлээсээ хуваалцав. Хол зам туулсан монгол, орос залуус Буйр нуурын эрэгт нэг өдөр амарч уралдаан тэмцээн зохиож, урлагийн авьяасаа толилуулаад нутгийн зүг хүлгийн жолоогоо заллаа.

     Монгол-Оросын залуучуудын “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялалын арын албыг дэд хурандаа Н.Мягмарцоож ахлагчтай бүлгийнхэн залгуулж, халуун хоол унд, ая тухаар хангах үүргийг найдвартай гүйцэтгэж явна. Энэ бүлэгт Зэвсэгт хүчний 350, 310, 353, 337, 015, 014 дүгээр ангийн тогооч, туслах ажилтнууд, харуул хамгаалалтын 12 ахлагч багтжээ. Ажлынхаа хажуугаар монгол, орос залуучуудын дунд зохиогдсон уралдаан тэмцээнд оролцож 2 алт, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн тухайгаа сонирхуулсан. Ахлагч Д.Батхишигийн төрсөн өдрийг хамт олноороо даруухан тэмдэглэж буйтай таарч баяр хүргэлээ.

     Халхын голын дайны баатруудын хөшөө дурсгалууд биднийг хөтөлсөөр То вангийн санаачилгаар,чулуугаар хэвтээ байдлаар бүтээсэн Жанрайсиг бурхантай толгойд хүрэв. Хаяа нийлэн орших Их Бурхантын заставын орлогч дарга ахлах дэслэгч А.Мөнх-Эрдэнэ “Дэлхийд Их бурханыг босоо, суугаа, хэвтээ байдлаар бүтээсний цорын ганц хэвтээ нь энд байдаг. Халхын голын баруун эргийн 35 градусын налууд орших 90 тохой буюу 30 м өндөртэй Их бурханыг манай заставынхан харж хамгаалж байдаг” гэж танилцуулсан. Дашрамд дурдахад энэ жил Их Бурханыг бүтээсний 150, түүгээр овоглосон заставын 40 жилийн  тохиож буй ажээ. Тус застав ХЦ-ийн 0198 дугаар ангийнхаа хэмжээнд тохижилтоороо тэргүүний, бас гэрээт цэргээр хил хамгаалалтыг зохион байгуулж буй анхны гэдгээр онцлог хамт олон ажээ.

   “Мөнх Хэт” сургуулийн төвд болсон Монгол-Оросын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан сургуульд оролцсон оросын цэргийн нисэхийн бүрэлдэхүүний ахлагч дэд хурандаа Р.И. Назмутдиновтэй уулзлаа. Тэрээр “Орос, монголын нисгэгчид харилцан ажиллагааг боловсруулж хамтарсан сургуульд өгөгдсөн үүргийг амжилттай биелүүллээ. Бие биенээсээ суралцах зүйл цөөнгүй байсан. Монголын цэргийн нисгэгчдийн ур чадвар биднээс дутаахгүй байсныг тэмдэглэхийг хүсч байна” гэж өгүүллээ. Өмнөх сургуулиудад дангаараа оролцож байсан хоёр орны цэргийн нисгэгчид “Сэлэнгэ-2014” сургуульд анх удаа хамтран оролцож сургуулийг улам сонирхолтой, өгөөжтэй болгожээ. Тэд хуучин зөвлөлтийн нисэх анги байсан хээрийн байрлалд байрлаж, дотно нөхөрлөж байлаа.

Дорнод аймгийн төвд болсон баярын арга хэмжээний үеэр агаарт жижиг онгоцнууд нисч хуран цугларсан олонд баярын мэнд дэвшүүлсэн. ОХУ-аас ялалтын баярт оролцохоор хүрэлцэн ирсэн нисэх бүрэлдэхүүний ахлагч, Нисэх онгоц, агаарын хөлөг эзэмшигчдийн холбооны захирал А.Д.Ивановтай уулзаж сэтгэгдлийг нь сонсов. “Бид Халхын голын дайнд амиа алдсан эцэг, өвгөдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэхээр ирсэн. Мөн монголын нисгэгч нартай уулзаж туршлага солилцох сайхан завшаан гарлаа. Манай бүрэлдэхүүнд 5 онгоцтой ОХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс багтаж байгаа. Крым, Кавказ, Москва, Петр, Омск, Тверь гээд олон газраас ирсэн 12 хүн ирсэн. Энэ удаа хувийн нисэх онгоцууд Халхын голд ирсэн анхны тохиолдол болсноор онцлог. Бид ОХУ-ын далбаа, дайнд оролцсон өвгөдийнхөө зураг, эд өлгийн зүйлийг Ялалтын музейд гардуулан өглөө. Мөн баатруудын хөшөө дурсгалууд дээгүүр нисч хүндэтгэл үзүүлсэн” гэж А.Д.Иванов танилцуулсан.

     Крымаас нисч ирсэн нисгэгч Битный Юрий Францевич манай уншигчидтай баяраа хуваалцах хүсэлт тавилаа. “Оросын Крымээс Халхын голд ирж, ялалтын баярт оролцож буй нь миний намтрын хамгийн сонин бөгөөд содон хуудас байх болно. 7000 гаруй км агаарын замыг туулж ирсэн бидний аялал ОХУ-ын хувийн нисэхийн  түүхэнд онцлох үйл явдал болно. Биднийг ах дүүгийн адил элгэмсэг дотно хүлээн авсан монголын анд нөхөддөө баярласан талархсанаа илэрхийлье гэсэн юм. Тэд санаачилгаараа өөрсдийн бүтээсэн хувийн онгоцоор холын хол замыг туулан Халхын голд ирсэн нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн билэг тэмдэг болж байлаа.

     Халх гол суман дахь Ялалтын музейн 30 жилийн ойн баярыг дайны ялалтын ойтой хамтатган тэмдэглэж буй ажээ. Музейг анх Улаанбаатарт байгуулахаар зураг төсөл гаргасан ч жинхэнэ дайн болсон газар шороон дээр байгуулвал илүү ач холбогдолтой. Хойч үеийнхэн музей үзээд хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх аваас баатарлаг өвөг дээдсээрээ бахархах үзэл санаа төлөвшинө гэж хэсэг ахмад дайчид санал гаргаж байж Халх гол суманд байгуулсан ажээ. Музейн үзүүлгийн танхимуудад сумын дунд сургуулийн сурагчид тайлбарлагчаар ажиллаж байгаа нь содон харагдсан.

    Ялалтын музейн хамт олон ахмадуудаа урьж ирүүлжээ. Тус сумын төр,захиргааны байгууллагад 21 жил ажилласан Ч.Комаров гуайтай энд танилцлаа. Энэ хүн Халхын голын дайны түүхт газруудыг арван хуруу шигээ мэдэж байгаа нь бидэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэрээр Халхын голын дайны олон баатруудтай нүүр учирч, байлдаж асан газар орноор нь хамт очиж, сонирхолтой олон дурсамжийг сонсож явсан болохоор ийнхүү “нэвтэрхий толь” болжээ. Монгол цэргийн музейн үндсэн тайлбарлагч М.Бямбарагчаа түүнээс олон зүйлийг асууж мэдэж авч байгаа харагдана лээ.Ч.Комаров гуай “Би цэргийн музейн тайлбарлагчийн шалгалтад унасангүй” гээд инээж байсан.

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 329
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226