
1998 оноос хойш Монгол Улсын Төрийн цэргийн бодлогод өөрчлөлт орж, улс үндэстний аюулгүй байдлыг хангахын тулд гадаад таатай нөхцөл бүрдүүлэх, аливаа дайн, зэвсэгт мөргөлдөөний аюулыг сэрэмжлэн зайлуулах, энх тайванч бодлогоо олон улсын эрх зүйн түгээмэл зарчмуудад нийцүүлэх, НҮБ-ын үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын цэргийн болон хүмүүнлэгийн байгууллагуудтай өргөнөөр хамтран ажиллах бодлогыг баримталж ирсэн. Энэхүү бодлогын хүрээнд Зэвсэгт хүчний дайны бус тайван цагт гүйцэтгэх үүрэг дараахь байдалтайгаар тодорхойлогдож байна. Үүнд:
- Хүмүүнлэгийн үйл ажиллагаанд туслалцаа, дэмжлэг үзүүлэх;
- Энхийг дэмжих ажиллагаанд оролцох;
- Хуулиар тогтоосон бусад үүргийг гүйцэтгэх бодлогыг баримталж байна.
1999 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн Монгол Улсын Засгийн газраас Энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай 115 дугаар тогтоол гаргаж, “НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд байгуулах санамж бичиг”-ийн төслийг зарчмын хувьд хүлээн зөвшөөрч, баталгаажуулах эрх зүйн үндэс бүрдсэн юм.
Үүнээс 2 жилийн дараа буюу 2002 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын “Цэрэг, цагдаагийн албан хаагчдыг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай” хууль Улсын их хурлаар батлагдан гарсан байна. Энэхүү хууль батлан гарснаар Батлан хамгаалах салбар тэр дундаа Зэвсэгт хүчний албан хаагчид өөрийн сайн дурын үндсэн дээр НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцох эрх зүйн орчин бүрдсэн байна. Уг хуулийг 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай” хууль болгон шинэчилж найруулсан билээ. НҮБ-ын энхийн ажиллагаануудын үүрэг зориулалт, бүтэц, зохион байгуулалт тасралтгүй өөрчлөгдөж, улам хөгжиж байдаг бөгөөд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой хэмжээгээр ажиллагааны туршлага, сургамжид үндэслэн шинэчлэн найруулах шаардлага зүй ёсоор тавигдсан юм.
Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид “Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах тухай” Монгол Улсын хуулийн хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос эхлэн өнөөдрийг хүртэл оролцож байгаа бөгөөд ажиллагааны онцлогоос шалтгаалж дараах 3 хэлбэрээр оролцож байгаа юм. Үүнд:
Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн ажиглагч, штабын офицерын талаар
Цэргийн ажиглагч, холбогч болон штабын офицерууд нь цөөн тоогоор /ихэвчлэн нэг ажиллагаанд жилдээ 2-6 офицер/ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэдэг ба иргэний нислэгээр ажиллагааны газар оронд очдог. Онгоцны билетийн тийзний үнийг НҮБ-аас хариуцдаг.
Одоогийн байдлаар
- БНАКонго Улсад явагдаж буй НҮБ-ын ЭСА /MONUSCO/-нд 2002 оноос хойш 22 ЦАХ цэргийн ажиглагчаар;
- Баруун сахарт явагдаж буй НҮБ-ын ЭСА /MINURSO/-нд 2002 оноос хойш 38 ЦАХ цэргийн ажиглагчаар;
- Судан Улсад явагдаж буй НҮБ-ын ЭСА /UNMIS/-нд 2002 оноос хойш 13 ЦАХ цэргийн ажиглагчаар. 2011 оноос UNMISS ажиллагаа болж өөрчлөгдөн 6 ЦАХ цэргийн холбогч офицероор;
- Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын ЭСА /UNMISS/-нд 2011 оноос хойш 14 ЦАХ штабын офицероор;
- Абей мужид явагдаж буй НҮБ-ын ЭСА /UNISFA/-нд 2012 оноос хойш 4 ЦАХ цэргийн ажиглагчаар;
- Судан Улсын Дарфур мужид явагдаж буй НҮБ-ын ЭСА /UNMAMID/-нд 2010 оноос хойш 6 ЦАХ штабын офиероор тус тус амжилттай үүргээ гүйцэтгэж байна.
- Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагаанд 2010 оноос хойш 2 ЦАХ Үндэсний ахлах төлөөлөгч, штабын офицероор;
- Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагааны Хойд бүсийн командлал 2012 оноос 2 ЦАХ штабын офицер, холбогч офицероор;
- Афганистан Улсад явагдаж буй НҮБ-ын ЭСА /UNAMA/-нд 2012 оноос 2 ЦАХ цэргийн зөвлөхөөр;
Дууссан ажиллагаа
- Этеоп, Эритери Улсад явагдсан НҮБ-ын ЭСА /UNMEE/-нд 2006-2008 онд 8 ЦАХ цэргийн ажиглагчаар;
- Гүрж Улсад явагдсан НҮБ-ын ЭСА /UNOMIG/-нд 2007-2009 онд 2 ЦАХ цэргийн ажиглагчаар;
- Чад, ТАБНУ-д явагдсан НҮБ-ын ЭСА /MINURCAT/-нд 2009-2011 онд 5 ЦАХ штабын офиероор тус тус амжилттай үүргээ гүйцэтгэсэн.
Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй цэргийн багуудын талаар
3.1 Сьерра Леон Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа
Либери Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих “UNMIL” ажиллагааны хэсэг болох дахь Тусгай шүүхийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цэргийн баг 2005 оны сүүлээр Сьерра Леон Улсад 250 цэргийн алба хаагч бүхий цэргийн баг үүрэг гүйцэтгэж эхэлсэн түүхтэй бөгөөд уг ажиллагааны онцлогоос шалтгаалан 2010 онд цэргийн багийн бүрэлдэхүүний тоог бууруулж 150 цэргийн алба хаагчтай болжээ. 2005 оноос эхэлсэн уг ажиллагаанд нийтдээ 2300 /үүнээс 39 эмэгтэй ЦАХ/ офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн. 2010 онд ажиллагаа дуусгавар болсон.
3.2 Чад, ТАБНУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа
Чад, ТАБНУ дахь НҮБ-ын энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 800 хүнтэй мотобуудлагын батальон илгээх болсон ч тус улсад үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж уг ажиллагаа 2010 онд хаагдсан билээ. Тус ажиллагаанд 2009 оноос эхлэн 264 хүнтэй цэргийн багийн 2 ээлжийг уг ажиллагаанд оролцуулсан юм. Уг ажиллагаанд нийтдээ 528 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн байна. Цэргийн багуудын гүйцэтгэсэн үүргүүдийг дурдвал баазын харуул хамгаалалт, бүх төрлийн эргүүл /өдөр, шөнө, агаар, газрын гэх мэт/, цувааны хамгаалалт, иргэн-цэргийн харилцаа, түргэн байрлах хүчний болон өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтын үүргүүд юм.
3.3 Судан Улсын Дарфур муж дахь НҮБ/АХ-ны энхийг сахиулах ажиллагаа
Судан Улсын Дарфур мужид зохион байгуулагдаж байгаа НҮБ-ын энхийг дэмжих “UNAMID” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн хээрийн II шатны эмнэлгийн 68 /үүнээс 25 эмэгтэй ЦАХ/ цэргийн алба хаагчдыг 2010 оны 12 дугаар сараас оролцуулж эхлээд байна. Тус эмнэлгийн багийн гүйцэтгэх үүрэг НҮБ-ын бие бүрэлдэхүүнд эмнэлгийн үзлэг, үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Эмнэлгийн үйлчилгээнээс гадна өөрсдийн аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн байрны барилга, инженерийн ажлуудыг давхар гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 68 хүний бүрэлдэхүүнтэй 5 дугаар ээлжийн бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байна.
3.4 Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын ЭСА “UNMISS”-нд 850 хүний бүрэлдэхүүнтэй Мотобуудлагын батальон оролцуулах тухай Засгийн газрын шийдвэр 2011 оны 8 дугаар сард гарч, одоо 3 дугаар ээлжийн цэргийн баг үүрэг гүйцэтгэж байна.
3.5 Ирак улс дахь “Иракийн эрх чөлөө” олон улсын цэргийн ажиллагаа
Монгол Улсын анхны цэргийн багийн Олон үндэстний төвийн өмнөд дивизийн бүрэлдэхүүнд, 2003 оны 08 дугаар сараас 2006 оны 01 дүгээр сар хүртэл Ал-Хиллах хотод “Чарли” баазын аюулгүй байдлыг хангах үүргийг харин 2006 оны 01 дүгээр сараас 2008 он хүртэл эвслийн хүчний ЭКО баазын аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийг тус тус гүйцэтгэж тэр жилдээ цэргийн багийн ажиллагааг дуусгавар болгосон. Тус ажиллагаанд цэргийн багийн 10 ээлжийн 1194 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэсэн.
3.6 Афганистан Улс дахь цэргийн ажиллагаа
3.6.1 Афганистаны эрх чөлөөг дэмжих акт /2002/, Олон нийтийн хууль /107-327/, “Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд АНУ-ын Батлан хамгаалах яам Монгол Улсын Батлан хамгаалах яаманд Афганистаны Үндэсний армийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай хүсэлтийг 2003 оны 7 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн билээ. Энэхүү хүсэлтийн дагуу Афганистаны Үндэсний армийн артиллерийн мэргэжлийн бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, эвдрэлтэй байгаа их буунуудад нь засвар үйлчилгээ хийх үүрэг бүхий сургалтын хөдөлгөөнт багийг томилон ажиллуулах талаар АНУ-ын Батлан хамгаалах яам, Монгол Улсын Батлан хамгаалах яам харилцан тохирч “Афганистаны Үндэсний армид туслах техникийн сургалт, засвар үйлчилгээний багийн тээвэрлэлт, хангалтын тухай Монгол Улсын Батлан хамгаалах яам, АНУ-ын Батлан хамгаалах яам хоорондын техникийн тохиролцоо"-г 2003 онд байгуулсан юм.
Уг тохиролцооны дагуу Монгол Улсын Зэвсэгт хүчнээс артиллерийн сургалтын хөдөлгөөнт баг 2003 оны 10 дугаар сараас эхлэн Афганистаны үндэсний армийн артиллерийн цэргийн алба хаагчдыг сургаж бэлтгэх, артиллерийн зэвсэглэлүүдэд засвар үйлчилгээ хийх үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш сургалтын хөдөлгөөнт багийн 13 ээлжинд нийт 265 цэргийн алба хаагч томилогдон, даалгасан үүргийг амжилттай сайн биелүүлж, Афганистаны Үндэсний арми, АНУ-ын цэргийн командлалаас өндөр үнэлгээг авч байгаа билээ.
3.6.2 АНУ-ын Засгийн газраас 2009 оны 6 дугаар сард Афганистанд зохион байгуулагдаж буй АНУ-ын тэргүүлсэн эвслийн хүчний “Тогтвортой эрх чөлөө” цэргийн ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс цэргийн хүч нийлүүлэх хүсэлт ирүүлсний дагуу Монгол Улсын Засгийн газар (2009 оны 226 дугаар тогтоолоор) 120 цэргийн алба хаагчийн бүрэлдэхүүнтэй цэргийн багийг оролцуулах шийдвэр гаргасан юм. Цэргийн багийн эхний ээлж 2009 оны 11 дүгээр сараас Афганистан Улсын Кабул хотод байрлах эвслийн хүчний “Эггэрс” цэргийн баазын харуул, хамгаалалтын үүргийг гүйцэтгэж эхэлснээс хойш 8 ээлжинд 1000 цэргийн алба хаагчид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 126 хүнтэй цэргийн хамгаалалтын ротын 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.
3.6.3 2009 онд Афганистан Улсад явуулж буй НАТО-гийн “Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчин”-ий ажиллагаанд мотобуудлагын салааны хэмжээний цэргийн хүч нийлүүлэх хүсэлтийг ХБНГУ-аас ирүүлсний дагуу Монгол Улсын Засгийн газрын (2009 оны 327 дугаар тогтоолоор) шийдвэрээр 40 хүний бүрэлдэхүүнтэй мотобуудлагын салаа ХБНГУ-ын “Фейзабад” цэргийн бааз, нисэх онгоцны буудлын харуул, хамгаалалтын үүргийг биелүүлж эхэлсэн. Цэргийн хамгаалалтын салааны 4 ээлжинд нийт 160 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэсэн байна.
Хоёр улсын Батлан хамгаалах яамд хоорондын гэрээг шинэчлэн байгуулсны дагуу 5 дугаар ээлжээс эхлэн салааны бүрэлдэхүүнтэй цэргийн багийн үүрэг, бүтэц, бүрэлдэхүүнийг өөрчлөн, Афганистаны Бадахшан мужийн “ФАЙЗАБАД” баазын хамгаалалтыг зохион байгуулан болон хариуцлагын бүсэд эргүүл, цувааны хамгаалалт зэрэг хөдөлгөөнт үүргийг германы цэргийн алба хаагчидтай хамтран гүйцэтгэх үүрэгтэйгээр, 160 цэргийн алба хаагч бүхий рот болгон алба хаагчдын тоог нэмэгдүүлэн, үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн болно. Эргүүл хамгаалалтын рот нь үүргээ ямар нэг осол, зөрчилгүй гүйцэтгэсэн бөгөөд нийт 4 ээлжинд 634 цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд байна.
Афганистаны Бадахшан мужийн аюулгүй байдлыг хангах үүргийг Эвслийн цэргийн хүчнээс Афганистаны талд шилжүүлсэн тул цэргийн баг нь 2012 оны 10 дугаар сараас эхлэн “ФАЙЗАБАД” баазыг хүлээлгэн өгч, тус улсын хойд хэсэгт Хойд бүсийн цэргийн командлалын мэдэлд байгаа “МАРМАЛ” баазад шилжин ирснээр тус баазын эргүүл, хамгаалалтын үүргийг гүйцэтгэж эхэлсэн болно. Одоогийн байдлаар 160 цэргийн алба хаагчтай эргүүл хамгаалалтын ротын 5 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүн ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж байна.
3.6.4 Монгол Улсын Засгийн газрын (2010 оны 230 дугаар тогтоолоор) шийдвэрийн дагуу Афганистанд НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчин”-ий бүрэлдэхүүнд Нисдэг тэрэгний засвар үйлчилгээний сургалтын бүлэг 6 цэргийн алба хаагчтайгаар 2010 оноос эхлэн үүргээ гүйцэтгэж эхэлсэн болно.
Нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээ, сургалтын бүлэг нь АҮА-ийн нисдэг тэрэгний бага мэргэжилтнүүдийг бэлтгэх, зарим засвар үйлчилгээг хийх үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд АҮА-ийн 144 бага мэргэжилтнийг сургаж бэлтгэсэн байна.
Нисдэг тэрэгний техникийн засвар үйлчилгээ, сургалтын бүлгийн 6 ээлжинд нийт 36 ЦАХ үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн ба одоогийн байдлаар 7 дугаар ээлжийн 6 цэргийн алба хаагч ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байна.
3.6.5 Монгол Улсын Засгийн газрын (2010 оны 230 дугаар тогтоолоор) шийдвэрийн дагуу Афганистанд НАТО-гийн тэргүүлсэн “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий бүрэлдэхүүнд Бельгийн Вант Улстай хамтран Кабул хотын Олон улсын нисэх буудлын нисэх зурвасын хамгаалалтын үүргийг цэргийн хамгаалалтын салаа 2011 оны 05 дугаар сараас гүйцэтгэж эхлэсэн бөгөөд нийт 5 ээлжинд 258 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгээд байна. 2012 оны 9 дүгээр сард Бельгийн Вант Улс Афганистан Улсаас цэргээ бүрмөсөн татан гаргасан тул АНУ-ын Төвийн командлалын албан хүсэлтийн дагуу цэргийн баг нь Америкийн цэргийн хүчний тактикийн удирдлагад шилжин, үүрэг гүйцэтгэж эхлээд байна.
Одоогийн байдлаар цэргийн багийн 6 дугаар ээлжийн 57 ЦАХ-тай баг ажиллагааны газар оронд үүргээ гүйцэтгэж байна.
2010 оны 4 дүгээр сараас эхлэн “Аюулгүй байдлыг хангах олон улсын хүчин”-ий ажиллагааны төв штабт үндэсний ахлах төлөөлөгчөөр 2 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. 2011 оны 11 дүгээр сараас “Аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин”-ий ажиллагааны хойд бүсийн командлалд штабын офицер оролцуулж 2 ЦАХ үүрэг гүйцэтгэсэн. Мөн Афганистанд явагдаж буй цэргийн ажиллагаа нь АНУ-ын Төвийн командлалын хариуцлагын бүсэд багтах тул АНУ-ын Флорида мужийн Тампа хот дахь Төвийн командлалын штабт Монгол улсыг төлөөлсөн үндэсний ахлах төлөөлөгч, холбон офицер, мөн эвслийн цэргийн төлөвлөлтийн багт төлөвлөлтийн офицер тус тус үүрэг гүйцэтгэж байна.
Одоогийн байдлаар Афганистанд нийт 350 цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.
3.7 Косово Улс дахь НАТО-ын “KFOR” олон улсын цэргийн ажиллагаа
НАТО-ын цэргийн Косовод явуулсан “KFOR” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний салааны бүрэлдэхүүнтэй цэргийн багийг 2005 болон 2006 онуудад тус бүр нэг удаа илгээж уг олон улсын цэргийн ажиллагаанд оролцуулсан байдаг. Энэ ажиллагаанд нийтдээ 72 офицер, ахлагч оролцож үүрэг гүйцэтгэсэн байна. Түүнээс хойш Монгол Улс нь дахин уг ажиллагаанд цэргийн баг илгээгээгүй байна.
ДҮГНЭЛТ
Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай байгуулсан “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, НҮБ-ын энхийн дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс өнгөрсөн 11 жилийн хугацаанд нийт 8564 офицер, ахлагч, гэрээт цэргийн алба хаагчдыг илгээн, үүрэг гүйцэтгүүлээд байна. Одоо ажиллагааны газар оронд 1287 ЦАХ үүрэг гүйцэтгэж байна. Мөн хугацаанд 7 ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэж дуусгавар болсон бол, одоо 7 ажиллагаанд манай энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байна.
Зэвсэгт хүчний баг, цэргийн алба хаагчид өнгөрсөн хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд оролцон, үүргээ амжилттай гүйцэтгэж, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар тасралтгүй дээшилж байгаа нь ажиллагааны бэлтгэлийг хангахад анхаарч, ялангуяа олон улсын хамтарсан сургалт дадлагыг өөрийн оронд зохион байгуулан, явуулж байгаагийн зэрэгцээ цэргийн алба хаагчдыг гадаадын улс оронд зохион байгуулагдаж байгаа сургууль, дадлагад оролцуулж байгаагийн нэг үр дүн гэж үзэж байна.
Монгол Улс, Энхийн дэмжих ажиллагаанд цэргийн багаа оролцуулж байгаа нь НҮБ болон олон улсын өмнө хүлээсэн үүргээ идэвхитэй биелүүлж, олон улсын энхийг тогтоох үйл явцад хувь нэмрээ оруулан, төрийн гадаад бодлогын энхийг эрхэмлэсэн зорилтыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх боломжийг бий болгож байгаагийн зэрэгцээ цэргийн алба хаагчдын мэргэжлийн бэлтгэлийг өндөржүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБ