
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчнүүдийн хамтарсан “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль энэ сарын 15-25-ны өдрүүдэд Дорнодын тал нутагт амжилттай явагдаж өндөрлөлөө. Эртнээс нааш ах дүүгийн найрсаг харилцаатай хоёр орны уламжлалт эл сургууль өнөө жил Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойтой давхцан зохион байгуулагдсанаараа онцлог боллоо. Басхүү хоёр орны Зэвсэгт хүчнээс оролцох бие бүрэлдэхүүний тоо нэмэгдсэн, тэр тусмаа агаарын хүчний хамтран ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн гээд өнөө жилийн сургуульд онцлох зүйл олон байлаа. Хоёр орны мөрдэс нэгт дайчдад мэргэжлийн дадлага туршлагаа солилцож, ур чадвараа хамтран хөгжүүлэх боломжийг бүрдүүлдэг нь “Сэлэнгэ” сургуулийн бас нэг зорилго. Тэр ч утгаараа хөрш орноос төрөл мэргэжлийн цэргийн цөөнгүй багш ирж сурган зааврлах хичээл явуулсан нь үр өгөөжтэй болсон юм.

Түүнчлэн орон нутгийн ард иргэдэд Зэвсэгт хүчнээ сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залууст эх оронч үзэл хүмүүжил төлөвшүүлэх, ялангуяа, хоёр орны өвөг дээдсийнхээ агуу их ялалт, баатарлаг гавьяагаар бахархах, тэртээх дайны хүнд он жилүүдийн үнэн түүхийг танин мэдүүлэх зэрэг үүргийг “Сэлэнгэ-2014” хээрийн сургууль хамтатган гүйцэтгэсэн гэж болно.

Долоо дахь удаагаа явагдаж байгаа тус сургуулийн оргил үе буюу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль, мөн хаалтын арга хэмжээ энэ сарын 25-нд явагдсан юм. Анх удаа тал хээрийн бүсэд хууль бус зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг зохион явуулсан агаад хоёр орны дайчид өгөгдсөн цагийн байдлын дагуу үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэж, сургуулийн удирдлагуудаас өндөр үнэлэлт авсан юм.

Тус арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын ЕЗЦ-ийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, “Сэлэнгэ-2014” хамтарсан сургуулийн монголын талын удирдагч, ЕЗЦК-ийн штабын дарга, хурандаа Б.Амгаланбаатар, оросын талын удирдагч, ОХУ-ын 36 дугаар армийн командлагчийн орлогч, штабын дарга, хошууч генерал Валерий Евгеньвич Шарагов болон хоёр орны батлан хамгаалах салбарын зарим удирдлагууд, сургуульд оролцогч хоёр орны цэрэг дайчид, орон нутгийн ард иргэд оролцлоо.


