• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД БОЛЛОО.
Нийтэлсэн: 2016-08-27 16:49:23
Үзсэн: 33

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨНД БОЛЛОО.
Нийтэлсэн: 2016-08-27 16:49:23 Үзсэн: 33



    Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Л.Болд бусад албаны зочид төлөөлөгч, ахмад дайчид оролцлоо. Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монгол Улсынхаа тусгаар тогтнол, ард түмнийхээ эрх чөлөөг бататган бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ХХ зууны түүхэн үйл явдлын нэг болох Халх голын дайны ялалтын 75 жилийн ойг улс орон даяар, Оросын ард түмэн, цэрэг, дайчдын элч төлөөлөгчдийн хамт ёслон тэмдэглэж байна. Монгол орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тэмцсэн Монгол-Зөвлөлтийн эгэлхэн дайчдын эгнэшгүй баатарлаг гавьяагаар гагнагдсан Халх голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойн мэндийг Монголын нийт ард түмэн болон Оросын ахан дүүстээ хүргэн мэндчилье. 

 

 

Тэртээ 1939 оны түгшүүрт өдрүүдийн тэнгэр дор мөнх нойрсч, Монгол эх орны минь хөрсөнд үргэлжийн залуугаараа мөнхөрч, эргэж ирээгүй баатарлаг хөвгүүд, охидоо дурсан санаж мэхийн ёслоё. Халхын голын байлдаанд оролцож халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан Монгол, Оросын дайчдын гавьяа, дурсгалыг манай ард түмэн, төр засаг гүнээ хүндэтгэж ирсэн бөгөөд үүний нэг жишээ нь Халх голын байлдааны ялалтын ойг 1940 оноос эхлэн уламжлал болгон тэмдэглэж ирсэн явдал юм. Ахмад үеийнхээ гавьяа, дурсгалыг алдаршуулан мөнхжүүлэх, хөрш болон найрамдалт орнуудын хамтын ажиллагаа, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг улам бэхжүүлэх, залуу хойч үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд Халхын голын байлдааны ялалтын ойн арга хэмжээ ач холбогдлоо өгч ирсэн.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ойг зохион байгуулах ажлын хэсэг ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой олон арван арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Энэхүү ялалт ямар их үнээр олдсоныг үеийн үед сануулж байх ёстой. Энэ бол та бидний ахмад үеийнхнийхээ өмнө, дайнаас эргэж ирээгүй эрэлхэг дайчдын өмнө хүлээсэн ариун үүрэг юм.

    Саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хоёр чухал түүхэн үйл явдлыг урамшуулан Монголын төрөөс шагнасан. Үүний нэг нь ОХУ-ын Хиагтын хилийн цэргийн алба юм. Халхын голын дайнд оролцсон нийт Зөвлөлтийн дайчдын дөрвөн хүний нэг нь одоогийн Буриадын хязгаараас, мөн Хиагтын хилийн цэргийн албанаас оролцсон байдаг. Хиагтын хилийн цэргийн алба, тэнд байсан бие бүрэлдэхүүн Халх голын дайны эхний өдрөөс эхлэн энэ үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцож, хамгийн баатарлаг гавьяаг байгуулсан түүхтэй юм. Ийм учраас сүүлийн 50 жилд ОХУ-ын Хилийн байгууллагуудын дотроос хамгийн түрүүнд гадаадын өндөр дээд шагналаар, тухайлбал Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсаныг саяхан гардуулж өгснийг дуулгахад таатай байна.

Мөн Халх гол сумыг Байлдааны гавьяаны одонгоор шагнагдлаа.

Өнөөдөр Монголын зэвсэгт хүчний албан хаагчид дэлхийн цэрэг гэгддэг ийм сайхан алдар хүндийг хүртэх хүртлээ дэлхийн олон халуун цэгт үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна. Дэлхийд энхийг сахиулах үйл ажиллагаанд хамгийн идэвхтэй оролцдог, дэлхийн цэрэг болж арми нь өргөжсөн 20 улсын нэгээр Монгол Улсын зэвсэгт хүчин албан ёсоор тооцогдож байгааг тэмдэглэн хэлэхэд туйлын таатай байна.

Би хувьдаа Монгол Улсын иргэн бүхэн цэргийн алба хаах ёстой гэж боддог. Монгол Улсын иргэн бүхний зүрх сэтгэлд эх орноо хамгаалах эх оронч үзэл дүүрэн байх ёстой. Энэ бол Монголд хүн болж төрсөн хүн бүхний сэтгэл зүрхэнд оршиж байх ёстой үнэт гэж боддог. “Оюутан-цэрэг” хөтөлбөр цаашид улам бүр өргөжинө. Оюутнууд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн суралцагчдын дунд гэх зэргээр улам бүр цааш өргөжинө.Оюутан-хилчин цэрэг, оюутан - цагдаа, оюутан – онцгой байдлын албан хаагч гэх мэт өргөжих боломжтой. Энэ чиглэлд бид эрх зүйн талаас нь,  хуульд тодорхой өөрчлөлт хийж өргөжүүлэхийн төлөө цаашид ажиллах болно” хэмээн тэмдэглэв.

 

Холбоотой мэдээ
МАЛЧДАД ТУСЛАМЖ ХҮРГЭЛЭЭ
Нийтэлсэн: 2023-11-24 16:26:08 Үзсэн: 332
ЗАЛУУ ОФИЦЕРУУДЫН ЧУУЛГАН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-09-11 15:10:02 Үзсэн: 226