Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын Гэрээний байгууллагын “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгээд дөнгөж эх орондоо ирээд буй Монгол Улсын Зэвсэгт хүчний дэд хурандаа Б.Олзбаяр захирагчтай цэргийн багийн алба хаагчдад хандан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Клечески болон Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Лүү нар талархлын захидал ирүүллээ. Элчин сайд Клеческийн талархлын мэндчилгээнд "Эрхэм хүндэт Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагч нар, тэдний гэр бүл, анд найз нөхөд та бүхэнд шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлье!
Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улс нь стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд цар тахлын энэхүү хүнд цаг үеийг үл харгалзан хамтын ажиллагаагаа хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашид ч манай хоёр орны цэргийн хамтын ажиллагаа улам өргөжин дэвшинэ гэдэгт итгэлтэй байна. Ардчиллын үнэт зүйлийн нэг хэсэг нь бүс нутгийн болоод дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд буюу энхийг дэмжих ажиллагаанд бодит хувь нэмэр оруулах явдал юм.
Афганистан Улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд 6 сарын турш үүргээ амжилттай гүйцэтгээд эсэн мэнд ирсэн офицер ахлагч нартаа халуун баяр хүргэе.
Та бүгдийн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад оруулсан үнэтэй хувь нэмэрт дахин талархал илэрхийлье.
Миний бие АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажиллаж байгаадаа тун их бахархалтай байдаг. Мэдээж хэрэг цар тахлын энэхүү хэцүү нөхцөлд найрсаг харилцаагаа хадгалж чаддаг Монгол найз нөхдөөрөө байнга бахархаж явдаг. Монгол ардын “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж үг байдаг. Энэ хүнд хэцүү цаг үед АНУ нь Монгол Улстай үргэлж хамтдаа байж, учирч болох бүхий л саад тотгорыг мөр зэрэгцэн даван туулахад бэлэн байна. Эх орондоо тавтай морил, амжилт хүсье" гэжээ.