Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр байгаа билээ. Монгол түмний үндэсний баяр сар шинийг тохиолдуулан цэргийн харилцаа, хамтын ажиллагаа тогтоосон дэлхийн улс орнуудын Зэвсэгт хүчнээс Монгол Улсын БХЯ, ЗХЖШ болон төрлийн цэргийн командлалуудад баярын мэндчилгээ ирүүлсээр байна. Тухайлбал, АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас мэндчилгээ ирүүлжээ. Мэндчилгээнд "Эрхэм цэргийн анд нөхөд болох Монгол Улсын Зэвсэгт Жанжин штаб, Хуурай замын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн, Монгол Улсын нийт ард түмэндээ АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баяр хүргэж, сар шинийн мэнд өргөн дэвшүүлье. Ирж буй жилдээ цар тахлыг даван туулж, сайхан цагтай учран золгоно гэдэгт итгэж байна. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд батлан хамгаалах салбар тэргүүлэгч нь байдгийг онцлон дурдахын ялдамд цаашид ч улам өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах болно. Удахгүй болох орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын мэндийг мөн хүргэхдээ таатай байна. АНУ-ын Энэтхэг-Номхон далай дахь Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, генерал Ж.Лакамера" гэжээ.