
Орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр хамтран ажилладаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, зарим төрийн цэргийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Хил хамгаалахын Ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны газрын дарга, хурандаа Б.Чулуунбат, Ажлын албаны ахлах референт, хурандаа Б.Эрдэнэбилэг нарын төлөөлөлд Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медаль гардуулан өгч, баяр хүргэв.

Хошууч генерал Д.Ганзориг “Эх орноо батлан хамгаалж, хилийн халдашгүй дархан байдлыг сахих эрхэм үүргээрээ бид олон жилийн хамтын ажиллагаатай байгууллага. Улсын хилийн халдашгүй дархан байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал нь Монгол Улсын оршин тогтнох, үндэсний аюулгүй байдлын хамгийн эрхэм бөгөөд дархан хэсэг юм” гээд Ерөнхийлөгчийн зарлигаар түүхт 100 жилийн ойн медалиар шагнасныг гардуулсан юм. Үүний дараа ЗХЖШ, ХХЕГ-ын удирдлагууд хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
