Билгийн тооллын XYII жарны “Буян үйлдэгч” хэмээх Усан бар жилийн сар шинийн босгон дээр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөн, энэ онд жар болон тавин насны тэгш ой нь тохиож буй зарим генерал, офицер, ажилтнуудад хүндэтгэл үзүүлэх ажиллагааг энэ сарын 7-ны өдөр ЗХЖШ-ын хуралдааны танхимд зохион байгууллаа.
Хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, Ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал С.Дашзэвэг нар оролцсон бөгөөд энэ үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, Тусгай хүчний цэргийн командлалын эрүүл мэндийн хангалтын офицер хурандаа Л.Ганчимэг, ЗХЖШ-ын Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн ахмад Ч.Ганчулуун, БХЯ, ЗХЖШ-ын Үйлчилгээ аж ахуйн хэлтсийн машинист Б.Дондов, үйлчлэгч Б.Мөнхсайхан, Ц.Отгондолгор нарт хүндэтгэл үзүүлэв.
Дээрх албан тушаалтнуудад хүндэтгэл үзүүлсний дараа ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Ганзориг хэлсэн үгэндээ “Та бүхний хувьд энэхүү усан бар жилд жар болон тавин насны тэгш ой тань тохиож буйд баяр хүргэе. Өнгөрсөн хугацаанд та бүхэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд бодит хувь нэмрээ оруулан олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсний зэрэгцээ ажил, амьдралын арвин их туршлагыг хуримтлуулжээ.
Тэрхүү ажил, амьдралын туршлагаа залуучуудтай хуваалцаж, өөрсдийн эрхэлж буй ажил, албандаа улам их амжилтыг гарган, цаг ямагт бусдыг үлгэрлэн манлайлж ажиллана гэдэгт итгэл төгс байна” гэдгийг онцоллоо.
Энэ үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр “Намайг 2012 онд ОХУ-ын Москва хотноо ажиллаж байх үед Гадаад харилцааны яамнаас дипломат ажилтнуудыг оролцуулан миний тавин насны ойд хүндэтгэл үзүүлж байх үед дотно сайхан сэтгэгдэл төрж билээ. Харин өнөө жил жаран насны босгыг давж буй энэ баярт мөчид ЗХЖШ-ын удирдлагын зүгээс хүндэтгэл үзүүлж буйд талархсанаа илэрхийлье. Энэхүү хүндэтгэл нь нэгэнт хэвшсэн дэг жаяг бөгөөд бидний хувьд ихийг бодогдуулж, өнгөрсөн цаг хугацаанд хийсэн ажил, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, амжилт ололт, алдаа дутагдлаа цэгнэн дүгнэх, цаашдын ажил, амьдралаа зөв төлөвлөн, улс орныхоо болоод салбарынхаа хөгжил дэвшилд жинтэй хувь нэмэр оруулах эрмэлзлийг төрүүлсэн торгон агшин хэмээн бахархах сэтгэгдлийг төрүүлж байна. Өнөөдөр энэхүү хүндэтгэлийг хүлээж буй эдгээр албан тушаалтнуудынхаа өмнөөс ЗХЖШ-ын нийт бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлж, Та бүхнийхээ цаашдын ажил, албанд улам их амжилтыг бэлгэдэн ерөөе” хэмээсэн юм.
Хурандаа Б.ОТГОНБАЯР