
Эх орныхоо нэрийг өндөрт өргөн, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалж, бататган бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэж, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа дайчдадаа Олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тохиолдуулан халуун мэндийг дэвшүүлье. Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын 101 дэх гишүүнээр элсэж, Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт төлөөлөгч болсон билээ. Өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол Улс тусгаар тогтнол, аюулгүй байдлаа бүрэн баталгаажуулж, НҮБ-ын гишүүн 193 улстай дипломат харилцаа тогтоон, Олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүний үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ. Та бүхний өнөөдөр хэрэгжүүлж байгаа ариун үйлс манай үе үеийн эх орончдын зүтгэл, тэмцлийн үргэлжлэл юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр олон улсын тавцан дахь Монгол Улсын байр суурийг нэмэгдүүлж, гадаад бодлогын олон зорилтыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан билээ. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч 122 орноос Монгол Улс өнөөдөр 23 дугаар байрт орж, оролцоогоо тогтмол нэмэгдүүлэн өндөр амжилтыг үзүүлээд байна. Цаашид дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад манай улс өндөр хувь нэмрээ оруулах өргөн боломжтой гэдгийг Гадаад харилцааны сайдын хувьд тэмдэглэн хэлье.
Олон орны цэрэг дайчидтай мөр зэрэгцэн олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэж буй та бүхнээр Монголын ард түмэн ямагт бахархдаг. Та бүхний зүтгэлийг НҮБ-ын удирдлага өндрөөр үнэлж, энхийг сахиулах бүх хүчинд үлгэр дуурайлал болохуйц өндөр жишиг тогтоосон хамгийн зоригтой, эрэлхэг, шийдэмгий хэмээн тодорхойлсон нь манай цэрэг дайчдын ур чадварыг дүгнэсэн томоохон үнэлгээ гэж үзэж байна. Энхийг сахиулагчдынхаа аюулгүй байдлыг хангахад шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлж, НҮБ-ын түвшинд асуудлыг шийдвэрлүүлж, та бүхнийхээ ашиг сонирхлыг хамгаалахад Гадаад харилцааны яам анхаарч, аливаа санал, санаачилгыг дэмжиж ажиллах болно гэдгээ дахин нотлон хэлье. Эх орны эрэлхэг дайчдадаа Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг дахин дэвшүүлж, аюулгүй байдал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг